Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Шүүгдэгч Ц.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Оюунцэцэгт холбогдох эрүүгийн 201605000341 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, ял шийтгэл үгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, Борлууд овогт Цэндийн Оюунцэцэг / ТГ83092600/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Оюунцэцэг нь хохирогч А.Номин, хохирогч Д.Оюунсүрэн нарт өөрийгөө Энэрэл гэх нэрээр танилцуулан Баянхонгор аймгийн Алтан-Ус гэх газарт алтны компанид нягтлан бодогч ажилтай, тэнд байгаа хүмүүсийг хариуцаж ажилладаг би танай дүү А.Төгөлдөрийг Хууль сахиулах Их сургуульд оруулж өгнө, манай эгч Ариунаа нь Хууль сахиулах Их сургуулийн эрхлэгч ажилтай гэж хуурч мэхлэн, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хохирогч А.Номингийн ээж Д.Оюунсүрэнгээс 2270000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан, мөн хохирогч А.Номингоос 2016 оны 09 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 180000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авах, зөөврийн компьютерыг тайлан бичнэ гэж хуурч мэхлэн авах замаар хохирогч А.Номинд 330000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Оюунсүрэнд 2270000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Мөн хохирогч Э.Цэрэнхандад өөрийгөө Энэрэл гэх нэрээр танилцуулан “Манай найз машин зардаг хар, цагаан өнгийн хоёр ширхэг prius 20 маркийн машин үлдсэн байгаа, би өөрийнхөө авах гэж байгаа хар өнгийн машиныг нь танд заръя, дээрээс нь өвлийн шинэ дөрвөн дугуй өгнө, машины нийт үнэ 7500000 төгрөг бөгөөд та нар урьдчилгаа 20 хувь болох 1500000 төгрөгийг өгчих гэж хуурч мэхлэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч А.Номингийн дансаар дамжуулан 1500000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Хохирогч Г.Одмаад өөрийгөө Баянхонгор аймгийн Алтан-Ус гэх газарт алтны компанид мэргэжилтэн ажилтай Энэрэл гэж танилцуулан “манай нэг ажилчны ээжийнх нь бие муудаад зардлын мөнгө болох 80000 төгрөг хэрэгтэй байна, түр зээлээч” гэж хуурч мэхлэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 80000 төгрөг болон пек гэх гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг, мөн 2016 оны 09 дүгээр сард “би Ховд руу өмсөж явчихаад эргээд өгье гэж” хуурч мэхлэн хавар намрын куртикийг залилан мэхлэн авч 200000 төгрөгийн хохирол учруулсан.

Мөн Нэгдэлчин зочид буудлын ажилчдад өөрийгөө Оюунтөгс гэх нэрээр танилцуулан Ховд аймгийн Хаан банкны эдийн засагч ажилтай, Баянхонгор аймагт Хаан банкнаас зохион байгуулж буй сургалтанд хамрагдахаар ирсэн, буудлын төлбөрийг байгууллагаас төлнө гэж хуурч мэхлэн, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдэлчин зочид буудалд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 18 хоног байрласны төлбөрийг төлөлгүйгээр хохирогч Х.Өлзиймаад 690000 төгрөгийг хохирол учруулан, давтан үйлдлээр бусдыг залилан мэхлэж бусдад 4990000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ц.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

...Би Д.Оюунсүрэнгийн үйлдэлдээ гэмшиж байгаа, Г.Одмаагийн хувьд надад гоо сайханы бүтээгдэхүүнээ бэлэглэчихээд худлаа ярьсан байсан. Мөрдөн байцаагч Анхбаяр, Баттөмөр нар хэт нэг талыг барьж байцаалт авч, намайг дарамталж гарын үсэг зуруулсан. Э.Цэрэнхандын нөхөр Галбадрахтай би найзыгаа яриулж, өөрсдөө хоорондоо тохиролцсон байсан. Дараа нь Э.Цэрэнханд нь А.Номин руу ярьж машин авахаа болилоо, 2011 онд үйлдвэрлэгдсэн машин чинь Хятад улсад үйлдвэрлэгдсэн машин байна гэхэд нь манай найз 2011 онд Хятад улс приус үйлдвэрлээгүй гэж хэлж байсан. Алтанцэцэг гэдэг эгчид би өөрийгөө Оюунцэцэг гэж танилцуулсан. Хажууд нь согтуу хүмүүс зодоон хийгээд дараа нь чамаас регистрийн дугаарыг чинь авъя гэж хэлж байсан. Нэгдэлчин зочид буудлын эзэн нь настай хүн байсан гэв.

Шүүгдэгч Ц.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Баянхонгор зочид буудалд ганцаараа 10 хоног байрлаж байхдаа А.Номин гэх эмэгтэйтэй буудлын ресторанд танилцсан. Номин нь буудлын ресторанд зөөгч ажилтай, би өөрийгөө Энэрэл гэж танилцуулсан. А.Номин надад "манай дүү ахлагчийн сургуульд орох гэсэн чинь хараагаараа тэнцээгүй, танд таньдаг хүн байна уу" гэхээр нь "би хүнээс асууж өгъе" гэсэн ...Дүүг чинь оруулж болох юм шиг байна гэж төлбөрийн мөнгө 1600000 төгрөг, хувцасны мөнгө 270000 төгрөг, цаанаа яриулж байгаа хүнд 400000 төгрөг, даатгалын мөнгө гэж 180000 төгрөг нийт 2450000 төгрөгийг авсан. Дээрх мөнгөний эхний 400000 төгрөгийг би бэлнээр нь авсан. Дараа нь Одмаа гэх найзынхаа дансаар 270000 төгрөг, А.Номингийн ээжээс бэлнээр үлдсэн мөнгийг авсан. Тэр мөнгийг би автобусанд явж байгаад алдчихсан. Мөн А.Номингийн нөүтбүүкийг Нэгдэлчин зочид буудалд байрласан мөнгийг өгөөгүй байсан тэрний барьцаанд үлдээсэн байгаа...

... А.Номингийн ээж нь хамт ажилладаг Ариунаагийн охин Э.Цэрэнхандад машин оруулж ирдэг таньдаг хүн байдаг гэж ярьсан байсан. Э.Цэрэнханд надтай ирж уулзсан ба машин авах талаар ярьсан. "надад таньдаг хүн байгаа, машины урьдчилгаа 20 хувийг өгдөг" гэхэд А.Номингийн данс руу 1500000 хийсэн байсан. ...Гэтэл Цэрэнханд эгч машин авахаа больсон гэхээр нь 1300000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо Цэрэнхандад 200000 төгрөг өгөх дутуу байгаа...

... 2016 оны 10 дугаар сарын 20-ны орчимд Баянхонгор аймгийн Нэгдэлчин зочид буудалд байрласан. Тухайн үед орон нутгийн сонгууль болж байсан. Анх буудалд байрлахдаа "санхүүгийн сургалтанд суухаар ирсэн, араас мөнгө орж ирнэ" гэж хэлээд байрласан. Би өдрийн 40.000 өрөөнд байрласан ба өөрөөсөө буудалд 300.000 орчим төгрөг өгсөн ба сүүлийн 15 хоногийн мөнгийг өгч чадаагүй байгаа. Мөнгөний оронд А.Номингийн нөүтбүүкийг тавьсан. Ариунаа эгчийн танил нь Хууль сахиулахын их сургуульд багшилдаг байсан гэсэн. Миний эгч бол ажилладаггүй. Би банканд ажилладаггүй, сургалтанд суугаагүй. Би машин зарж байгаад больсон. Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө зарж байсан. Зарим мөнгийг гээсэн. Буудалд байрлаж байхдаа өөр бусад зүйлүүдэд зарцуулсан байгаа...

...би Баянхонгор зочид буудалд байрлаж тус буудлын ресторанд зөөгч ажилтай А.Номин гэх эмэгтэйтэй танилцсан ба 1 сар орчим байсан. ...А.Номин намайг хоол идэж байхад ирээд танд сургуульд таньдаг хүн байна уу, манай дүү ахлагчийн сургуульд орох гэхэд нүдний хараагаар тэнцээгүй юм гэж байсан.

 ... А.Номин надад бэлнээр 400000 төгрөгийг зочид буудалд байрлаж байхад өгсөн. А.Номингийн ээж нь Ариунаа гэх хүнтэй яриад 800000 төгрөгийг бэлнээр нь өгөхөөр нь би хот руу авч явж байгаад замдаа автобусанд гээсэн. Би Улаанбаатар хотруу 2016 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна том оврын автобусаар явсан. Би гэртээ очсон. Би гэрийнхэндээ хөдөө найзындаа байж байгаад ирлээ гэж хэлсэн. ..А.Номингийн ээжтэй яриад тохирсон юм. Би тухайн үед 98981600 гэсэн дугаартай байсан. Одоо би 95118607 гэсэн дугаартай байгаа, 95118607 дугаарыг 1 сарын өмнөөс барьж эхэлсэн. Би өөрийгөө нэрийг өөрчилж Энэрэл гэж анх танилцуулсан. Би анхнаасаа нэрээ худлаа хэлсэн учраас санаа зовоод өөрийн жинхэнэ нэрээ хэлж чадаагүй. Анх Нэгдэлчин зочид буудалд 205 тоот өрөөнд ороод зурагт нь гарахгүй болохоор 204-т ороод 1 хоносон, тухайн үед өдрийн 40000 төгрөг гээд 80000 төгрөгийн тооцоо хийсэн. 2 дахь удаагаа уурхайгаас ирэхдээ би мөн өөрийнхөө нэрийг хэлээд 204 тоот өрөөнд дахин ороод 14 хоносон. Энэ хугацааны мөнгөө төлөөгүй. Би Нэгдэлчин зочид буудалд байхдаа би санхүүгийн сургалтанд сууж байгаа гэж худал хэлсэн. Би зүгээр л худал ярьчихсан. Надаас мөнгө нэхэж байгаагүй. Би А.Номингийн нөүтбүүкийг эгчдээ өгч байгаач юм бичээдэхье гэж хэлээд авсан. Тэгээд буудлаас гарахдаа А.Номингийн нөүтбүүкийг буудлын 690000 төгрөгийн тооцооны барьцаанд үлдээсэн. Хүнд өгөх мөнгө гэж 400000 төгрөг, 800000 төгрөгийг тус тус бэлнээр, 270000 төгрөгийг Одмаа гэх хүний дансаар А.Номингоос орж ирсэн. Дараа нь дахин 800000 төгрөгийг нийлээд нийт 2270000 төгрөг авсан. Намайг А.Номингийнд амьдарч байхад Э.Цэрэнханд гэх эгч нөхөр хүүхдийн хамт ирсэн. Би өмнө нь А.Номингийнд байхдаа манай машин зардаг найз байдаг гэж ярьж байсан. Э.Цэрэнханд би машин авах гэж байгаа гэхээр нь машин зардаг хүн байгаа урьдчилгаа 20 хувийг нь өгөх ёстой гэсэн. Би А.Номингийн дансыг Э.Цэрэнхандад өгсөн ба тэр данс руу 2-3 цагийн дараа шилжүүлсэн байсан. Мөнгө шилжүүлсэн талаар Номинд хэлсэн байсан. Мөнгийг нь А.Номин бид хоёр баруун бүсийн АТМ /бэлэн мөнгөний машинаас/ очиж авсан. Шилжүүлсний дараа болилоо гээд мөнгөө авмаар байна гэхээр нь маргааш нь 1000000 төгрөгийг өгсөн. Э.Цэрэнхандад дараа 200000 төгрөгийг , дараа нь дахин 100000 төгрөгийг өгсөн. Одоо Цэрэнхандад 200000 төгрөгийн өр байгаа. ...Би хувьдаа өөртөө авах зорилгоор авч байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн143-146 /

... Одмаа бол уг нь надад гоо сайханы бүтээгдэхүүнийг бэлгэнд өгч байгаа юм гээд өгсөн. Куртик нь одоо болтол надад байгаа, мөнгийг бол зээлж авсан. 80000 төгрөгийг манай найз надаас мөнгө сурахаар нь би хүнээс асуугаад эргээд ярья гэж хэлээд Одмаагаас асуутал ирээд ав гэхээр нь би очиж мөнгийг бэлнээр нь авсан. Би Нэгдэлчин зочид буудалд орохдоо Алтай гэх ресепшинд өөрийнхөө нэрийг Оюунцэцэг гэж хэлээд орсон. Эхлээд 205 тоот өрөөнд ортол зурагт нь гарахгүй байсан тул 204 тоот өрөөнд шилжиж орсон. Би 96717073 гэсэн дугаарыг би Улаанбаатар хотод байдаг Амгалан гэх найзаасаа авч байсан. Одоогоос бараг 2 сарын өмнө 96707173 дугаарыг Ску гэсэн утастай Баянхонгор аймагт хаячихсан байсан. 96717073 дугаарлуу би Ариунаа гэсэн нэрээр 3 удаа л ярьсан. Би Оюунсүрэнд 96717073 дугаараас Ариунаа гэж танилцуулан ярихдаа Хууль сахиулах сургуульд эрхлэгч ажилтай гэж танилцуулсан. Хууль сахиулах сургуульд эрхлэгч хийдэг хүнийг би танихгүй. Э.Цэрэнхандаас мөнгө авахад А.Номин миний дансаар хийлгээд авчих гэж байсан. Надад иргэний үнэмлэх байгаагүй учир би өөрийнхөө дансаар мөнгө авч чадаагүй. Би Нэгдэлчин зочид буудалд 14 хоногийн төлбөр төлөөгүй 200000 төгрөгийг төлбөрт өгсөн ба өдөр өдөртөө өгсөн байгаа. Хоногийн 40000 төгрөгийн өрөөнд байрлаж байсан. Би 2016 оны 10 дугаар сарын сүүлээр байрлаж, 2016 оны 11 дүгээр сарын эхээр буудлаас гарсан. ...Ариунаа гэж хүн байхгүй, би ярьж байсан юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 151-153 /

Хохирогч А.Номингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Би Баянхонгор зочид буудлын ресторанд зөөгчийн ажилтай байсан. 2016 оны 08 дугаар сарын эхээр яг өдрийг нь одоо санахгүй байна манай буудалд байрлаж байгаа гэх нэг эмэгтэй манай ресторанд хоол иддэг байсан. Тэр эгч өөрийгөө Энэрэл гэж танилцуулсан. Манай буудалд мөн Энэрэл гэж танилцсан байсан. Би ээжтэй утсар ярихад дүү Батлан хамгаалахын их сургуульд шалгалт өгөөд хараагаараа тэнцээгүй байсан тухай ээж надад хэлж байсан. Тэгж байхад Энэрэл хоол идээд ойрхон ширээн дээр сууж байсан. Би нөгөө ээлжийн охинтой “манай дүү хараагаараа сургуульд тэнцээгүй байна, чамд таньж мэддэг хүн байна уу” гээд ярьж байтал Энэрэл хоолны тооцоогоо хийх гээд босч ирээд надад “чи дүүгээ хууль сахиулахын их сургуульд оруулахгүй юм уу, надад таньдаг хүн байгаа, би саяхан ажлынхаа газрын ахын хүүхдийг уг сургуульд оруулсан, манай эгч Ариунаа гэх хүн эрхлэгч хийдэг ажилтай хүн байгаа” гэж ярихаар нь би ээж рүү залгаад “манай буудалд байрлаж байгаа эгчийн эгч нь хууль сахиулах их сургуульд эрхлэгч хийдэг ажилтай хүн байгаа ярьж өгч болно гэнэ, уг сургуульд оруулах юм уу” гэж ярьсан. Энэрэл эгч надад чи дүүгийнхээ овог нэрийг, ямар хичээлээр улсын шалгалт өгсөн, ямар шалтгааны улмаас орж чадаагүй тэр талаар нь бичээд өгчих, би эгчээсээ яриад асуугаадахъя гэж хэлээд надаар дээрх зүйлүүдийг бичүүлж авсан. Миний хажууд Ариунаа гэх нөгөө ярьж байсан эгчтэйгээ яриагүй. Тэр өдөр надтай дээрх зүйлүүдийг яриад салаад эргээд удаагүй надтай уулзаад ярьлаа, Ариунаа эгч нөхөр, хоёр ихэр хүүхдийнхээ хамт амраад аялаад явж байгаа юм байна, дүүг чинь оруулж болох юм шиг байна, ээжийгээ энэ утсаар Ариунаа эгчтэй холбогдоод яриад учир байдлаа хэлчих гээд 96717073 гэсэн дугаарын утасны дугаар өгсөн. Ариунаа эгчийн утас хааяа холбогдохгүй байж магадгүй, ойрхон ойрхон залгаад байгаарай гэж ярьсан. Тэр өдрийнхөө орой ээж 96717073 гэсэн дугаар руу залгаж Ариунаа гэж танилцуулсан хүнтэй ярьсан гэсэн. Төлбөр нь 1 жилийн 1800000 төгрөг байдаг, хувцасны 270.000 төгрөг, оруулж өгч байгаа гээд 400000 төгрөг өгчих гэсэн байсан. Энэрэл эхлээд хэлэхдээ Баянхонгор аймагт Алтан-Ус гэх газарт алтны компанид нягтлан бодогч ажилтай, тэнд байгаа хүмүүсийг хариуцаж ажилладаг гэж хэлж байсан. Энэрэл хэлэхдээ Ариунаагийн хоёр ихэр хүүхдийн нэг нь сульдаатай, тархиндаа харвалт өгсөн, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд эмнэлэгт хэвтсэн гэж хэлээд 400000 төгрөгийг Ариунаа дансаар шилжүүлчих гэхээр нь би ажил дээрээ байхдаа 2016 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна 400000 төгрөгийг бэлнээр Энэрэлд тоолж өгсөн. Тэгээд ээж хөдөө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас Энэрэл рүү 800000 төгрөгийг шилжүүлж би дүү Төгөлдөрийн бичиг баримтыг өгч Энэрэлээр явуулсан. Энэрэл Улаанбаатар хот руу явлаа гээд 4-5 хоногийн дараа эргэж ирсэн мөнгө бичиг баримтыг чинь Ариунаа эгчид өгчихсөн. Түүний дараа ээж 500000 төгрөгийг Ариунаа гэх хүний өгсөн данс руу шилжүүлсэн ба нийт 1700000 төгрөгийг өгсөн. Түүний дараа хувцасны мөнгө гэж 270000 төгрөгийг хууль сахиулах их сургуулийн нягтлан Одмаа гэх хүний данс руу шилжүүлсэн. Ариунаа нь манай ээжтэй утсаар яриад манай хүүхэд хагалгаанд орох гээд байна, 300000 төгрөгийг түр зээлээч, би удахгүй цалингийн зээл авна, эсхүл хүүхдийн чинь сургуулийн төлбөрийн үгдэгдэлд нь хийе гэсэн байсан. Тэгээд ээж 300000 төгрөгийг мөн Ариунаагийн өгсөн дансаар шилжүүлсэн байсан. Ингээд нийт 2270000 төгрөгийг өгсөн.

 09 дүгээр сард манайд Энэрэл байхад нөхөр бид хоёр машин авмаар байна, хоёулаа зээл аваад авчих уу гэж ярьж байсан. Тэр тухай Энэрэл сонссон ба “та хоёр машин авах гэж байгаа юм бол манай нэг найз 1000 машин зардаг газарт машин зардаг, нэрийг нь Очироо гэдэг, Японоос өөрөө явж машин ачиж оруулж ирдэг, тэндээс машин авчихгүй юу” гэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр машины төлбөрийг нэг сард 130000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж авч болно гэж Энэрэл хэлсэн ба Очироогийн найзууд нь цагдаад ажилладаг, гэрчилгээ улсын дугаар өгдөг, гэрчилгээний мөнгө гэж 40000 төгрөг, мөн 80000 төгрөгийг ажилчдын хоол хүнс авах мөнгө гэж зээлсэн байсан. Тэрнээс 3-4 хоногийн дараа улсын дугаарын мөнгө, даатгалын мөнгө 60000 төгрөгийг шилжүүлчих гэж надад Энэрэл хэлээд Болорцэцэг гэх хүний дансны дугаарыг өгч би уг данс руу 60000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын эхээр Энэрэл тайлан тооцоо гаргах гэсэн чинь өөрийнхөө нөүтбүүкийг шатаачихсан, чи өөрийнхөө нөүтбүүкийг хэрэглүүлээч гэхээр өгсөн. Одоо болтол эргэж нөүтбүүкийг авч чадаагүй байгаа.

Манай ээж байнга ярьж байсан, миний хажууд бол Ариунаа гэх хүнтэй ярьж байсан. Энэрэл тэр үед байдаггүй байсан. Энэрэлийн хажууд нөгөө Ариунаа гэх хуний 96717073 гэсэн утас руу залгахаар холбогдох боломжгүй байдаг байсан. Э. Цэрэнхандын ээж манайд нэг өдөр ирж Энэрэлтэй танилцаж машин тэрэг авах гэж байгаа гээд үнэ хөлсийг нь асууж байсан.Энэрэл бид хоёр хамт явж байсан ба зах дээр Цэрэнханд болон түүний нөхөр, ээжтэй нь уулзсан. Энэрэл “би найзаараа дамжуулан рrius-20 авч байгаа хар өнгөтэй, 7500000 төгрөг, та яахав тэрийг ав, урьдчилгаа 20 хувь болох 1500000 төгрөгийг шилжүүлчих, миний данс болохгүй байгаа А.Номингийн данс руу шилжүүлчих гэж хэлээд миний дансыг өгсөн. Тэр дороо 1500000 төгрөг миний дансанд орж ирсэн ба Энэрэл бид хоёр баруун бүсийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 1500000 төгрөгийг авсан. Энэрэл 1000000 төгрөгийг машин авч байгаа хүн рүү шилжүүлнэ гээд цааш нь цүнх рүүгээ хийсэн. Мөн хүнээс зээлсэн гээд 200000 төгрөгийг АТМ-ээс шилжүүлсэн. Би гомдолтой байна. Манай гэр бүл Энэрэл гэх эмэгтэйд дүүг сургуульд оруулна гэж 2270000 төгрөг, манайх машин авах гэж байсан бичиг баримтын мөнгө гэж авсан 180000 төгрөг, нөүтбүүк гэсэн бэлэн мөнгө болон эд материалын хохирол учруулсан..., Миний зөөврийн компьютер, авсан мөнгөнүүдийг эргүүлж өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 53-58, 59-60 /

Хохирогч Г.Одмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчимд Баянхонгор зочид буудлын урдуур явж байтал миний араас нэг эмэгтэй дуудах шиг болохоор нь эргээд хартал танихгүй эмэгтэй хүн байсан. Уг эмэгтэй танай аймагт Баянхонгор зочид буудлаас өөр буудал байдаг уу, хоёр гурав хоночихоод байхад захиалгатай хүмүүс ирчихээд байна 12 цагаас өмнө гар гээд байхын гээхээр нь би буудал байгаа гээд Баянбулаг зочид буудалд оруулж өгсөн. Надад тухайн үед нэрээ хэлээгүй, утсаа хэлээгүй мөртлөө тухайн үед миний утаснаас нэг яриулаач гээд хүн рүү ярьсан. Тухайн үед ямар дугаар руу хэн гэх хүн рүү ярьсан эсэхийг мэдээгүй. Тэгээд маргааш нь миний 99887943 гэсэн дугаар руу 98981600 гэсэн дугаараас залгаад “буудалдаа байрласан байна” гэж ярьсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа нөгөө эмэгтэй над руу залгаад “би хөдөөнөөс ирчихсэн байна, орой гарах уу гэж над руу ярьсан. Би зөвшөөрсөн ба “Билэг” нэртэй караокед бид хоёр нэг цаг дуулсан. Би баруун бүсийн худалдааны төв дээр 2164 гэсэн лангуун дээр гоо сайхны бүтээгдэхүүн зардаг ба караокед уулзсаны дараахан би лангуун дээрээ зогсож байтал над руу залгаад “Манай нэг ажилчны ээжийнх нь бие муудаад зардлын мөнгө болох 80000 төгрөг хэрэгтэй байна, түр зээлээч гэхээр нь би зөвшөөрсөн. Би дансаар шилжүүлчих үү гэхэд би өөрөө очоод бэлнээр авчихъя гэж хэлээд ганцаараа ирээд надаас бэлэн 80000 төгрөг аваад явсан. Мөнгө авах гэж ирэхдээ миний зарж байсан эмэгтэйчүүдийн пек гэх гоо сайхны бүтээгэдхүүнийг нөгөө эмэгтэй би энийг чинь хамт авчихъя хоёр хоногоос авсан мөнгөтэйгээ хамт эргүүлж өгнө гэж хэлээд авсан. Уг пек нь 81600 төгрөгийн үнэтэй зүйл байсан. Надад нэр усаа хэлээгүй, өөрийгөө нийгмийн даатгал, татвараар ажилтай шалгалтаар явж байгаа хүн байна гэж ойлгосон. Түүний дараа дахин хэд хоногийн дараа над руу залгаад би хөдөөнөөс ирлээ гэж ярьсан. Тэгээд уулзах болсон ба би тухайн үед ажлынхаа газрын Доржзэмүү гэх эмэгтэйтэй хамт явж байсан юм. Тэгээд “Цацрах гэгээ” караокед уулзсан, тэгэхэд нөгөө эмэгтэй манай ажлын эмэгтэйд өөрийгөө “Энэрэл” гэж танилцуулсан. Мөн “Алтан Ус” гэх газарт алтны компанид мэргэжилтэн гэж хэлж байсан. Би дотроо дарга нь юм байна гэж ойлгосон. Түүнээс хойш хэд хоногийн дараа мөн 98981600 гэсэн дугаараас залгаад “Ховд руу ажлаар явах гэж байна, ирээд хувцас янзлалцаад өгөөч гэхээр нь би Баянхонгор зочид буудлын 304 тоотод өрөөнд очсон. Тухайн үед гадаа хүйтэрсэн байсан ба 09 дүгээр сар гарсан байсан санагдаж байна, нөгөө Энэрэл гэх эмэгтэй чамд дулаан хувцас байна уу надад дулаан хувцас байдаггүй, би Ховд руу өмсөж явчихаад эргээд өгье гэхээр нь би өөрийнхөө 2014 онд 86000 төгрөгөөр авч байсан ногоон эрээн өнгийн богино хавар намрын куртикийг өгсөн. Тэгээд тэр оройноо би Энэрэлийг товчоон дээрээс 21 цагийн орчимд Ховд аймгийн автобусанд суулгаж өгсөн. Би Энэрэлээс мөнгөө нэхэж ярих гэхэд 98981600 гэсэн дугаар нь холбогдохгүй байсан ба уг дугаарлуу би мөнгөө өгөх талаар мессеж бичиж үлдээсэн. Над руу хааяа ярьдаг байсан ба хөдөө ажилтай байгаад байна, удахгүй аймаг орохоороо мөнгө, куртикийг чинь өгнө гэдэг байсан. 2016 оны 08 дугаар сарын эхээр санагдаж байна. Энэрэл нь найз нь хүнээс мөнгө авах ёстой юм, би виза картаа гээчихсэн, надад бичиг баримт байдаггүй” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн 5246137235 гэсэн Хаан банкны данс өгсөн ба тэгэж ярьснаас хойш удаагүй миний данс руу 270000 төгрөг орсон. Мөнгийг нь би буудалд нь аваачиж өгсөн. Би түүнд өгсөн эд зүйлээ буцааж авах, өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг / хх-ийн62-65 /

Хохирогч Э.Цэрэнхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би ээж Ариунтуулдаа машин авах талаар ярьж байсан. Оюунсүрэн нь манай ээж Ариунтуулд “манай хүүхдийн найз нь машин оруулж ирдэг, манай хүүхдүүд машин авах гэж байгаа, prius-20 маркийн машин гэсэн” гэж ярьсан байсан. Ээж энэ тухай надад хэлэхээр нь би Оюунсүрэнгээс манай ээжээр дамжуулан тухайн машин оруулж ирдэг гэх хүний дугаарыг авахад 98981600 гэсэн дугаар өгсөн ба нэрийг Энэрэл гэж байсан. Манай нөхөр тэр Энэрэлтэй ярьсан ба манай нөхөрт хэлэхдээ “хар, цагаан өнгийн хоёр ширхэг prius 20 маркийн машин үлдсэн байгаа, би өөрийнхөө авах гэж байгаа хар өнгийн машиныг нь та хоёрт заръя, дээрээс нь өвлийн шинэ дөрвөн дугуй өгнө” гэсэн. Машины нийт үнэ нь 7500000 төгрөг , та нар урьдчилгаа 20 хувь болох 1500000 тегрөгийг өгчих гээд Номингийн дансыг надад өгсөн. Нөхөр бид хоёр бүр очиж уулзаж байсан. Данс руу нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1500000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь машинаа ирэхээр нь өгөөрэй гэж байсан. Мөнгө шилжүүлчихээд 30 орчим минутын дараа худлаа юм шиг санагдаад байхаар нь 98981600 дугаарлуу залгатал авахгүй байсан ба хэд хэдэн удаа дуудуулж байж утсаа авахаар машин авахаа больчихлоо, мөнгөө эргүүлж авмаар байна гэхэд Энэрэл гадаад мөнгөөр солиулаад шилжүүлчихсэн гэж хэлээд өгөөгүй. Тэгэхээр нь очиж уулзъя хаана байна гэж асуугаад байгаа газар нь очиж уулзсан. “Мөнгөө авмаар байна” гэхэд мөнгийг чинь шилжүүлчихсэн одоо байхгүй гээд суугаад байсан. Тэгэхээр нь гаалийн бичиг юм уу ямар нэгэн нотолгоо үзүүлчих тэгэх юм бол машин ирэх хугацаа болох 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүлээе гэхэд ямар нэгэн үзүүлэх юм байгаагүй. Маргааш нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1000000 миний данс руу шилжүүлсэн байсан. Үлдэгдэл 500000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 06- ны өдөр өгье гэж Энэрэл хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан руу явна гэрээдээ явлаа, манай ээжийн бие муу байна гэхээр нь нэхэж байгаад 200000 төгрөгийг аваад, маргааш нь 100000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 200000 төгрөг дутуу байгаа. Түүнээс хойш Энэрэл гэх хүнтэй огт холбогдоогүй ба над руу дарханд гэртээ байна гэж мессеж бичсэн байсан. Тухайн үед яг машин оруулж ирэх гэж байгаа юм шиг л яриад байсан. Би бүр уулзсан юм. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн67-70 /

Хохирогч Х.Өлзиймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Нэгдэлчин” зочид буудалд ресепшн Мөнхгэрэл гэх хүний гараан дээр өөрийгөө Оюунтөгс гэж танилцуулж, Ховд аймгийн Хаан банкны эдийн засагч ажилтай хүн байна, танай Баянхонгор аймагт Хаан банкны сургалтаар яваа гэж хэлээд иргэний үнэмлэхээ гээчихсэн гээд бичиг баримтаа үлдээгээгүй 204 тоот өрөөнд орсон байсан. Эхлээд 2 хоногийн мөнгийг өдөр өдөртөө өгөөд явж байсан ба 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс тооцоо төлөөгүй нийт 15 хоногийн тооцоо хийгдээгүй байгаа. Дунд нь 3 хоногийн тооцоо хийгдээд 2016 оны 11 дүгээр сард 01-ний өдрөөс 04-ний өдрийн хооронд 3 хоногийн тооцоо төлөгдсөн. Манай байгууллагаас Оюунтөгс гэх хүнээс мөнгөө нэхэхээр би даргатайгаа ярьсан, ажил ихтэй байгаа, нягтлан даргыг ирэхээр тамгыг нь дараад танай данс руу мөнгийг чинь шилжүүлчихнэ, санаа зовох зүйл байхгүй гэж хэлдэг байсан. Гэхдээ тэр Оюунтөгс гэх эмэгтэйн жинхэнэ нэр нь Оюунцэцэг гэдгийг нь сүүлд цагдаа дээр ирээд мэдсэн. Өнөөдөр болох 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Оюунцэцэгийн талаас манай буудалд өгөөгүй байсан 690000 төгрөгийг өгч хохиролгүй болгосон. Манай буудалд барьцаанд байсан жижиг нөүтбүүк, одоо болтол манай буудалд байгаа. Бичиг баримтыг нь шаардаж үзэх гэсэн боловч би иргэний үнэмлэхээ гээчихсэн гэж хэлсэн. Өөрт нь ямар ч бичиг баримт байхгүй гэж байсан. Хаан банкинд сургалтаар ирсэн удахгүй мөнгө танай буудал руу орж ирнэ гээд байхаар итгээд л байлгаж байсан. Манай байгууллагад учирсан хохирол бүрэн барагдсан болохоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн74-76 /

.... 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт 18 хоног байрласан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө буудлын бүртгэлийн бүртгэлд бүртгэгдээгүй 4 хоног бүртгэгдээгүй ба тэр тооцоогоо Ц.Оюунцэцэг нь төлж байгаад 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тооцоо төлөгдөөгүй байсан юм. Тухайн үед Ц.Оюунцэцэг нь миний бичиг баримт Хаан банк нь дээр байгаа түүнийгээ аваад буудалд бүртгүүлнэ гэж хэлээд мөнгийг өдөр өдөртөө өгч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс урагш 4 хоног байрласан тооцоогоо төлсөн. Тэгээд сүүлдээ шаардаж байгаад 17-ны өдрөөс түүнийг бүртгэхэд Оюунтөгс гэж нэрээ хэлээд бүртгүүлсэн байгаа ба энэ тухай бүртгэлийн дэвтэрт байгаа. 2016 оны 11 дүгээр сард 3 хоног байрласан талаар бүртгэл байгаа ба 90000 төгрөгийн тооцоо гэж бичигдсэн байгаа. Тэр бүртгэлийг хэрэгт хавсаргуулахаар өгнө. Эхлээд 40000 төгрөгийн өрөөнд орж байрласан ба сүүлийн 11 дүгээр сарын 3 хоногийг Ц.Оюунцэцэг нь үнэтэй байна доош буулгаач гэж гуйж байгаад 30000 төгрөгөөр бодож байрласан юм. Манай ажлын ресепшин Б.Алтанцэцэг нь төлбөрөө нэг хоногоор нь авна гээд 10 дугаар сарын 17-ны өдөр гээд бичсэн байсан ба нэг хоногийн 40000 төгрөг гэж бичигдсэн байсан. Гэтэл өрөөний тэр хоногийн тооцоог хийлгүй түүнээс хойшхи ч тооцоог хийгээгүй учир гарах өдөр гэдэг дээр 10 сарын 18 гэж бичсэнийг тооцоо хийгдээгүй сарын сүүл болоод хийгдэхгүй явсаар байгаад сарын тухайн сард багтааж 11 дүгээр сарын 1 гэж бичиж өөрчлөн хоногийн 40000 төгрөг нийт 15 хоног байрласан төлбөр 600000 төгрөг гэж өөрчилсөн байгаа. Дараа сарын болох 11 дүээр сарын бүртгэл дээр 3 хоногийн талаар бичигдсэн байгаа. Буудлын үүдэнд өрөөний үнийг тогтоосон үнэ тариф байдаг. Түүн дээр өрөөний дугаарыг бичээд үнийг бичсэн байдаг. Ц.Оюунцэцэг нь 204 тоотод байрлаж байсан. Манай буудалд учирсан хохирол бүрэн төлөгдсөн учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн77-78 /

Хохирогч Д.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкнаас 2500000 төгрөгийн цалингийн зээл аваад түүнээс би 2270000 төгрөгийг би Энэрэл болох Оюунцэцэгт хүүхдээ сургуульд оруулна гэж өгсөн. Манай охин А.Номингийн нөүтбүүкийг Оюунцэцэг авсан байсан. 2270000 төгрөгнөөс 1070.000 төгрөгийг дансаар үлдсэн 1200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Миний охин А.Номингийн нөүтбүүкийг тайлан мэдээ гаргана гэж хэлээд авчихаад Нэгдэлчин зочид буудлын мөнгийг өгөөгүй түүний барьцаанд тавьсан байсан. Би хүү А.Төгөлдөрийн сурагчийн хувийн хэрэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгссөн мэргэжлийн үнэмлэх, элсэлтийн шалгалт өгсөн батламж, гурав хувь цээж зураг, эрүүл мэндийн дэвтэр, эмчийн үзлэгт орсон хуудас зэрэг бичиг баримтуудыг өгсөн. Бичиг баримтуудыг бүрэн бүтнээр нь буцааж авсан. Би бичиг баримтуудыг үнэлэхгүй. Би өөрт учирсан 2270000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан. Одоо нэмж гаргах санал хүсэлт, нэхэмжпэх зүйл байхгүй. Би гомдолгүй байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 80-82/

Гэрч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай компани Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасагт туслан гүйцэтгэгчээр ажиллахаар 2016 оны 09 дүгээр сарын 13-нд ирсэн. Тэгээд ажил эхэлж ажлаа гүйцэтгэж байхад 2016 сны 10 дугаар сарын 16, 17-ны орчимд манайх шинэ тогооч ажилд авсан. Уг тогоочийг Урангоо гэдэг. Урангоогийн найз гээд Оюу гэх эмэгтэй манай ажил дээр ирсэн. Оюу танилцахдаа “би Ховд аймаг дахь Хаан банкны салбарын зээлийн эдийн засагч ажилтай, Баянхонгор аймагт Хаан банкны 45 хоногийн сургалтанд сууж байгаа” гэж танилцуулж байсан. Оюу нь өдөр сургалттай гээд явдаг байсан тэгээд орой нь манай ажил дээр тарчихлаа гээд хоол цай идэж байгаад явдаг байсан. Хааяа Нэгдэлчин зочид буудалд хүргүүлдэг байсан. Оюу нь хэлэхдээ “Буудлын төлбөрийг Хаан банкнаас дааж байгаа, одоохондоо би өөрөө өгчихдөг тэгээд очихоороо авчихдаг, сургалтаа дуустал энэ буудалд байрлах юм” гэж байсан. Хааяа манай ажилчид Оюугийн буудаллаж байсан буудалд очдог, би ч мөн тэгдэг байсан. Манай ажил 2016 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдийн орчимд дууссан. Ганц нэг хоноод аймаг руугаа буцсан. Би очоод эргээд ажилтан Очирхуягийн хамт Баянхонгор аймаг ирсэн. Мөнгө төгрөг өгөхгүй цаанаасаа мөнгө орж ирэхгүй Баянхонгор аймагт хүлээгээд байж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр намайг Улаанбаатар хотоос дуудсан. Би маргааш явна гэж бодоод байж байтал Оюу буудлаасаа өмнө нь гараад хувцасаа миний түрээслэж байсан 10 дугаар байранд авч ирээд тавьчихсан байсан. Оюуг хувцасаа аваач гээд хэлэх гэхэд утас нь холбогдохгүй, мессеж бичихээр хариу бичихгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 /

Гэрч Ц.Түмэнгаригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Манай эгч Ц.Оюунцэцэг нь дээрээс гурав дахь миний дээд талын эгч байгаа юм. Ц.Оюунцэцэг зурагтын тэнд буудалд ресепшин 2 сар хийж байсан ба түүнээс хойш ямар нэгэн ажил төрөл хийж байгаагүй. Одоо 1 хүүхэдтэй хүүхэд нь 9 настай хүү байдаг. Манай гэрийнхэн Шонтлоо гэж дууддаг, найзууд нь түүнийг Оюунаа гэж дууддаг. 2016 оны 06 дугаар сард гэрээсээ гараад гэртээ нэг ч удаа ирээгүй гэрийнхэнтэйгээ холбоо бариагүй. Гэрээсээ гарахдаа 91338686 гэсэн дугаартай байсан. Өөрийнх нь дугаар байгаа юм. Өөр дугаар байхгүй байхаа би мэдэхгүй байна. Ховд аймгийн Хаан банканд эдийн засагчийн ажил хийдэггүй. Мөн автомашины наймаа хийдэггүй. Харин би машины наймаа хийдэг байсан. Харин үеэл Ариунаа гэх эгч Америкт улсад амьдардаг. Яваад бараг 5-аас 6 жил болж байгаа... гэх мэдүүлэг. /хх-ийн 90-92 /

Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2016 оны 10 дугаар сарын 17- ны өдөр манай буудалд дээрх Оюунцэцэг гэх эмэгтэй нь Оюунтөгс нэрээр буудалд байрлаж байсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Оюунтөгс гэж танилцуулсан эмэгтэй “Хаан” банкны сургалттай байгаа, сургалтанд олон хоног сууна, бичиг баримт хүнд байгаа, бичиг баримтаар би банкнаас мөнгө авна гээд бичиг баримтаа үзүүлээгүй, өгөөгүй. Эхний хоног 205 тоотод байж байгаад Оюунтөгс нь зурагт нь гарахгүй байна гээд 204 тоот өрөөнд шилжиж орсон. Манай буудалд нилээд олон хоносон ба буудлын мөнгийг өгөөгүй. Оюунтөгсөөс мөнгөө өг, чи биеийн байцаалтаа үзүүл гэхэд “надад биеийн байцаалт байхгүй, хүнд байгаа, ХААН банкны сургалттай байгаа’гээд өгөхгүй байсан. Тэгээд мөнгөө өгөөгүй ба барьцаанд нэг жижиг нөүтбүүк үлдээсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 /

Гэрч А.Төгөлдөрийн мөрдөн байцалтын шатанд өгсөн

 ...Түүнийг Энэрэл гэх нэрээр нь танидаг. Харин Оюунцэцэг гэх нэрээр нь бол танихгүй. 2014 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн. Тэгээд энэ жил болох 2016 онд элсэлтийн улсын шалгалт өгсөн ба Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд орохоор болсон. 2016 оны 07 дугаар сарын сүүлээр аав ээжийн хамт би Улаанбаатар хот руу очиж Батлан хамгаалах их сургууль дээр эмчийн үзлэгээр орсон гэтэл нүдний өнгө таних чадвар муу байна гээд эмчийн үзлэгээр сургуулиас хасагдсан. Тухайн үед манай эгч Баянхонгор зочид буудлын ресторанд ажилладаг байсан. Тэнд Энэрэл гэх хүнтэй танилцсан түүний эгч нь Хууль сахиулахын их сургуульд ажилладаг ба намайг оруулж өгч чадна гэж ээж эгчтэй ярьсан байсан.Улаанбаатар хотоос ээж бид нар аймагт ирэхэд Энэрэл гэх эмэгтэй манайд манай эгч Номинтой байсан ба чамайг хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө, тэнд манай эгч ажилладаг гэж ярьж байсан. Тэгээд манай ээж банкнаас зээл авч Энэрэл гэх эгчээр дамжуулан цаад хүнд нь сургалтын төлбөр, хувцасны мөнгө гээд мөнгө өгсөн гэсэн. Тэр Энэрэл мөн манай эгчийн зөөврийн компьютерийг болон мөнгө энэ тэрийг худал хэлж авсан гэсэн. Манай гэрт хүртэл тэр Энэрэл амьдарч байсан. Элсэлтийн шалгалтын дүн, мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэг, цээж зураг гэх мэт зүйлүүдийг би өөрийн биеэр Баянхонгор зочид буудал дээр Энэрэлд аваачиж өгч байсан. 11 дүгээр сарын сүүлээр бичиг баримтуудаа Оюунцэцэгээс буцааж авсан... гэх мэдүүлэг. /хх-ийн99-101/

Гэрч Б.Ариунтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Би Энэрэл гэх нэрээр нь түүнийг мэднэ. Надтай нэг байгууллагад ажилладаг Оюунсүрэнд би манай хүүхдүүд машинаа зарсан ба жижиг машин авах гэж байгаа гэж ярьж байхад Оюунсүрэн манайд Номингийн найз Энэрэл гэх эмэгтэй машин оруулж ирэх гэж байгаа бөгөөд манай хүүхдүүд машин авах гэж байгаа гэхээр нь би охин Цэрэнхандад манай ажлын газрын Оюунсүрэнгийнд байдаг эмэгтэй машин оруулж ирэх гэж байгаа гэнэ чи авах уу гэхэд болж байна гэсэн. Би Оюунсүрэнгээс хэрхэн яаж авах гэж байгаа юм гэхэд prius 20 маркийн автомашины нийт үнэ 7500000 төгрөг, урьдчилгаа 20 хувь холох 1500000 төгрөгийг өгөх ёстой гэхээр нь би тэр тухай охиндоо хэлсэн. Энэ асуудал 2016 оны 09 дүгээр сарын дундуур болсон санагдаж байна. Тэгээд л манай охин тэр Энэрэл гэх эмэгтэйтэй уулзаж түүнд мөнгө өгөөд залилуулсан байсан. 1500000 төгрөгийг өгөөд буцааж тухайн үед 1300000 аваад үлдсэн 200000 төгрөгийг аваагүй байж байгаад Энэрэл болох Оюунцэцэгийг ар гэрийнхэн өгсөн... гэх мэдүүлэг. /хх-ийн102-104/

Гэрч Д.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Түүнийг Энэрэл гэх нэрээр нь муухан мэднэ. 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр санагдаж байна манай хадам ээж Ариунтуулын ажлын газрын хүний гэрт нь машин оруулж ирж зардаг хүн байдаг, түүнээс машин авах гэж байгаа гэж хадам ээжид ярьсан байсан. Манай хадам энэ тухай эхнэр би хоёрт хэлсэн 7500000 төгргөөр prius 20 маркийн автомашин оруулж ирнэ урьдчилгаа 20 хувь болох 1500000 төгрөгийг өгөх ёстой юм байна гэсэн. Тэгээд манай эхнэр бид хоёр Энэрэл гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй уулзсан. Тухайн үед түүнтэй хамт хадам ээжийн ажлын газрын хүний охин Номин хамт явж байсан. Уулзахад Энэрэл нь машин оруулж ирдэг урьдчилгаа 1500000 төгрөгийг өгчих гэсэн. Тэгээд мөнгийг нь бэлнээр нь өгчих гэхээр нь дансаар өгнө гэхэд Номингийн дансыг өгсөн ба уулзсан тэр өдрөө 1500000 төгрөгийг Номингийн данс руу шилжүүлсэн. Тэгээд нэг л итгэлгүй болохоор нь 30 орчим минутын дараа манай эхнэр баримтаа авмаар байна гэхэд баримт байхгүй гэсэн. Мөнгөө эрүүлж авмаар байна гэж гэхэд өгөөгүй ба маргааш нь санагдаж байна 1000000 төгрөгийг аваад үлдсэн мөнгөнөөс түүнээс хойш цувуулж 300000 төгрөгийг авсан байсан бөгөөд 200000 төгрөгийг авч чадаагүй байж байгаад саяхан авсан... гэх мэдүүлэг. / хх-ийн105-107 /

Гэрч А Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би Ц.Оюунцэцэг гэж хүн танихгүй, харин манай Баянхонгор зочид буудалд байрлаж байсан Ц.Энэрэл гэх хүнийг бол мэднэ. Энэрэл нь 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн байрласан ба нийт 26 хоног 304, 310 тоот хоногийн 45000, 60000 төгрөгийн өрөөнүүдэд байрлаж байсан. Байрлаж байх хугацаандаа ирж очин байдаг байсан. Ц.Энэрэл нь сүүлд 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай буудлаас гарч явсан. Уг нь бичиг баримтыг үзэж байж бүртгэдэг. Ц.Энэрэл нь өдөр өдөртөө тооцоогоо хийгээд ямар нэгэн асуудалгүй байрлаж байсан. Бичиг баримтаа анх бүртгүүлэхдээ гээсэн гэж хэлсэн байсан. Ц.Энэрэл нь айлын ганц хүүхэд, аав ээжийгээ гадаадад байдаг гэж ярьсан байсан. Хаанахынх эсэхийг нь би мэдэхгүй. Манай буудалд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Өдөр өдөртөө тооцоогоо хийгээд явдаг байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн108-110/

Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...Манай эхнэр бид хоёр 2016 оны 08 дугаар сард хүү Төгөлдөрийг Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгөх гээд Улаанбаатар хотод очсон. Миний хүү Төгөлдөр харааны байдлаас болоод орж чадаагүй. Тухайн үед манай охин Номин Баянхонгор зочид буудалд ажилладаг байсан ба Номин эхнэр рүү залгаад хууль сахиулахын их сургуульд эгч нь ажилладаг хүн байна, Төгөлдөрийг сургуульд оруулж өгч чадах юм шиг байна гэж ярьсан. Бид нар зөвшөөрсөн бөгөөд манай эхнэртэй тэр хууль сахиулахын их сургуульд эрхлэгч хийдэг гэж танилцуулсан Ариунаа гэх хүнтэй ярьсан байсан. Сургуулийн жилийн төлбөр 1800000 төгрөг, хувцасны мөнгө хэрэг болно гэсэн байсан. Тэгээд манай эхнэр цалингийн зээл авч мөнгийг бүрдүүлж заримыг нь бэлнээр Энэрэлээр дамжуулан Ариунаа гэх хүнд өгөөрэй гэж өгч, нийт 2270000 төгрөгийг өгсөн. Тэр Ариунаа гэх хүн нь манай эхнэртэй утсаар яриад хөдөө байна, гадаад явах гэж байна, хүүхдийн бие өвдөөд гээд сургууль руу явахыг хойшлуулаад байсан. Тухайн үед тэр Энэрэл нь манайд амьдарч байсан. Сурагчийн хувийн хэрэг, гэрчилгээ, улсын шалгалт өгсөн баримт зэргийг өгсөн ба дараа нь буцааж авсан. Манай эхнэр Д.Оюунсүрэнгийн мөнгө байгаа юм. Манай охин А.Номин ч бас машин авна гэж мөнгө өгсөн мөн түүний зөөврийн компьютерийг хүртэл авсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн111-113 /

 Гэрч Б.Баяртайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай охин Ц.Оюунцэцэг нь 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн төвд төрөх тасагт мэндэлсэн. Ц.Оюунцэцэг нь 9 настай хүүтэй. Хүүхэд нь нөхөр бид хоёр дээр байгаа. 2016 оны 06 дугаар сард Ц.Оюунцэцэг нь гэрээсээ найзтайгаа уулзана гээд гарсан үүнээс хойш хаана байгааг нь мэдэхгүй холбогдож чадахгүй байж байгаад саяхан Баянхонгор аймагт байгаа нь мэдсэн. Ц.Оюунцэцэг нь 91338686 гэсэн дугаартай байсан. Машин зардаг наймаа хийдэггүй, манай садан төрөлд Ариунаа гэж хүн байхгүй. Ариунаа гэж хүн байдаг эсэхийг нь мэдэхгүй. ...2012 онд Ц.Оюунцэцэг нь гэрээсээ гараад 1 жил шахуу болоод ирсэн. Аялал зуучилж яваад ирлээ гэж байсан ...гэх мэдүүлэг. /хх-ийн 95-98 /

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1-2/, баримт бичигт үзлэг хийж хуулбарлан авах тухай тэмдэглэл / хх-ийн 09-10, 12-13, 18-19 /, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 47 /, хураан авах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 48-49/, зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 51-52/, шүүгдэгч Ц.Оюунцэцэгийн хувийн байдлын талаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7283 тоот тодорхойлолт /хх-ийн 154-155 /, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 155-156 /, шүүгдэгч Ц.Оюунцэцэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156-157/, Хаан банкны Баянхонгор салбарын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн № 211 тоот албан бичиг. / хх-ийн162-163 /, Хаан банкны Ховд салбарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №866 тоот албан бичиг, / хх-ийн 16 -17/, Ц.Оюунцэцэг нь Скайтел ХХК-ийн 96717073 дугаарын утаснаас хохирогч Д.Оюунсүрэнгийн 88292326, 95292326 дугаартай утаснуудын лавлагаа. /хх-ийн174-177, 2-р хх-ийн 50-83/, хохирогч А.Номингийн 5561132421 тоот дансаар гүйлгээ хийсэн талаарх лавлагаа. / хх-ийн191-193 /, хохирогч Д.Оюунсүрэнгийн 5248001552 тоот дансаар гүйлгээ хийсэн талаарх лавлагаа / хх-ийн194-195 /, Ц.Оюунцэцэгийн хохирол төлсөн баримт / хх-ийн196-202 /, Баримт бичигт үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл, бүртгэлийн дэвтрийн хуулбар: / хх-ийн 9-11, 12-17, 18-46/, үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бүртгэлийн дэвтрийн хуулбар / хх-ийн 47-51/, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн хавар, намрын эмэгтэй куртикийг 40000 төгрөгөөр, гоо сайхны бүтээгдэхүүнгийг 80000 төгрөгөөр, зөөврийн компьютерийг 150000 төгрөгөөр тус тус үнэлсэн дүгнэлт / хх-ийн 116-117 /зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Оюунцэцэг нь хохирогч А.Номин, хохирогч Д.Оюунсүрэн нарт өөрийгөө Энэрэл гэх нэрээр танилцуулан Баянхонгор аймгийн Алтан-Ус гэх газарт алтны компанид нягтлан бодогч ажилтай, тэнд байгаа хүмүүсийг хариуцаж ажилладаг, би танай дүү А.Төгөлдөрийг Хууль сахиулах Их сургуульд оруулж өгнө, манай эгч Ариунаа нь Хууль сахиулах Их сургуулийн эрхлэгч ажилтай гэж хуурч мэхлэн, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хохирогч А.Номингийн ээж Д.Оюунсүрэнгээс 2270000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан, мөн хохирогч А.Номингоос 2016 оны 09 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 180000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авах, зөөврийн компьютерыг тайлан бичнэ гэж хуурч мэхлэн авах замаар хохирогч А.Номинд 330000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Оюунсүрэнд 2270000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Мөн хохирогч Э.Цэрэнхандад өөрийгөө Энэрэл гэх нэрээр танилцуулан “Манай найз машин зардаг. Хар, цагаан өнгийн хоёр ширхэг prius 20 маркийн машин үлдсэн байгаа, би өөрийнхөө авах гэж байгаа хар өнгийн машиныг нь танд заръя, дээрээс нь өвлийн шинэ дөрвөн дугуй өгнө. Машины нийт үнэ нь 7500000 төгрөг бөгөөд та нар урьдчилгаа 20 хувь болох 1500000 төгрөгийг өгчих гэж хуурч мэхлэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч А.Номингийн дансаар дамжуулан 1500000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Хохирогч Г.Одмаад өөрийгөө Баянхонгор аймгийн Алтан-Ус гэх газарт алтны компанид мэргэжилтэн ажилтай Энэрэл гэж танилцуулан “манай нэг ажилчны ээжийнх нь бие муудаад зардлын мөнгө болох 80000 төгрөг хэрэгтэй байна, түр зээлээч” гэж хуурч мэхлэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 80000 төгрөг болон пек гэх гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг, мөн 2016 оны 09 дүгээр сард “би Ховд руу өмсөж явчихаад эргээд өгье гэж” хуурч мэхлэн хавар намрын куртикийг залилан мэхлэн авч 200000 төгрөгийн хохирол учруулсан.

Мөн Нэгдэлчин зочид буудлын ажилчдад өөрийгөө Оюунтөгс гэх нэрээр танилцуулан Ховд аймгийн Хаан банкны эдийн засагч ажилтай, Баянхонгор аймагт Хаан банкнаас зохион байгуулж буй сургалтанд хамрагдахаар ирсэн, буудлын төлбөрийг байгууллагаас төлнө гэж хуурч мэхлэн, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдэлчин зочид буудалд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 18 хоног байрласны төлбөрийг төлөлгүйгээр хохирогч Х.Өлзиймаад 690000 төгрөгийг хохирол учруулан, давтан үйлдлээр бусдыг залилан мэхлэж бусдад 4990000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх -ийн 109-111 /, , хохирогч А.Номингийн / хх -ийн 53-60 /, хохирогч Г.Одмаагийн /хх-ийн 62-65 /, хохирогч Э.Цэрэнхандын / хх-ийн 67-70/, хохирогч Х.Өлзиймаагийн / хх-ийн 74-78 /, хохирогч Д.Оюунсүрэнгийн / хх-ийн 80-82 /, гэрч Б.Батсайханы / хх –ийн 83-85 /, гэрч Ц.Түмэнгаригийн / хх-ийн 90-91 /, гэрч Б.Алтанцэцэгийн / хх-ийн 93-94/, гэрч А.Төгөлдөрийн / хх-ийн 99-101 /, гэрч Б.Ариунтуулын / хх-ийн 102-104/, гэрч Д.Галбадрахын / хх-ийн 105-107 /, гэрч А.Болортуяагийн / хх-ийн 108-110 / , нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд,

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн 2016 оны 12 дүгээр сарын 30-ний өдрийн “... эд зүйлсийг 255000 төгрөгөөр үнэлсэн...” дахин дүгнэлт. /хх-ийн 70-71 /, мөн хэрэгт авагдсан бичгийн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Иймд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Оюунцэцэгийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв .

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Оюунцэцэг нь хохирогч А.Номин, Д.Оюунцэцэг, Э.Цэрэнханд, Г.Одмаа, Х.Өлзиймаа нарт учруулсан хохирлоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлсөн, хохирогч нар “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзээ.

Шүүгдэгч Ц.Оюунцэцэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 156 / Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Ц.Оюунцэцэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Ц.Оюунцэцэг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Оюунцэцэг нь гэмт хэргийн улмаас 130 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Оюунцэцэг нь хувьд ногдох хөрөнгөгүй тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Борлууд овогт Цэндийн Оюунцэцэгийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Ц.Оюунцэцэгийн эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Оюунцэцэгт оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ц.Оюунцэцэгт оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Оюунцэцэгийг хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Оюунцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Ц.Оюунцэцэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч Ц.Оюунцэцэг нь гэмт хэргийн улмаас 130 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Оюунцэцэгт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА