Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

 

 

 

 

“Ж Ө”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02138 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч”Ж Ө”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч В.Э-т холбогдох

 

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 691 128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

            Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдулам, Б.Сосорсүрэн,

Хариуцагч В.Э-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч В.Э- манай байгууллагатай цэвэр ус, дулаанаар хангах гэрээ байгуулж, 2009 оны 8 дугаар сараас эхлэн цэвэр ус, дулаанаар хангах болсон. Хэрэглэсэн цэвэр ус, дулааны төлбөр нь дараа сарын 01-ний өдөр гарч 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн гэрээ хийсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй тухайн орон сууцны төлбөрийг 3-4 сар хуримтлуулан нэг дор хийх сонирхолтой байдаг. Энэ нь даамжирч хэрэглэсэн цэвэр ус, дулааны төлбөрөө хэсэгчилж хийх болсон боловч 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын төлбөр болох 200 000 төгрөгийг төлсөн. 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарын төлбөр болох 1 691 128 төгрөг төлөгдөөгүй байна. Манай байгууллага нь 74-р байрны 2 тоотын суугчид сар болгон 2-3 удаа нэхэмжлэх хүргүүлж, утсаар ярьж, биечлэн уулзаж үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулж, шаардахад удахгүй төлнө гэсээр төлбөр хуримтлагдахад төлбөрөө 3 хувааж хийхээр аман тохиролцоо хийсэн боловч төлөлт хийхгүй байсаар байна. Манай байгууллага нь тухайн суугчийн нөхцөл байдалд уян хатан хандаж, өгөх байх гэсэн хүлээлттэй байсаар өдийг хүрлээ. Иймд манай байгууллага гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр болох 1 691 128 төгрөгийг В.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн 2018 оны 2-12 cap, 2019 оны 1-7 дугаар сарын ус, дулааны төлбөр 1 691 128 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшеөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчтай цэвэр ус, дулаанаар хангах гэрээ байгуулж 2009 оны 8 дугаар сараас эхлэн цэвэр ус, дулаанаар хангах болсон гэсэн байх бөгөөд мөн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас 1 691 128 төгрөгийг төлөөгүй байна гэсэн байна. Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 74 дүгээр байрны 02 тоот байрыг 2008 оны 10 дугаар сард “Орчлон констракшн” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу худалдан авч 2008 оноос хойш тус байранд оршин сууж байгаа билээ. Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг гэж заасны дагуу намайг хэрэглэгч гэж үзэхээр байна.

Харин мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “хангагч“ гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг" гэж заасны дагуу "Жинст- Өргөө"’ ХХК-ийг хангагч гэж үзэхээр байна. Дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т ‘’Хангагч хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна" гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 13.3-т энэ хуулийн 13.2-т заасан гэрээнд нийлүүлэх цэвэр ус болон татан зайлуулах бохир усны хэмжээ, чанар, найрлага, гэрээг дүгнэх хугацаа, төлбөр тооцооны арга талуудын эдлэх эрх, үүрэг, хариуцлага хохирол тооцох журам болон шаардлагатай бусад зүйлийг тусгана” гэж заасны дагуу холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлийг тусгасан цэвэр усаар хангах болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсаны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэхээр заасан.

Гэвч "Жинст-Өргөө" ХХК-тай хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрээг надтай байгуулаагүй. Эрчим хүчний гухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг гэж заасны дагуу дулаанаар хангах асуудал нь Эрчим хүчний тухай хуулиар зохицуулахаар заасан байна. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт "Эрчим хүчээр хангагч хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна", 28.2 дахь хэсэгт ‘'Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана” гэж тус тус заасны дагуу хэрэглэгч болох В.Э- надтай эрчим хүчээр хангах гэрээг байгуулсаны үндсэн дээр эрчим хүч буюу дулаанаар хангах ёстой байна.

 Гэтэл миний өмчлөлийн орон сууц болох дээрх Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 74 дүгээр байрны 02 тоот байранд цэвэр ус, дулаан буюу эрчим хүчээр хангах гэрээг "Жинст-Өргөө" ХХК-тай байгуулаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Би “Жинст-Өргөө” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй боловч хууль, эрх зүйн мэдлэг тааруугийн улмаас өмнө нь шаардаж байсан төлбөр хураамжийг нь төлж байсан бөгөөд 2011 оноос эхлэн зохих дулаанаар хангахгүй байсан тул “Жинст-Өргөө” ХХК-ийн эрх бүхий ажилтан байцаагч н.Болороод удаа дараа дулаанаа хангалттай өгөхийг шаардаж байсан. Бидний хооронд эрчим хүчээр хангах гэрээ, холбогдох гэрээнүүд байгуулагдаагүй тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан тул төлбөр төлөх нь үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд “Жинст-өргөө” ХХК-ийн гаргасан орон сууцны гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн ус, дулааны төлбөр гэх 1 691 128 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.Э-аас дулааны үйлчилгээ үзүүлсэн ашиглалтын зардалд 1 691 128 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жинст өргөө ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42 008 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч В.Э- давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.”Ж Ө”  ХХК-тай ямар нэг цэвэр ус, дулаанаар хангах гэрээ байгуулаагүй, гэрээний үүргийн биелэлтийг надаас шаардах эрх зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад талуудын хооронд гэрээгээр зохицуулагдах харилцааг анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн. Тухайлбал Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан. Харин төлбөрийн үүрэг хүлээлгэх асуудал нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зохицуулагдана. Тиймээс нэхэмжлэгч”Ж Ө”  ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй учраас миний бие 1 691 128 төгрөг төлөх үүрэггүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч”Ж Ө”  ХХК нь хариуцагч В.Э-т холбогдуулан дулаанаар хангасан ашиглалтын зардалд нийт 1 691 128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь дулаан доголдолтой байгаа талаар манайд дуудлага өгч байгаагүй, энэ талаар гомдол гаргаж байгаагүй, гэрээ байгуулахыг удаа дараа шаардаж байсан боловч гэрээ байгуулаагүй, дулаанаар хангасан ашиглалтын зардалд нийт 1 691 128 төгрөг гаргуулна” гэж, хариуцагч нь татгалзаж буй үндэслэлээ “...дулаан хангалттай сайн байгаагүй талаар нэхэмжлэгч байгууллагад байнга хэлдэг байсан, ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлажээ.

Халаалт, дулаан ашигласантай холбоотой маргааны хувьд талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ байгуулагдсан бол гэрээний агуулга нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад анхан шатны шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн, хуульд заасан шаардлага хангасан гэрээ байгуулагдсан эсэх, дулаанаар ямар хэмжээнд хангаж байсан буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх нөхцөл байдлыг тодруулснаар хэргийг шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой байжээ. 

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгосноор талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Иймд маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН