Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2022/02790

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2022/02790

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух,  Игийн Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, даатгал ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 2.812.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И.Г нь даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 2.812.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: И.Гийн эзэмшлийн Тоёота Королла маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Х согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа хохирол учруулсан. Б.Хыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/694 дүгээр шийтгэх тогтоол гарсан. " даатгал" ХХК-тай байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн тээврийн хэрэгслийн "Төгс" даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдөл өгөхөд "...бидний хооронд байгуулсан даатгалын гэрээний 9.2.6-д "Даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол гэж, 9.2.8-д Тээврийн хэрэгслийг согтуугаар...жолоодсоноос үүдэн гарсан хохирол гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгсөн. Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргахад "нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй, ... гэрээнд тусгагдсан үндсэн эрсдэлүүдэд хамаарахгүй байна" гэсэн хариу өгсөн. И.Г миний бие тус тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсоноос хохирол гараагүй, бусдын буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ согтуугаар авч явсан гэж татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч өөрөө согтуугаар тээврийн хэрэгслийг бариагүй, харин түүний хүсэл зоригоос гадуур гуравдагч этгээд тээврийн хэрэгслийг авч явснаас хохирол учруулсан. Мөн энэ даатгал өөрөө хөрөнгийн даатгал бөгөөд харин жолоочийн хариуцлагын даатгал биш. Даатгалын гэрээний 4.1-д Зам тээврийн осол өөрөө даатгалын эрсдэлд хамаарахаар заасан. Зам тээврийн тухай хуульд заасан осол гэдэг тодорхойлолтод хамаарна. Гэрээ өөрөө ойлгомжгүй, зам тээврийн ослыг зөвхөн нэхэмжлэгч өөрөө барьж явсан үед тооцно гэсэн үг өгүүлбэ Шийтгэх тогтоолоор олгохоор заасан ч нэг ч төлбөр аваагүй тул даатгалаас шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Нэхэмжилсэн 2.812.000 төгрөгт тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2.200.000 төгрөг, алданги 612.000 төгрөгөөр тооцсон байгаа гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд: И.Г манай компанитай 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан 20060621607 дугаар "гэрээ"-ээр Toyota corolla маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг жилийн хугацаатай даатгуулсан байсан. Даатгуулагчийн даатгагдсан тээврийн хэрэгсэлд хохирол учирсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/694 дугаар шийтгэх тогтоолд Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт "...Ингээд бид нар бүгд согтоод Маагаа ахтай хамт явсан залуу тасраад унасан. Харин Маагаа ах сэрүүн сууж байсан. Тэгэхээр нь би Маагаатай хамт явсан залуугийн машины түлхүүрийг унтаж байсан орон дээрээс нь аваад Мөнхзулын хамт архинд явахаар гарсан. Тэгээд би тэр залуугийн машиныг унаад Мөнхзулын хамт архинд явахаар гарсан. Тэгээд би тэр залуугийн машиныг унаад Мөнхзулын хамт доошоо явж байгаад шонгийн модны доод талын суурь цементийг урд хэсгээрээ мөргөсөн... гэх мэдүүлгийг дурдсан байдаг. Тус тогтоолын тогтоох хэсэгт "Шүүгдэгч Б.Хыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..." гэж тогтоосон байна. Дээрх баримтаас дүгнэхэд Б.Х даатгалын зүйлийг завших зорилгогүйгээр даатгуулагчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас хохирол учруулсан тохиолдол нь 20060621607 дугаар даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй нөхцөл үүссэн. Мөн Б.Х согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ даатгалын зүйлийг жолоодож явсан нь тогтоогдож шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Иймд талуудын хооронд байгуулсан 20060621607 тоот даатгалын гэрээний 9 дүгээр зүйл "Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл" хэсгийн 9.2.6-д "Даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол" гэж, 9.2.8-д "Тээврийн хэрэгслийг согтуугаар... жолоодсоноос үүдэн гарсан хохирол" гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т "даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нөхөн төлбөрийн маргааныг Санхүүгийн зохицуулах хорооноос хянан үзэж 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/3425 тоот албан бичгээр .....гэрээнд тусгагдсан үндсэн эрсдэлүүдэд хамаарахгүй байна..." гэж тус тус шийдвэрлэсэн. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг талууд тохиролцож байгуулсан тул гэрээ ойлгомжгүй асуудал байхгүй. Өөр этгээд зөвшөөрөлгүй авч явсан байгаа нь шийтгэх тогтоолд тусгагдсан тул гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрсдэлд хамаарахгүй байна. Зам тээврийн осол биш байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч өөрөө жолоо барьж яваагүй тул зам тээврийн осолд хамаарахгүй. Мөн шийтгэх тогтоолд танхайн сэдэлттэй гэж тусгагдаагүй харин завших зорилгогүйгээр авч явсан гэж дурдсан тул гэрээний 4.16-д заасан танхайн сэдэлттэй үйлдлээс учирсан хохирол биш байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/3425 тоот албан бичиг, гэрээ, " даатгал" ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/12-346 тоот албан бичиг, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/694 дүгээр шийтгэх тогтоол хуулбараар, Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хариу мэдэгдэх хуудас зэргийг ирүүлжээ. /хх 4-7, 15-17, 42/

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх 11, 41/

Шүүхийн журмаар бүрдүүлсэн: нэхэмжлэгч талын хүсэлтээр эрүүгийн хэргийн тусгай архиваас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3357 дугаар албан бичиг, түүний хавсралтаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/694 дүгээр шийтгэх тогтоол, яллагдагч Б.Хын мэдүүлэг, гэрч Б.Х, А.Мөнхзулын мэдүүлэг, Хас мөнх ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан зэргийг бүрдүүлжээ. /хх 22-36/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч И.Г нь даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 2.812.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: тээврийн хэрэгсэлд хохирол учирсан тул даатгалын нөхөн төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

2.Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж тайлбарлав.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1. даатгал ХХК, И.Г нар 2020 оны 4 дүгээр сарын 22ы өдөр харилцан тохиролцож, 2021 оны 4 дүгээр сарын 21ий өдөр хүртэлх хугацаагаар Тоёота королла маркийн 83-55 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээнд заасан эрсдэлээс хамгаалахаар, даатгагч нь хураамжид 200.000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээг байгуулжээ. /хх 5/

Зохигчид гэрээ байгуулсан, даатгуулагч хураамж төлсөн үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь шаардлага хангасан, мөн зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

3.2.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/694 дүгээр шийтгэх тогтоолд: Б.Х нь 2020 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн орчим И.Гийн эзэмшлийн 83-55 УНК улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ. Мөн Б.Хоос хохиролд 2.812.000 төгрөг гаргуулж И.Гт олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 22-25/

3.3.Нэхэмжлэгч нөхөн төлбөр хүссэнийг хариуцагч 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/12-346 тоот албан бичгээр гэрээний 9.2.6-т зааснаар даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол, мөн 9.2.8-т заасан тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсоноос үүдэн гарсан хохирол үндэслэлээр олгохоос татгалзснаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд ханджээ. Улмаар тус байгууллагаас 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/3425 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй тухай хариуг мэдэгдсэн байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан. /хх 4, 6/

4.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчид гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн эсэхэд маргасан.

4.1.Талуудын хоорондох гэрээний 4 дүгээр зүйлд даатгалын 18 эрсдэлүүдийг нэрлэн зааснаас 4.1-д зам тээврийн осол гэж, 4.16-д танхай, хулгайн сэдэлттэй үйлдлээс үүссэн эрсдэл /дээрх үйлдлээс үүдэлтэй тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтэл зэргийг тооцохоор, харин гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлүүдийг зааснаас 9.2.8-д тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсноос үүдэн гарсан хохирол, 9.2.6-д даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол хамаарахгүй байхаар тус тус заажээ.

Хэрэгт баримтаар авагдсан шийтгэх тогтоол, Б.Хын мэдүүлэг зэргээс үзвэл даатгалын зүйл болсон нэхэмжлэгч И.Гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүйгээр согтуугаар унаж яваад тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Гэрээний нэршил өөрөө тээврийн хэрэгслийн төгс даатгал нэртэй, гэрээний 4-т заасан даатгалын эрсдэлүүд дотор 16-д танхай, хулгайн сэдэлтэй үйлдлээс үүссэн эрсдэл: дээрх үйлдлээс үүдэлтэй тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл эрсдэлд хамаарахаар заасан, маргааны энэ тохиолдолд танхайн сэдэлтэй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур идэвхтэй үйлдлээр гуравдагч этгээдийн зүгээс замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь гэрээнд заасан энэ эрсдэлд хамаарч байна гэж үзэв.

4.2.Хариуцагчийн зүгээс гэрээний энэ заалтыг зөвхөн Эрүүгийн хуульд нэрлэн заасан танхайн гэмт хэрэг, хулгайн гэмт хэрэг болохыг тогтоосон тохиолдол хамаарна, энэ тохиолдолд танхайн сэдэлтэй үйлдэл гэдгийг эрх бүхий байгууллага тогтоогоогүй, шийтгэх тогтоолд завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явах гэж үзсэн гэж тайлбарлаж байна.

Шүүх гэрээний дээрх агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан гэрээг тайлбарлах аргын дагуу тайлбарлавал хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй гэж үзэв. Учир нь гэрээний дээрх заалтад танхай, хулгайн сэдэлтэй үйлдлээс үүссэн хохирол гэж заасан байхад хариуцагч зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан танхайн гэмт хэрэг, хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хамаарна гэж явцууруулан тайлбарлаж байгаа нь нийцэхгүй байна. Хэргийн баримтаар дээр дурдснаар нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур гуравдагч этгээдийн идэвхтэй үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан нь тогтоогдсон тул маргааны энэ тохиолдолд танхайн сэдэлтэй үйлдлээс учирсан хохирол гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй.

4.3.Мөн хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлд гэрээний 9.2.8-д заасан согтуугаар жолоодсон үндэслэлийг хамаатуулсан, хэргийн баримтаар тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Х согтуу байсан нь тогтоогдсон. Гуравдагч этгээд согтуу байсан явдал И.Г болон МИГ даатгал ХХК-ийн нарын хоорондох даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болохгүй.

5.Нэхэмжлэгч даатгалын гэрээний зүйлд учирсан хохирол 2.200.000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 612.000 төгрөг, нийт 2.812.000 төгрөг гаргуулахаар шаардсан гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан.

5.1.Хэрэгт баримтаар эрүүгийн хэргийн явцад тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 2.200.000 төгрөгөөр үнэлсэн Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан авагдсан, уг үнэлгээнд хариуцагч маргаагүй. Иймд нөхөн төлбөрт 2.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

5.2.талуудын хоорондох гэрээний 7.2.12-т Даатгалын гэрээний 9.1.1-9.1.15-д зааснаас /гэрээнд 9.1.1-9.1.15 гэсэн заалт байхгүй, үүнийг 9.2.1-9.2.15 заалтыг техникийн алдаатай бичигдсэн гэдэгт зохигчид хуралдаанд маргаагүй болно/ бусад тохиолдолд гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хүртэлх хувиар алданги тооцно гэж заасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын тохиролцоог бичгээр хийх шаардлагад нийцсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Гэвч хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ гэрээний 9.2-т заасныг баримталсан, гэрээнд 9.2-т зааснаас бусад нөхцлөөр олгохоос татгалзсан тохиолдолд алданги шаардах урьдач нөхцөл тусгагдсан тул шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоор: Б.Хоос хохиролд 2.812.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний дотор тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний дагуух 2.200.000 төгрөг багтжээ. Энэ шийтгэх тогтоолын дагуу төлбөрийг Б.Хоос 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар төлж барагдуулаагүй байгаа болохыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тодорхойлсон байна. /хх 42/

Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу хохирлыг даатгалын компаниас шаардах эрхтэй, шийтгэх тогтоолд хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн боловч биелэгдээгүй тул өөрийн шаардах эрхийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу шилжүүлэх боломжтой гэж тайлбарлаж байна. Улмаар энэ үндэслэлээр шаардаж байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан даатгалын гэрээ өөрөө аливаа эрсдэлийг урьдчилж даатгах, эрсдэл учирсан тохиолдолд төлбөрийг гаргуулах агуулгатай тул хэдийгээр хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хохирлыг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэдий ч өрсөлдөх хэм хэмжээний хувьд нэхэмжлэгч даатгалын компаниас гэрээний дагуу шаардах эрхийг хязгаарлах боломжгүй. Иймд шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу шийтгэх тогтоолд дурдсан хохирлын шаардах эрхийг хариуцагч нөхөн төлбөрийг төлснөр шилжүүлж авах эрхтэй.

7.Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 2.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 612.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Миг даатгал ХХК-иас нөхөн төлбөрт 2.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Гт олгож, нэхэмжлэлээс үлдэх 612.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59.942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 50.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛА/ГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ