Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 158/ШШ2024/0002

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Ш.*******,

Хариуцагч: Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч /О.*******/-д холбогдох,

Гомдлын шаардлага: “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0074887 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ш.*******, түүний өмгөөлөгч Ч.*******, хариуцагч ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогч ажилтай, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Гомдол гаргагч Ш.******* нь “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0074887 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргасан.
  2. Хариуцагч ******* аймгийн Төрийн аудитын газраас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 424 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдээллийн дагуу ******* аймгийн ******* сумын нөхөн сонгуульд нэр дэвшигч Ш.******* нь сонгуулийн зардлын тайландаа хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан Төрийн аудитын байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж түүнд 10000000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
  3. Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2315000711 дугаартай тогтоолоор Зөрчлийн 2023-0004 дугаартай хэрэг нээж, холбогдогч Ш.*******ийг биеэр ирж мэдүүлэг өгөхийг мэдэгдэх болон түүнээс мэдүүлэг авах ажиллагаа явуулсан байна.
  4. Гомдол гаргагч Ш.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд ханджээ.
  5. Гомдол гаргагч Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0074887 дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:
    1.  “...Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэхдээ Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 4.15-т даасныг зөрчиж нотолбол зохих зүйлийг нотлоогүй, хангалттай бус баримтаар бусдад хариуцлага тооцсон нь Зөрчил оногдуулсан шийтгэвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1..., 3... , 4..., 5-т ... заасныг тус тус зөрчсөн бөгөөд холбогдогч Ш.*******ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-т заасныг зөрчиж 10.000.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахдаа нотолбол зохих зүйлийг нотлоогүй, зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсан, зөрчлийг шалгахдаа урьдчилан дүгнэлт хийж нотлогдож байгаа эсэхээс үл хамааран хэргийг шийдвэрлэсэн нь хүний хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. Мөн нотлох баримтаар холбогдогч Ш.*******ийг ‘Сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ гэснийг хүргүүлээгүй” гэж буруутгах хангалттай нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй юм. ******* аймгийн төрийн аудитын Зөрчил шилжүүлэн шийдвэрлүүлэх тухай албан бичгээр Ш.*******ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан зөрчил үүсгэсэн эсэх талаар шалгуулахаар харьяалах эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн байна. Гэвч хэргийн материалд ******* сумын ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан авагдаагүй байхад хугацаа хэтрүүлсэн талаар ямар байдлаар нотолж хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй. Түүнчлэн “Хараат бус аудитын дүгнэлт”-ийг Ш.Аптанчимэгээс ...гаргаж өгч хэргийн материалд хавсаргасан байна. Тухайн баримт нь хуулийн хугацаандаа гарсан эсэх, тус баримтыг орон нутгийн төрийн аудитын байгууллагад хүргүүлсэн эсэх талаарх үйл баримтыг нотолж тогтоосон зүйл хэрэгт огт авагдаагүй байхад бусдад хүчээр хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна. Хоёр: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулийн хугацаа гэж бий. Зөрчлийн маш богино хугацаанд шалгаж, дутуу баримтаар бусдад хариуцлага хүлээлгэн 10.000.000 төгрөгөөр торгож байгаад гомдолтой байна. Эрх бүхий албан тушаалтан хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дагуу шалган тогтоогоогүй атлаа хариуцлага хүлээлгэх асуудлыг ганцхан хоногийн дотор шийдвэрлэж байгаа нь төр хүний эрхийг ноцтой зөрчиж буй хэлбэр гэж үзэж байна. Тухайлбал: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 14-т “Зөрчлийн тухай хуулийн ...17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 14 хоног байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж болно” гэж заасан байна. Гэвч эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч Ш.*******т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2023.10.12-ны өдөр утсаар холбогдож 2023.10.16-ны өдөр мэдүүлэг авмагцаа, тухайн өдрөө тухайн цаг хугацаандаа хэргийг эцэслэн шийдвэрлэж хэргийн материал танилцуулан мөн л тус өдөртөө шийтгэл оногдуулсан байдаг. Зөрчлийн хэргийг ганц өдрийн дотор шийдвэрлэснээс болж холбогдогч өөрийн эрх ашгийг хамгаалах, өмгөөлөгч авах, өөрт байгаа нотлох баримтыг гаргаж өгөх, буруугүй гэдгээ нотлох болон бусад ажиллагааг хийлгэх ямар ч боломж бололцоог олгоогүй нь харагдаж байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.8-т “ нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” эрхтэй байхаас заасан бөгөөд энэ эрхээ эдлэх бололцоо олгогдоогүй байна. Иргэн аливаа хэрэг зөрчилд холбогдоход түүний хувийн нөхцөл байдал, хэрэг зөрчил гарсан шалтгаант холбоо, зөрчлийн эх сурвалж, зөрчил гарсан цаг хугацаа, орон зай, үүсэх үр дагавар зэргийг нэг бүрчлэн нарийн нягт нямбай судалж, шалгаж тогтоосон байхаар хуульчилсан нь иргэний эрх ашиг сонирхлыг хөндөхгүй байхыг илэрхийлсэн болно. Гэвч Ш.*******ийг 2023.10.16-ны өдөр буюу ганцхан өдөр дуудаж ирүүлээд мэдүүлэг авсан төдий болоод 10,000,000 төгрөгөөр торгох асуудал байж болохгүй юм. Иймд эрх бүхий албан тушаалтан нь Ш.*******т холбогдох хэргийг шалган шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийг бүрэн гүйцэд нягт нямбай шалгаагүй, нотолбол зохих зүйлийг нотлоогүй, холбогдогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байх тул ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Төсвийн ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч О.*******гийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0074887 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
    2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 онд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт нөхөн сонгууль болсон. Би бие даагчаар нэр дэвшсэн боловч сонгуульдаа сонгогдож чадаагүй ялагдсан. Энэ сонгуульд оролцохдоо данс нээсэн байгаа. Сонгууль 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Сонгууль дуусаад ээлжийн амралт авахаас өмнө дансаа хаалгаад Орхон аймаг луу аудитын газар тайлангаа гаргуулахаар явуулсан. 2023 оны 9 дүгээр сард аудитын тайлангаа гаргуулаад дүүгээрээ очиж авахуулаад ******* аймагт хүргүүлсэн. Тайлангаа хүргүүлчихээд 2023 оны 10 дугаар сард Орос гарч байсан чинь регистрийн дугаар Ж-мэйл, утасны дугаарыг ******* нягтлан авсан. Оросоос эргэж орж ирсэн чинь Ж-мэйл хаяг дээр шүүхэд өгсөн мэдэгдэл ирсэн. Тэгээд ******* нягтлантай ярьсан чинь уулз гэсэн. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр холбогдоод 16-ны өдөр уулзахаар болсон. Уулзаад 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэлтэй байна гэсэн. Тэгэхээр нь ямар учиртай юм бэ? гэхэд аудитын тайлангаа хугацаандаа ирүүлээгүй. Хугацаа хоцроосон учраас шийтгэл оногдуулж байна гэж хэлсэн. Аудитын дүгнэлтийг дүүгээрээ очиж авахуулаад хүргүүлэхдээ ******* нягтлангаас асуусан чинь эргээд холбогдьё гээд хэлсэн. Тэгээд дүү хөдөө явах цаг болоод асуусан чинь захиргааны жижүүр дээр үлдээчих гэсэн. Тайлангаа үүдэнд нь үлдээсэн байгаа. Тэр үед 10,000,000 төгрөг гэж сонсоод байдалд орсон. Ийм юм байдаг юм уу? гэж асууж байсан. Надад эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй. Аудитын тайлан ирээгүй удсан гэж тайлбар хэлсэн. Сонсох ажиллагаа огт хийгээгүй. Төрийн албан хаагч бид 10,000,000 төгрөгийг яаж 15 хоногийн дотор төлөх юм бэ? гэсэн. Тэгээд яах юм бэ гэсэн чинь шийтгэлийн хуудсыг авч байж цаашаа шүүх, прокурорт хандах эрх үүсдэг гэсэн. Өөр ийм асуудал гаргасан хүн байдаг юм бол уу гэж асуусан чинь мэдэхгүй ******* аймагт анхны удаа байхаа гэж хэлсэн. Иргэний танхимаас зөвшөөрөхгүй гээд гарсан. Тэгээд энэ шийтгэлийн хуудсыг авахгүй бол болохгүй юм байна даа гэж ороод хэлж байтал шууд шийтгэлийн хуудас бичсэн. Сонгууль хэзээ боллоо гэж асууж байсан. Тэгээд өөрөө мэдэхгүй байж 30 хоног хэтэрснийг яаж мэдэж байгаа юм бас эргэлзээтэй. Сонгууль маань 1 жилийн хугацаатай нөхөн сонгууль байсан. Гомдолтой байна. Прокурорт гомдол гаргах боломжтой байсан... 10,000,000 төгрөгийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
    3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны албан тушаалтан үйл ажиллагаагаа гаргахдаа оролцогчийн эрхийг зөрчсөн асуудал байна. Нөхцөл байдлыг тогтоогоогүй байдаг. Шийдвэр гаргах үйл ажиллагааг явуулахдаа аливаа этгээдэд эрх зүйн сөрөг үр дагавар бий болгосон захиргааны актыг гаргахдаа нотлох баримтыг ...хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлээгүй ...дутуу бүрдүүлсэн нөхцөл байдал байдаг... сонсох ажиллагааг ...огт явуулаагүй... 2 цаг 10 минутад мэдүүлэг аваад 3 цаг 10 минутад хэргийн материал танилцуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа...-г нэг цагийн дотор дуусгасан. Энэ нөхцөл байдал нь сонсох ажиллагааны дүгнэлт хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн асуудал байдаг.... Оролцогчийн тайлбар гаргах боломжийг нь хангах үүргийг эрх бүхий албан тушаалтан ...биелүүлээгүй ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтуудыг илтэд зөрчсөн байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд ...нотлох баримтыг ...үнэлэх, цуглуулах, бэхжүүлэх ажлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх хууль нь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгэн адил хамт хэрэглэх хуулийн зохицуулалттай байдаг. Гэвч тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.15-т заасны дагуу эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ...мэдүүлэг маань ерөөсөө хоёрхон асуулт байгаад хоёрхон хариулт байдаг. Энэ 2 хариулт дээрээ зардлын тайлан гаргаж аудиталдаг төрийн аудитын байгууллагад хүргүүлдэг гэж мэдээгүй бие дааж нэр дэвшсэн гэх энэ хэргийг шийдвэрлэж байгаа ганцхан өгүүлбэр гэж үзнэ. Прокурортой уулзах хүсэлтэй байна гэснээр мэдүүлгийг дуусгаж байгаа юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ тайлбартаа би прокурортой уулзах, цаашаа эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах хүсэлтэй байна гэж тайлбарласан гэж хэлэхээс гадна надад эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй... гэдэг дээр маш их гомдолтой байдаг. Гэтэл ...эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор зөрчлийн хэргийг явуулна гэдэг хуулийн зохицуулалттай. Шаардлагатай бол удирдах албан тушаалтан 14 хоногоор, мөн прокурор 30 хоног хүртэл хугацаагаар сунгах хуулийн зохицуулалттай. Гэтэл эрх бүхий албан тушаалтан маань ганцхан цагийн дотор хэргийг шийдвэрлэж байгаа нь оролцогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн асуудал байна. Мэдүүлэг өгөхдөө прокурортой би уулзах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн... оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эрх бүхий албан тушаалтныг удирдах болон хяналтын прокурорт гомдол хүсэлтийг амаар болон бичгээр гаргах хуулийн зохицуулалттай. Гэтэл ...шууд 3 цаг 10 минутад хэргийн материал танилцуулах ажиллагааг эхэлж 3 цаг 20 минутын дотор дуусах гэж байгаа ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т  эрх бүхий албан тушаалтан ...хувь хүн, хуулийн этгээд албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч хэрэгт хавсаргана гэсэн зохицуулалтыг зөрчсөн байгаа... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6-т заасан зохицуулалтыг тус тус хөндсөн гэж үзэж гомдол гаргаж байгаа. Хугацаа хэтрүүлсэн тухай зөрчлийн шийдвэр оногдуулаад байгаа... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурорын хяналтыг оруулж өгөөгүй... 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ... Төрийн аудитын газраас 424 дугаартай гомдол мэдээлэл шалгуулах хүсэлтийг ирүүлсэн. Зөрчлийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нээсэн байдаг. Тэгэхээр 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж харагдаж байгаа боловч оролцогчтой зөвхөн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд нэг удаа утсаар 10 дугаар сарын 16-ны өдөр ир  гэж дууддаг. Холбогдогчийн хувьд ямар нэгэн байдлаар зөрчлийг удаашруулсан ирээгүй тохиолдол огт байдаггүй. Ганцхан удаа дуудсан ганцхан удаад нь ирсэн. Ганцхан цагийн дотор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Эцэслэн шийдвэрлэхдээ энэ нь өөрөө Төрийн аудитын газар ирүүлэх тайлангийн хугацааг хэтрүүлсэн учраас 10,000,000 төгрөгөөр торгох асуудал яригдсан... оролцогч нь ...ямар хэрэгт шалгагдаж байгаагаа, ямар асуудалд нотлох баримт гаргаж өгөхийг дээд албан тушаалтанд нь гомдол гаргах гээд зөрчлийг нь хянаж байгаа албан тушаалтанд гомдол гаргах энэ эрхийгээ эдэлсний дараа 28 хоног дээр нэмэх нь 30 хоногийн хугацаа нийт 58 хоногийн хугацаанд энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах боломж нь байсан. Гэтэл энэ боломжийг хязгаарлаж өгч байгаа нь оролцогчийн эрх ашгийг зөрчиж байгаа асуудал байна. Энэ зөрчлийн материал дотор сонгууль хэзээ болсон тухай ямар ч баримт байдаггүй. Сонгуулийн хорооноос холбогдох баримтыг зүгээр нэр дэвшигчийн бүртгэлийг л авсан байгаа болохоос биш яг сонгууль нь 2023 оны 6 сарын 18-нд болсон юм уу, эсвэл ******* нь сонгуульдаа оролцсон юм уу, оролцоогүй юм уу гэдгийг огт тогтоогоогүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг үнэлэх асуудал. Энэ хуулийн зохицуулалт дээр оролцогчийн болон холбогдогчийн мэдүүлэг эх сурвалжийн нотолж чадаагүй болохыг тухайн нотлох баримт нотлох баримтын чанараа алддаг хуулийн зохицуулалт байна. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан байгаа холбогдогчийн мэдүүлэг нь тайлангаа аудитлагдаагүй гэдэг мэдүүлэг нь ямар байдлаар нотлогдож байгаа вэ гэдгийг эх сурвалжийг эрх бүхий албан тушаалтан маань гаргаж өгөөгүйгээр тухайн мэдүүлгийн үнэлэгдэх чадвараа алдаад байгаа гэж үзэж байна. Аудитын тайлан нь хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэрэгт авагдахдаа яаж энэ хэргийн материалд орсон асуудлаар ******* нэхэмжлэлийн тайлбар дээрээ дурдаж өгдөг. Амралтаа авахаасаа өмнө 2023 оны 6 дугаар сарын сүүлээр болон 7 дугаар сарын эхээр Орхон аймаг руу материалаа хүргүүлсэн. Нэхэмжлэгч өөрийн дүүгээ явуулж Эрдэнэтээс материалыг авч ******* эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа. Ингэж хүргүүлэхдээ хаана хүргүүлэхийг нь асуутал наад тайланг чинь би хаана аваачихыг мэдэхгүй байна аа гэдэг тайлбарыг эрх бүхий албан тушаалтан хэлж байснаас гадна жижүүр дээр тухайн материалыг үлдээсэн гэж ярьж байгаа. Энэ процесс өөрөө энэ зөрчлийн хэрэг нээгдэхээс бүр өмнөх асуудал 2023 оны 9 дүгээр сарын асуудал. 2023 оны 9 дүгээр сард тухайн тайланг эрх бүхий албан тушаалтан авсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх хуулиас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тухайн холбогдогч зөрчилтэй байна гэж эрх бүхий албан тушаалтан үзэж байгаа бол яагаад шийдвэр гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа хийгээгүй юм... энэ тайлан нь аудит дээрээ очиж хугацаа хоцроод байгаа юм уу? Алтанцэцэг өөрөө материалаа авч хугацаа хоцроогоод байгаа юм уу гэдгийг тодруулж нягтлаагүй асуудал байгаа. Зөрчлийн материал дотор хугацаа хэтэрсэн л гэж байгаа болохоос хэдэн сарын хэднээс хэдэн сарын хэднийг хүртэл хэд хоногийн хугацаатай хугацаа хэтэрсэн байгаа талаар огт дүгнэлт гаргаагүй. Ямар дүгнэлтийг хийх ёстой вэ гэхээр эрх бүхий албан тушаалтан өөрийн магадлалаараа дүгнэлт гаргах боломж хуулийн зохицуулалт дээр байна. Энэ дүгнэлтээрээ магадлалаараа 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр сонгууль болсон юм байна. Ялагдсан юм байна. Тайлан дээрээ ямар ч орлого зарлагын гүйлгээ хийгдээгүй юм байна. Тэгвэл хэдэн сарын хэдний өдөр хугацаа эхэлснээр энэ хугацаа нь өөрөө аудитын тайлан гараагүйгээс болж хэтрээд байгаа юу ******* хугацаа хоцроогоод байгаа юу гэдгийг ялгамжтайгаар дүгнэлтийг хийх байсан. Эрх эрх зүйн албан тушаалтны баталгаагаар дүгнэлт хийх боломжтой. Зөрчлийн хэрэг нээх процесс явагдахаас өмнө тайлангаа эрх бүхий албан тушаалтанд аваачиж өгчихөөд байхад хугацаа хэтрүүлсэн гэдэг асуудлыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн хэргийг шалгаад 10,000,000 төгрөгөөр торгож байгаа нь хуульд нийцэхгүй байна... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дээр ч, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дээр ч гэсэн холбогдогчийн хувийн мэдээллийг тогтоох зохицуулалттай. Гэтэл ядаж иргэний үнэмлэх нь энэ хэрэгт хавсаргагдаагүй. Энд лавлагаа байхгүй. Хаягийн тодорхойлолт байхгүй. Ямар нэгэн байдлаар албан тушаал эрхэлдэг юм уу үгүй юү гэдэг ямар ч хувийн мэдээлэл байхгүй. Зөрчлийн шийдвэр дээр хэсэгчлэн болон бүхэлд нь зөрчлийг шийдвэрлэх боломжтой юу? Хэсэгчлэн төлөх боломжтой гэдэг хуулийн зохицуулалт байдаг. Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заалт дээр байгаа. Гэтэл 10,000,000 төгрөгийг 15 хоногийн дотор төл гэж байгаа нь өөрөө тухайн холбогдогч этгээдийн хувийн байдлыг тогтоогоогүй байгаа хууль зүйн үр дагавар гэж үзэж байгаа. Гэтэл 1,700,000 төгрөгийн үндсэн цалинтай хүн гар дээрээ 900 мянган төгрөгийн цалин авч байна. Ам бүлийнхээ 6 хүнийг тэжээж явж байна. Гэтэл сум орон нутагт сонгуулийн үр дүнд ялагдал хүлээлгэх юм байна. 100 төгрөгийн гүйлгээ хийгдээгүй байна. 15 хоногийн дотор 10,000,000 төгрөгийг албадан гүйцэтгэх боломжтой юу гэдгийг хуулийн зорилго зорилт, хууль ёсны байх зарчмыг алдагдуулж байгаа нөхцөл байна гэж үзэж байгаа. Эдгээр хуулийн зохицуулалтын дагуу эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна...” гэв.
  6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч О.******* би ******* сумын 2023 оны нөхөн сонгуульд бие даан нэр дэвшигч Шагдарсүрэнгийн ******* нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “... нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасны дагуу 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан... Ш.******* нь сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй нь Төрийн аудитын газрын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 424 тоот албан бичгээр, хувийн аудитын байгууллагаар аудит хийлгэсэн тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ гэдгийг мэдээгүй гэсэн Г.*******ийн өөрийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул хангалттай нотлох баримттай байна. Төрийн аудитын тухай хуулийн 38.6-д “...төрийн аудитын байгууллагын бусад албан хаагчийг Монгол Улсын Ерөнхий аудиторын зөвшөөрлөөр гаргасан аудитын тайлан, дүгнэлттэй нь холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан гэрчийн мэдүүлэг авч болно” гэж заасан тул холбогдох аудитороос мэдүүлэг аваагүй, албан бичгийг нотлох баримт болгосон. Төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу зөрчлийн хэрэг нээхээр аймгийн прокурорт бүртгүүлж, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2315000711 тоот тогтоолоор зөрчлийн хэрэг нээсэн. Ш.*******т 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/1374 тоот албан бичгээр мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн. Мөн 2023 оны 10 дугаар сарын 4, 11, 12-ны өдөр утсаар холбогдож биеэр ирж мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн. Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол гарсныг мэдэгдэж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин утсаар холбогдож 10 дугаар сарын 16-ны өдөр ирэхийг мэдэгдсэн. Ш.Аптанчимэг нь 10 дугаар сарын 9-12-ны өдөр Байгаль далай руу аяллаар явсан, энэ хугацаанд утас нь холбогдох боломжгүй байсан. 10 сарын 16-ны өдөр мэдүүлэг авч, шийтгэврийн хуудсыг гардуулж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу хуулийн хугацаанд явуулсан. Холбогдогчийн хувийн байдлын талаар асууж тодруулаагүй, хуулийн хариуцлага зорилгоо биелүүлж чадах эсэх талаар ажиллагаа хийгээгүй. Сонгуульд нэр дэвшигч нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх, холбогдох хариуцлагаа хүлээх чадвартай, өөрийн үүрэг хариуцлагаа бүрэн мэдэж сонгуульд нэр дэвших ёстой гэж үзэж байна...” гэжээ.
    1. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймгийн төрийн аудитын байгууллагаас тус хэлтэст ирүүлсэн албан бичиг байгаа. ******* аймгийн ******* сумын нөхөн сонгуульд нэр дэвшсэн Шагдарсүрэнгийн ******* Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаад зардлын тайландаа хувийн аудитын дүгнэлт гаргуулж төрийн аудитын орон нутагт салбар байгууллагад хүргүүлнэ гэсэн заалтыг бүртгүүлээгүй учраас Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авна гэсэн албан бичиг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 424 тоот албан бичиг тус хэлтэст ирсэн. Албан бичгийн дагуу прокурорт танилцуулаад дугаар аваад зөрчлийн хэрэг нээсэн тогтоол үйлдээд зөрчлийг нь хүлээлгэсэн байгаа. Албан бичгийг аваад нэр дэвшигч *******т тус хэлтсээс ийм албан бичиг ирсэн учраас холбогдох тайлбар мэдүүлгийг авах шаардлагатай байна гээд албан бичиг явуулсан байгаа. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр аудитын байгууллагаас албан бичиг ирсэн. *******т 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр албан тоот тайлбар мэдүүлэг өгөх албан бичиг хүргүүлээд тэгээд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр утсаар холбогдсон байгаа. Тэгээд биеэр ирж мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн... тогтоол 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гарсан. ******* аяллаар явчихсан байсан. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахиад холбогдоод хэзээ ирж мэдүүлэг өгөх боломжтойг асуухад 10 дугаар сарын 16-ны өдөр ирж мэдүүлэх өгөх боломжтой гэсэн. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг авсан. Тэгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу л явуулсан гэж үзэж байгаа. Энэ бүх процесс үйл ажиллагаанд прокурорын хяналт ...хэрэгжээд явж байсан. Эрх бүхий албан тушаалтны удирдах албан тушаалтан болон прокурорын зүгээс 14 хоногийг дахиж нөхөж сунгах шаардлагатай байна. Нотлох баримт чинь хангалтгүй байна гэж үзээгүй. Шийтгэлийг хянаад авсан байгаа. Шийтгэлийн хуудас оногдуулсан зөрчлийн хэргийн материалыг прокурор хянасан. Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.25-т сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй байх юм бол иргэн 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хуулийн этгээд бол 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гээд заачихсан байгаа юм. Хуулийн дагуу хувийн аудитын байгууллагаар аудитлагдсан тайланг хүлээж авах эрх бүхий этгээд нь төрийн аудитын байгууллага байсан. Тэгэхээр нэр дэвшигч ******* хувийн аудитын байгууллагаар аудитлуулсан зардлын тайлангаа зардал гарсан байна уу, гараагүй байна уу, хэдэн төгрөгийн зардал гарсан байна гэдгээс үл хамаараад нэр дэвшсэнээс хойш 30 хоногийн дотроо тайлангаа гаргаад хувийн аудитын байгууллагаар аудитыг нь хийлгээд тэгээд хүргүүлэх ёстой гээд хуульд заасан 30 хоногийн дотор хүргүүлэх байсан. Санал өгөх өдрөөс хойш 30 хоног гээд байгаа. 30 хоногт хүргүүлэх ёстой этгээд нь төрийн аудитын байгууллага. Тэгэхээр төрийн аудитын байгууллага тайлан ирүүлээгүй байгаа учраас энэ хүн хуулийн хугацаандаа тайлангаа ирүүлсэнгүй гээд манай байгууллагад албан бичгээр хандаж байгаа юм. Тэгэхээр энэ нэр дэвшигч ******* нь төрийн аудитын байгууллагад хугацаандаа тайлан ирүүлээгүй гэдэг нь төрийн аудитын байгууллагын албан бичгээр нотлогдож байгаа. Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлэг аваад уулзахад аудитын байгууллагад тайлангаа өгөөгүй гэдгээ өөрөө мэдүүлэг дээрээ бас баталж хэлж байгаа... хуулийн дагуу л шалган шийдвэрлэх ажиллагаагаа явуулаад л хуульд заасан шийтгэлийг нь л оногдуулчихаад байгаа л асуудал байгаа юм. Төрийн аудитын байгууллагад тайлангаа хүргүүлсэн байхад тэрийг тогтоогоогүй шийдвэрийг оногдуулчихсан гээд байх юм. Төрийн аудитын байгууллага тайлангаа ирүүлээгүй байна аа гээд манайд мэдэгдэл өгчихөөд байгаа...” гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

  1. Гомдол гаргагчийн гомдол үндэслэлтэй байна.
  2. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт “...нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэжээ.
  3. Хариуцагч нь Зөрчлийн 2315000711 дугаартай хэрэгт авагдсан /бүх/ материалууд болох эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2315000711 дугаартай тогтоол болон ******* аймгийн Төрийн аудитын газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 424 дугаартай албан бичиг, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06/1374 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Зөрчлийн холбогдогчийг харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан дуудсан тухай” тэмдэглэл, мөн өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэл, “Хэргийн материал танилцуулсан тухай” тэмдэглэл, Ш.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэх тухай” тогтоол, “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр[1]-ийн “Хараат бус аудитын дүгнэлт”, маргаан бүхий 0074887 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.
    1. Харин шүүхээс маргааны үйл баримтыг гүйцэт тодруулахын тулд ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн XI/13 дугаартай “Нөхөн сонгууль товлон зарлах тухай” тогтоол, нөхөн сонгуульд бие даан нэр дэвшигчийн бүртгэл болон бие даан нэр дэвшигч Ш.*******т холбогдох материалууд, ******* аймгийн ******* сумын Сонгуулийн хорооны 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Хяналтын тооллого явуулах тухай” 08, “Санал хураалтын дүнгийн тухай” 09, “Сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 10 дугаартай тогтоолуудыг хэрэгт нотлох баримтаар цуглуулав. 
  4. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбаруудаар ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн XI/13 дугаартай “Нөхөн сонгууль товлон зарлах тухай” тогтоолоор тус Хурлын нэгдүгээр тойргийн нөхөн сонгуулийг 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус сонгуульд нэхэмжлэгч Ш.******* нь бие даан нэр дэвшигчээр оролцсон боловч олонхийн санал аваагүй, сонгуулийн дүн гарснаас хойш буюу 2023 оны 7 дугаар сард[2]  “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт хандан аудитын дүгнэлт гаргуулах хүсэлтээ гаргасан байна.
    1. Харин “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбар нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Хараат бус аудитын дүгнэлт” гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч[3] хариуцагчид хүргүүлсэн байх ба ******* аймгийн Төрийн аудитын газар нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 424 дугаартай “Зөрчил шилжүүлэн, шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр дээрх нөхөн сонгуульд бие даан нэр дэвшигч Ш.******* нь “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ”-д заасныг хэрэгжүүлээгүй” тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан зөрчилд зохих хариуцлага хүлээлгэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлэх талаар тусган “Аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.******* танаа” хэмээн хаяглан хүргүүлжээ.
    2. Хариуцагч 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2315000711 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Ш.*******т холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд Ш.*******тэй 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр биечлэн уулзан холбогдогчийн мэдүүлэг авч, мөн өдрөө нэхэмжлэгчид хэргийн материал танилцуулан маргаан бүхий 0074887 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргасан үйл баримтууд тогтоогдов.
  5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэжээ.
    1. Тиймээс нэхэмжлэгч Ш.******* нь ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд бие даан нэр дэвшигчээр оролцсоныхоо тухайд тухайн сонгуульд хамгийн олон санал авсан эсэх болон сонгуулийн зардал гаргасан эсэхээс үл хамааран санал авах өдрөөс хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 30 хоногт багтаан хувийн аудитын хуулийн этгээдээр зардлын тайландаа дүгнэлт гаргуулан ******* аймгийн Төрийн аудитын газарт хүргүүлэх үүргийг гүйцэтгэнэ.  
    2. Нэхэмжлэгч нь дээрх үүргийнхээ хүрээнд “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт хандан аудитын дүгнэлт гаргуулах хүсэлтээ гаргасан бөгөөд тухайн хуулийн этгээд нь холбогдох дүгнэлтийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан, нэхэмжлэгч нь түүнийг хариуцагчид өгсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Дүгнэлтээ О.*******д өгсөн...” гэх тайлбараар нотлогдож байх ба хариуцагч тухайн тайлбарыг үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гаргасангүй.    
  6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 22-т зааснаар нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх бөгөөд уг үүргээ тухайн хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх учиртай. 
  7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д  “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “”зөрчлийн хэрэг бүртгэлт" гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгоно” гэж, 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй”, 2 дахь хэсэгт “Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг дараах хугацаанд бичгээр гаргана”, 2.2-т “энэ зүйлийн 2.1 дэх заалтад зааснаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед” гэж тус тус хуульчилжээ.
  8. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргасан “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2315000711 дугаарын тогтоолтой мөн сарын 16-ны өдөр танилцсан болох нь “Хэргийн материал танилцуулсан тухай” тэмдэглэлээр нотлогдож байна.
  9. Харин дээрх 2315000711 дугаарын тогтоолын “4”-т “Гомдол, мэдээлэл гаргагч, холбогдогч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэж, хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хөтөлсөн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэлд “...Би зөрчлийг хэрэг үүсгэсэн тогтоолтой холбоотой прокурортой уулзах хүсэлтэй байна гэснээр мэдүүлэг авах ажиллагааг 14 цаг 30 минутанд дуусгаж, тэмдэглэлийг танилцуулав...” гэжээ.
  10. Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.******* нь “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2315000711 дугаартай тогтоолын талаар гомдол гаргах эрхтэй бөгөөд тухайн эрхээ хэрэгжүүлэх хүсэл зоригоо эрх бүхий албан тушаалтанд илэрхийлсэн гэж дүгнэхээр байна.
  11. Улсын байцаагчийн дээрх тогтоолд заасан гомдол гаргах хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй/, 5 дахь хэсэг /Хугацааг ажлын өдрөөр тоолоход уг хугацаа нь тухайн ажлын өдрийн сүүлийн цаг, минутад дуусна/-т заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцвол мөн сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд, нэхэмжлэгч тогтоолтой танилцсан өдөр буюу мөн сарын 16-ны өдрөөс эхлэн тооцвол 23-ны өдрийг дуусталх хугацаанд тус тус үргэлжлэхээр байна.
  12. Гэтэл хариуцагч нь зөрчлийг хянан шалгахдаа өөрийн гаргасан захиргааны актад гомдол гаргах холбогдогчийн эрхийг хангаагүй, гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргасан алдааг гаргаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
  13. Түүнчлэн хариуцагч нь Ш.*******г Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан “...санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан ...” гэх хугацааг ямар нотлох баримтанд үндэслэн хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Тодруулбал: Зөрчлийн хэрэгт ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдүгээр тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдөр нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдөр болохыг нотлох баримт байхгүй байгаагаас гадна холбогдогчоос авсан мэдүүлэгт энэ талаар асууж тодруулсан хэсэг тусгагдаагүй байгаагаар нотлогдоно.
  14. Тэрээр ******* аймгийн Аудитын газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 424 дугаартай албан бичгийг нотлох баримтаар зааж байгаа нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл: Эрх бүхий албан тушаалтан нь тухайн албан бичигт тусгагдсан зөрчил үйлдэгдсэн /үйл баримт болсон/ эсэхийг тогтоохын тулд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулдаг бөгөөд уг ажиллагааны явцад цугларсан нотлох баримтанд үндэслэн зохих шийдвэрээ гаргах учиртай. Тухайлбал: Нэхэмжлэгчээс өөрт нь хүргүүлсэн хувийн аудитын дүгнэлт 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарсан байх ба ******* аймгийн аудитын газар нь мөн сарын 27-ны өдөр 424 дугаартай албан бичгийг үйлджээ.
  15. Зөвхөн энэхүү баримтаас харахад нэхэмжлэгч нь нөхөн сонгуулийн санал авах /2023 оны 6 дугаар сарын 18/ өдрөөс хойш хэд хоногийн дотор буюу 2023 оны хэдэн сарын хэдний өдөр “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт дүгнэлт гаргуулах хүсэлтээ гаргасан, тус ХХК нь дүгнэлтийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр /хуульд заасан хугацаа хэтрүүлж/ гаргахад хүндэтгэн үзэх шалтгаан нөлөөлсөн эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг гүйцэтгээгүй, Ш.*******гаас ч асууж тодруулаагүй болох нь холбогдогчоос авсан мэдүүлэг /тэмдэглэл/-ээр нотлогдож байна.  
  16. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ” гэж, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, 3-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана” гэж, 4.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно” гэж, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 2-т “Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно” гэж тус тус хуульчилснаас дүгнэхэд хариуцагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчид шийтгэл оногдуулахыг урьтал болгохоос илүү хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд Ш.*******г Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн эсэхийг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хангалттай цуглуулсны эцэст зохих шийдвэрийг гаргасан бол зүйд нийцэхээр байжээ.     
  17. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.22 ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
  18. Тиймээс хариуцагчийг холбогдогч Ш.*******ийн гомдол гаргах эрхийг зөрчиж шийдвэр гарган дээрх хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган, хариуцагчаас гаргасан маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0074887 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
  19. “Нотлох баримт гаргуулах тухай” тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 158/АБ2023/0089 дугаартай албан бичгийг ******* аймгийн ******* сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн.
  20. Гэвч дээрх байгууллагаас шүүхээс шаардаагүй, хэрэгт нотолгооны ач холбогдолгүй баримтууд болох ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдүгээр тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлт гаргасан Монгол ардын нам, тус намаас нэр дэвшигч Н.Мөнхцэцэг нарт холбогдох баримтуудыг ирүүлсэн байх тул тэдгээр баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаас хасч шийдвэрлэв.
  21. Дээрх баримтуудыг энэхүү хэргийн нотлох баримтаар үнэлээгүй болно. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогч ажилтай, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч /О.*******/-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0074887 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Ш.*******ийн гомдлын шаардлагыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТЧИМЭГ

 

 

[1] Тус дүгнэлтийн хавсралтад тусгагдсан огноогоор оруулав.

[2] Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар.

[3]Дүгнэлтийг өөрийн дүүгээр авахуулж, хариуцагчид хүргүүлсэн хэмээн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарлав.