Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                        Нарийн бичгийн дарга                                     П.Нямсүрэн

                        Улсын яллагч                                                   Д.Уранчимэг

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   А.Хандмаа

                        Шүүгдэгч                                                             Д.Ууганбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Ууганбаярт холбогдох 201718020116 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянбулагийн 4-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 жил 10 хоногийн хорих ялыг оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан. /ТЯ:96042557/ Мянганы суварга овогт Доржготовын Ууганбаяр.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Д.Ууганбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 22, 29-ны орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Хонгорзулыг зодож, догшин авирлаж, хуваарьт эд хөрөнгөнд халдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Отгонцэцэг гэдэг хүний ахынх нь хониноос нэг хонь  үлдчихлээ тэрийг урагшаа аваачаад өгчих гэхээр нь Төгсөөгийн машинтай Баттөгс, Хонгорзул, Отгонцэцэг бид нар хамт явсан. Тэгээд голын гармаар гарах гэж байгаад машин нь шаварт суучихаар нь Төгсөө бид хоёр уяа авахаар айл руу явсан. Тэгээд уяа олдохгүй байхаар нь замын унаа тосож байгаад уяа олоод ирсэн чинь  Хонгорзул мотоцикльтой 2 залуу дуудчихсан нөгөө хоёр нь ирчихсэн байсан юм. Тэгэхээр нь би Хараа ороод Зил-131 автомашин олоод ирье гээд олж аваачин машинаа татаж гаргачихаад Отгонцэцэгийнд ирээд түрүүчийн хоёр залуу юун хоёр залуу юм бэ гэсэн чинь Хонгорзул би дуудсан юм тэгээд яасан юм гэхээр нь би уурлаад гэрлүүгээ явсан чинь араас ирсэн. Тэгээд ч би угаасаа хөдөө уул явахаар болсон байсан учир Баттөгсөөр уул явах айлдаа хүргүүлье гээд хүргүүлсэн чинь нөгөө хамт явах хүмүүс маань намайг орхиод явсан байсан. Тэгэхээр нь би буцаад гэрийн гадаа ирсэн чинь Энх-Амар болон бусад нь бүгд байж байсан. Хонгорзулыг би хариачээ харанхуй болчихоод байна гэсэн чинь чамд ямар хамаатай юм гэж хэлээд гэртээ харихгүй Отгонцэцэгийнд хононо гэхээр нь Отгонцэцэгийн гудамжны үзүүр дээр очоод одоо ингээд Отгонцэцэгийнх рүү яв гэсэн чинь явахгүй байсан. Тэгээд Хонгорзулыг машинаас чирээд буулгасан. Өшиглөж зодсон зүйл байхгүй цамцнаас нь чирээд л ямар ч байсан Отгонцэцэгийн гадаа аваачихад Отгонцэцэг гарч ирсэн. Тэгээд Отгонцэцэгээс нэг цамц авч өмсчихөөд бид нар хоёр машинтай явж байсан болохоор хуваагдаж суугаад дэлгүүр орж дэлгүүрээс 1 пиво авч, Төгсөөгийн эгчийнд нь Энх-Амар машинаа тавьчихаад бид нар цаашаа тээрэм рүү явсан юм. Тээрэм рүү очиж Отгонцэцэгийг нөхөр дээр нь аваачиж өгөөд бид салцгаасан. Бид хоёрыг хэрэлдээд явж байхад Төгсөө нэлээд уурлаж одоо тарцгаая гэж хэлээд Төгсөө эгчийнхээ гадаа буусан. Бид хоёр бас бууж үлдсэн. Хонгорзулын 2 ширхэг гар утсыг нь би аваад алга болгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Г.Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манай нөхөр Ууганбаяр гэртээ ирчихсэн намайг гэртээ оруулахгүй зайл гээд хөөгөөд байхаар нь би Отгонцэцэгийнд очье гэж хэлсэн чинь намайг Төгсөөгийн машин руу түлхэж оруулаад авч яваад Отгонцэцэгийн гэрийн гудамжны хойд талын үзүүр дээр ирээд намайг машинаас чирж буулгаад чирээд чамайг ингээд онигоонд оруулаад өгье гээд хувцас хунар урж алгадаж цохиод хөлнөөс чирээд цамцны захнаас заамдаж хоолой боож чирсэн. Энэ үед би гурав дөрвөн айлын хашааны зайтай газарт чирэгдсэн. Отгонцэцэгийн гэрийн гадаа очиход миний дээгүүр бүх хувцас урагдаж тайлагдсан нүцгэн болоод очсон. Тэгээд Отгонцэцэгийн гадаа намайг Ууганбаяр нь чамайг онигоонд оруулаад өгье гээд чирээд байсан. Энэ үед Отгонцэцэг гарч ирээд Ууганбаярыг чи арай ч дээ эмэгтэй хүнийг ингээд байхдаа яадаг юм гээд надад куртик гаргаж өгсөн.  Тухайн үед миний хүзүү боосноос хүзүү арын хэсэгтэй улайж хавдаж ором гарсан. Хөлний өвдөг, гарны шуу хэсэгт хөхөрч хавдсан. Толгой хүзүү хэсэгт их өвдөж эмзэг гэмтэлтэй байсан. /ХХ-ийн 12-р хуудас/.. Ууганбаяр нь намайг зодож цохих үедээ миний 2 гар утсыг аваад одоо болтол өгөөгүй байгаа учир хоёр утсаа авмаар байна. /ХХ-ийн 13-р хуудас/, Надад учирсан хохирлыг Д.Ууганбаяр барагдуулсан. Өөрөөр хэлбэл Самсунг-4, Ноте 2 маркын утаснуудыг авч өгч хохирлын барагдуулсан. Одоо миний хувьд түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 54-р хуудас/

Гэрч Э.Батнавч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр үсдээд машин мөргүүлж, хацар луу нь гараараа алгадаж, хувцасыг нь урж, зодож дээгүүр нь шалдан болгосон байсан. Би тухайн үед сүүлийн зодох үед охин ярихаар нь би хайж явсаар зодуулсны дараа гудамжнаас очиж авсан. Нүүр ам нь хавдаж хөхөрсөн байдаг байсан. Сүүлд зодоход боосноос болж хүзүү нь нэлээд урт улайсан, гарыг нь хойшоо өчсөнөөс хамаг бие нь өвдөөд байна. Гарын энд тэнд хөхөрсөн, алгадаж цохисноос байнга толгой нь өвдөж байна гэж сүүлд зодуулсаны дараа хэлж байсан. Өмнө нь бас адилхан хөхөрсөн хавдсан няцарсан байдалтай, үсийг нь туг тугаар нь зулгаасан байдалтай ирж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-р хуудас/

Гэрч М.Баттөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би Д.Ууганбаярыг эхнэрийгээ зодохыг урьд нь нэг удаа харсан. Тэр үед Ууганбаярын дүү нь байсан. Хонгорзул, Ууганбаяр хоёр тухайн үед өдөржингөө хэрүүл хийгээд байсан. Тэгээд л Ууганбаяр нь эхнэрийгээ хэд хэдэн удаа өшиглөөд бас нэг удаа алгадсан. Хонгорзул нь ч зүгээр байхгүй өөдөөс нь цохиод, мод чулуугаар зодоод байсан. Тэгээд Ууганбаяр хариуд нь түүнийг өшиглөж алгадсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/

2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №95 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ..

1. Хонгорзулын биед тархи доргилт, баруун гарын бугуйн үенд цус хуралт хүзүүний ар хэсэг, баруун хөлийн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 19-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээ /ХХ-ийн 55-56 дугаар хуудас/, Д.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 60 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Д.Ууганбаяр нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 88 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 37 дугаар хуудас/, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ны орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Хонгорзулыг зодох үедээ хуваарьт эд хөрөнгөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.Хонгорзулын мэдүүлэг /ХХ-ийн 12-13, 54 дүгээр хуудас/, Гэрч Э.Батнавчийн мэдүүлэг /ХХ-ийн 16-р хуудас/, Гэрч М.Баттөгсийн мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №95 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 19-р хуудас/, Аюулын зэргийн үнэлгээ /ХХ-ийн 55-56 дугаар хуудас/, Д.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 60 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Ууганбаярыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох үедээ хуваарьт эд хөрөнгөнд халдсан буюу Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Ууганбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ны орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Хонгорзулыг зодох үедээ түүний хуваарьт эд хөрөнгө буюу Самсунг S-4 маркын гар утас, Самсунг Note-2 маркын гар утас зэргийг эзэмших ашиглах захиран зарцуулах эрхэнд халдсан нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Мянганы суварга овогт Доржготовын Ууганбаярыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох үедээ хувиарт эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэнд нь халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ууганбаярт хорих ялыг оногдуулахгүйгээр  01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.Ууганбаяр  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай. 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.