| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2023/00573/И |
| Дугаар | 181/ШШ2023/03029 |
| Огноо | 2023-10-02 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2023/03029
| 2023 10 02 | 181/ШШ2023/03029 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймагт оршин суух,Бгийн У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах Даатгал ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 11.681.081 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.У Даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 11.681.081 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Б.У нь иргэн Э.Гтай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотоос Завхан аймгийн Улиастай хүртэл 1000 боодол өвсийг тээвэрлэхээр харилцан тохиролцож Ачаа тээвэрлэх гэрээ байгуулан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.У болон иргэн н.Д нарын өвс ачсан хоёр машин Эрдэнэт хотоос гарч, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3 дугаар багийн Өвөр асгатын эх гэдэг газар явж байхдаа өндөр хүчдэлийн шугамд хүрснээс үүдэн гал авалцан гал түймэрт өртсөн. Тус гал түймрээс үүдэн өөрийн ачааны машин болон ачааны машин дээр тээвэрлэж явсан иргэн Э.Гын өвс зэрэг бүх зүйл шатаж өөрт болон гуравдагч этгээдэд их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгч гал гарсан даруйд өөрийн зүгээс унтраах арга хэмжээ авсан боловч нэгэнт хуурай өвсөнд авалцсан гал дийлдэх боломжгүй, мөн дээрээс нь өөрийн амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл байдалтай учирч байхад азаар ойролцоо явж байсан иргэн Онцгой байдлын газрын шуурхай дуудлагын утсанд дуудлага өгснөөр нэн даруй гал түймэр унтраах, аврах 73-р ангийн бие бүрэлдэхүүн ирж галыг ойр хавьд тархахаас сэргийлэн унтрааж чадсан.
Нэхэмжлэгч өөрийн болон гуравдагч этгээдэд их хэмжээний эд хөрөнгөөр хохирч, дээрээс нь бие болон сэтгэл санааны хүнд байдалтай байх үед тээврийн хэрэгслээр ачаагаа тээвэрлүүлсэн Э.Г надаас шатсан ачааныхаа төлбөрийг нэхэж эхэлсэн. Талууд бодит хохирлын хэмжээ дээр маргалдаж эхэлсэн тул Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий П.Аээр хохирлын үнэлгээ хийлгэсэн бөгөөд Б.У нь Э.Гт нийт 11.681.081 төгрөгийн хохирол учруулсан гэсэн дүгнэлт гаргасан.
Б.У болон Даатгал ХХК нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх хэсэгт Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгалын эрсдэлд хамааруулна гэж заасны дагуу Даатгал ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хандсан. Тус хүсэлтийн дагуу Даатгал ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 03/12-1238 тоот албан бичгээр Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т Даатгуулагчийн автотээврийн; хэрэгсэл, ачаанд учирсан хохирол гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос хянан үзээд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9/4791 тоот албан бичгээр Даатгал ХХК-д хандан ...дээрх тохиолдол даатгуулагчийн ачаанд учирсан хохирол бус бусдын эд хөрөнгөд учирсан хохирол болох нь талуудын ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн албан даалгаварыг өгсөн.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн талуудын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын, даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулах эрсдэлийг даатгаж, эрсдэл учирсан үед нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон атлаа гуравдагч этгээд буюу иргэн Э.Гын эд хөрөнгөд жолооч буюу даатгуулагчийн үйлдэл, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн гарсан зам тээврийн ослын үр дагавар болж хохирол учирсан үйл баримтыг үл хэрэгсэн машин дээр байгаа бол шууд л даатгуулагчийн ачаа мэтээр дүгнэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй шийдвэр болсон. Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол гэдэгт ачаа хамаарна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т эрсдлийг заахдаа бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол гэж заасан.
Тиймээс даатгалын нөхөн төлбөр 11.681.081 төгрөгийг хариуцагч Даатгал ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эруүл мэнд эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 жолоочийн даатгалын тохиолдол гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэндэд хөрөнгийн хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг хэлнэ гэж тус тус хуульчилсан.
Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ж.Нийн 23 дугаартай дүгнэлтэд: "... Гэрчээс авсан мэдүүлгийн тайлбар, зэргийг үндэслэхэд тухайн автомашинд гарсан гал түймэр цахилгааны шугамнаас болж гарсан байх магадлалтай гэж дүгнэсэн. Шинжээчийн дээрх дүгнэлтээс харахад галын шалтгаан нь цахилгааны шугамнаас үүдэлтэй гэж дүгнэсэн, харин жолооч, даатгуулагч Б.Уын замын хөдөлгөөний аливаа зүйл заалт зөрчиж, зам тээврийн осол гаргасан, түүний буруутай үйлдлээс гал гарсан гэсэн дүгнэлт, түүнд ямар нэгэн хариуцлага оногдуулсан эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гараагүй, дээрх гал гарсан тохиолдолд Б.Уын буруутай ямар нэгэн үйлдэл тогтоогдоогүй.
Мөн Б.У болон Э.Г нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ачаа тээвэрлэх гэрээг бичгээр байгуулсан бөгөөд тээвэрлэгч Б.У нь тээвэрлүүлэгч Э.Гт учирсан хохирлыг тээврийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд төлж барагдуулах хууль зүйн зохицуулалттай бөгөөд үүнийг Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнээс ялгаатай ойлгож хэрэглэх шаардлагатай. Энэ утгаараа Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т ... ачаанд учирсан хохирол-д нөхөн төлбөр олгохгүй байхаар хуульчлагдсан.
Бусдын эд хөрөнгөд учирсан хохиролд ачаа хамаарахгүйгээс гадна тухайн өвсийг гуравдагч этгээдийнх гэдгийг тодорхойлох баримтгүй. Бодитоор ачаа тээвэрлэх гэрээ байгуулагдаж хөлсийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Энэ үүднээс гуравдагч этгээдийнх гэдгийг тодорхойлох боломжгүй. Мөн нэхэмжлэгчийн ирүүлсэн үнэлгээнд өвсний зардал, шатахууны зардал гэж нэхэмжилж байгаа. Гэтэл шатахууны зардал жолоочийн даатгалд хамаарах зүйл биш. Ачаа тээврийн даатгал тусдаа. Дээрх үндэслэлүүдээр Жолоочийн даатгалын тухай хууль болон Даатгапын гэрээнд заасан даатгалын тохиолдолд бий болсон гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй болно.
Иймд Даатгапын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгагчийн гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол гэж тус тус заасны дагуу даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 31 тоот Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт, Шинжилгээ хийх, шинжээч томилох хүсэлтийн хариу, Даатгал ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03/12-1238 тоот нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 9/4791 тоот хариу, Даатгал ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/12-1417 тоот албан бичиг хуулбараар, Ачаа тээвэрлэх гэрээ, Зарлагын баримт, Нэхэмжлэх, Э.Гамбуугаравын иргэний үнэмлэхний хуулбар, Тээврийн хэрэгслийн шатсан гэрэл зураг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08 тоот Үнэлгээчний дүгнэлт, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан өргөдөл, Даатгал ХХК-д гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн өргөдөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 0293060 тоот шийтгэлийн хуудас, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 23 тоот Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Хангайн бүсийн салбарын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 02/117 тоот албан бичиг хуулбараар, зураг, MNS 5647:2006 Монгол улсын стандарт зэргийг ирүүлжээ.
/хх 5-26, 50-53, 55-63, 69-71/
Хариуцагчаас баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/1597 тоот албан бичиг, даатгалын бүтээгдэхүүний мэдүүлгийн маягт зэргийг ирүүлжээ. /хх 31, 32, 73-75/
Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 181/ШЗ2023/07472 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хөрөнгий үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланг бүрдүүлжээ. /хх 82-96/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.У нь Даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 11.681.081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: гуравдагч этгээдийн хөрөнгөд хохирол учруулж даатгалын тохиолдол үүссэн тул гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулна гэв.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: даатгалын эрсдэлд хамаарахгүй тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж тайлбарлав.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
4.1.Нэг талаас Даатгал ХХК, нөгөө талаас Б.У нар 2022 оны 02 дугаар 21-ний өдөр харилцан тохиролцож, 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаагаар Б.Уын эзэмшлийн улсын дугаартай Beiben north benz маркийн С ангиллын тээврийн хэрэгслийг эрсдэлээс хамгаалахаар, даатгуулагч хураамжид 27625 төгрөг төлөхөөр тохиролцож тоот Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-г мэдүүлгийн маягтийн дагуу байгуулжээ. /хх 8, 9/
Зохигчид гэрээ байгуулсан, даатгуулагч хураамжийг төлсөн үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-д заасан шаардлага хангасан, 432 дугаар зүйлийн 432.1, 432.2-т заасан албан журмын даатгалын төрөлд хамаарах, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
4.2.2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч дээрх тээврийн хэрэгслээр өвс ачин Хөвсгөл аймаг, Цагаан уул сумын Тосон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт явах үедээ галд шатсан, галын улмаас өвс болон тухайн тээврийн хэрэгсэл шатсан үйл баримтад маргаагүй.
4.3.Нэхэмжлэгч нөхөн төлбөр хүссэнийг хариуцагч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03/12-1238 тоот албан бичгээр Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан даатгуулагчийн авто тээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзснаар Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд ханджээ. Улмаар тус байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 9/4791 тоот албан бичгээр нөхөн төлбөрийг олгох тухай хариуг өгсөн боловч хариуцагч олгоогүй байх тул хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангажээ. /хх 12-14/
5.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчид даатгалын тохиолдол үүссэн эсэх, мөн хохирлын хэмжээнд тус тус маргасан.
5.1.Хэрэгт авагдсан баримтаар гал гарсан шалтгааныг Б.У овор ихтэй ачаа /өвс 12-13 үе давхарлаж/ тээвэрлэх журам зөрчснөөс гал гарах нөхцлийг бүрдүүлсэн болохыг Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 31 тоот акт, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 23 тоот дүгнэлт, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 0293060 тоот шийтгэлийн хуудас, МNS 5647: 2006 стандартын 5.3.2-т зааснаар тогтоогдож байна.
Хариуцагчаас шүүхэд анх ирүүлсэн тайлбартаа даатгуулагч Б.Уын замын хөдөлгөөний аливаа зүйл заалт зөрчиж, зам тээврийн осол гаргасан, түүний буруутай үйлдлээс гал гарсан гэсэн дүгнэлт, түүнд ямар нэгэн хариуцлага оногдуулсан эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гараагүй, дээрх гал гарсан тохиолдолд Б.Уын буруутай ямар нэгэн үйлдэл тогтоогдоогүй гэж татгалзсан ч дээрх шүүх хуралдааны явцад маргаагүй, хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
5.2.Харин тээврийн хэрэгсэлд ачсан өвс өөрөө гуравдагч этгээдийн хөрөнгө гэдгийг дэмжих баримтгүй, Жолоочийн даатгалын тухай хууль болон гэрээнд заасан нөхөн төлбөр олгохгүй байх ачаанд учирсан хохирол-д хамаарна гэж тайлбарлав.
Жолоочийн даатгалын тухай хуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д тус хуулийн зорилтыг жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор энэ хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна гэж харин мөн хуулийн 12 дугаар зүйлд даатгалын тохиолдолд үл хамаарах хохирлыг нэрлэн зааснаас 12.1.3-т даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол гэж тус тус зохицуулжээ.
Талуудын хоорондох гэрээний 3-т даатгалд хамаарах эрсдлийг жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол, бусдын эрүүл мэндэд учирсан хохирол, бусдын эд хөрөнгөд учирсан хохирол гэж, харин гэрээний 9.4-т даатгалын тохиолдолд хамаарахгүй нөхцлийн 9.4.3-т даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол гэж тодорхойлжээ.
5.3.Хэрэгт баримтаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.У, Э.Г нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь Булган аймгийн Хангал сумаас Завхан аймгийн Улиастай сум хүртэл 1000 боодол өвсийг хүргэхээр гэрээг байгуулсан, мөн өдөр Э.Г нь Ветемнет ХХК-иас 1000 боодол өвс худалдан авсан зарлагын баримт, төлбөрийн нэхэмжлэх авагдсан. /хх 16-18/
Хариуцагч шатсан өвс гуравдагч этгээдийнх гэдгийг нотлосон баримтгүй гэж тайлбарласан ч дээр дурдсан гэрээ, зарлагын баримт, нэхэмжлэхээр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1, 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар Э.Гыг тухайн өвсний өмчлөгч гэж үзнэ. Түүнчлэн Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох-оор заасан, маргааны энэ тохиолдолд Э.Гыг өмчлөгч биш гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч дээрх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Талуудын хоорондох гэрээний 3.1.3-т бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол-ыг даатгалын эрсдэлд хамруулсан, галын улмаас Э.Гын өвс шатсан үйл баримт тогтоогдсон тул даатгалын тохиолдолд хамаарна.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан нөхөн төлбөр олгохгүй байх даатгуулагчийн тээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол гэдэгт даатгуулагчийн өөрийн тээврийн хэрэгсэл болон өөрийн ачаанд хамаарах тул гуравдагч этгээдийн хөрөнгө үүнд хамаарахгүй байна.
Түүнчлэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зорилт өөрөө ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд орших тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
6.Зохигчдын хоорондох гэрээний 4.1-д С ангиллын тээврийн хэрэгсэлд нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ 10 сая төгрөг хүртэл байхаар тусгажээ.
Нэхэмжлэгч нөхөн төлбөрт 11.681.081 төгрөг гаргуулахаар шаардахдаа үнэлгээчин Г.Аийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08 тоот дүгнэлтийг үндэслэл болгосон. Тухайн үнэлгээний тайланд: өртгийн, зах зээлийн жишиг үнийн арга зэргийг харьцуулан хохирлыг тооцохдоо өвсний үнэ дээр тээврийн зардлыг нэмж тооцох замаар үнэлгээ тогтоосон байх тул талуудын хоорондох даатгалын нөхөн төлбөрт хамаарахгүй тээврийн зардал энэ үнэлгээнд багтжээ. /хх 20-23/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г шинжээчээр томилсон, шинжээч гал түймрийн улмаас шатсан өвсний хохирлыг 5.700.000 төгрөгөөр тогтоожээ. Зохигчид дээрх шинжээчийн дүгнэлтэд маргаагүй тул шүүх энэ хэмжээгээр шийдвэрлэх нь зүйтэй. /хх 86-96/
Иймд хариуцагчаас нөхөн төлбөрт 5.700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар Даатгал ХХК-иас 5.700.000 /таван сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уад олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.981.081 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201.900 төгөргийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 106.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ