Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 230

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/02542 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Д- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгасны нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Д-,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний аав болох Аюурын Луузан нь Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор 1938 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 174 дүгээр магадлалаар цагаатгасан бөгөөд цагаатгалын үнэмлэхийг 1998 оны 9 дүгээр сард гардан авсан. Иймд надад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөн олговрыг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Д.Туяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанаар Аюурын Луузанг цагаатгасан тухай үнэмлэхний хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Аюурын Луузанг цагаатгасан шийдвэрийн хуулбар, Үндэсний төв архивын гэр бүлийн лавлагаа, садан төрлийн холбоо тогтоосон иргэний шүүхийн шийдвэрийн хуулбар, Зууны мэдээ сонин зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлууллаа. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Энэ хулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд мөн хуулийн 13.2.1, 13.2.2-д заасан нөхөх олговрыг олгохоор заасан ба нэхэмжлэгч Ш.Д- нь дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан хэмжээгээр нөхөх олговор гаргуулахаар нэхэмжилсэн байна. Тэгвэл хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол...орон сууц олгоно” гэж зааснаас үзвэл гэр болон түүнтэй адилтгах хөрөнгөө хураалгуулсан хэлмэгдэгч гэр, орон сууц аваагүй бол хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан нөхөх олговрыг олгохоор заасан байна. Нэхэмжлэгч Ш.Д-ийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар түүний эцэг А.Луузан нь хөрөнгөө хураалгуулсан, Ш.Д- нь одоо хүртэл орон сууцгүй байгаа эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Санхүү, төрийн сангийн хэлтсээс нөхөх олговорт 80 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Д-ид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Д- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа давж заалдах гомдолдоо: Ш.Д-ийн аав А.Луузан нь Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр ялын дээд хэмжээ буюу цаазын ялаар шийтгэгдсэн. Улмаар 174 дүгээр тогтоолоор цагаатгагдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс бичиг баримт нь хангалттай бүрдсэн, одоог хүртэл орон сууц авсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнээд 80 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед цаазаар авах ял авсан этгээдийн эд хөрөнгийг заавал хурааж шийтгэдэг байсан. Гэхдээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно” гэж заасан. Тиймээс үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                               ХЯНАВАЛ:          

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.Д- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох нөхөх олговор 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокуророос “...А.Луузан нь хөрөнгөө хураалгуулсан, Ш.Д- нь өнөөдрийг хүртэл орон сууцгүй байсныг нотлох баримтгүй нь нөхөх олговор авах хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй” гэх дүгнэлтийг хийжээ. 

 

Хэргийн баримтаас үзэхэд Аюурын Луузан нь 1938 оны байдлаар 47 настайдаа Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлснийг Монгол Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 174 дүгээр магадлалаар цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05/2698 дугаар лавлагаа, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн Цэргийн хэрэг эрхлэх коллегийн 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 174 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Тамхимын тэргүүний 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн №17160 дугаар Цагаатгасан тухай үнэмлэх зэргээр нотлогджээ.

Түүнчлэн, Ш.Д- нь А.Луузангийн төрсөн хүүхэд болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1802 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хх-10-11/

Хэргийн 12 дугаар талд авагдсан “Зууны мэдээ” сонины 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 173 (6140) дугаарын нүүр хэсэгт Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын “Нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалт” гэсэн гарчигтай “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхэд” гэх хэсгийн 18 дугаарт нэхэмжлэгч Шагдарын Дагвадорж бичигдэж, уг нэрсийн жагсаалт нийтлэгдсэн өдрөөс 30 хоногийн дараа харьяа дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ өгч шийдвэрлүүлэх гэсний дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулж, “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд дараах нөхөх олговрыг дараах тохиолдолд олгоно” гэж, 13.2.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 000 000 төгрөг олгоно” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Дагвадорж нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч Л.Аюурын төрсөн хүүхэд мөн бөгөөд хэлмэгдүүлэлтийн улмаас орон сууц болон түүнтэй холбоотой хөнгөлөлт эдлээгүй нь тогтоогдсон гэж дүгнэн 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хэлмэгчдэгчийн хүүхэд Ш.Давгвадорж нь одоог хүртэл орон сууцгүй байгаа эсэх нь хуулийн заалтын дагуу нөхөх олговор авах эрхэд хамаарахгүй. Иймд прокурорын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/02542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.14 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН