Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 119/ШШ2024/0007

 

           

           

           

           

           

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г” ХХК   /Захирал Д.М/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч: Б.У

Хариуцагч: ОА-ийн ТХ-ийн ТУБ Г.Т, Г.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х нарын хоорондын  

Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-202300000.. тоот Нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагч ТУБ Г.Т, Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Д.М ОА-ийн ТХ-ийн ТУБ Г.Т, Г.Г нарт холбогдуулан “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-202300000.. тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. “Г” ХХК нь “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-202300000.. тоот Нөхөн ногдуулалтын актанд гомдол гаргасны дагуу Татварын маргаан таслах зөвлөл 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулсан 664.848.363.6 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 96.361.792.12 төгрөгийн төлбөрийн хэмжээг 21.087.910.71 төгрөгөөр бууруулан шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч нь үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн. Шүүх тус нэхэмжлэлээр хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

4. Нэхэмжлэгч “Г” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Манай компани ОХУ-аас ирүүлсэн бараа бүтээгдэхүүн нь тээвэрлэлтийн буруугаас болж эвдэрч гэмтсэн учраас өөрсдийн авлагатай засвар хийдэг хүмүүстэй тохиролцон засвар үйлчилгээ хийлгэсэн ба гурван компанаас НӨАТ-ын баримтуудыг өгсөн. Шалгалтын дүнд манайхаас дээрх баримтууд Татварын ерөнхий газраас гаргасан хий бичилттэй компанийн жагсаалтанд орсон газрууд байна гээд актыг тавьж 96.361.792 төгрөгний торгууль тавьсан. Дээрхи зөрчлийг бид мэдээгүй, баримт гаргаж өгсөн комспанууд хариуцлага хүлээхгүй алга болсон.

Иймд  “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-202300000.. тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

5. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Г” ХХК 2020 онд Этэй Мандан кран нийлүүлэхээр захиалгын гэрээ байгуулан тус бараа материалыг ОХУ-аас авч ирсэн. Гэтэл манай захиалсан бараа бүтээгдэхүүн тээврийн буруу ачилтын улмаас маш их эвдрэлтэй захиалагч тал хүлээж авах боломжгүй ирсэн. Улмаар бид судалж байгаад эвдэрч гэмтсэн тухайн краны бүхий л хамгаалалтын хашлагыг ахин янзлуулахаар өөрсдийн авлагатай засвар хийдэг хүмүүстэй тохирон янзлуулсан. Нийт 332.424.180 төгрөгний засвар үйлчилгээ хийлгэсэн. Нэгэнт мөнгөний өр төлбөрийн асуудал яригдаж байгаа учраас бид тухайн хүмүүсээс НӨАТ-ийн баримт нэхэхэд бидэнд 3 газраас буюу хэсэгчилсэн байдлаар

1. “Э” ХХК-иас 94.235.054 төгрөгний  2020.08.24-ний өдөр

2. “Б“ ХХК-иас 93.734.036 төгрөгний 2020.08.24-ний өдөр

3. “Б” ХХК-иас 144.455.090 төгрөгний 202.08.24-ний өдөр

Нийт 332.424.180 төгрөгний НӨАТ-ын баримтыг тус бүр өгсөн. Бид хоорондоо зохицоод нэгэнт биднээс гарч байгаа бодит зардал учраас засварын ажил ингээд дуусгавар болсон.  

Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулах шалгалтын дүнд манайхаас дээрх баримтууд Татварын ерөнхий газраас гаргасан хий бичилттэй компанийн жагсаалтад орсон газрууд байна гээд бидэнд тус актыг тавьж 96.361.792 төгрөгний торгууль тавьсан. Дээрхи зөрчлийг бид мэдээгүй, татварын шалгалтын дүнд л мэдсэн. Эргээд тус хүмүүстэй уулзаж ийм зөрчил дутагдал гарсан талаар хэлэхэд тухайн баримт гаргасан компаниуд хариуцлага хүлээхгүй алга болсон.

Иймд манай компанид гаргасан ТУБ-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан НА-202300000.. дугаар бүхий манай компанид гаргасан актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОА-ийн ТХ-ийн уб-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-202300000.. тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь “Г” ХХК 2020 онд Этэй Вандан кран нийлүүлэхээр захиалгын гэрээ байгуулан тус бараа материалыг Оросын холбооны улсаас авч ирсэн. Гэтэл манай захиалсан бараа бүтээгдэхүүн тээврлэлтийн буруугаас эвдрэлтэй ирж, захиалагч тал хүлээж авах боломжгүй ирсэн. Улмаар бид судалж байгаад эвдэрч гэмтсэн тухайн краны бүхий л хамгаалалтын хашлагыг ахин янзлуулахаар өөрсдийн авлагатай засвар хийдэг хүмүүстэй тохирон янзлуулсан. Нийт 332,424,180 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. Нэгэнт мөнгөний өр төлбөрийн асуудал яригдаж байгаа учраас бид тухайн хүмүүсээс НӨАТ-ийн баримт нэхэхэд бидэнд 3 газраас буюу хэсэгчилсэн байдлаар “Э” ХХК-наас 94,235,054 төгрөгний 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, “Б” ХХК-наас 93,734,036 төгрөгний 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, “Б” ХХК-наас 144,455,090 төгрөгний 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, нийт 332,424,180 төгрөгний НӨАТ-ийн баримтийг тус бүр өгсөн. Бид хоорондоо зохицоод нэгэнт биднээс гарч байгаа бодит зардал учраас засварын ажил ингээд дуусгавар болсон. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацааны албан татвар ногдуулах шалгалтын дүнд манайхаас дээрх баримтууд Татварын ерөнхий газраас гаргасан хий бичилттэй компанийн жагсаалтанд орсон газрууд байна гээд бидэнд тус актыг тавьж 96,361,792 төгрөгний торгууль тавьсан. Дээрх зөрчлийг бид мэдээгүй, татварын шалгалтын дүнд л мэдсэн. Эргээд тус хүмүүстэй уулзаж ийм зөрчил дутагдал гарсан талаар хэлэхэд тухайн баримт гаргасан компаниуд хариуцлага хүлээхгүй алга болсон.

Иймд ТУБ-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан НА-202300000.. дугаар бүхий  актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн утга санаа, агуулга нь болохлоор бид нар нэгэнт ийм асуудлыг хийсэн учраас хариуцлагаа хүлээнэ. Өөрсдөө болохлоор яг нөгөө татварын газраас эхний тавьсан 30 хэдэн сая төгрөгийг төлье үлдсэнийг нь үнэхээр торгууль мөнгө тавьдаг дүрэм журамтай бол эдгээр компаниудаас гаргуулж шүүх цагдаад хандаач гэсэн хүсэлтэй байгаа.” гэв.

            7. Хариуцагч ОА-ийн ТХ-ийн ТУБ Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Г" ХХК-ний хяналт шалгалтаар орсон. 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулах төлөвлөлтийн байдалд нь хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж 2023601937 томилолтоор эрсдэлд суурилсан шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ТУБ Г.Т, Г.Г нар хийж гүйцэтгэсэн. "Г" ХХК нь шалгагдаж байгаа явцыг танилцуулаагүй мэдээгүй гэсэн тайлбар өгч байна. Энэ дээр Д.М захиралтай удаа дараа холбогдож ийм зөрчил гарсан байна гээд зөрчлийнхөө дүнг танилцуулахад нийтдээ 332,424,180 төгрөгийн баримтаар нотлогдоогүй өртөг зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулсан байсан. Төсөвт төлөх мөнгийг бууруулсан байна гэж үзээд Д.М захирлыг Татварын хэлтсийн 110 тоотод авчирч гарын үсгээ зурсан. Гэхдээ зөвшөөрөхгүй байна гэдэг хэлбэрээр зурсан байгаа. Тэгээд ярилцлагадаа өөрсдийнх нь тайлбар хийж байгаагаар засвар үйлчилгээ хийлгэсэн гэж анхнаасаа хэлсэн. Гэхдээ тэр төлбөрийн баримтаар нь үзэхэд "Б" ХХК, "Э" ХХК, "Б" гээд энэ 3 компаниас өргөгч цамхаг, газар ухагч гэсэн эд ангиуд авсан гэсэн. Ийм төлбөрийн баримтын нотлох баримт нь тайланд нь байсан. Тэгэхээр засвар үйлчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт маань ч гэсэн засвар үйлчилгээ гэж бараа ажил үйлчилгээний нэр төрлөөр нь гарах байсан. Тэгээд энэ нь "Б" ХХК-аас авсан төлбөрийн баримт дээрээ бас барилгын материал, жижиглэн худалдаа гэсэн ийм нэр төрлийн бараа материал авсан гэсэн төлбөрийн баримт байсан учраас бид нар  хий бичилттэй падаан гэж үзэн татварын нөхөн ногдуулалтын акт тавьсан.” гэв.

            8. Хариуцагч ОА-ийн ТХ-ийн ТУБ Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”..Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаад байна. Хянан шалгалтын үед тогтоогдсон хий бичилтийн дүн бүхий падаануудын ажлыг гүйцэтгэсэн. Энэ гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн газар нь энэ компаниудаас манайх руу төлбөрийн баримтыг шивүүлчихсэн юм. Тэгэхээр энэ төлбөрийн баримт шивүүлсэн газрууд нь манайх руу ийм юм хийснийгээ бараг тэр хүмүүсээс буюу тэр татвар төлөгч нөгөө буруу бодит бус худалдан авалтын хий баримт бичүүлсэн хүмүүсээс нөхөн ногдуулалтын актаар тавигдаад байгаа дүнг тэд нараас гаргуулаач гэдэг агуулгаар энэ нэхэмжлэлийг дурдаад байна. Нэхэмжлэлийн үндэслэлийг бичээд тайлбарлаад байна.

Татварын хяналт шалгалт "Г ХХК-ийн татварын тайлан үйл ажиллагаан дээр хяналтыг хэрэгжүүлсэн. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх эсвэл цахимаар илгээх үүрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т бараа ажил үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэсэн байгаа. Тэгэхээр бид энэ "Э" ТӨҮГ-тай 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 756,000 төгрөгийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг үгүйсгээгүй. Энэ ажлыг өөрсдөө гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмж нь засвартай байсан. Засварынх нь дунд 400 гаран сая төгрөгийн ажлыг захиалан хийлгэсэн гэж байгаа. Энийг үгүйсгээгүй. Харин энэ хийлгэсэн талын гэрээний дагуу ажил үйлчилгээ хийж гүйцэтгэсэн тал нь танайд бодитоор төлбөрийн баримтыг шивээгүй. Энэ нь өөрөө танайх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасан тэр төлбөрийн баримтыг борлуулсан этгээд нь танайд төлбөрийн баримтыг шивээгүй. Танайд борлуулалт хийгээгүй, танайх мөнгөн дүнгээ төлөөгүй газар танайх руу баримт шивсэн байна, хий баримт шивсэн байна. Тэр хүмүүстэй танайх ямар ч гэрээ байгуулаагүй. Одоо энэ нэр дурдаад байгаа "Э" ХХК, "Б" ХХК, "Б" ХХК-иуд нь танайхтай ямар ч худалдан авалт хийгээгүй, ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй, гэрээ контракт хийгээгүй байж энэ баримт шивсэн. Энэ нь өөрөө татварын хяналт шалгалтаар тогтоогдсон учраас энэ акт тавигдаж байгаа юм гэдэг агуулга байгаа. Үүний ялгааг нэхэмжлэгч тал сайн ойлгож байна уу, ойлгоогүй юм шиг л тайлбарлаад байна. Тэгэхээр хяналт шалгалтын явцад энэ компаниудтай ямар нэгэн гэрээ хийсэн саяын дурдаад байсан агуулга бүхий зүйлүүд баримтаар нотлогдоогүй, анхан шатын санхүүгийн баримт дээр гэрээ төлбөр мөнгө тушаасан ямар нэгэн гэрээгээ дүгнэсэн акт зэрэг баримтууд нотлогдоогүй учраас энэ компаниудтай ажил үйлчилгээ бараа худалдан авалт хийгдээгүй. Та бүгд бараа худалдан авалт биш тайлбарлаж байгаа нь ажил үйлчилгээ хийсэн байгаа. Гэтэл хяналт шалгалтын үед энэ компаниудаас гаргаж өгсөн баримтууд нь дандаа барааны баримтууд байгаа. Тэгэхээр энэ үйлдэл нь ч гэсэн үгүйсгэгдээд байна гэсэн үг. Зүгээр шууд хий бичилтүүдийг энэ компаниудаас өртгөө шууд хасчихсан байна. Татвар төлөх тайлагнахдаа зүгээр хий бичүүлээд авчихсан байна гэж байгаа юм. Тэгээд ямар иргэнтэй хэзээ энэ 400,000.000 төгрөгийн гэрээ контрактаар үйлчилгээ хийсэн юм гэдэг нь хүртэл тогтоогддоггүй. Өөрсдөө зүгээр аман байдлаар л яриад байдаг, яг нарийн тийм гэрээ контракт, акт үйлдсэн гэдэг зүйл нь тогтоогддоггүй. Тэгэхээр энэ хянан шалгалтын явцад ТУБ нар хий бичилт буюу бодит бус худалдан авалт байна гэдгийг гээд тогтоосон.

 ТУБ нар хууль журмыг баримтлан энэ актыг үйлдсэн. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК ОА-ийн ТХ-ийн ТУБ Г.Т, Г.Г нарт холбогдуулан “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-202300000.. тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахнэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-20230000.. тоот Нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““Э” ХХК, “Б ХХК, “Б” ХХК-иудаас авсан НӨАТ-ын баримтууд нь Татварын ерөнхий газраас гаргасан хий бичилттэй компанийн жагсаалтад орсон газрууд байна гээд бидэнд тус актыг тавьж 96.361.792 төгрөгний торгууль тавьсан нь үндэслэлгүй.” гэж,

Хариуцагч “...““Э” ХХК, “Б ХХК, “Б” ХХК-наас нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаан хий бичүүлж улсад төлөх албан татвараа бууруулсан гэж үзэн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь татварын байцаагчдын зүгээс холбогдох татварын хууль тогтоомжын дагуу хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч тус тус маргасан. 

4. Татварын Ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023601937 дугаар томилолтоор ОА-ийн ТХ-ийн ТУБ нар “Г” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-20230000037 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар нийт 664.848.363.6 төгрөгийн зөрчилд 66.484.836.36 төгрөгийн нөхөн татвар, 19.945.450.9 төгрөгийн торгууль, 9.931.504.86 төгрөгийн алданги, нийт 96.361.792.12 төгрөгийн төлбөр тогтоосон байна.

5. Уг шийдвэрийг эс зөвшөөрч “Г” ХХК нь ОА-ийн ТХ-ийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ба Маргаан таслах зөвлөл 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “ ... “Э” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК-аас нийт 332.424.181.80 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгэдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлсэн гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлтэй ба актаар тогтоосон 2 дугаар зөрчлийн нөхөн татварыг 14.618.394.18 төгрөгөөр, торгуулийг 4.385.518.25 төгрөгөөр, алдангийг 2.083.998.28 төгрөгөөр, нийт 21.087.910.71 төгрөгөөр бууруулах нь зүйтэй.” гэж үзсэн байна.

6. ТУБ нар нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, ОА-ийн ТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023601937 дугаартай томилолтын үндсэн дээр хяналт шалгалтыг хийжээ.  

7. Иймд ТУБ нар нь татварын хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны олгосон томилолтын дагуу Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4-т зааснаар хуульд заасан журмын дагуу эхлүүлж, гүйцэтгэсэн байна.

8. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ...нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, ...болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна”, 79.4.3-т “Татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус зааснаар татварын уб- нар нөхөн ногдуулалтын актаар татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцжээ.  

9. Тодруулбал, шийдвэр гаргах ажиллагааг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулж, татвар төлөгч “Г” ХХК-ийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулж, холбогдох шаардлагатай баримт, мэдээллийг гаргуулан авч, ярилцлага хийж, сонсох ажиллагааг явуулсан бөгөөд гаргасан шийдвэрээ хүргүүлсэн нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан байна.

10. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ОА-ийн ТХ-ийн ТУБ-ийн төлбөр тогтоосон захиргааны акт буюу нөхөн ногдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татвараар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь “... ТУБ нарын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-202300000.. тоот “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүлээн зөвшөөрч байгаа, бид өөрсдөө буруу зүйл хийсэн буруугаа ойлгож байна, “Г” ХХК төлбөр төлөх боломжгүй байгаа учраас нэмэгдсэн өртгийн албан татвараар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү ...” гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

 12. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д  “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхэлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын төнөг төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг”, 14 дүгээр зүйлийн 14.4-д “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалт хийнэ.”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэж заажээ.

13. “Г” ХХК-д “Э” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4088210588 дугаартай падаанаар 33.036.445.45 төгрөгийн, 4488210587 дугаартай падаанаар 29.665.136.36 төгрөгийн, 4088210588 дугаартай падаанаар 31.533.472.73 төгрөгийн нийт 94.235.054.54 төгрөгийн,

“Б” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4088244363 дугаартай падаанаар 28.945.000.0 төгрөгийн, 4088244364 дугаартай падаанаар 34.914.809.09 төгрөгийн, 4088244365 дугаартай падаанаар 29.874.227.27 төгрөгийн нийт 93.734.036.36 төгрөгийн,

“Б” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4088244366 дугаартай падаанаар 32.285.681.82 төгрөгийн, 4088244367 дугаартай падаанаар 32.865.636.36 төгрөгийн, 4088244368 дугаартай падаанаар 27.938.718.18 төгрөгийн, 4088244369 дугаартай падаанаар 25.610.618.18 төгрөгийн, 4088244370 дугаартай падаанаар 25.754.436.36 төгрөгийн нийт 144.455.090.9 төгрөгийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бичилт хийсэн байна.

14. Тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй гэж үзэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэх ТУБ-ийн акт үндэслэлтэй байх бөгөөд Татварын ерөнхий газрын мэдээллээр уг нэр бүхий компаниудын холбогдох дугаар бүхий падаануудыг хий бичилттэй болохыг тогтоожээ. Мөн “Г” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн дээрх нэр бүхий компаниудын хооронд илгээсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, түүнд хамаарах нотлох баримтууд гэж ирүүлсэн баримтуудаас хянан үзэхэд тухайн падаануудад хамаарах аж ахуйн нэгжтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан гэх нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд байхгүй, бодитоор бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан гэдэг нь нотлогдохгүй байна.

15. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “Анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” гэж зааснаар худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь анхан шатны баримтаар давхар нотлогдож байх шаардлагатай.

16. Гэтэл “Г” ХХК  “Э” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК-тай гүйлгээ хийж төлбөр төлсөн, шилжүүлсэн баримтгүй, нягтлан бодох бүртгэлийг зохих журмын дагуу хөтлөөгүй, хоорондын тооцоо нийлсэн акт үйлдээгүй байгаа нь хуулийн дээрхи заалтуудыг зөрчиж нийт 332.424.181.80 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд оруулан тайлагнаж татвар төлөх дүнг буруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

17.Тодруулбал нэхэмжлэгч компани нь нийт 332.424.181.80 төгрөгийн худалдан авалт хийгээгүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэн авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хувь хүмүүсээр засвар үйлчилгээ хийлгэсэн, засвар үйлчилгээ хийсэн хүмүүс НӨАТ-ын падаан авчирч өгсөн ..., бидний буруутай үйл ажиллагаанаас болсон учраас “Нөхөн ногдуулалтын актыг зөвшөөрч байгаа, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү ...” гэсэн тайлбарууд,  Татварын ерөнхий газрын программ Таблью системээс гаргасан НӨАТ-ын хий бичилттэй компаниудын мэдээлэл зэргээр бараа худалдан авсан мэтээр төлбөрийн баримтуудыг бүрдүүлсэн болох нь нотлогдож байна. 

18. Мөн Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно: 73.1.1.татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар”, 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно: 84.1.2.нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэж зааснаар нөхөн татвар, торгууль, алданги тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

19. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ”, 14.4-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх үндсэн баримт нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байхаас гадна нягтлан бодох бүртгэлийн бусад баримтаар давхар нотлогдсон байх тул баримтаар нотлогдоогүй худалдан авалтад нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги тооцсон нь хууль зөрчөөгүй.

20. ТУБ нар нь “Г” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг зөв тогтоож, тухайн зөрчилд нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулах, торгууль, алданги тооцохдоо тооцооллын алдаа гаргаагүй, хуульд заасан хэмжээ хязгаарыг хэтрүүлээгүй байх бөгөөд тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасагах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д зааснаар “төлбөр тотгоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” шийдвэр нь тухайн захиргааны актаар төлбөрийн хэмжээг тогтоохдоо хуульд заасан хэмжээ хязгаарыг хэтрүүлсэн, тооцооллын хувьд алдаа гаргасан, зөрчлийн шинж байдалд хуульд заасан хэмжээ хязгаарыг зөв тохируулан хэрэглээгүй зэрэг алдааг гаргасан нь тогтоогдсон, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд хэрэглэгдэх учиртай.

22.  Иймээс ТУБ нар 2020 оны 08 дугаар сард “Э” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК-иудаас нийт 332.424.181.80 төгрөгийн бараа материалыг худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлсэн гэж үзэн акт тогтоосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “ТУБ-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-202300000.. тоот “Нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн  29 дугаар зүйлийн 29.1.1, 73 дугаар  зүйлийн 73.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулгы/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ОА-ийн ТХ-ийн ТУБ Г.Т, Г.Г нарт холбогдуулан “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн НА-202300000.. тоот “Нөхөн ногдуулалтын актын төлбөрийн хэмжээг багасгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.БОЛОРМАА