Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02592

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02592

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух, Э-ын У,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт Э-ын Э нарын хууль ёсны төлөөлөгч Х.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, даатгал ХХК /Регистрийн дугаар: 2094894/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 97.606.241 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.У, Э.Э нарын хууль ёсны төлөөлөгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.У, Э.Э нарын хууль ёсны төлөөлөгч Х.М нь даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 97.606.241 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие У.Э-тай 2014 онд танилцан 2015 оноос хамт амьдарсан бидний дундаас 2016, 2021 онуудад хүү Э.У, Э.Э нар төрсөн билээ. Бид өөрсдийн гэсэн орон байртай болохоор шийдэн нөхөр У.Э- Хаан банк-тай 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр №3Г/202146773927 тоот Зээлийн гэрээг байгуулж 100.000.000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай зээл авсан. Мөн Зээлийн гэрээг байгуулсантай зэрэгцэн " даатгал" ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр "Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал"-ын гэрээг байгуулж даатгалын үнэлгээг зээлийн гэрээний үнийн дүн болох 100.000.000 төгрөгөөр тохирч Даатгалын хураамжаа төлсөн. Зээлийн болон Даатгалын гэрээ байгуулж зээлээ авч орон сууцандаа орсон боловч нөхөр У.Э- 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэнэтийн цочмог өвчний улмаас нас барсан тул нөхрийнхөө амь насны даатгалын нөхөн төлбөрийг авах хүсэлтийг " даатгал" ХХК-д гаргасан боловч "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос " даатгал" ХХК-г даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж мэдэгдсэн. Гэвч " даатгал" ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлээгүй тул даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон тус хүлээнэ" гээд 431.2-д "Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна" гэж заасан. Иргэний хуульд заасны дагуу У.Э- болон " даатгал" ХХК-ны хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн бөгөөд У.Э- нь нас барж Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2.11.1-д чадвараа 70 хувь буюу түүнээс дээш заасан Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн хувиар бүрэн алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох нөхцөл үүссэн байхад даатгагч үндэслэлгүйгээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байгаад гомдолтой байна. У.Э- нь зээлийн болон даатгалын гэрээг байгуулснаас хойш 5 сарын буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нас барсан бөгөөд зээлдэгчийг нас барах үед зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 97.606.241 төгрөг байсан тул уг үнийн дүнгээр даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрх буюу У.Э-ын амь насны даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрх нь У.Э- бид хоёрын дундаас төрсөн хүүхдүүд болох Э.У, Э.Э нарт байгаа тул нэхэмжлэлийг Э.У, Э.Э нарын нэрээр гаргаж, тэдний хууль ёсны төлөөлөгчөөр Х.М миний бие оролцох нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Учир нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д "Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно" гэж заасан бол мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9- д "даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр Өв залгамжлагчид нь шилжүүлэх" гэж тус тус заажээ. Дээр дурдсанаар миний бие У.Э-тай 2014 онд танилцан 2022 онд нас барах хүртэл хамт амьдарч байсан боловч гэрлэлтээ Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1-д зааснаар албан ёсоор батлуулж байгаагүй тул биднийг гэрлэгчид гэж үзэхгүй юм. Өөрөөр миний бие У.Э-тай гэрлэлтээ батлуулаагүй тул түүний хууль ёсны эхнэр буюу өв залгамжлагч гэж үзэх боломжгүй байна. Харин бидний дундаас төрсөн хүүхдүүд болох Э.У, Э.Э нар нь У.Э-ын хууль ёсны залгамжлагчид болох тул У.Э-ын даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй юм. Бидний хүү Э.У 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн одоо 6 настай бол бага хүү Э.Э 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн одоо 1 настай байгаа нь Иргэний хуульд зааснаар иргэний эрх зүйн чадамжгүй иргэд гэж тооцогдох тул тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрсөн эх Х.М миний бие төлөөлнө. Энэ зээл өөрөө 8 хувийн ипотекийн зээл тул хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг баримтлах үүрэгтэй. Уг журмын 2.5-д даатгуулагч нэмэлт эрсдэлийг харилцан тохиролцож даатгаж болно гэж заасан. Мөн журмын 4.4.2-т зээлдэгчид даатгалын эрсдэлийг сонгох боломж олгоно гэж заасан. Мөн урьдчилж танилцуулсан мэдүүлгийн маягтийг бөглүүлэхээр заасан. Гэвч хариуцагч уг үүргээ хэрэгжүүлээгүй болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон. Нэгэнт хариуцагч журамд заасан үүргүүдээ биелүүлээгүй, үндсэн эрсдэл өөрөө хоёр төрөл байхад сонгуулаагүй тул хохирлоор нөхөн төлбөрийг тооцон шаардаж байгаа. Даатгуулагчийн нас барсан өвчин өөрөө гэнэтийн цочмог шинжтэй гэдгийг эмнэлгийн байгууллагаас тодорхойлсон байгаа тул талийгаачийг архи согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн гэж гэнэт ярьж байгаа нь үндэслэлгүй. Нас барсан оношд энэ талаар тусгагдаагүй болно. Иймд " даатгал" ХХК-аас 97.606.241 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд: Даатгуулагч У.Э- манай компанитай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 215107052020100002 дугаартай Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г байгуулсан. Даатгуулагчийн эхнэр Х.М ...манай нөхөр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэнэт хэвлийгээр хүчтэй өвдөн 2-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэсэн оноштой эмийн эмчилгээ хийж байгаад яаралтай хагалгаанд орж улмаар муудсаар 2022 оны 02 дугаар сарын 14- ний өдөр бурхан болсон... гэж нөхөн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний Yндсэн эрсдэлийн хамгаалалтыг Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгах ба, даатгалын гэрээний 1.7 "Гэнэтийн осол гэдэгт дараах зүйлийг ойлгоно. Үүнд: байгалийн эрсдэл, зам тээврийн осол, мал амьтдын нөлөөллийн эрсдэл, гаднын халдлагад өртөх, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол, үйлдвэрлэлийн осол, ахуйн болон бусад эрсдэл (түлэгдэх, айрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох)" гэж тодорхойлсон. Гэтэл даатгуулагчид учирсан хохирлын талаар Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмчлэгч эмч Б.Энхзулын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Эмчилгээний тайлан"-д "даатгуулагч У.Э-ын Үндсэн онош: Нойр булчирхайн цочмог үхжилт үрэвсэл, Дагалдах онош: Чихрийн шижин хэв шинж-2, Ковид-19 халдварын дараах байдал, Хүндрэл: үхжил, үхжилийн шок, уушигны хаван, хоёр талын хавсын шингэн, олон эрхтний дутагдал, хоёрдогч энцефалит, тархины хаван, холимог шалтгаантай кома гэж тогтоосон ба даатгуулагчийн нас барсны гэрчилгээнд К85 буюу "Нойр булчирхайн цочмог үхжилт үрэвсэл" өвчнөөр нас барсан гэж 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүртгэжээ. Иймд даатгалын гэрээний үндсэн эрсдэлийн хамгаалалт болох "... гэнэтийн ослын улмаас нас барах гэж заасан эрсдэлд хамаарахгүй тул мөн гэрээний 3.1.3-т "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасан болон Даатгалын тухай хуулийн 8.5.3 "даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасан үндэслэлүүдээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн дээрх асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 9/1276 тоот Даатгалын нөхөн төлбөрийн тухай" албан бичгээр даатгуулагчаас гаргасан гомдлыг хянан үзээд "... Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг хэрэгжүүлээгүй, мөн даатгагч тухайн иргэнд зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийх эрх олгоогүй гэж үзэх үндэслэлтэй байна." гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай бид хариуг албан бичгээр хүргүүлсэн байдаг. Учир нь, манай компани Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн бүтээгдэхүүний нөхцөлийг шинэчлэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд мэдүүлэг гаргаж бүртгүүлсэн. Тэрхүү гэрээний нөхцөлд Даатгалын үндсэн эрсдэл нь Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах, Даатгалын нэмэлт эрсдэл нь Зүрх гэнэт зогсох, цус харвах гэсэн нөхцөлтэйгөөр мэдүүлж Санхүүгийн зохицуулах хорооноос нөхцөлийг бүртгэж, frc.mn цахим сайтдаа байршуулсан байдаг. Мөн, Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар хавсралтыг бөглүүлээгүй нь даатгуулагчид даатгалын гэрээний үндсэн эрсдэлээс сонголт хийх боломж олгоогүй гэж үзэх үндэслэлгүйг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Манай компани дээрх даатгалын бүтээгдэхүүнийг бүртгүүлэхдээ үндсэн эрсдэлийг дараах нөхцөлөөр мэдүүлж, Санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэж, баталгаажуулсан. Энэ нь, "Даатгалын үндсэн эрсдэл нь: Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах", Даатгалын нэмэлт эрсдэл нь "Зүрх гэнэт зогсох, цус харвах" гэж заасан үндсэн эрсдэлүүдээс сонголт хийх боломжтой байсан ба нэмэлт эрсдэлийг сонгох байсан ч даатгуулагчид учирсан хохирол нь аль ч эрсдэлд хамаарахгүй тохиолдол байсан. Нөгөө талаас даатгуулагчийн даатгалын Үнэлгээ 100,000,000 төгрөг үүнээс даатгалын хураамжийн хувь 0,1 хувь, хураамжийн дүн 100,000 төгрөгийг төлсөн нь "Зүрх гэнэт зогсох, цус харвах" гэсэн нэмэлт эрсдэлээс сонголт хийгээгүй зөвхөн "Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах" гэж заасан эрсдэлд хамаарах хураамж төлсөн байдаг.

Журмын 3 дугаар хавсралтын 3 "Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал тэрсдэл сонгох хэсэгт А.Гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хугацаагаар алдах, Б. Аливаа шалтгааны улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хугацаагаар алдах" гэсэн эрсдэлүүдээс сонгох сонголт байх бөгөөд А-д заасан эрсдэл нь "Ердийн даатгагч"-ийн хамгаалах эрсдэл, Б-д заасан эрсдэл нь "Урт хугацааны даатгагч"-ийн хамгаалах эрсдэл болох нь журмын хавсралтаар тодорхой харагддаг. Ингээд тус журмын 5.2 "Даатгагч нь энэ журмын 5.1-т заасны дагуу Хороонд бүртгүүлсэн ипотекийн даатгалын бүтээгдэхүүний гэрээ, даатгалын хураамжийн хувь хэмжээнд Хорооноос зөвшөөрөлгүй өөрчлөлт оруулахыг хориглоно., мөн журмын 5.4.2 Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх" гэж тус тус заасны дагуу бид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нөхцөлөөс өөр нөхцөлөөр даатгалын гэрээг байгуулах боломжгүй байдаг тул Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нөхцөлөөр Ердийн даатгагчийн хамгаалах боломжтой эрсдэлийн хүрээнд даатгуулагчтай даатгалын гэрээг байгуулсан нь тус журамд нийцсэн байгаа. Бичиг баримтын зөрчилтэй холбоотой буюу маягтыг бөглүүлээгүй асуудал нөхөн төлбөр олгох шууд үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Даатгалын компани зохицуулалттай байгууллага болохын хувьд даатгуулагч нараас төвлөрүүлсэн эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгийг Даатгалын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны багц дүрэм, журам, даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнд үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №3Г/202146773927 тоот Орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмчлэгч эмч Б.Энхзулын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт хуулбараар, Б.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар, У.У, У.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/01341 дүгээр шийдвэр, даатгал ХХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг хуулбараар, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 9/1276 тоот албан бичиг, даатгал ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/12-234 тоот албан бичиг, У.Э-ын нас барсны гэрчилгээ, оршин суух хорооны тодорхойлолт, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 215107052020100002 дугаартай Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ, хураамж төлсөн мемориалын баримт зэргийг ирүүлсэн. /хх 5-20/

Хариуцагчаас нотлох баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хороонд мэдүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Даатгалын бүтээгдэхүүний мэдэгдлийн маягт, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9/4313 тоот албан бичиг, даатгал ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/12-387 тоот албан бичиг зэргийг ирүүлсэн. /хх 24-25, 28-29, 186, 187/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу Улсын хоёрдугаар төв эмнэлгээс ирүүлсэн хариу, түүний хавсралтууд зэргийг бүрдүүлжээ. /хх 53-181/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч Э.У, Э.Э нарын хууль ёсны төлөөлөгч Х.М нь даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 97.606.241 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барсан, нас барсан шалтгаан гэнэтийн шинжтэй өвчлөлд хамаарахыг холбогдох эмнэлгийн байгууллага тогтоосон, мөн хариуцагч байгууллага Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын дагуу мэдүүлгийн маягт бөглүүлээгүй, даатгуулагч үндсэн эрсдэлээс сонголт хийх эрх олгоогүй болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон тул учирсан хохирлоор нөхөн төлбөрийг тооцон нэхэмжилсэн гэж тайлбарласан.

2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Талийгаач нас барсан онош даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй, анх гэрээг байгуулахдаа гэнэтийн ослыг үндсэн эрсдэлд тооцсон, мөн урт хугацааны амь насны даатгалын гэрээ байгуулах эрхгүй, бичиг баримтын зөрчилтэй холбоотой буюу маягтыг бөглүүлээгүй асуудал нөхөн төлбөр олгох шууд үндэслэл болохгүй гэж тайлбарлав. Мөн нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөр шаардсан эсхүл хохирол шаардсан алин болох тодорхойгүй гэж тайлбарлав.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1.У.Э- нь Хаан банк ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ-г байгуулсан, улмаар даатгал ХК, У.Э- нар 2021 оны 9 дүгээр сарын 15ы өдөр харилцан тохиролцож, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалахаар, даатгуулагч хураамжид жилд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож 215107052020100002 тоот зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г байгуулжээ. /хх 19-20, 5-8/

Зохигчид гэрээ байгуулсан, даатгуулагч хураамжийг төлсөн үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан шаардлага хангасан мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

3.2.Даатгуулагч У.Э- 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр К85 оношоор буюу нойр булчирхайн цочмог үхжилт, халдварлагдсан үрэвсэл өвчнөөр нас барсан, дээрх өвчин цочмог өвчний төрөлд хамаардаг талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгээс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тодорхойлсон, энэ талаар зохигчид маргаагүй. /хх 18, 51, 52/

3.3.Нэхэмжлэгч Х.М болон У.Э- нар хамтын амьдралтай байсныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/01341 дүгээр шийдвэрээр тогтоосон, түүнчлэн тэдний дундаас хүү Э.У, Э.Э нар төрсөн, нэхэмжлэгч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох хүү Э.У, Э.Э нарыг итгэмжлэлгүйгээр хуулийн дагуу шууд төлөөлөх эрхтэй этгээд байх тул шаардах эрхтэй болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. /хх 12-13, 14/

3.4.Нэхэмжлэгч нөхөн төлбөр хүссэнийг хариуцагч 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/12-234 тоот албан бичгээр гэрээний 3.1.3-т зааснаар даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр олгохоос татгалзснаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд ханджээ. Улмаар тус байгууллагаас 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 9/1276 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй гэж хариуг мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан. /хх 16, 17/

4.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчид гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн эсэхэд маргасан.

Даатгалын гэрээнд зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буву түүнээс дээш хувиар алдах-ыг эрсдэлд тооцохоор, гэрээний 1.7-д гэнэтийн осолд байгалийн эрсдэл, зам тээврийн осол, гадны халдлагад өртөх, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл эс үйлдэхүйгээс үүссэн осол, үйлдвэрлэлийн осол, ахуйн болон бусад эрсдэл хамаарахаар заажээ.

Даатгуулагч У.Э-ын нас барсан онош нойр булчирхайн цочмог үхжилт, халдварлагдсан үрэвсэл өвчнөөр нас барсан, дээрх өвчин цочмог өвчний төрөлд хамаарах хэдий ч гэнэтийн өвчний төрөлд хамаарахгүй тул гэрээний 3.1.3-т заасан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэх үндэслэлтэй, энэ тухай хариуцагчийн тайлбар зөв.

5.Гэвч дээрх даатгалын гэрээ өөрөө ипотекийн зээлийн хүрээнд хийгдэх болсон, зээлдэгч иргэний амь нас, эрүүл мэндийн даатгал тул хариуцагч байгууллага Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг мөрдлөг болгох үүрэгтэй. /Жич:Санхүүгийн зохицуулах хорооны 210 дугаар тогтоолоор батлагдсан уг журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдэж www.legalinfo.mn сайтад байршсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт гэж үзнэ./

Уг журмын 2.4Даатгуулагч нь ... бусад нэмэлт эрсдэлийг гэрээний үндсэн дээр даатгагчтай харилцан тохиролцож, даатгуулж болно гэж, 4.5Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна. гэж, 5.4.2Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчээс нөхөн төлбөрийг шаардсан нэг үндэслэлээ дээрхи журмын заалтыг хэрэгжүүлээгүй, сонгох эрхийг олгоогүйгээс хохирол учирсан, уг үйл баримтыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоосон тул хохирлоор шаардсан гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан. Хариуцагчаас мэдүүлгийн маягт бөглүүлээгүй явдал даатгагчийн буруу биш зуучлагч банкны буруутай ажиллагаа, түүнчлэн бичиг баримтын зөрчилтэй холбоотой буюу маягтыг бөглүүлээгүй асуудал нөхөн төлбөр олгох шууд үндэслэл болохгүй гэж тайлбарлав.

6.Хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 9/1276 дугаар албан бичигт нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь даатгуулагчтай даатгалын гэрээг байгуулахад Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар хавсралтын дагуу Мэдүүлгийн маягт-ыг бөглүүлж, баталгаажуулсан хуулбарыг ирүүлэхийг мэдэгдсэн боловч хариу албан бичгээр уг маягтыг тус Хороонд ирүүлээгүй бөгөөд энэ талаар аливаа шалтгаан, тайлбарыг дурдаагүй байгаа нь уг журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д Даатгагч, ...нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж заасныг хэрэгжүүлээгүй, мөн даатгагч тухайн иргэнд зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийх эрх олгоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамын 5.4.2-т заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хариуг ирүүлэх-ийг дурджээ.

  Дээрх албан бичгээр хариуцагч холбогдох журмыг хэрэгжүүлээгүй үндсэн эрсдэлээ сонгох эрх олгоогүй буруутай болохыг тухайн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий этгээд тогтоосон тул түүнээс гарах хохирлыг хариуцах үүрэг хүлээнэ.

Иймд шүүх гэрээнээс учирсан хохиролд тооцон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэв.

Шүүх даатгуулагч хураамжаа төлсөн байдал, гэрээний хугацааг 3 жилээр байгуулсан байдал, талийгаачийн нас барсан шалтгаан цочмог өвчний улмаас нас барсан зэрэг байдал, нөгөөтэйгүүр мэргэжлийн оролцогч этгээдийн хувьд холбогдох хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй байдал зэргийг харгалзан үзэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зайлшгүй орох байсан орлого-ыг хохиролд тооцно гэж заасныг харгалзан үзэж нэхэмжилж буй нөхөн төлбөрийн 20 хувиар хохиролд тооцон гаргуулах нь зүйд нийцнэ гэж үзлээ.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 19.521.248 /97.606.241 төгрөг * 20%/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Миг даатгал ХХК-иас 19.521.248 /арван есөн сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун дөчин найман/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.У, Э.Э нарын хууль ёсны төлөөлөгч Х.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78.084.993 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645.981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255.556 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ