Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 229

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02153 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч Х, Н Х Я-анд холбогдох

 

            Ажил гүйцэтгэх гэрээний нэмэгдэл ажлын хөлс 16 566 284 төгрөг, төсвийн зөрүү 28 923 198 төгрөг, нийт 45 489 482 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Жамсум,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга угсралтын “А” ХХК-нь Х, Н Х Я-наас зарласан Дархан-Уул аймгийн Уул Уурхай, Эрчим Хүчний Политехник Коллежийн Спорт Заалны засварын ажлын ХНХЯ/201805039 тоот тендерт оролцож, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ХНХЯ/201805039/168 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Политехникийн Коллеж дээр манай компани анх ажил хийхээр очсон. Ингээд бид сургуулийн захирлын өрөөнд захирал, удиjдлагуудтай нь уулзаж спорт заалыг үзэж, танилцах явцад коллежийн захирал хэлэхдээ манай сургуулийн спорт заалын засварлахаар анх бид 120 000 000 төгрөгийн төсөв гаргаж яаманд өгсөн боловч яамнаас 60 000 000 төгрөгт багтааж хий гэсэн үүрэг өгч, одоо ингээд засварын ажлаа эхлүүлэхээр болоод байна гэж хэлж байсан. Манай компани гэрээт ажлаа хийж эхлэхэд, тендерийн баримт бичигт өгөгдсөн ажлын нэр, тоо хэмжээнд огт тусгагдаагүй боловч засал чимэглэлийн ажил гүйцэтгэх технологийн дагуу заавал хийж, гүйцэтгэх ёстой ажлуудын нэр, тоо хэмжээг орхигдуулж дутуу тооцсон төсвийн алдаа анх илэрсэн. Энэ тухай техникийн комиссын дарга Б.Баярбат болон комиссын гишүүдэд хэлж, үүссэн асуудлыг газар дээр нь үзэж танилцан нэмэгдэл ажил зайлшгүй хийх ёстой талаар техникийн комиссын хурал дээр хэлэлцэж нэмэгдэл ажил хийх шийдвэр гарсан. Манай компани нь дээрх үүссэн асуудлын талаар Х, Н Х Я-ны хөрөнгө оруулалтын ажилтан н.Эрдэнэтөгс, хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн Д.Чимэддагваа нартай утсаар болон биечлэн уулзаж ашиглагч, гүйцэтгэгч бидэнд тулгараад байгаа нэмэлт ажил, төсөв буруу хийгдсэнээс үнийн зөрүү гарсан тухай хэлж, үүссэн асуудлыг шалгах захиалагчийн хяналтын инженер, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн нар томилж ажлуулан газар дээр нь яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар хэлсэн. Тэгэхэд Х, Н Х Я-наас хяналтын инженер, хөрөнгө оруулалтын ажилтан очуулах боломжгүй, техникийн комисс та нарын ажил гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах болохоор комиссын шаардлагад нийцүүлж ажилла гэсэн үүрэг өгсөн. Ингээд захиалагч Х, Н Х Я-наас тендерт ажлыг эхлэхээс дуусах хүртэл нэг ч удаа ажлын талбайд ирж хууль ёсны эрх, үүргээ гүйцэтгэж үүссэн асуудлыг хянах, шалгах, шийдвэрлэх үүргээ огт биелүүлээгүй болно. Анх коллежоос хийлгэж Х, Н Х Я-наас өгсөн 60 000 000 төгрөгийн төсөв нь буруу хийгдсэн төсөв гэдэг нь ажлын явцад тодорхой болсон учраас манай компани Х, Н Х Я-наас өгсөн ажлын нэр, тоо хэмжээнд хөндлөнгийн мэргэшсэн төсөвчнөөр төсөв хийлгэхэд 88 353 691 төгрөгийн төсөвт өртөг гарсанаар тогтоогдсон. Ийм учраас манай компани анх санал болгосон 59 430 493 төгрөгт багтаан коллежийн спорт заалны засварын ажлыг хийж, гүйцэтгэх ямар ч боломжгүй болсон юм. Энэ нь манай компанийн ажил хийх явцад гарсан материалын зардал, цалин хөлс, тээврийн зардлаас болон техникийн комиссын үзлэг шалгалт, хурлын протоколууд болон дээрх хяналтын төсөвт өртөгөөр нотлогдож байдаг юм. Манай компани нь энэ ажлыг хийхдээ яамнаас нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүй 100% өөрийн хөрөнгөөр нэгэнт ажлаа хийгээд эхлүүлчихсэн, ажлын дунд үүссэн асуудлаа яаманд тавьж, шийдүүлэх гэхээр ирж шийдэж өгөлгүй техникийн комиссын хэлснээр ажлаа хий гэсэн үүрэг өгсөн. Ингээд коллежийн захирлын томилсон, Х, Н Х Я-наас зөвшөөрсөн, техникийн комиссын дарга Б.Баярбат болон техникийн комиссын бусад гишүүдэд үүссэн асуудлаа хэлэхэд нэгэнт хийгээд эхэлчихсэн ажил хийгээд дуусгачих, бидний зүгээс ажлын нэр, тоо хэмжээ дутсан, хөрөнгө мөнгө хүрэхгүй байгааг ойлгож байгаа, бид яаманд энэ бүгдийг тайлбаралаж хэлнэ. Ингээд манай компанийн ажил, гүйцэтгэлд үүссэн бүхий л асуудлыг хянах, шалгах шийдвэрлэх эрх, үүргийг техникийн комисс гүйцэтгэж, техникийн комисстой үүссэн асуудлаа цаг тухай бүрт нь хэлэлцэж өгсөн үүргийнх нь дагуу ажил гүйцэтгэлээ бүрэн хийж гүйцэтгэн 2018 оны 11 сарын 15 өдөр байнгын ашиглалтад өгсөн. Манай компанид нийт 45 489 482 төгрөгийн хохирол учраад байна. Иймд тендерийн баримт бичигт өгөгдсөн ажлын нэр, тоо хэмжээнд огт тусгагдаагүй боловч засал чимэглэлийн ажил гүйцэтгэх технологийн дагуу заавал хийж гүйцэтгэх ёстой, орхигдуулсан ажлууд нь ажлын талбай дээр хийгдсэн үзлэг, шалгалтаар илэрч, техникийн комиссын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэгдэж нэмэгдэл ажил хийлгэх хурлын шийдвэр гарч, хурлын шийдвэрийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэж дууссан нэмэгдэл ажлын акт үйлдэгдэн хүлээлгэж өгсөн нэмэгдэл ажлын хөлс болох 16 566 284 төгрөгийг, Х, Н Х Я-наас өгсөн ажлын нэр, тоо хэмжээнд мэргэшсэн төсөвчнөөр хяналтын төсөв хийлгэхэд гарсан 88 353 691 төгрөгөөс манай компанийн анхны санал болгосон үнэ болох 59 430 493 төгрөгийг хасч, зөрүү төлбөр 28 923 198 төгрөгийг тус тус Х, Н Х Я-наас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х, Н Х Я- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х, Н Х Я-наас зарласан Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн спорт заалны засварын ажлын тендерт “А” ХХК шалгарч, захиалагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ тус яам биелүүлсэн бөгөөд “А” ХХК-д ямар нэгэн хохирол учруулаагүй болно. Түүнчлэн захиалагч нь нэхэмжлэлд дурдсанчлан нэмэлт ажил хийлгэх зөвшөөрөл олгоогүй болно. Иймд нэхэмжлэгч Х, Н Х Я-наас 45 489 482 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд холбогдох 45 489 482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 397 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, “А” ХХК-иас шинжээчийн ажлын хөлсний 1 000 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Манай компани Х, Н Х Я-наас зарласан Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн спорт заалны засварын ажил гүйцэтгүүлэх тухай тендерт оролцож, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манайх тендерийн тоо хэмжээний дагуу ажил гүйцэтгэнэ гэсэн санал оруулан очиход бодит байдал дээр хийх ажил өөр байсан. Өөрөөр хэлбэл, зайлшгүй хийх ёстой ажлуудыг орхигдуулж, тоо хэмжээг багасгасан гэх зэрэг нөхцөл байдлууд үүссэн байсан. Улмаар нэмэгдэл ажлыг хийхгүйгээр гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан учир 16 566 284 төгрөгийн нэмэлт ажлыг гүйцэтгэсэн. Уг нэмэлт ажлуудыг гүйцэтгэсэн талаар хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрсний дагуу ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нэмэлт ажлын талаар захиалагч тал болох Х, Н Х Я-ны Хөрөнгө оруулалтын газрын ажилтан н.Эрдэнэтөгс, Хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн н.Чимэдгаваа нарт уг асуудлуудыг яаж шийдвэрлэх талаар асуухад “...манай яамнаас хүн очих боломжгүй, наанаа байгаа техникийн комисстойгоо ярилцаад шийд...” гэж байсан. Техникийн комисстой тохиролцсон шийдсэний үндсэн дээр уг ажлуудыг Х, Н Х Я-наас ямар ч төлбөр авалгүйгээр өөрсдийн хөрөнгөөр хийсэн. Тухайн үед хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулж, сургуулийн зүгээс буюу техникийн комиссоос уг ажлыг ямар ч байсан хийгээд дуусгачих, төлбөр тооцооны асуудлыг Х, Н Х Я-анд дамжуулан хэлнэ гэж хурлын тэмдэглэлүүд гарсан учраас хийж дууссан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр төсөв анхнаасаа буруу болон дутуу хийгдэж, холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж гарсан. Мөн манай зүгээс бүх төсөв санхүүг өөрсдөөсөө гаргаж ажлыг дуусгасан боловч одоо хүртэл мөнгийг төлөөгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдааны явцад ажил гүйцэтгэж дуусгасантай холбоотой нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэрэг бүх баримтуудыг хавтаст хэрэгт өгсөөр байхад дутуу үнэлж, дүгнэн шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Х, Н Х Я-анд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний нэмэгдэл ажлын хөлс 16 566 284 төгрөг, төсвийн зөрүү 28 923 198 төгрөг, нийт 45 489 482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “А” ХХК, хариуцагч Х, Н Х Я-ны хооронд 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дархан уул аймгийн уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн спорт заалны 59 430 493 төгрөгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, уг гэрээний ерөнхий болон тусгай нөхцлүүд, спорт заалны засварлах ажлын тоо хэмжээ, спорт заалны дотор план зураг, ажлын үе шатны хуваарь зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээнд заагдаагүй нэмэгдэл ажлыг хийхгүй байх нь хүлээлгэн өгөх ажлын чанарт нөлөөлөхөөр байсан тул зайлшгүй хийгдсэн ажлуудад гарсан зардалд 16 566 284 төгрөг, төсвийн зөрүүд 28 923 198 төгрөг, нийт 45 489 482 төгрөгийг гаргуулна” гэж, хариуцагч татгалзлаа “захиалагчтай энэ талаар тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” тус тус тайлбарлажээ.

Зохигчид хоорондоо байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын төсвийг 59 430 493 төгрөгөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч  энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ.

            Нэхэмжлэгч нь нэмэгдсэн төсвийг хэрхэн шийдвэрлэх талаар хариуцагч талтай тохиролцож ажлыг гүйцэтгэсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Ажил гүйцэтгэх гэрээний тал болох нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Х, Н Х Я-анд төсвийн хэмжээ нэмэгдэх болсон тухайгаа утсаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

Нэхэмжлэгч талаас дээрх засварын ажлыг хийж гүйцэтгэх явцад засварын ажлын чанарт нөлөөлөхүйц байдлууд байсан тул нэмэлт ажлуудыг зайлшгүй хийх шаардлага гарч техникийн комиссын дарга болон гишүүдийг оролцуулан 2019 оны 08 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж нэмэгдэл ажлыг хийлгэхээр шийдвэрлэсэн гэж нэмэгдэл ажил хийлгэх тухай хурлын проткол, нэмэгдэл ажлын акт /хх 36-38/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Энэ баримтад гарын үсэг зурсан этгээдүүд нь хариуцагч байгууллагыг эрхтэй, уг байгууллагыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэй этгээдүүд биш байна. Нэмэгдэл ажлыг хийх талаар ажил гүйцэтгэх гэрээний захиалагч талтай бус коллежийн төлөөлөгч нар буюу техникийн комиссын гишүүдтэй зөвшилцсөн байна. Гэтэл Х, Н Х Я-наас техникийн комисст нэмэгдэл ажил хийхтэй холбоотой зөвшөөрөл өгөх, гэрээний талтай хэлэлцэн тохиролцох эрхийг олгосон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн зардлыг “А” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч компанийн хувьд нэмэгдэл ажлуудыг хийлгэхээр зөшөөрөл өгч ажил гүйцэтгэсэнтэй холбоотой зардлыг зохих этгээдүүдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 398 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.         

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                    Д.ЦОГТСАЙХАН