Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 24

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг

Шүүгдэгч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-д холбогдох эрүүгийн 1724000010006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** баг хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Н.А./РД:**/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг дэвсгэрт *******ын толгойн тус газарт архины шил шидэж, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.А нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг дэвсгэрт *******ын толгойн тус газарт архины шил шидэж, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

  - Хохирогч *******ын: “...2017 оны 06 сарын 12-ны өдөр 21 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар цэцэрлэгийн орчимд мотоциклтой явж байтал нэг согтуу залуу гүйж ирээд миний мотоциклиоос барьж авсан. Би нөгөө залуугаас мотоциклио салгах гээд буутал миний толгой руу нэг хатуу зүйлээр шидсэн. Тэр юм шидсэн залуу нь зугтаачихсан. ...Н.А миний биед гэмтэл учруулсан, өөр хэн нэгэн цохиж зодоогүй, надад хохирол учраагүй, зүүн нүд 7 хоног орчим хөхөрсөн байдалтай байж байгаад зүгнээр болсон. Надад гомдо,л санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28-30-р хуудас/,

 

   - Гэрч *******ийн: “...Завхан аймгийн Тэс сум руу явах гээд *******гийн эхнэр, хүүхдийг нь авах гээд Н.А-гийн ахын гэрт очсон. Н.А, *******, ******* нар байсан. Би тэдэнд нэг шил архи задалж өгсөн. Очиход урьд өдөр нь архи уусан бололтой архи үнэртээд, бүгд шартчихлаа гээд байхаар нь машин дотор байсан архи гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг ХХ-ийн 31-р хуудас/,

          - Гэрч *******ийн: “...2017 оны 06 сарын 21-ний өдөр *******, Н.А бид нар Н.А-гийн ахын хашаанд нэг шил архи уусан. Мөн *******гийн хашааг янзалж байхад бид нарын авч очсон  тал шил архи байсан. Н.А бид 2 гарч дэлгүүрээс 2 шил архи аваад 1 шил архийг нь хувааж уусан. Н.А бид хоёр гудамжинд явж байхад нэг мотоциклтой хүн явж байхаар нь гараа өргөөд урдуур нь орж зогсоогоод юм асуух гэсэн чинь шууд мотоциклиосоо бууж ирээд намайг хавсарч унагаасан. Тэгээд намайг нуруу руу өшиглөөд, баруун талын шанаа руу хальт цохьсон чинь Н.А салгах гээд ирсэн. Тэгтэл Н.А руу чулуу шидээд цаашаа яв гээд байсан. Тэрнээс хойш юу болсныг нь сайн мэдээгүй. Цагдаа ирээд хүний толгой хагалсан байна гэж байсан. ******* руу Н.А тал архитай байсан шил авч шидсэн байх...” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 32-33-р хуудас/,

- Шинжээч Б.Сэргэлэнбаярын “...2017 оны 06 сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын дагуу *******ын биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахад эмч Д.Баярмаагийн тодорхойлолт, мөн *******ыг дуудан ирүүлж биеийг нь үзэж дүгнэлт гаргасан. 2017 оны 06 сарын 09-ний өдрийн №172074 тоот дүгнэлтэд дурдсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, зүүн хөмсөгний дээр шарх гэмтэл авснаас няцрал, хөхрөлт үүсдэг...” гэсэн мэдүүлэг /ХХ-ий 42-43-р хуудас/,

            - Н.А-гийн үйлдлийн улмаас *******ын биед зүүн хөмсөгний дээр шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №172074 тоот дүгнэлт, эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 8-9-р хуудас/

            - Яллагдагч Н.А-гийн: “...*******той хамт явж байтал нэг мотоциклтой хүн явж байгаад зогссон. *******ийг цохиод унагаачихсан. Тэгэхээр нь салгах гээд очих гэхээр чулуу авч шидсэн ба оноогүй. Тэгэхээр нь барьж байсан архины шилээ шидчихээд цаашаа зугтаасан...” гэсэн мэдүүлэг / ХХ-ийн 38-39-р хуудас/.

Эдгээр нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Н.А нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* багийн нутаг дэвсгэрт *******ын толгойн тус газарт архины шил шидэж, түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Н.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Ам-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болгон харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Н.А-д прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 5/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Н.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Н.А-ийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 5/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН