Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 231

 

                                                           

 

 

 

 

 

 

 

Н.Я-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/03135 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Я-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.О-д холбогдох

 

Зээлийн болон компанийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээнүүдийн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, “Комфорт Монгол нэтворк” ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Болормаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Я- 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “ОНЕА” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг байсан. Гэвч талууд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 132 000 000 төгрөгөөр компанийн хувьцааг худалдахаар тохиролцсон. Тухайн үед хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар татвар гээд төвөгтэй байдаг юм гэж итгүүлэн компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд, төлбөрийн асуудал дээрээ зээлийн гэрээ байгуулах санал гаргаж, улмаар бид хоёр 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээг тус тус байгуулсан. “ОНЕА” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зорилготой байсан ч хариуцагч Д.О-ийн ятгалгаар компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийж, хувьцааны төлбөрийг зээлийн гэрээгээр халхавч болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Уг зээлийн гэрээний дагуу хариуцагч тал 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хувьцааны төлбөрийг төлөх ёстой байсан хэдий ч одоо болтол энэ төлбөрийг төлөөгүй. Компанийн хувьцааг өмчлөлдөө шилжүүлэн авч, одоо компанийн эзэмшилд байгаа эрх, тэдгээр эрхийн үндсэн дээр бий болсон эд хөрөнгийг өөрийн дураар захиран зарцуулж байна. Хариуцагч Д.О- нь “ОНЕА” ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа тус компанийн нэрийг “Комфорт Монгол нэтворк” ХХК болгон өөрчилсөн байдаг. Ийм учраас нэхэмжлэгчээс 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээг дүр үзүүлсэн болон халхавчилсан гэсэн үндэслэлээр хүчин хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тус тус тогтоолгож, эдгээр хууль бус гэрээний үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн “Комфорт Монгол нэтворк” ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн гэдгийг тус хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлсэн, мөн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор гэрээ байгуулахыг хориглосон заалтыг зөрчсөн гэсэн утгаар тайлбарласан. Энэ компанийн хувьцааг шилжүүлэх үед нийт 350 000 000 гаруй төгрөгийн хөрөнгөтэй байсан, үүнийг 2014 оны санхүүгийн тайлангаар нотолсон, гэтэл ийм хэмжээний хөрөнгөтэй компанийг нэг ч төгрөг төлөлгүйгээр бэлэглэсэн гэсэн хариуцагчийн тайлбар ямар ч үндэслэлгүй. Тухайн үед “ОНЕА” ХХК нь орон сууцны конторын чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан, компанийн хувьцааг шилжүүлэхдээ 132 000 000 төгрөгийг тооцохдоо үйл ажиллагаа явуулж байсан болон тусгай зөвшөөрлийн үнийг оруулсан.

Талуудын хүсэл зориг нь компанийн хувьцааг худалдах, худалдан авах байтал худалдах, худалдан авах гэрээний агуулга, зорилгод нийцээгүй бэлэглэлийн болон зээлийн гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар үр дагаварыг арилгуулах тухай шаардлагыг хангах ёстой. Ингэснээр нэхэмжлэгчийн компанийн хувьцааг эзэмших хууль ёсны эрх ашиг хамгаалагдана. Гэрчүүдийн тайлбараар хувьцаа шилжүүлж авснаар ямар ч төлбөр төлөгдөөгүй, зээлийн гэрээний дагуу мөнгө төлөгдөөгүй байна, мөнгө зээлдүүлэх зорилго агуулаагүй тул нэхэмжлэгч Н.Я-гаас мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй. Иймд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “Комфорт Монгол нэтворк” ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Н.Я- нь н.Үүрийнцолмон, н.Ариунаа гэх хүмүүсээс 40, 60 хувийн хувьцааг нь тус тус бэлэглэлийн гэрээгээр авч, энэ компанийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг болсон байдаг. Тухайн үед уг компани 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай, татварт х тайлан өгдөг нөхцөл байдалтай байсан. Ингээд талууд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч Д.О- нь энэ компанийн хувьцаа эзэмшигч болсон. Гэвч нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ байгуулах байсан ч татвараас болж бэлэглэлийн гэрээ байгуулсан, тус гэрээнүүд халхавчилсан гэрээ гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч Н.Я-гийн ямар эрх ашиг зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дагаварт хүрэх гэж бус гадаад үр дагаврыг бий болгохыг хүсдэг. Талууд дээрх гэрээг байгуулахдаа гарын үсгээ зурж, нотариатаар батлуулан, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Энэ гэрээний үр дагаврыг талуудын аль аль нь ойлгож байгуулсан. Ямар нэгэн үр дагавар үүсгээгүй гэх нөхцөл байдал байхгүй, маргаж буй компани 2011 онд тусгай зөвшөөрөл авсан байсан боловч 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн цуцлагдах асуудал үүссэн.

Холбогдох зохицуулах зөвлөлөөс хуульд заасан шаардлага хангахгүй байгаа талаар албан ёсны мэдэгдэл өгч, мөн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын үйл ажиллагааны зардлыг нөхөж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх техник эдийн засгийн тооцоо судалгаа байхгүй тул уг шаардлагыг хангаж ажиллахыг анхааруулж байсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, дахин сунгаагүй байсан.

Ингээд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хувьцааг шилжүүлэн авсны дараагаар хариуцагч нь тусгай зөвшөөрлийг хөөцөлдөж, компанийн нэрийг “Комфорт Монгол нэтворк” ХХК болгон өөрчилж, үйл ажиллагаа эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийг шинээр авсан.

Ямар ч үйл ажиллагаагүй явуулдаггүй байсан компанийг шилжүүлэн авч, өнөөдрийн хүртэлх хугацаанд тогтвортой ажиллуулж байна. Гэрч С.Баасанбатын тайлбарласнаар олон орон сууцны хотхонтой гэрээ хийсний үндсэн дээр 997 000 000 төгрөгийн хөрөнгө бий болгосон юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэж нэхэмжлэхдээ хуулиар хориглосон ямар зохицуулалтыг зөрчсөн бэ гэдгийг тодруулаагүй, талууд хүсэл зоригоо илэрхийлэн нотариатаар гэрчлүүлж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээгээр хариуцагчийн өмчлөлд компанийн хувьцааг шилжүүлсэн. Тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан гэрээний үр дагаврыг бий болгоогүй, зөвхөн бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний үр дагаврыг хүссэн.

Нөгөө талаар халхавчлагдсан гэрээ хэлцэл байх ёстой, гэвч халхавчлагдаж хийсэн худалдах, худалдан авах гэрээ байхгүй, өмчийн хэлцэл буюу эрх шилжүүлэх гэрээнээс ангид хийгдсэн хүчин төгөлдөр гэрээг одоо үгүйсгэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.Я-гийн гаргасан хариуцагч Д.О-д холбогдох “ОНЕА” ХХК-ийн эрх шилжүүлэх, бэлэглэлийн гэрээ болон зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, “Комфорт Монгол нэтворк” ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 57 100 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талуудын хооронд “ОНЕА” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болох нэг бүр нь 10 000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг хувьцааг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулж байгаа талуудын хүсэл зоригийн хувьд “бэлэглэгч” нь өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг “бэлэг хүлээн авагч”-ийн өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрснөөр хариу төлбөр шаардах эрхгүй байдаг. Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “бэлэглэлийн гэрээ”-г байгуулах болсон бодит үндэслэлийн талаар талуудын хооронд тухайн зүйлийг бэлэглэх үндэслэл юу байсан гэдгийг тодруулах шаардлага үүсч байна гэж тайлбарлаад зохигчид “ОНЕА” ХХК-ийн хувьцааг хариу төлбөргүйгээр бие биедээ бэлэглэх хэмжээний харилцаатай байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хариу төлбөртэй буюу худалдах гэж тохирсон хувьцааны үнийг зээлийн гэрээгээр төлөхөөр халхавчилсан гэж нотлох баримтын хүрээнд тайлбарласныг хариуцагч нь баримтаар няцаагаагүй бөгөөд талуудыг сайн дурын үндсэн дээр үнэн санаанаасаа хариу төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулсан гэдгээ нотлохгүй байна. Иймд талуудын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой хариу төлбөргүй бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх учир дутагдалтай байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа өөрийн өмчлөлийн “ОНЕА” ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдах хүсэл зорилготой байсан болохыг шүүх зөв тодорхойлсон боловч зохигч нар анхнаасаа л “ОНЕА” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үр дагаврыг бий болгох хүсэл зоригтой байсан тул тэдгээрийг уг хэлцлийн үр дагаврыг хүсэхгүйгээр дүр үзүүлсэн байна гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч Н.Я- болон хариуцагч Д.О- нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний хэлбэрээр “ОНЕА” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах хүсэл зоригтой байсан хэдий ч хэлцлийнхээ хэлбэрийг илэрхийлэхдээ татвар төлөхөөс зугтах байдлаар энэ хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан гэж дүгнэлтүүдийг хийсэн нь хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт болсон төдийгүй хэрэгт авагдсан нотлох баримтад нийцээгүй. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн өмчлөлийн “ОНЕА” ХХК-ийн хувьцаааг худалдах хүсэл зорилготой байсан боловч талууд гэрээний төрлийн хувьд Бэлэглэлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний төрлийн хувьд өөр төрлийн гэрээ байгуулах зорилготой байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “...ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, төрийн эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох гэж байсан компанийн хувьцааг үнэ төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан...” гэж тайлбарласан ба энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэхүү тайлбар нь хариуцагч Д.О-д “ОНЕА” ХХК-ийн хувьцааг худалдан авах хүсэл байгаагүй нь хангалттай нотлогдож байна. Түүнчлэн, анхан шатны шүүх “зохигчид хувьцаа худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргийг үүсгэх зорилгоор хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, үйлдэл эс үйлдэхүйгээр нөгөө талдаа мэдэгдсэнийг хандсан этгээд хүлээн авч, зөвшөөрсөн тохиолдолд уг хэлцэл хуульд зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр байх учиртай” гэсэн дүгнэлтүүдийг хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх зохигч нар анхнаасаа л “ОНЕА” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээний үр дагаврыг бий болгох хүсэл зорилготой байсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэлт зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэнд нийцэхгүй байгаа. Мөн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын 5.1-д “...Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсвэл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ...” гэж тайлбарласан байдаг. Талууд Н.Я-гийн “ОНЕА” ХХК-ийн хувьцааг худалдах хүсэл зоригийн хүрээнд “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулах ёстой атал энэ хүсэл зоригт нийцээгүй “Бэлэглэлийн гэрээ байгуулсан” нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул зохигчдын хооронд байгуулсан “Бэлэглэлийн гэрээ” нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарна. Улмаар зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Н.Я- нь зээлдэгч Д.О-д 132 000 000 төгрөгийг зээлдүүлэх зорилго байгаагүй, тиймээс ч Н.Я- тус гэрээний дагуу 132 000 000 төгрөгийг Д.О-д шилжүүлэн өгөөгүй бөгөөд мөнгийг шилжүүлэхийг шаардаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Түүнчлэн Д.О- нь дээрх зээлийн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, тэрээр уг гэрээгээр төлбөр төлөх ёсгүй гэж маргаж байгаа зэрэг нь тэрээр анхнаасаа зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг эрмэлзэлгүй болох нь харагдаж байна. Энэ үйл баримт нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын 5.2 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно” гэж зааснаар зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах юм. “ОНЕА” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үед 2014 оны санхүүгийн тайланд тусгагдсанаар тус компанийн эргэлтийн хөрөнгө 46 198 633 06 төгрөг, үндсэн хөрөнгө 356 229 200 00 төгрөг, борлуулалтын орлогын дүн 202 089 311 55 төгрөг, эздийн өмч 354 155 177 06 төгрөг тус тус байсан болох нь тогтоогддог. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч Д.О- нь дээрх хэмжээний эд хөрөнгөтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-т тус тус заасан нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компанийн хувьцааг нэг ч төгрөг төлөхгүйгээр өөрийн өмчлөлд авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилгоор хууль зөрчсөн талаар анхан шатны шүүх бодитойгоор үнэлж, дүгнэж чадаагүй. Хариуцагч нь хувьцааг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэхэд татвар их төлдөг гэж Н.Я-г ятгах, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, төрийн эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох гэж байсан компанийн хувьцааг үнэ төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан гэж маргах зэргээр анхнаасаа Н.Я-гийн хувьцааг хариу төлбөр төлөхгүйгээр авах зорилгоор өмчлөлийн компанийн хувьцааг “Бэлэглэлийн гэрээ”-ээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үндэслэлийг шүүх анхаарч үзээгүй. Мөн зохигчид дээр дурдсанаар “ОНЕА” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан боловч тэдгээрийн анхны хүсэл зориг нь хувьцааг худалдах зорилготой байсан хувьцааны төлбөр төлөх үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж, худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгосон гэх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Компанийн хувьцааг нэг этгээдийн өмчлөлөөс, нөгөө этгээдийг өмчлөлд шилжүүлэх хэлцэл хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Энэ шаардлагад нийцүүлэхийн тулд гэрээг бичгийн хэлбэрээр үйлдэх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын гаргасан тайлбараар талуудын хооронд “ОНЕА” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах асуудлаар бичгээр гэрээ үйлдээгүй болох нь тогтоогдсон. Харин “ОНЕА” ХХК-ийн хувьцааг харилцан шилжүүлсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэл зориг өөр, өөр байсан болох нь тэдний тайлбараар нотлогдож байгаа. Гэрээний талууд өмнөх үүргийн хувьд маргаагүй, тухайн үүргийг өөр үүргээр солихыг харилцан хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн тохиолдолд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэх учиртай. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь мөнгө олгох хүсэл зориг байгаагүй, тиймээс ч гэрээний дагуу мөнгийг олгоогүй, зээлдэгч буюу хариуцагч нь тус гэрээний дагуу мөнгө төлөх үүрэггүй гэж маргаж байхад шүүх тэднийг гэрээний үүргээ солихоор тохиролцсон гэж үзсэн нь Иргэний хуулийн дээрх заалтад нийцэхгүй байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зохигч анхны гэрээний үүргээ өөр үүргээр солихыг харилцан хүлээн зөвшөөрч, тохиролцсон гэж үйл баримтыг нотолсон нэг ч баримт байхгүй байхад анхан шатны шүүх анхны хүсэл зориг нь хувьцааг худалдах зорилготой байсан хувьцааны төлбөр төлөх үүргийг зээлийн гэрээний үүргээр сольж, худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгосон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан “ОНЕА” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үед уг компанийн хөрөнгө ямар байсан талаар тодорхой тоон үзүүлэлтээр бичгээр гаргасан гомдолдоо тусгасан байгаа. “ОНЕА” ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байсан гэх тайлбараа хариуцагч баримтаар нотолж чадаагүй, энэ тайлбарыг нотолсон нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Харин Н.Я- нь компанийн хувьцааг шилжүүлэхээс өмнө тус компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагатай холбоотой зөрчил дутагдлын талаар эрх бүхий байгууллагаас тодорхой шаардлагууд тавьсан баримт байгаа боловч тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гарч байгаагүй. “ОНЕА” ХХК-ийн хувьцааг Д.О-д шилжүүлэхээс өмнө буюу 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус компани тусгай зөвшөөрлөө сунгуулахаар Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөлд хандсан бөгөөд тус зөвлөлөөс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “тусгай зөвшөөрлийн өргөдөл материалыг маягтаар ирүүлээгүй” гэх шалтгаанаар буцаасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрээ хийгдэж, хувьцаа 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Д.О-ийн нэр дээр шилжсэний дараа 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөл олгогдсон. Тиймээс тусгай зөвшөөрөл нь хувьцаа шилжсэний дараа олгогдсон боловч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан компанийн хувьцааг хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Я- нь хариуцагч Д.О-д холбогдуулан “ОНЕА” ХХК-ийн эрх шилжүүлэх, бэлэглэлийн гэрээ болон зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, “Комфорт Монгол нэтворк” ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.Я- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Талууд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 132 000 000 төгрөгөөр компанийн хувьцааг худалдахаар тохиролцсон. Компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулах зорилготой байсан боловч хариуцагчийн ятгалгаар бид компанийн эрх шилжүүлэх, бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэх хийж, зээлийн гэрээг халхавч болгон хийсэн нь хууль бус болсон байна. Уг зээлийн гэрээний дагуу мөнгө зээлдүүлэх зорилго байгаагүй, мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тус тус тогтоолгож, компанийн хувьцааг буцаан гаргуулна” /хх 1-2, 3хх 24-27, 33-35/ гэж, хариуцагч Д.О- татгалзаж буй үндэслэлээ “... 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай үйл ажиллагаа нь зогссон компанийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсан. Тусгай зөвшөөрлийг шинээр авсан. Халхавчлагдан хийсэн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байхгүй” гэж тус тус тайлбар гаргажээ. /хх 27-31, 3хх 24-27, 34-36/

Зохигчдын дээрх зөрүүтэй тайлбаруудыг харьцуулан үзэхэд тэдний хооронд ямар эрх зүйн харилцаа үүсэх хүсэл эрмэлзэл байсныг эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх талуудын тайлбарт дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж, зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээний харилцаа үүсч, улмаар зээлийн гэрээний үүргийг халхавчлагдсан хэлцэл болох худалдах, худалдан авах гэрээний үүргийг харилцан тооцох замаар хийгдсэн учраас үүний үр дагаврыг арилгуулах боломжгүй гэсэн агуулгаар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал өөрийн тайлбар, хариуцагч тал татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хуваарилалт, мэтгэлцэх үндэслэл нь тодорхой болж, шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

Иймд дээрх зөрчлийг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/03135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 875 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                                

             ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН