Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 00073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         Л.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Л.Баярсайханд холбогдох 201718020119 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Булган суманд 1976 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Замчны №20 тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ГМ:76111413/ Гөрөөчин овогт Лхагва овогтой Баярсайхан.

Прокуророос үйлдэж ирүүлсэн Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолоор:

 

Л.Баярсайхан 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Замчны №20 тоотод байрлах өөрийн гэртээ 8 настай охин Б.Азжаргалыг гадаа гарч тоглолоо гэж шалтаглан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Баярсайхан мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 17 цагт ажлаа тараад гэртээ ирэхэд охин Азжаргал гэртээ байхгүй байсан. Тэгээд би хаачсан юм бол гэж бодоод ойр хавиар хайтал байхгүй байсан. Тэгээд буцаж гэртээ орж ирээд хоол ундны зүйлээ бэлдчихээд охин ирэхгүй болохоор нь гарч хайгаад 1-р багийн 12-р байрны тоглоомын талбайгаас охиноо олж аваад гэртээ хариад яагаад дэмий тэнэж тоглоод байгаа юм бэ гэж үглэсэн чинь охин Азжаргал “Би гадаа тоглож болдог юм байгаа биз дээ” гээд уурлахаар нь би загнатал юм дуугарахгүй байхаар нь би уурлаад гар, бугуйнаас нь татаж, чангаахад уурлаад гөжөөд байхаар нь би уурандаа баруун талын хацар луу нь нэг удаа алгадсан чинь охин уйлаад “Ааваа намайг уучлаарай, би дахиж тэгэхгүй” гэхээр нь би уурлахаа больсон. Тэгээд хоолоо хийж идээд, охиноо усанд оруулчихаад унтацгаасан. Тэгээд охин 1 дэх өдөр хичээлдээ яваагүй 2 дахь өдөр нь хичээлдээ явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

            Хэрэг бүртгэлтэнд насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргал мэдүүлэхдээ: … Би яг хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Нэг өдөр би гадаа элсэн дээр тоглож байхад аав орой 17 цаг өнгөрч байх үед ажлаасаа бууж ирээд намайг гадаа тоглолоо гэж уурлаад гэрт оруулаад, хаалгаа цоожилж байгаад миний хацар луу алгадаад, хөл рүү өшиглөөд, үснээс зулгааж зодсон. Тэгээд миний хацар хавдаад хөхрөөд, гарын шуу хөхрөөд, толгой маш их өвдөөд байсан. Түүнээс хойш би Даваа гаригт нь хичээлдээ явалгүй байж байгаад Мягмар гариг буюу 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хичээлдээ очиход анги удирдсан багш С.Өлзийжаргал миний хацрыг хараад, сургуулийн нийгмийн ажилтан Нямгэрэл эгчид хэлээд, Нямгэрэл эгч Цагдаад мэдэгдсэн юм гэх мэдүүлэг /XX 8 дугаар хуудас/

            Хэрэг бүртгэлтэнд иргэний нэхэмжлэгч Д.Ерөөлтдэмбэрэл мэдүүлэхдээ: ... Би Баярсайхантай 2008 оноос хойш хамтран амьдарч гэрлэлтээ батлуулаад, 2009 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин Азжаргалыг төрүүлсэн. Бид хамт амьдарч байх хугацаанд миний дагавар хүү 5 настай Чинбаяр хамт амьдардаг Тэгээд бид нар хамт амьдарч байгаад 2010 онд салсан. Салахдаа охин Азжаргалыг авч явах хүсэл байсан боловч би хоёр хүүхдээ аваад нөхрөөсөө салах хэцүү, тэгээд ч Баярсайхан дахин хүүхэдтэй болох боломжгүй учраас охиныг минь үлдээгээч гээд Баярсайхан болон Баярсайхан ах дүү нар гуйж байсан учраас охиноо үлдээсэн. Тухайн үед би охиноо төрүүлээд 8 сартай байхад нь Сэргээш гээд кафед ажилд орсон. Тэгээд хувийн таарамжгүй харьцаанаас болоод Баярсайхан бид хоёр салсан. Тэр үед Баярсайхан охиныг маань авчирч уулзуулдаг байсан. Тэгээд намайг Улаанбаатар хот руу шилжээд явсаны дараа надтай охиныг маань уулзуулахгүй болсон. 2010 онд Баярсайханаас салснаасаа хойш охинтойгоо уулздаг байсан. Л.Баярсайханаас нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/

            Хэрэг бүртгэлтэнд гэрч С.Өлзийжаргал мэдүүлэхдээ: … Би 2017 оны 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд ажлаасаа чөлөө авсан байсан. Тэр өдрүүдэд Азжаргал хичээлдээ ирээгүй байсан. Тэгээд 2017 оны 05 сарын 08, 09-ны өдрүүдэд ангидаа хичээл ороход Азжаргал бас ирээгүй, хичээлээ тасалсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Азжаргал хичээлдээ ирсэн. Тэгтэл өглөө хичээл эхлэх үеэр манай ангийн Ундрах гэх охины ээж Батцэцэг гэх эмэгтэй ангийн хойд талд хүүхдийнхээ хувцсыг хувцасны өлгүүрт өлгөж байгаад, Азжаргалыг хараад, надад “Багшаа Азжаргал хүүхдэд зодуулсан юм уу, хацар дээр гарын 5 хурууны мөрөөр хөхөрсөн байна” гэж хэлсэн. Тэгээд би Азжаргалыг дуудаж харахад хөхөрсөн байхаар нь сургуулийнхаа нийгмийн ажилтантай уулзуулсан юм. Сурагч Б.Азжаргал нь хичээл сурлагандаа сайн, их сэргэлэн хүүхэд байгаа юм. Өнгөрсөн хичээлийн жилд аав Баярсайхантай нь хамтран амьдардаг Оюунтуяа гээд хүүхэнтэй цуг амьдарч байх үедээ бол бүр дориун байсан. Аав нь бол эцэг, эхийн хурал таслахгүй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог. Ганц бие аав гэхэд охин Азжаргалыг бол боломжийн хэмжээнд харж ханддаг гэж боддог. Б.Азжаргалын ээжийг огт мэдэхгүй байж байгаад 2016 оны 12 сард буюу өнгөрсөн өвөл нэг танихгүй эмэгтэй ирээд “Би Азжаргалын ээж байна. Би 5 жилийн дараа охинтойгоо уулзах гэж байна. Аав нь дургүйцэх байх гээд сүүлийн цагийн чөлөө авч Азжаргалд хувцас хунар авч өгнө” гэж хэлээд Азжаргалыг аваад явсан. Тэгээд хичээл тарах болоод залгахад Азжаргалын ээж “Аав нь цуг хонохыг зөвшөөрсөн. Аавтай нь уулзаад, зөвшөөрөл авсан” гэж хэлсэн. Тэгэж л нэг удаа Азжаргалын ээжийн барааг харсан. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад, өнөөдөр л дахиад барааг нь харж байна. Өнгөрсөн өвөл Азжаргалын ээж ирж уулзахдаа, өөрийнхөө ээж буюу Азжаргалын эмээтэй хамт ирж уулзсан юм гэх мэдүүлэг /XX-ийн 13 дугаар хуудас/

            Хэрэг бүртгэлтэнд гэрч Г.Жаргалсайхан мэдүүлэхдээ: … Миний охин Ерөөлтдэмбэрэл 2008 онд Баярсайхантай хамтран амьдраад 2009 онд Азжаргалыг төрүүлээд, 2010 онд Азжаргалыг 1 нас 3 сартай байх үед намайг Зүүнхараад байхгүй байх үед салсан байсан. Би охин Ерөөлтдэмбэрэлээс асуухад “Баярсайхан бүтэхгүй юм байна” гэснээс өөр зүйл хэлээгүй. Бодвол хоорондоо таарч тохирохгүй бүтэхгүй болоод салсан байх гэж бодоод илүү зүйл асууж шалгаалгүй орхисон. Би яг өдрийг нь санахгүй байна. Ойролцоогоор 1 сарын өмнө байх би Баярсайхан руу утсаар ярихад Баярсайхан “миний бие өвдөөд, Сэлэнгэ аймаг руу явах гэж байна” Гэхээр нь “Азжаргалыг яах гэж байгаа юм бэ” гэхэд “айлд үлдээж байгаа” гэхээр нь би “өө айлд үлдээж яах юм бэ, би ганц өдөр авч хоноод, маргааш хичээлд нь хүргээд өгчихье” гэхэд зөвшөөрөөд би Азжаргалыг аваад гэртээ хоносон. Тэгээд тухайн үед Азжаргалын хувцсыг сольж өгч байхад Азжаргалын гарын булчин, шуу, гуя, бөгс хэсгээр жижиг хөхөрсөн байхаар нь Азжаргалаас “үүнийгээ яасан юм бэ” гэж асуухад Азжаргал “аав зодсон юм” гэхээр нь би “яагаад миний хүүхдийг зоддог байнаа” гэхэд Азжаргал “аав согтуу ирэхээрээ намайг зоддог юм. Урьд нь ч гэсэн зодож байсан” гэж хэлж байсан. Би тухайн үед Баярсайхан энэ талаар хэлэх гэсэн боловч Азжаргалыг дахиад зодож магадгүй, бас дахин бидэнтэй уулзуулахгүй болчихож магадгүй гэж бодоод юм хэлээгүй өнгөрсөн юм гэх мэдүүлэг /XX-ийн 14 дүгээр хуудас/

             Хэрэг бүртгэлтэнд гэрч Л.Алтантуяа мэдүүлэхдээ: … Манай ах УБТЗ-ын харъяа МБҮ-т ажилладаг. Өөрийн охин Б.Азжаргалын хамт амьдардаг. Баярсайхан ах маань Азжаргалын ээж Ерөөлтдэмбэрэлтэй 2008 оноос хамтран амьдраад, 2009 онд Азжаргалыг төрүүлэн хамт амьдарч байгаад, 2010 оны 7 сараас салж, тусдаа амьдрах болсон. Ерөөлтдэмбэрэл нь Азжаргалыг 1 нас 6 сартай байхад нь аав Баярсайханд үлдээгээд салаад явсан. Түүнээс хойш огт тоохгүй байж байгаад, энэ асуудал болсны дараа надтай өчигдөр уулзаад, Азжаргалыг аваад явсан. Азжаргал бол их хөдөлгөөнтэй, бас их худлаа ярьдаг хүүхэд, сүүлийн үед гэр оронд ирэхдээ өөртөө хэрэгтэй юм /тоглоом, мөнгө/ зэргийг хэлэхгүйгээр хулгайлах зүйл ажиглагдсан. Хүнээс үг сонсохгүй, шууд уйлаад байдаг хүүхэд. Баярсайхан ахын хувьд түргэн ууртай, жоохон догшин талдаа хүн. Хүүхдээ хүнээс их өмөөрнө, маш их хайрладаг. Бид нараар хүүхдээ загнуулахгүй, их эрхлүүлж, дураар нь өсгөсөн. Баярсайхан ах Азжаргалыг зоддог өдрөө орой 21 цагийн үед л байх бүрэнхий, харанхуй болж байх үед над руу залгаад “Азааг гэртээ байхгүй байхаар нь хайж байгаад сая олж аваад харьж байна” гэж байсан. Тэгэхээр нь “Хаагуур явдаг байнаа” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд дараа нь Цагдаагаас над руу утсаар ярих үед тэр өдөр Азжаргалыг Баярсайхан ах алгадаж зодсоныг мэдсэн. Азжаргалын ээж Ерөөлтдэмбэрэл манай ах Баярсайханаас салахдаа охин Азжаргалыг 1 нас 6 сартай байхад нь орхиод явсан. Түүнээс хойш нэг ч охинтойгоо уулзаж байгаагүй, надтай гудамжинд таарахаараа хүртэл мэндэлдэггүй. Тухайн үедээ бол Азжаргалыг төрүүлснийхээ дараа хөхний сүү сайтай байж охиноо хөхүүлэх дургүй, албаар сүүгээ татрааж байгаад хүүхдээ 2 сартай байхад хөхнөөс хүчээр гаргаж байсан. Манай ажлынхан “Танай Ерөөлт тэр бааранд явж байсан, энд явж байсан” гэж их ярьдаг байсан. Би тухайн үедээ жоохон хүүхэдтэй юм чинь гээд тоодоггүй байсан. Яг юунаас болж Баярсайхан ах, Ерөөлтдэмбэрэл хоёр салсныг бол мэдэхгүй байна. Азжаргалын ээж нь 7 жилийн дараа гэнэт гарч ирснээ охиноо авна гэж байсан. Өчигдөр Ерөөлтдэмбэрэл өчигдөр надтай ирж уулзахдаа “Би адилхан хуулийн байгууллагад ажилладаг, ямар ч байсан хүүхдээ авна” гэж ярьж байсан. Азжаргалын ээж, эмээ хоёр нь Азжаргалыг хулгай хийсэн байхад нь юу ч хэлэхгүй, загнаагүй байсан. Баярсайхан ах, бид хоёр бол Азжаргалыг аль болох сайн сайхан амьдраасай, зөв хүмүүжилтэй сайн хүүхэд болоосой гэж хүсдэг. Баярсайхан ах маань охиноо 1 нас 6 сартайгаас нь эхлэн өөрөө ганцаараа өдий болтол нь өсгөж хүмүүжүүлж байгаа гэх мэдүүлэг /XX-ийн 15 дугаар хуудас/

         2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №101 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

          1. “Азжаргалын биед баруун шанаа, баруун чих, баруун зүүн хацар, зүүн гарын шуунд цус хуралт, хамрын нурууны баруун хажуу хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй //XX-ийн 17 дугаар хуудас/

           Хэрэг бүртгэлтэнд Л.Баярсайхан мэдүүлэхдээ: … Би 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай охин Азжаргал гэртээ байхгүй, гадаа тоглоод алга болсон байсан. Тэгээд би ажлаасаа тарж ирээд байхгүй байхаар нь хайж байгаад олоод гэртээ ирсэн. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагт цайны цагаараа гэртээ ирэхэд охин байхгүй байсан. Тэгээд 17 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд охин Азжаргал байхгүй байсан. Тэгээд би гадуур охиноо хайгаад олдохгүй байхаар нь ангийн охиныд нь очиход байхгүй байсан. Тэгээд охиноо хайгаад 1-р багийн 12 айлын орон сууцны тоглоомын талбайгаас олж аваад гэртээ хариад, уурлаад охиндоо үглэсэн чинь охин Азжаргал “Би гадаа тоглож болдог юм байгаа биз дээ” гээд уурлахаар нь би загнатал юм дуугарахгүй байхаар нь би уурлаад гар, бугуйнаас нь татаж, чангаахад уурлаад гөжөөд байхаар нь би уурандаа солгой гараараа баруун талын хацар луу нь нэг удаа алгадсан чинь охин уйлаад “Ааваа намайг уучлаарай, би дахиж тэгэхгүй” гэхээр нь уурлахаа болиод хоолоо хийж идээд, усанд оруулчихаад унтацгаасан /XХ-ийн 27 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 29 дүгээр хуудас/, Шүүгдэгч Л.Баярсайханы ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /28 дугаар хуудас/, УБТЗ-ын Мод боловсруулах үйлдвэрийн хүний нөөцийн менежерийн тодорхойлолт /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.       

Шүүгдэгч Л.Баярсайхан 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Замчны №20 тоотод байрлах өөрийн гэртээ 8 настай охин Б.Азжаргалыг гадаа гарч тоглолоо гэж шалтаглан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэрэг бүртгэлтэнд насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргалын мэдүүлэг /XX-ийн 8 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтэнд иргэний нэхэмжлэгч Д.Ерөөлтдэмбэрэлийн мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/, Хэрэг бүртгэлтэнд гэрч С.Өлзийжаргалын мэдүүлэг /XX-ийн 13 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтэнд гэрч Г.Жаргалсайханы мэдүүлэг /XX-ийн 14 дүгээр хуудас/, Хэрэг бүртгэлтэнд гэрч Л.Алтантуяагийн мэдүүлэг /XX-ийн 15 дугаар хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №101 дугаартай шинжээчийн дүгнэлт /XX-ийн 17 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтэнд Л.Баярсайханы мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Л.Баярсайхан 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг, Замчны №20 тоотод байрлах өөрийн гэртээ 8 настай охин Б.Азжаргалыг гадаа гарч тоглолоо гэж шалтаглан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэвч шүүгдэгч Л.Баярсайханы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай баримт үйлдэж нотариатаар батлуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул Л.Баярсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Баярсайханд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Лхагва овогтой Баярсайханг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Баярсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Баярсайханг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Энэ хэрэгт Л.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай. 

            4. Л.Баярсайханд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЭРДЭНЭБАТ.