Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2020/0559/З |
Дугаар | 128/ШШ2021/0066 |
Огноо | 2021-01-26 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2021/0066
2021 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 128/ШШ2021/0066 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б
Хариуцагч: Ц
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Цагдаагийн ахмад Д.Бт сахилгын шийтгэл оногдуулах тухай №Б/356 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У*******, Н.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Х.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Цагдаагийн ахмад Д.Б би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт ахлах нягтлан бодогчоор ажилладаг. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/356 тоот тушаалаар өөрийн хамаарал бүхий этгээдэд мөнгө шилжүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.6 дах заалтуудыг үндэслэн цагдаагийн албанд 1 жил эргэж орохгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан. Дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхгүй байна.
Учир нь Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын дарга Д.Б******* нь төсвийг ерөнхийлөн захиран зарцуулах 1-р гарын үсгийг зурах эрхтэй байдаг. Даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу няравын бэлдэж өгсөн анхан шатны баримтын дагуу 2-р гарын үсэг зурж өгснөөр нярав тухайн компанитай тооцоо хийж бичиг хэргийн материалуудыг авсан. Уг бичиг хэргийн материалууд нь Говь-Алтай аймгийн хэмжээнд бичиг хэргийн дэлгүүрт байхгүй байсан ба байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явж чадахгүйд хүрсэн гэж нярав хэлсэн тул бид ярилцаж н.У*******ийн дэлгүүрээс авахаар болсон. Би эдгээр бичиг хэргийн материалуудыг биеэр очиж аваагүй, өөртөө хэрэглээгүй, хувьдаа аваагүй, албаны эрх мэдлээ хэтрүүлээгүй. Нярав судалж төсвийн ерөнхийлөн захиран зарцуулах эрх бүхий этгээд болох даргын заавар тушаалаар 2-р гарын үсэг зурсан.
Иймээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн Б/356 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй тул төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Хариу нь 2020 оны 06 сарын 23-нд гарсан байсан. Гомдлынхоо хариуг 2020 оны 06 сарын 26-нд гардаж авч шүүхэд хандаад байна.
Цагдаагийн байгууллага бол онцгой объект учраас байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тогтмол явуулсныхаа төлөө ажлаас халагдаж байгаад гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй мэдэгдээгүй. Тушаалыг Говь-Алтай аймгийн цагдаагийн хүний нөөцийн ажилтны ширээн дээрээс олж зургийг нь дарсан. Өнөөдрийг хүртэл албан ёсоор тушаалыг авч танилцаагүй байна. гэжээ.
Хариуцагч Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан эрхийн хүрзэнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд алба хаагчийн эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид тодорхойлсон.
Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газраас 2020 оны урсгал зардал, бичиг хэрэг нийлүүлэх аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн үнийн санал, тухайн аж ахуй нэгжүүдийн оффис, худалдаа үйлчилгээ, эргэлтийн хөрөнгийг судлах явцад үнийн санал ирүүлсэн А******* ХХК-ний Төрийн банкны 24******* дугаартай дансанд 2019 онд 8 удаагийн үйлдлээр 5.000.000 /таван сая/ төгрөгийг принтерийн хор худалдан авсан зардалд цагдаагийн байгууллагаас шилжүүлсэн байсан. Шалгалтаар А******* ХХК нь тус цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Д.Бын эхнэр С.У*******ийн компани болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.У*******, Д.Б нарын иргэний бүртгэлийн лавлагаа, А******* ХХК-ний Төрийн банкны 24******* дугаартай дансны 2019 оны хуулга, тус газрын нярав, цагдаагийн дэд ахлагч Б.М*******, ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Д.Б нарын тайлбар, бараа материал худалдан авсан зарлагын баримт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч Д.Б 2015 оноос хойш нь Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт ахлах нягтлан бодогчоор ажилласан бөгөөд өөрийн хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгжээс албаны хэрэгцээний бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцохдоо ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл гаргалгүйгээр, давуу байдал бий болгосон нь Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.3.6 дахь хэсэгт заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн тул түүнд сахилгын шийтгэл оногдуулсан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1-т цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх талаар заасан бөгөөд мөн сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна гээд 81.4.5 цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Д.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Цагдаагийн ахмад Д.Бт сахилгын шийтгэл оногдуулах тухай №Б/356 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Цагдаагийн ахмад Д.Бт сахилгын шийтгэл оногдуулах тухай №Б/356 тоот тушаалаар Д.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.6 дахь заалтыг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр Д.Быг нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана, 11 дүгээр зүйлийн 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 14 дүгээр зүйлийн 14.1-д Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах гэж тус тус заасан байна.
Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.6-д албан тушаал хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох... гэж заасан байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-д Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно, 81.4-д Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна, 81.4.5-д цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, 97 дугаар зүйлийн 97.1-д Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна гэж тус тус заасан байна.
Д.Б нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчиж, эхнэр буюу хамаарал бүхий этгээдийн компаниас цагдаагийн байгууллагад принтерийн хор худалдан авсан зөрчил гаргасан болох нь цагдаагийн байгууллагын регистрийн лавлагаа, депозит дансны харилцагчийн монгол хуулга, мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал, А******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, албаны шалгалтын материалд авагдсан Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын нярав Б.М*******ийн болон нэхэмжлэгч Д.Бын тайлбар, хариуцагчийн тайлбар гэх мэт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээр дурдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг товч тайлбарлавал, 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 29.2.4-д энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар нарийвчлан зохицуулсан байна.
Иймд Д.Б нь эхнэр буюу хамаарал бүхий этгээдийн компаниас цагдаагийн байгууллагад принтерийн хор худалдан авсан зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасан зохицуулалтуудыг хэрэглэн, энэ үндэслэлээр гарсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №Б/356 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашин сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг гэж заасан.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, ..., 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, ... гэж төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг хуульчилсан байна.
Нэхэмжлэгч Д.Б цагдаагийн албанд ажилладаг төрийн тусгай буюу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлэх үүрэгтэй.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Цагдаагийн ахмад Д.Бт сахилгын шийтгэл оногдуулах тухай №Б/356 тоот тушаалыг шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-д тус тус заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Цагдаагийн ахмад Д.Бт сахилгын шийтгэл оногдуулах тухай №Б/356 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ