Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Э.Энхбат

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         Т.Тэлмэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Тэлмэнд холбогдох 201718020140 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Барилгын 12-02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /М3:94010616/ Өөлд овогт Төмөрбаатарын Тэлмэн.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Т.Тэлмэн нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан улмаар пивоны шил шидсэний улмаас Г.Эрдэнэчимэгийг онож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Тэлмэн мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” бааранд найз Энхбаяр, Баясгалан нарын хамт ороод нэг, нэг шил пиво уугаад сууж байтал Золтөгс бид нар дээр ирээд Энхбаяртай юм ярьж байхаар нь би ярих гэсэн чинь чи дуугүй бай гээд хэлэхээр нь бид хоёр хэрэлдээд баарны бүжгийн талбайд зодолдсон. Тэгээд Золтөгсийг цаанаас Эрдэнэчимэг салгаад авсан. Тэгээд би ширээн дээр байсан шилтэй пивоны шил аваад Золтөгс рүү шидтэл хажууд нь сууж байсан Эрдэнэчимэгийг оночихсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Г.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … Би нөхрийн найз Дөлгөөнөө, Золтөгс нартай сууж байхад 10-20 минутын дараа гаднаас Тэлмэн гэдэг залуу найзуудтайгаа орж ирээд текний хажуу талын 1 дүгээр ширээн дээр суусан.... Би утсаа оролдож байгаад нэг харсан чинь Золтөгсийг Тэлмэн түлхэж мууталцаад байгаа юм шиг болохоор нь би “Хүүеээ очоорой тэр хоёр мууталцаад байх шиг байна” гэсэн чинь манай нөхөр очоод Золтөгсийг дагуулаад ширээн дээрээ хүрч ирээд сууж байтал пивоны шил ирээд миний нүүрийг оноод доошоо унасан ба дотроос нь пиво асгарч байсан. Тэгтэл Золтөгс, Тэлмэн хоёр босоод бүжгийн зааланд зодолдоод байсан. Тухайн үед миний хамар зулгарч цус гарсан ба дараа нь зураг авахуулахад хамар хугарч, цөмөрсөн гэж оношилсон юм” гэх мэдүүлэг  /ХХ-16-17-р хуудас/

Гэрч О.Одбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би ширээн дээрээ сууж байсан чинь Тэлмэн, Золтөгс хоёр маргалдаад заамдалцаад эхлэхээр нь би босч очоод салгаад Золтөгсийг ширээн дээрээ авч ирж суулгасан юм. Тэгтэл үйлчлэгч ирээд ширээ цэвэрлээд байж байтал тас хийх чимээ гарсан чинь миний толгой дээр пиво цацарч дуссан. Тэгтэл Золтөгс, Тэлмэн хоёр босч ирээд бүжгийн талбайд нь зодолдоод байсан. Манай эхнэр Эрдэнэчимэг “Пивоны шил шидчихсэн шүү дээ, энэ Тэлмэн шидчихлээ” гэж хэлсэн. Тэлмэн өөрөө цагдаа дээр очоод "Би шил шидсэн юм” гэж хэлээд баригдаад явсан гэх мэдүүлэг /ХХ-20-р хуудас/

Гэрч Д.Номин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би Тэлмэнгийн ширээн дээр нэг, нэг шил пиво өгч байтал хажуугаар Золтөгс орж ирээд Тэлмэнг татаж чангаагаад хоёр, гурван удаа далчиганаж Тэлмэнг өдөөд байсан ба дараа нь Золтөгс Тэлмэнтэй хамт явж байсан. Энхбаяртай гар барилцаад юм яриад эвлэрээд байгаа бололтой байсан. Ингээд Золтөгс буцаад өөрийнхөө ширээн дээр очоод суучихсан байхад нь Тэлмэн “Сэнгүр” пивоны шилийг Золтөгсийн ширээ лүү шидсэн чинь Эрдэнэчимэгийн нүүр лүү нь оночихоор нь би гүйж очоод заалныхаа гэрлийг асаагаад цагдаа дуудсан. Т.Тэлмэн бол гайгүй байсан. Золтөгс бол нэлээд согтуу байсан. Тэлмэн “ална шүү пизда минь, чи над руу эхэлж салаавч гаргаа биздээ пизда минь” гээд Золтөгс рүү орилоод байсан гэх мэдүүлэг /ХХ-19-р хуудас/

         Гэрч Э.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Бид гурав ороод хүн тус бүр нэг, нэг шил пиво аваад уугаад сууж байтал хажуугийн ширээнд сууж байсан Золтөгс ирээд надтай юм яриад байж байтал Тэлмэн хажуугаас нэг юм хэлчихсэн чинь Золтөгс Тэлмэн хоёр хэрэлдээд эхэлсэн. Тэгсэн чинь Золтөгсийг найз нь ирээд аваад явсан ба ширээн дээрээ очиж суучихаад буцаж босч ирээд Тэлмэнтэй маргалдах гээд зүтгээд байсан. Тэгтэл Тэлмэн ширээн дээр ууж байсан пивоныхаа шилийг аваад Золтөгс рүү шидсэн чинь Золтөгсийн хажууд сууж байсан охин орилоод босч ирээд “Хамар руу шидчихлээ шүү дээ” гээд байсан ба хамрыг нь харсан чинь хавдчихсан байсан. Ингээд Тэлмэн, Золтөгс хоёр бүжгийн талбай дээр босч ирээд ноцолдоод байсан чинь үйлчлэгч нь цагдаа дуудаж ирүүлсэн юм” гэх мэдүүлэг /ХХ-22-р хуудас/

                  2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №107 дугаартай  дүгнэлтэнд:

                  1. Эрдэнчимэгийн биед хамрын хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

                  2. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-24-р хуудас/

                  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 41 дүгээр хуудас/, Шүүгдэгч Т.Тэлмэнгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /24 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Тэлмэн нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан улмаар пивоны шил шидсэний улмаас Г.Эрдэнэчимэгийг онож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-16-17-р хуудас/, Гэрч О.Одбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-20-р хуудас/, Гэрч Д.Номин-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-19-р хуудас/, Гэрч Э.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-22-р хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №107 дугаартай  дүгнэлт /ХХ-24-р хуудас/  болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Тэлмэнг хохирогч Г.Эрдэнэчимэгийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Тэлмэн нь 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан улмаар пивоны шил шидсэний улмаас Г.Эрдэнэчимэгийг онож биед нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Тэлмэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-ийг хэрэгт хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт Төмөрбаатарын Тэлмэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тэлмэнг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Тэлмэнг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Тэлмэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийн үеэр бэхжүүлж авсан “CD”-г хэргийн хамт тухайн хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Тэлмэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.