Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02918

 

 

2024 оны 7 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/02918

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ************ гудамж, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Ч*******гийн Б*******ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: ****** дүүргийн ** дугаар хороо, ****** хотхон, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Г*******ийн Г*******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******,

 

Хариуцагч Г.Г*******,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б******* хариуцагч Г.Г*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ч.Б*******, хариуцагч Г.Г******* нар найз нөхдийн холбоотой, тэд олон жилийн хугацаанд найзалж ирсэн гэдэг. Г.Г******* 2021 оны 11 дүгээр сард өөрийнх нь ажилд мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан тул Ч.Б*******ыг гар утасны дугаараа барьцаалж, 50.000.000 төгрөгийн зээл авч өгч туслаач, зээл, зээлийн хүүг цаг тухайд нь асуудалгүй төлье гэж хандсан байдаг. Ч.Б*******, Г.Ган-Эрдэнийн дээрх гуйлт, саналыг зөвшөөрч, өөрийн эзэмшдэг ******* дугаарыг Н******* ББСБ ХХК-д барьцаалж, 50.000.000 төгрөгийг хүүтэй зээлж, уг мөнгийг Г.Г*******тэй харилцан тохиролцсоны дагуу түүний өмчлөлд шилжүүлсэн буюу Г.Г*******д Н******* ББСБ ХХК-иас авсан зээлийн хүүгээр зээлдүүлсэн байдаг. Тодруулбал Ч.Б******* Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас Г.Ган-Эрдэнийн эзэмшлийн тоот данс руу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус бүр 3.000.000 төгрөгөөр 16 удаа, 2.000.000 төгрөгөөр нэг удаа, нийт 17 удаагийн гүйлгээгээр 50.000.000 төгрөгийг Г.Г*******д зээлдүүлсэн. Хариуцагч нь зээлийн төлбөрт 15.000.000 төгрөгийг буцаан төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 35.000.000 төгрөг болсон байдаг ба Ч.Б******* Банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлийн хүүг багасгах зорилгоор Н******* ББСБ ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг И ББСБ ХХК-иар бүрэн төлж хаалган, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр И ББСБ ХХК-тай ЗГ 2022/12 дугаар бүхий зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулж, уг банк бус санхүүгийн байгууллагаар төлүүлсэн 35.000.000 төгрөгийг И ББСБ ХХК-иас нэг сарын 3.5 хувийн хүүтэй авч, зээлийн хүүг нэхэмжлэгч төлж барагдуулж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа мэдэгдэж шаарддаг байсан гэдэг бөгөөд хариуцагч зээл төлөхийг зөвшөөрдөг боловч элдэв янзын шалтаг, шалтгаан тоочиж, нэхэмжлэгчээс зээлсэн зээл, зээлийн төлбөрөө төлөхгүй, гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай найз тул түүний хэлсэн шалтаг, шалтгаан бүрт хүндэтгэлтэй хандаж ирсэн боловч ямар нэгэн үр дүн гарахгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Ч.Б*******, Г.Г******* нар 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уулзаж ярилцсан байдаг ба хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан зээлийг төлөхөө илэрхийлж, Ч.Б*******ад үндсэн зээл 35.000.000 төгрөг, хүү 15.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, энэ хүсэл зоригоо өөрийн гараар бичиж батапгаажуулан нэхэмжлэгчид өгсөн байдаг. Мөн ингэхдээ дээрх 50.000.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүгдийг төлж барагдуулна гэж бичээд төлбөл зохих уг төлбөрөөс 9.000.000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Гэвч Г.Г******* уг үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэлгүй зөрчиж, Ч.Б******* үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, хугацаа олгосон боловч ямар ч үр дүн гарахгүй байна. Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн хариуцагч Г.Г*******эс 50.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б*******ад олгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн найз Ч.Б*******аас 50.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд уг мөнгийг өөрийнхөө данс руу авсан тухай маргаагүй. Зээлийн хүүг төлөх талаар бид амаар ярьсан болохоос ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Би өөрийнхөө дансны хуулгыг бүгдийг гаргаад өгсөн. Мөн би саяхан 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Би банк бус санхүүгийн байгуулагаас зээл аваад өг гэж хэлээгүй. Чи найздаа мөнгө зээлэх боломж байна уу, би эргүүлээд 2, 3 сарын хугацаанд төлье гэж хэлсэн. Тухайн үед миний ажил муу байгаад төлж чадаагүй. Би банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө авсан, эсхүл өөрөөсөө мөнгө гаргасан юм уу гэдгийг сайн мэдэхгүй, ойлгохгүй байна. Сүүлд нь Банк бус санхүүгийн байгууллагаас надад ийм бичиг хийгээд өг гэж хэлсэн юм гэхээр нь би тэр гар бичмэл гэх бичгийг хийгээд өгсөн. Шүүхээр шийдвэрлүүлье гэж хэлсэн, дараа нь намайг шүүхэд өгчихсөн байсан. Тэгэхээр нь чи намайг шүүхэд өгч байгаа бол чамаас зээлсэн 50.000.000 төгрөг, миний өгсөн 40.000.000 төгрөг үүгээр дуусгана гэж хэлсэн. Би одоо 9.625.000 төгрөг төлөөгүй үлдсэн байгаа тул уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй, 50.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, Нэткапитал ББСБ ХХК-ийн тодорхойлолт, Хаан банкны дансны хуулга, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн И ББСБ ХХК-ийн зээлийн гэрээ,

 

Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Найз Г.Ган-Эрдэнийн гуйлт, саналыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшдэг ******* дугаарыг Н******* ББСБ ХХК-д барьцаалж, 50.000.000 төгрөгийг хүүтэй зээлж, уг мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь данснаас Г.Ган-Эрдэнийн эзэмшлийн данс руу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус бүр 3.000.000 төгрөгөөр 16 удаа, 2.000.000 төгрөгөөр нэг удаа, нийт 17 удаагийн гүйлгээгээр 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн буюу Г.Г*******д Н******* ББСБ ХХК-иас авсан зээлийн хүүгээр зээлүүлсэн. Г.Г******* зээлийн төлбөрт 15.000.000 төгрөгийг буцаан төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 35.000.000 төгрөг үлдсэн. Бид 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уулзаж ярилцаж Г.Г******* үндсэн зээл 35.000.000 төгрөг, хүү 15.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, энэ хүсэл зоригоо өөрийн гараар бичиж баталгаажуулж өгсөн. Иймд Г.Г*******эс 50.000.000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагч Г.Г*******, Ч.Б*******аас 50.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд зээлийн хүүг төлөх талаар бид амаар ярьсан болохоос ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Би банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад өг гэж хэлээгүй. Чи найздаа мөнгө зээлэх боломж байна уу, би эргүүлээд 2, 3 сарын хугацаанд төлье гэж хэлсэн. Тухайн үед миний ажил муу байгаад төлж чадаагүй. Би банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө авсан, эсхүл өөрөөсөө мөнгө гаргасан юм уу гэдгийг сайн мэдэхгүй, ойлгохгүй байна. Зээлж авсан 50.000.000 төгрөгнөөс 40.375.000 төгрөг төлж, 9.625.000 төгрөг үлдсэнийг төлнө, 50.000.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Г.Г*******д мөнгөний хэрэгцээ шаардлага гарч, Ч.Б*******аас мөнгө зээлүүлэх хүсэлт гаргаснаар тэрээр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас Г.Ган-Эрдэнийн эзэмшлийн тоот данс руу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус бүр 3.000.000 төгрөгөөр 16 удаа, 2.000.000 төгрөгөөр нэг удаа, нийт 17 удаагийн гүйлгээгээр 50.000.000 төгрөгийг зээлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Хаан банкны дансны хуулгын баримтаар тогтоогдож байна.

 

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж заажээ.

 

7.Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй боловч Ч.Б******* Г.Г*******д 50.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөнгийг хүлээн авсанд хариуцагч маргаагүй зэргээс дүнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

8.Хариуцагч Г.Г******* зээлийн төлбөрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1.250.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.250.000 төгрөг, 2022 03 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 4.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.225.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1.250.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1.250.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1.750.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1.750.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-нд 1.250.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.200.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1.250.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөг, нийт 40.375.000 төгрөгийг Ч.Б*******ад шилжүүлсэн, тэрээр уг мөнгийг хүлээн авсанд маргаагүй.

 

9.Харин нэхэмжлэгч Ч.Б******* найз Г.Ган-Эрдэнийн гуйлт, саналыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшдэг ******* дугаарыг Н******* ББСБ ХХК-д барьцаалж, 50.000.000 төгрөгийг хүүтэй зээлж, уг мөнгөө Г.Г*******д Н******* ББСБ ХХК-иас авсан зээлийн хүүгээр зээлүүлэхээр тохирсон, Г.Ган-Эрдэнийн зээлийн төлбөрт шилжүүлсэн дээрх мөнгийг ББСБ ХХК-ийн хүүнд нь төлсөн гэж тайлбарлаж, үндсэн зээл 35.000.000 төгрөг, хүүнд 15.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөг нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч үндэслэлээ... мөнгө зээлэх боломж байна уу, би эргүүлээд 2, 3 сарын хугацаанд төлье гэж хэлсэн, банк бус санхүүгийн байгуулагаас зээл аваад өг гэж хэлээгүй, хүү төлөх талаар амаар ярьсан болохоос ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа болно.

 

10.Нэхэмжлэгч Ч.Б******* өөрийн эзэмшдэг ******* дугаарыг Н******* ББСБ ХХК-д барьцаалж, 50.000.000 төгрөг зээлсэн, тус ББСБ-аас авсан зээлийн хүүгээр Г.Г*******д зээлүүлэхээр тохирсон гэх боловч Н******* ББСБ ХХК, Ч.Б******* нарын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээг ирүүлээгүй, хэзээ, ямар хугацаатай, хэдэн төгрөгийн, хэдэн хувийн хүүтэй зээл авсан, уг мөнгөө тус ББСБ-д хэрхэн яаж төлж байсан талаарх баримтыг ирүүлээгүй, баримтаар нотлоогүй.

 

11.Ч.Б******* 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр И ББСБ ХХК-тай ЗГ 2022/12 дугаар гэрээ байгуулж, 35.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 3.5%-ийн хүүтэй зээлж авсан гэх зээлийн гэрээг баримтаар ирүүлсэн ба Н******* ББСБ-аас олгосон зээлийн хүүг багасгах зорилгоор зээлийн үлдэгдэл төлбөрийг И ББСБ ХХК-иар төлж хаалган, И ББСБ ХХК-иас зээлсэн 35.000.000 төгрөгийг өөрөө төлж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч Н******* ББСБ ХХК-иас хэзээ, хэдэн төгрөгийн зээл авч, хэдэн төгрөг үлдснийг И ББСБ ХХК-иас авсан зээлээр төлснөө баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

11.Түүнчлэн Ч.Б******* Н******* ББСБ ХХК-иас зээл авсныг үгүйсгэх боломжгүй бөгөөд харин авсан зээлээ Г.Г*******д зээлүүлэхдээ түүний өмнөөс зээл авч байгаагаа ойлгуулж, сар бүр хүү, зээл төлөх, төлөөгүй тохиолдолд тус ББСБ-д төлсөн хохирлоо төлүүлэх эсэх талаар бичгийн хэлцэл хийж тохиролцох, эсвэл Г.Г*******тэй 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр хийж, хугацаа, хүү, алдангийг тохирох байжээ.

 

12.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба Ч.Б*******, Г.Г*******д 50.000.000 төгрөгийг зээлүүлэхдээ бичгийн хэлцэл хийгээгүй, амаар тохирсон байх тул хүү шаардах эрхгүй гэж үзэв.

 

13.Хариуцагч Г.Г******* 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баримт үйлдсэн нь хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан ба уг баримтад Ч.Б*******аас 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 50.000.000 төгрөг зээлсэн. Үүнээс 15.000.000 төгрөг банк бусад өгсөн. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сар хүртэл хүүг төлөөгүй, 15.000.000 төгрөг, энэхүү хугацаанд хүүг Ч.Б******* төлсөн. Үүнээс Ч.Б*******ад үндсэн зээл 35.000.000 төгрөг, хүү 15.000.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж гарын үсэг зуржээ.

 

14.Гэвч зохигчид анхнаасаа зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тооцох талаар тохироогүй хирнээ үндсэн зээл 35.000.000 төгрөг, хүү 15.000.000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж гарын үсэг зурсан нь ойлгомжгүй, нэхэмжлэгч Н******* ББСБ ХХК-иас 50.000.000 төгрөг зээлж авснаа Г.Г*******д зээлүүлсэн гэх боловч хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан Н******* ББСБ ХХК-ийн Ч.Б*******ыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 33.000.000 төгрөгийн зээл авч, хэвийн төлөлттэй хаасан гэх албан бичгээс харахад зээлж авсан гэх үнийн дүнгүүд зөрүүтэй, Г.Ган-Эрдэнийн зээлийн төлбөрт буцаан шилжүүлсэн мөнгийг ББСБ ХХК-д төлсөн гэж, И ББСБ ХХК-иас 35.000.000 төгрөгийг зээлж, уг мөнгөөр зээлийг хаасан гэж өөр өөрөөр тайлбарлаж байгаагаас гадна ба хэд нь үндсэн зээл, хэд нь хүүнд төлөгдсөн зэрэг нь тодорхойгүй, тооцоолол гаргаагүй, түүнийгээ баримтаар нотлоогүй, Г.Ган-Эрдэнийн бичсэн дээрх баримтыг үндэслэн 50.000.000 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзлээ.

 

14.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.Бат-Ялаптын зээлүүлсэн 50.000.000 төгрөгнөөс хариуцагч Г.Ган-Эрдэнийн төлсөн 40.375.000 төгрөгийг хасч, үлдэх 9.625.000 төгрөгийг Г.Г*******эс гаргуулж, Ч.Б*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40.375.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Г*******эс 9.625.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40.375.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Г*******эс 168.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б*******ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН