Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 279

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Ч-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03380 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Ч-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.О-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 20 275 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Ч-,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Нансалмаа,

хариуцагч С.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвийн 180 тоот цахилгаан барааны лангууг ажиллуулдаг. 2012 оны 06 дугаар сард С.О-ийг худалдагчаар авч ажиллуулсан бөгөөд ажиллаж байхдаа 2 удаа мөнгө, эд хөрөнгө үрэгдүүлж бараа материалаас дутааж байсан бөгөөд тухайн үед ар гэрийн байдлыг харгалзан үзээд цагдаад өгөлгүй төлүүлж байсан. Сүүлд 2016 оны 03 дугаар сард агуулахын бараанаас 20 гаруй сая төгрөгийн бараа дутсан учраас цагдаад өгөхөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 201625011475 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. “Дабль аксиом аудит” ХХК-иас 17 465 000 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. С.О- гэм хорын хохирлыг хүлээн зөвшөөрч, мөнгийг төлнө гэсэн баталгаа гаргасан ч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Иймд хариуцагч С.О-ээс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 17 465 000 төгрөг, шинжээчийн хөлс 1 300 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, архивын материалын хөлс 10 000 төгрөг, нийт 20 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2012 онд анх Х.Ч- эгчийн лангуунд сууж эхэлсэн. Би Нарантуул захад, Х.Ч- эгчийн Хос гутал худалдааны төвд лангуун дээр суудаг байсан. Надад тэр лангуунаасаа тэрэгчнээр бараа өгч явуулдаг байх үедээ ор үндэсгүй намайг гүтгэж өрөнд оруулсан. Миний авсан, зарсан бүх бараа таарч байхад үгүй би ийм бараа өгч явуулсан гэж өөрийнхөөрөө зүтгэж, төлөхгүй бол цагдаад өгнө, шоронд хийнэ, миний дүү цагдаа шүү гэж намайг айлгаж сүрдүүлж би аргагүй эрхэнд цалин авахгүй, ажиллаж байж төлж дуусгасан. Хос гутал худалдааны төвийн лангуугаа болиод Хятад худалдааны төвд лангуу аваад орсон байсан. Сүүлд нь өөрөө бие нь өвдөөд дүү н.Золжаргал гэдэг охин зогсдог болсон. Би тэр охинд орлогоо өгдөг, бас складаас бараа өгдөг байсан. Н.Золоо надаас мөнгө өгчих, эсвэл зарсан нэг барааныхаа мөнгийг өгчих, маргааш нөхөөд өгье гэж авдаг, тэгээд өгдөггүй элдэв янзын шалтаг хэлдэг, хааяа өгдөг байсан. Бас Х.Ч- эгчид битгий хэлээрэй гээд бараа ч авдаг байсан. Дараа нь авсан мөнгөө, бараагаа ч өгөхгүй та аргалж байгаарай би удахгүй маргааш, нөгөөдөр өгье гээд л яваад байдаг байсан. Би хүнээс мөнгө зээлж нөхөж өгдөг байсан. н.Золоо надад үлдэгдэл бараагаа хүлээлгэж өгөх байснаас зөндөө бараа дутуу өгсөн, дээр нь өгөх байсан бараа, мөнгөө өгөөгүй. н.Золоо та хэд хоног аргалж байгаарай, би удахгүй бүгдийг нь нэг мөсөн өгнө гээд гуйгаад явсан. Би зөндөө утасдаж гуйж уурлаж хэлж үзсэн. Нэг газар зарах гэж байгаа хөөцөлдөөд явж байна, өнөө маргаашгүй бүтнэ тэгээд өгнө гэдэг. Хүнээс мөнгө зээлж н.Золоогийн мөнгийг нөхөж өгсөн. Намайг бол зөндөө дарамталж, доромжилж, 2 охиноо сайн харж яваарай гэж ч сүрдүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.О-ээс 9 387 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 887 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ч-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-ээс 165 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ч-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувь бууруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 201625011475 дугаар тогтоолоор 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Прокурорын газрын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болсон үндэслэл нь С.О- нь итгэмжлэн өгсөн цахилгаан бараанаас 17 465 000 төгрөгийн үнэ бүхий барааг хувьдаа завшсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгүүд, С.О-ийн өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх дүгнэлтийг үндэслэн С.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан “Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлүүлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших” хөнгөн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болохыг тогтоож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдсэн байдаг. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэснээс гадна, тухайн маргаанд хамааралтай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  

Нэхэмжлэгч Х.Ч- нь хариуцагч С.О-т холбогдуулан гэм хорын хохиролд 20 275 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 07 дугаар сарны 29-ний өдрийн 1695 дугаар тогтоолд хариуцагч С.О-ийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд Нарантуул олон улсын худалдааны төвийн 180 тоот лангууны эзэмшигч, нэхэмжлэгч Х.Ч-гаас заруулахаар итгэмжлэн өгсөн цахилгаан бараанаас 17 465 000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан байх ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна /хх33-34/.

 

Дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан үйл баримтыг гэм хор учруулсан буюу итгэл хүлээлгэн өгсөн бусдын эд зүйлсийг ашиглан гэм хор учруулсан гэдэг агуулгаар тайлбарлан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтласан нь үндэслэл муутай болжээ. Учир нь хариуцагч С.О-ийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж эцэслэн тогтоож, гэм буруутайд тооцсон талаарх баримт авагдаагүй байхад бусдад гэм хор учруулсан гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.

 

Талуудын хооронд үүссэн маргааны хувьд нэхэмжлэгчийн зүгээс хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгснөөс хэр хэмжээний бараа дутсан талаарх үйл баримт тогтоогдсон байх шаардлагатай.

 

Талуудын хоорондын эрх зүйн харилцааны агуулгыг зөв тодорхойлох нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгосноор талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэж буй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                  ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН