Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/02822

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/02822

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дугаар хороо, ****** гудамж, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, ******** регистрийн дугаартай, Б*******гийн С*******ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:****** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Б*******ийн Г*******,

 

Хариуцагч:****** дүүргийн ** дугаар хороо, **** тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, С******* ХХК нарт холбогдох,

 

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 141.900.000 төгрөгийг Б.Г*******гээс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагч Б.Г*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр С******* ХХК-ийн нягтлан Б.Г*******тэй үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 21 давхарт байрлах, 940.1 м.кв талбайтай оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 10 тоотын 11.48 м.кв, 11 тоотын 16.9 м.кв нийт 28.38 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохирсон. Гэрээгээр төлбөр төлөх нөхцөл болон хуваарийг тохирч, нэхэмжлэгч нь хуваарийн дагуу гэрээний нийт үнийн дүнг хариуцагч Б.Г*******гийн дансанд шилжүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байгаа. Тухайн гэрээг компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй байгуулаагүй, мөн нэмэлт гэрээг Б.Г*******тэй байгуулсан байдаг. Тиймээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасны дагуу үүнтэй холбоотой бусад баримтын хамт заавал нотариатаар гэрчлүүлсэн байхыг шаардах ба уг шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бусд тооцно гэж заасан. С******* ХХК-ийн нягтлан Б.Г******* дээрх гэрээг байгуулахдаа компанийн удирдлагаас итгэмжлэл юм уу, ямар нэгэн гэрээ байгуулах эрх, зөвшөөрөл авалгүйгээр гэрээ байгуулсан нь төлөөллийн асуудалтай, төлөөлөх бүрэн эрхгүй этгээд хийсэн гэж үзэх ба нэхэмжлэгч Б.С******* хуулийн тодорхой мэдлэггүйгээс уг гэрээг байгуулсан. Тус компанийн худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарчихсан, гэрчилгээтэй бага үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байгаа бол нотариатаар баталгаажуулахаас гадна хуульд заасан шаардлага нь хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан харилцаанд оролцож байгаа бол төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан гэрээнд итгэмжлэлийг хавсаргах, тэмдэглэл үйлдэж баталгаажуулна гэж заасан. Тэгэхээр мөнгө нэхэмжилсэн шаардлагыг яагаад Б.Г*******д холбогдуулан гаргаж байна гэхээр С******* ХХК-иас хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл хэрэгт байхгүй. Тухайн үед Б.Г******* нягтлан бодогчоор ажиллаж байсан гэж байгаа боловч нийгмийн даатгалын лавлагаагаар 2016 оноос хойш уг компанид харьяалалгүй болсон, өөр компанид ажиллаж байгаа талаар баримт гаргаж өгсөн. Тэгэхээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал Б.Г******* дээр үүснэ гэж үзэж байна. Гэрээг байгуулсны дараа Б.С******* гэрээний төлбөрт 141.900.000 төгрөгийг Б.Г*******гийн тоот дансанд шилжүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С******* ХХК-иас 50.000.000 төгрөгийг Б.С*******т өгсөн, одоо 91.900.000 төгрөг үлдэж байгаа ба уг мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар Б.Г*******гээс нэхэмжилж байна. Б.Г******* би компанид дансаа ашиглуулдаг байсан, орж ирсэн мөнгөний тодорхой хэмжээг зарцуулсан гэж зарцуулалтын тайланг гаргаж өгдөг. Тэр баримтуудаар С******* ХХК-д өгөөд байгаа юм уу, эсхүл С******* ХХК өмнөөс нь өгөөд байгаа юм уу гэдэг асуудал тодорхой болдоггүй. Энэ нь хариуцагч нарын хооронд өр авлагын асуудал байдаг талаар хариуцагч С******* ХХК-ийн төлөөлөгч ярьсан ба тэр нь тусдаа шийдэгдэх бүрэн боломжтой. Бидний зүгээс хэн уг гэрээний үндсэн дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна гэдэг асуудалд Б.Г*******г тавьж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан гэрээ нь нэгдүгээрт төлөөллийн асуудалтай, би төлөөлөх эрхтэй, надад зөвшөөрөл өгсөн гэж байгаа хэдий ч итгэмжлэл байхгүй, баримтаар нотлоогүй. Иймд С******* ХХК-ийг төлөөлж иргэн Б.Г******* болон Б.С******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19/0126 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг Б.Г*******д шилжүүлсэн тул Б.Г*******гээс 91.900.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээнд тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Г******* гарын үсэг зурсан. Гэрээг компанийн захирал өөрөө батлах ёстой, ийм гэрээ байгуулсныг мэдээгүй, түүнд гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Б.Г******* манай компанид ерөнхий нягтлан бодогчоор, охин компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан. Б.Г******* Б.С*******аас худалдах худалдан авах гэрээний дагуу авсан гэх мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх боловч ямар ч баримт гаргаж өгөөгүй. Нягтлан бодогч хүний ажил үүргийн хуваарьт тусгасан хамгийн гол ажил нь анхан шатны баримт, тооцоог тухай бүрт гаргаж, тайлан тооцоог баримтжуулж явах ёстой. Тийм ямар ч баримт байхгүй, ажлаас гарахдаа ч тийм баримт хүлээлгэн өгөөгүй. Компанийн нэрээр гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахад татгалзах зүйлгүй. Харин компани Б.Г*******д өгөх ёстой цалин тооцоог үндэслэн түүний төлөх мөнгөнөөс 50.000.000 төгрөгийг Б.С*******т шилжүүлсэн гэв.

 

Хариуцагч Б.Г*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар ямар ч тайлбар өгөөгүй боловч хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдөр нэхэмжлэгчтэй ижил байр суурьтай ярьж зогсож байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч компани шүүхийн шийдвэрээр мөнгө төлөхөөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас болж компанийн данс хаалттай байснаас нягтлан бодогч Б.Г*******гийн дансыг ашиглаж байсан. Б.Г******* гүйцэтгэх захирал Д.Бгийн зөвшөөрлөөр гэрээ байгуулсан байдаг ба компанийн тамга тэмдэг Д.Бд явдаг байсан. Компанийн тамга тэмдгийг дарж нягтлан бодогч гарын үсэг зурсан. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж чадаагүй, учир нь дээрх хөрөнгүүд барьцаанд байсан. Иймд бүртгүүлэх боломжгүй. Б.Г******* тус компанид ерөнхий нягтлан бодогчоор, охин компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тус компани татварт өртэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөр нэхэгдэж байснаас Б.Г*******гийн дансаар мөнгө шилжүүлж авдаг байсан. Компани өртэй, зээлтэй байсан учир Б.Г*******д цалин өгдөггүй, цалингүй ажиллуулж байсан байдаг. Б.Г******* компаниас 88.000.000 төгрөг авъя гэхэд одоо боломжгүй байна гэж бичиж өгсөн баримт хэрэгт байгаа. Б.С*******аас гэрээний дагуу орж ирсэн мөнгийг тус компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 28к 1-3 /6482 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/02333 дугаар шийдвэр, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19/0126 дугаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Гранд оффис үйлчилгээний төвийн В1 давхрын 10, 11 тоот талбайн төлбөрийн график, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дансны хуулга, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дансны хуулга, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дансны хуулга, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дансны хуулга, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дансны хуулга, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дансны хуулга, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбарууд, итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага багасгах тухай тайлбар, дансны хуулга,

 

Хариуцагч С******* ХХК-иас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм,

 

Хариуцагч Б.Г*******гээс хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны хооронд С******* ХХК-иас Гранд оффисын талбайн төлбөрт Б.С*******аас төлсөн мөнгөний зарцуулалт, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оноос 6 дугаар сарын 01-ний өдрийн дансны хуулга, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 02 дугаар сарын 02-ноос 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэл, С******* ХХК-ийн ерөнхий захирал Д.Бд Б.Г*******гийн гаргасан шаардлага, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Э ХХК, Б.Г******* нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Э ХХК, Б нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн бичиг баримт хүлээлцсэн акт, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 18/0509 дугаар Б.Г*******г ажилд томилсон захирлын тушаал, орон сууцны ашиглалт үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл, 2017 оны 9 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сар хүртэлх А ОСНААК-ийн конторын төлбөрийн задаргаа, бэлэн мөнгөний орлогын баримт, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ХЗГ-18/003 дугаар зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ХЗГ18/003-01 дугаар барьцааны гэрээ, 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн ХЗГ-18/003-2 дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ХЗГ-18/003-4 дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*******ийн хүсэлтээр 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хориг тавьсан, цуцалсан мэдээлэл, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/2905 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг,

 

Хариуцагч Б.Г*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Эы хүсэлтээр 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1/30282 дугаар Голомт банкинд хүргүүлсэн дансны хасалт хийх тухай албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 19290971/180 дугаар төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу С******* ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 24/06-12 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар ирүүлснийг хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Б.С******* нь С******* ХХК, Б.Г******* нарт холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 141.900.000 төгрөгийг Б.Г*******гээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 50.000.000 төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул татгалзлыг баталж, үлдэх шаардлагыг шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.С******* 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр С******* ХХК-ийн нягтлан Б.Г*******тэй үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр 21 давхарт байрлах, 940.1 м.кв талбайтай оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 10 тоотын 11.48 м.кв, 11 тоотын 16.9 м.кв, нийт 28.38 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохирч, улмаар мөнгийг Б.Г*******гийн данс руу шилжүүлсэн. Тухайн гэрээг компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй байгуулаагүй, мөн нэмэлт гэрээг Б.Г*******тэй байгуулсан байдаг. Тиймээс талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 91.900.000 төгрөгийг Б.Г*******гээс гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ... Талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээнд тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Г******* гарын үсэг зурсан. Гэрээг компанийн захирал өөрөө батлах ёстой, ийм гэрээ байгуулсныг мэдээгүй, түүнд гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Б.Г******* Б.С*******аас худалдах худалдан авах гэрээний дагуу авсан гэх мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх боловч ямар ч баримт гаргаж өгөөгүй. Нягтлан бодогч хүний ажил үүргийн хуваарьт тусгасан хамгийн гол ажил нь анхан шатны баримт тооцоог тухай бүрт гаргаж, тайлан тооцоог баримтжуулж явах ёстой. Тийм ямар ч баримт байхгүй, ажлаас гарахдаа ч тийм баримт өгөөгүй. Компанийн нэрээр гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахад татгалзах зүйлгүй гэж,

3а.Хариуцагч Б.Г*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ... Уг гэрээ нь Б.Г*******г С******* ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд байгуулагдсан. Хариуцагч компани шүүхийн шийдвэрээр мөнгө төлөхөөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас компанийн данс хаалттай байснаас нягтлан бодогч Б.Г*******гийн дансыг ашиглаж байсан. Б.Г******* гүйцэтгэх захирал Д.Бгийн зөвшөөрлөөр гэрээ хийдэг байсан ба компанийн тамга тэмдэг Д.Бд явдаг байсан. Компанийн тамгыг дарж нягтлан бодогч гарын үсэг зурсан. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж чадаагүй, учир нь дээрх хөрөнгүүд барьцаанд байсан. Иймд бүртгүүлэх боломжгүй. Б.Г******* тус компанид ямар ч цалин орлогогүй ажиллаж байсан. Б.С*******аас гэрээний дагуу орж ирсэн мөнгийг тус компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээр дараахь үйл баримт тогтоогдов.

 

5.Б.С******* С******* ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус компанитай 19/0126 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гранд оффис орон сууцны барилгын 13 давхарт байрлах, 940.1 м.кв талбай бүхий оффис худалдаа үйлчилгээний зориулалттай талбайгаас 10 тоотын 11.48 м.кв, 11 тоотын 16.9 м.кв, нийт 28.38 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэг м.кв-ийг 5.000.000 төгрөгөөр тооцож, 141.900.000 төгрөгөөр худалдан авах, С******* ХХК 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр төлөгдөж дууссанаас хойш 45 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахаар бичиг баримтыг хүлээлгэн өгч, Б.С*******ийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр тохирсон байна.

 

6.Дээрх худалдан борлуулж буй хөрөнгө нь С******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй гэх бөгөөд гэрээг нэг талаас худалдагч буюу С******* ХХК, нөгөө талаас худалдан авагч буюу Б.С******* нар байгуулсан байх ба гэрээнд компанийг төлөөлж Б.Г******* гарын үсэг зуржээ.

 

7.Талууд гэрээндээ төлбөр төлөх нөхцөл, хуваариа тохирсон байх ба нэхэмжлэгч Б.С******* гэрээний төлбөрт 141.900.000 төгрөгийг Б.Г*******гийн тоот дансанд шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, дансны хуулгын баримтаар тогтоогдож байна.

 

8.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж, 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж тус тус заасан.

 

9.Худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлагын хувьд гэрээний зүйлийн шинж байдлаас шалтгаалан тусгай нөхцөл тавигддаг ба тодруулбал үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх, хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэсэн хэлбэрийн шаардлага хангасан байвал зохих бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба талууд гэрээгээ бичгээр хийсэн боловч нотариатаар гэрчлүүлж, хуульд зааснаар бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, компанийн эрх бүхий этгээд уг гэрээг байгуулах эрхийг төлөөлөгчид итгэмжлэлээр олгоогүй байх тул хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй.

 

10.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж заасан бөгөөд С******* ХХК-иас Б.Г*******д тус компанийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгоогүй, өөрөөр хэлбэл зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

11.Уг гэрээг нягтлан бодогч Б.Г******* байгуулсан түүний дансаар мөнгө шилжиж орсон, мөнгийг хүлээн авсанд маргаагүй, харин авсан мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлаж байгаа боловч түүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, Б.С*******ийн шилжүүлсэн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэдгээ нотлоогүй болно.

 

12.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

13.Иймд нэхэмжлэгч хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 91.900.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул Б.Г*******гээс 91.900.000 төгрөг гаргуулж, Б.С*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Б.С*******, С******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19/0126 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Г*******гээс 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.С******* татгалзсныг баталсугай.

 

4.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Г*******гээс 91.900.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С*******т олгосугай.

 

5.Б.Г******* өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.734.900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Г*******гээс 1.734.900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С*******т олгосугай.

 

7.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН