Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Д.Уранчимэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

                         Шүүгдэгч                                   Б.Очирсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Б.Очирсүрэнд холбогдох 201718020124 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Бороогийн №32 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ДЮ:75081032/ Ойрд овогт Батцагааны Очирсүрэн.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолоор:

 

Б.Очирсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Бороогийн №32 тоотод байрлах өөрийн гэртээ бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан С.Шинэбаатарын бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Очирсүрэн мэдүүлэхдээ: ... 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би Шинэбаатар, Алтанцэцэг нартай уул руу самранд яваад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буцаж ирсэн. Тэгээд самраа өгч тооцоогоо хийчихээд гурвуулаа архи хамт уугаад нилээн согтсон байсан. Тэгээд би эхнэртэйгээ мууталцахад Шинэбаатар эхнэр бид хоёрын дундуур ороод надтай маргалдаад миний хоолойг боосон тэгэхээр нь би зүүн хөмсөгийг нь хазчихсан юм. Тухайн үед манай эхнэр бид хоёрыг салгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хэрэг бүртгэлтэнд хохирогч С.Шинэбаатар мэдүүлэхдээ: ... Би 2017 оны өвөл Мандал суманд оршин суух Б.Очирсүрэнтэй хамт уул руу 4 удаа самарт явсан юм. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Очирсүрэнтэй хамт уул руу самарт яваад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр уулнаас ирж бид нар самраа өгчихөөд тооцоо хийчихээд Б.Очирсүрэнгийнд 13 цагийн үед 4-үүлээ очоод хоёр шил архи хувааж уусан. Тэгээд Очирсүрэн согтчихоод эхнэр Чимгээтэйгээ маргалдаад байхаар нь би дундуур орж салгаж байсан. Тэрнээс хойш юу болсноо би их согтсон байсан болохоор санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь хамт самарт явсан найз хүүхэн Алтанцэцэгийн хамт таксинд суучихсан явж байсан. Бид нар архи уугаад Б.Очирсүрэн ах, эхнэртэйгээ маргалдаад байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэгсэн чинь Очирсүрэн ах уурлаад надтай маргаад байсан гэж Алтанцэцэг хэлж байсан. Би тухайн үед их согтсон байсан болохоор тухайн үеийн нөхцөл байдлыг санахгүй байгаа юм гэх мэдүүлэг /ХХ-6 дугаар хуудас/

                  2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №94 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

           1. С.Шинэбаатарын биед тархи доргилт, баруун хөмсөгний гадна хэсэг, зүүн нүдний гадна хэсэгт шарх, зүүн хацар, хамрын нурууны дээд хэсэг, дух, эрүүний баруун хажуу хэсэг, зүүн шанаа, зүүн гарын бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын бугалганд цус хуралт, зүүн нүдний доод хэсэг, духны хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй С.Шинэбаатарын баруун, зүүн хоёр нүд орчим учирсан гэмтэл нь аль аль нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 11 дүгээр хуудас/

      Хэрэг бүртгэлтэнд гэрч Ш.Алтанцэцэг мэдүүлэхдээ: … Би Мандал суманд оршин суух Б.Очирсүрэнтэй хамт уул руу самарт яваад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би найз С.Шинэбаатарын хамт Мандал суманд ирсэн. Тэгээд бид нар самраа өгч тооцоогоо хийчихээд Б.Очирсүрэн, С.Шинэбаатар нар Б.Очирсүрэнгийнд 4-үүлээ 2 шил архи хувааж уусан. Тэгээд Очирсүрэн ах, эхнэртэйгээ маргалдаад агсам тавьсан. Шинэбаатар тэр хоёрыг болиулаад байсан юм. Тэгээд би тэр хооронд таксины зогсоол руу яваад “82-86” УБП гэсэн дугаартай Даваасүрэн гэдэг жолоочийг Улаанбаатар хот орох зардлаар Борнуур сумын салдаг уулзвар хүргүүлэхээр тохироод такси аваад Б.Очирсүрэнгийнд очсон чинь Б.Очирсүрэн, Шинэбаатар хоёр тэдний хашааны хаалган дээр зодолдсон байдалтай хоорондоо зууралдаад Шинэбаатарын баруун хөмсөгнөөс нь цус гараад нүүр нь цус болчихсон, хоёр гарых нь шуу хөх эрээн болчихсон байж байхаар нь таксины жолооч ах бид хоёр тэр хоёрыг салгаад Б.Очирсүрэн ах таксины жолооч хоёр уулзаад байж байх хооронд би Шинэбаатарын гар нүүрийг угаалгаж цусыг нь цэвэрлүүлээд цүнхтэй хувцасыг нь таксины багажинд хийгээд явъя гэсэн чинь таксины жолооч Б.Даваасүрэн наад хүн чинь согтуу байна би авч явахгүй гэхээр нь би эрүүл юм чинь гайгүй ээ, аваад явчихъя гэж гуйгаад аваад явсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/     

      Хэрэг бүртгэлтэнд Б.Очирсүрэн мэдүүлэхдээ: … С.Шинэбаатар надтай хамт өнгөрсөн оноос эхлэн самарт явж эхэлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бид нар уул руу самарт яваад 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ирээд самараа өгч тооцоогоо хийчихээд С.Шинэбаатар бид нар 3-уулаа 4 шил архи хувааж уусан. Тэгээд би эхнэртэйгээ жаахан маргалдсан чинь С.Шинэбаатар эхнэр бид хоёрын дундуур ороод бид хоёрыг салгаад миний хоолойг боосон.Тэгээд би уурлаад С.Шинэбаатартай маргалдаж хоорондоо барьцалдаж аваад С.Шинэбаатарын баруун хөмсгийг нь хазчихсан юм. Тэгээд манай эхнэр бид хоёрыг салгасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20,23 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 26 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Очирсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /24 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.       

Шүүгдэгч Б.Очирсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Бороогийн №32 тоотод байрлах өөрийн гэртээ бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан С.Шинэбаатарын бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            Хэрэг бүртгэлтэнд хохирогч С.Шинэбаатарын мэдүүлэг /ХХ-6 дугаар хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №94 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, Хэрэг бүртгэлтэнд гэрч Ш.Алтанцэцэгийн мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтэнд Б.Очирсүрэнгийн мэдүүлэг /ХХ-ийн 20,23 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Очирсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Бороогийн №32 тоотод байрлах өөрийн гэртээ бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан С.Шинэбаатарын бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэвч шүүгдэгч Б.Очирсүрэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай баримт үйлдэж нотариатаар батлуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул Б.Очирсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Очирсүрэнд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ойрд овогт Батцагааны Очирсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Очирсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Очирсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Энэ хэрэгт Б.Очирсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай. 

            4. Б.Очирсүрэнд өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЭРДЭНЭБАТ.