Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0301

 

2021 оны 05 сарын 12-ны өдөр Дугаар 128/ШШ2021/0301

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Гангар инвест ХХК /РД:2095092/

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар

Гуравдагч этгээд: Хар чонот ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Гангар инвест ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

2. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах,

3. Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан, гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх агуулга бүхий Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, Гангар инвест ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах,

4. Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн Гангар инвест ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах.

Гуравдагч этгээд Хар чонот ХХК-ийн бие даасан шаардлага:

1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах,

2. Тендерт оролцогч Хар чонот ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах,

3. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар Хар чонот ХХК-г шаардлагад нийцээгүй гэж дүгнэн тендерийн шалгаруулалтаас хассан шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. Мөн хуралдаанаар Гангар инвест ХХК-г ялагчаар шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

5. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт манай компанийг илт үндэслэлгүйгээр шалгаруулаагүй нь хууль бус болохыг тогтоож, хамгийн бага үнийн санал ирүүлсэн Хар чонот ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан, өмгөөлөгч Н.Батбаяр, П.Цэцгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Марс-Од, А.Оюунжаргал, гуравдагч этгээд Хар чонот ХХК-ийн төлөөлөгч Д.Баянцагаан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гангар инвест ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Гангар инвест ХХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан ЭМЯ/201902023 дугаартай Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ тендерт оролцсон.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А-1/4188 дугаартай тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах тухай албан бичгийн дагуу тус тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал байхаар өөрчлөлт оруулсан.

Тендерийн баталгааны хугацаа дуусах дөхөөд байхад захиалагчийн зүгээс тендер шалгаруулалттай холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл албан ёсоор ирүүлээгүй .

Манай компанийн зүгээс тендерийн баталгааг сунгасан тухай мэдэгдлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэх гэсэн боловч тус газар бүтцийн өөрчлөлтөд орж, Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан гэсэн тул 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр холбогдох албан тоотыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн.

Төрийн худалдан авах ажиллагааны газарт манай албан тоотыг хүргэж өгсөн ажилтанд тус газрын албан хаагч тендерийн баталгааны хугацааг сунгах шаардлагагүй, тухайн тендерийг хүчингүй болсонд тооцож дахин зарлах болно, шинээр байгуулагдаж байгаа Төрийн худалдан авах ажиллагааны газрын удирдлага томилогдсон үед танайд албан ёсны мэдэгдэл өгөх болно гэсэн хариуг амаар өгсөн. Үүний дагуу бид 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сангийн яаманд хандан гомдол гаргасан боловч Сангийн яамнаас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр "гомдолд захиалагчийн мэдэгдлийг хавсаргаагүй байгаа тул хянан үзэх боломжгүй тухай хариу ирүүлсэн байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А-1/80 албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулагдсантай холбогдуулан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусаж тухайн тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул тендер шалгаруулалт хүчингүй болж, дахин зарлахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл хүлээн авсан.

Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/98 дугаартай албан бичгээр дахин гомдол гаргасан.

Сангийн яамнаас 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/1663 дугаартай албан бичгээр ...Дээрх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусаж, тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болсон байх тул гомдолд дурдсан асуудлаар тендерийн үнэлгээг хянан үзэх боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн.

Уг хариуг Сангийн яамнаас бидэнд ирүүлэхдээ тухайн тендер шалгаруулалтын холбогдох баримт бичгүүд болох Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүдийг хавсаргасан байсан бөгөөд уг үнэлгээний хорооны 2 дугаар хурлын дүгнэлтээр манай компани уг тендер шалгаруулалтад шалгарч, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг манай компанид хүргүүлэхээр бэлтгэж байсан нь тодорхойлогдож байна.

Өөрөөр хэлбэл тухайн тендер 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нээгдэж, тендер шалгаруулалтын үнэлгээний хороо 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдан манай компани хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан.

Энэ хугацаанд манай компанид тус тендерт шалгарсан талаарх ямар ч мэдээлэл байхгүй байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шалгаруулалт болсон байхад тус газрын удирдлагууд тендерийг ямар ч шалтгаангүй ямар ч арга хэмжээ авахгүй хүлээлгэж байсаар байгаад 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тендерийн хугацааг дуусгаж, тендерийн хугацаа дууссанаас хойш сарын дараа хүчингүй болгосон тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаас мэдэгдэл хүргүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д "Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасан бөгөөд Үнэлгээний хороо 2019 оны 12 дугаар сарын 19-ны тендерийг шалгаруулалтыг хийсэн нь тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах бүрэн боломжтой байсан нь нотлогдож байна.

Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А-6/62 дугаартай албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлт гаргасан бөгөөд Сангийн яамнаас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6-1/450 дугаартай албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрлийг олгосон боловч энэ хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно.

Захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан шалтгаанаар манай компанийн ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа нь илтэд хууль зөрчсөн хэрэг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ гэж, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно. гэж тус тус заасан байдаг.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн мэдэгдэлд тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэх шалтгаанаар манай ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг бүдүүлгээр зөрчсөн, хуулиар зөвшөөрөгдөөгүй үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон, хуулийн дагуу хүлээсэн захиалагчийн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх, шуурхай, тасралтгүй байх, хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах болон хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг тусгай зарчмыг баримтлах ёстойг тус тус зааж өгсөн байна.

Төрийн нэг байгууллагын дарга томилогдоогүйн улмаас үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхгүй, зогсонги байдалд орох нь Захиргааны ерөнхий хуулиар хориглогдсон, нөгөө талаас худалдан авах ажиллагааны үнэлгээний хороо 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж шийдвэр гаргасан байдал, түүнчлэн өргөн хүрээнд авч үзэхэд тус газраас зохион байгуулсан бүх худалдан авах ажиллагаанууд, түүнд холбогдон гаргасан бүх шийдвэрүүд хүчин төгөлдөр шийдвэр мөн эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.

Түүнчлэн, Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн хариу дурдсанчлан, тус худалдан авах ажиллагааны тендерийн хүчинтэй хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дууссан боловч Сангийн яамнаас 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгасан асуудал нь асуудал дагуулж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно гэж заасан байдаг.

Хуулийн энэхүү заалтаас үзэхэд тендер хүчинтэй байх хугацааг захиалагч этгээдийн хүсэлтэд үндэслэн нэг удаа сунгах зохицуулалттай байна. Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Улам-Өрнөхөөс ирүүлсэн тайлбарт дурдсанчлан, дарга томилогдоогүй тул үйл ажиллагаагаа явуулаагүй гэсэн нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хугацаа сунгуулах хүсэлт хүргүүлсэн байдал болон өмнөө барьж буй тайлбар нь зөрчилтэй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан гэж үзэхэд хүргэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлд захиалагч этгээдийг тодорхойлж өгсөн бөгөөд мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт 45.4.3асгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 45.2, 45.3-т зааснаас бусад болон энэ хуулийн 45.5-д заасан улсын болон бүс нутгийн чанартай бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч байна гэж, 46 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүрэгт хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах, үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах, үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах зэрэг эрх үүргийг тусгаснаас гадна 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж тус тус заажээ.

Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5 дахь хэсэгт Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан захиалагчийн эрх, үүргээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж зааснаас үзэхэд Төрийн худалдан авах ажиллагааны газар нь дээр дурдсан захиалагчийн эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлэх үүрэгтэйгээс гадна, Засгийн газрын 2019 оны тогтоолын дагуу тус газрын зүгээс 2019 онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлан өгсөн байдаг тул Төрийн худалдан авах ажиллагааны газар нь нэхэмжлэлийн шаардлагад холбогдох худалдан авах ажиллагааны хувьд захиалагч этгээд мөн байна.

Нэгэнт тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаанд багтааж үнэлгээний хороо хуралдсан, хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчийг үнэлгээний хорооны дүгнэлтээр шалгаруулсан, гэрээ байгуулах мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэхэд бэлэн болсон байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа тул төрийн байгууллагын эрх мэдэл бүхий даргын үзэмжээр тендерт оролцогч этгээдэд мэдэгдэл хүргүүлэхгүй байсан эс үйлдэхүйг шүүх үнэн зөвөөр тогтооно гэдэгт итгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны А/279 дүгээр тушаалаар XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо байгуулагдаж тендерийг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр зарлаж 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нээхэд 5 компани тендерт оролцсон бөгөөд Гангар инвест ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж, үнэлгээний тайлан дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга буюу захиалагчид хүргүүлсэн боловч, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан учир тендерт оролцогчдод гэрээ байгуулах болон татгалзах мэдэгдлийг манай байгууллагын зүгээс хүргүүлэх боломжгүй нөхцөл үүссэн гэх шалтгаанаар тендерт оролцогчдод мэдэгдэл хүргүүлээгүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна. гэж заасны дагуу тус тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дууссан бөгөөд хүчинтэй хугацааг Сангийн яамнаас 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгасан болно.

Ерөнхий сайдын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13 дугаар захирамжаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Улам-Өрнөхийг томилж, тус газрын албан хаагчдыг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр албан тушаалд томилсон. Энэ хүртэлх хугацаанд тус газар улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ, тамга тэмдэг аваагүй учир ямар нэгэн шийдвэр гаргах эрх үүсээгүй байсан бөгөөд газрын удирдлага албан хаагчид томилогдон үйл ажиллагаа эхлэхэд тухайн төсөл, арга хэмжээний тендерийн хүчинтэй хугацаа дууссан байсан тул тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэн зохион байгуулах боломжгүй нөхцөл үүссэн. Тендерт оролцогчдод 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаартай албан бичгээр тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдсэн болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Хар чонот ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлагын үндэслэлдээ ...Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 сүрьеэгийн эмнэлгийн /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Хар чонот ХХК оролцсон юм.

Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн хүчинтэй хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутад тендерийг нээсэн бөгөөд тендерийн оролцогчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу тендерт үнэлгээ хийхийг хүлээж байсан болно.

Тендерт оролцогчдоос ирүүлсэн материалуудтай харьцуулахад буюу урьдчилсан байдлаар манай компанийн ирүүлсэн тендер хамгийн бага үнэлгээтэй, хамгийн сайн гэж үнэлэгдэх боломжтой тендер байсан.

Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тендерт үнэлгээ хийхгүй байсаар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай I хуульд заасан тендерийн хүчинтэй хугацааг буруу тоолж, уг хугацааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж, манай компанид мэдэгдэхдээ зориуд дээрх хуульд заасан гомдол гаргах хугацааг өнгөрсөн хойно мэдэгдсэн болж илтэд хууль бус ажиллагаа явууллаа.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээ манай компанид тухайн үед мэдэгдээгүй, 10 хоногийн дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдлийг хүлээн аваад манай компани Сангийн яаманд хандаж гомдлоо гаргасан болно.

Гэтэл Сангийн яам нь 2020 оны 03 дугаар сарьн 18-ны өдрийн 6-1/1616 дугаар албан бичгээр манай компанийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэн гомдлыг хянан үзэхээс татгалзсан болно.

Сангийн яамны 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/1616 дугаар албан (бичигт дурдсан гомдол гаргах хугацааг манай компани өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж хэтрүүлээгүй, харин Төрийн худалдан авах ажиллагааны газар шийдвэрээ мэдэгдээгүй хууль зөрчсөн байхад уг байдлыг Сангийн яам харгалзан үзээгүй, холбогдох асуудлыг шалгаж тодруулаагүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол араахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гээд мөн зүйлийн 14.1.1-т эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж тус тус заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Засгийн газрын 2019 оны 12 дугаар 8-ны өдрийн тогтоолын дагуу шинээр үүсгэн байгуулагдаж, үүнтэй холбоотой хэвийн үйл ажиллагаа тасалдуулсан нь тус байгууллагыг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй ба хуульд заасан хугацаанд тендерийн үнэлгээ хийгээгүй нь нэхэмжлэгчид илтэд хохиролтой байна.

Тодруулбал, уг тендерт оролцогчдын үнийн санал болон бусад нөхцөл нийтэд ил болсон тул дахин шалгаруулалт явуулбал шударга өрсөлдөөн алдагдах, цаашилбал үгсэн тохирсон этгээдэд боломж олгохоор байна. Түүнчлэн манай компани нь тендерийн баталгаанд нийт 100,000,000 төгрөг банканд байршуулж, энэ хэмжээгээр компанийн мөнгөн хөрөнгийн эргэлт зогсож бодитой хохирол учирсан, банкнаас энэхүү төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зээл авахаар тохиролцсон байсан ба банк манай компанид зээл олгохоор тохирсон байсан тул зээлийн хөрөнгийг эргэлтэд оруулаагүй хүлээлгэснээс үүдэн хохирсон гэж үзэж цаашид манай гэрээнээс татгалзах, банкны хувьд бизнесийн нэр хүнд алдагдаж цаашид банк итгэл үзүүлэхээс татгалзсан тул энэ хэмжээгээр бодит бус хохирол үүсээд байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил. үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах ... , 28 дугаар зүйлийн 28.2-т Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ гэж, 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж тус тус заасан байна.

Хуулийн энэ заалтын дагуу тендерийг хүчинтэй хугацаанд үнэлж, гэрээ байгуулах нь захиалагч болон Тендерийн үнэлгээний хорооны үүрэг бөгөөд байгууллага өөрчлөгдөн татан буугдаж, шинээр байгуулсан гэх шалтгаанаар тендерт үнэлгээ хийхгүй байх эрх хэмжээ олгоогүй болно.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг зөрчин тендерийн хүчинтэй хугацаанд шалгаруулаагүй Төрийн худалдан авах ажиллагааны газар эс үйлдэхүй гаргаж байна.

Нэхэмжлэгч Хар чонот ХХК-нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас манай эд хөрөнгө, бизнесийн нэр хүндэд бодитой хохирол учирч улмаар тендерийг шударгаар үнэлүүлэх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын хүчинтэй хугацааг дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн материалд үндэслэн тендер шалгаруулалтыг хийхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Гуравдагч этгээд Хар чонот ХХК-нь нэмэгдүүлсэн бие даасан шаардлага болон тайлбартаа: ...Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, Тендерт оролцогч Хар чонот ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн XVII. 1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга Улаанбаатар төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар Хар чонот ХХК-ийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэн тендерийн шалгаруулалтаас хассан шийдвэр, мөн хуралдаанаар Гангар инвест ХХК-ийг ялагчаар шалгаруулсан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт манай компанийг илт үндэслэлгүйгээр шалгаруулаагүй нь хууль бус болохыг тогтоож, хамгийн бага үнийн санал ирүүлсэн Хар чонот ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү.

Түүнчлэн Гангар инвест ХХК болон Хар чонот ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлийг харвал нэхэмжлэгч Хар чонот ХХК тендерт үнэлгээ хийгээгүй тул үнэлгээ хийлгүүлэх гэж маргаж байгаа бол Гангар инвест ХХК нь тендерт үнэлгээ хийчихсэн, манайх ялсан тул гэрээ байгуулах ёстой гэж маргаж байгаа юм.

Төрийн худалдан авах ажиллагааны газар нь А-1/80 дугаар албан бичгээ 2020 оны 03 дугаар сарын 03-ний өдөр гаргаж бидэнд 03 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн ба уг бичгийг хүлээн аваад эс зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/1616 дугаар албан бичгийг хүлээн авч, эс зөвшөөрч 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Гангар инвест ХХК хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан зэрэг нь албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэж зориудаар хууль бус зохион байгуулалттайгаар шийдвэр гаргасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны А/279 дүгээр тушаалаар XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо байгуулагдаж, тендерийн урилгыг цахим систем (www.tender.gov.mn)-ээр зарлаж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тендерийг нээхэд 5 компани тендерт оролцсон байна.

Хар чонот ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгаа (цаашид ТОӨЗ гэх)-ийн 15.1-д Тендерт оролцогч нь 3 дугаар бүлэг буюу тендерийн жишиг маягтуудаас зохих маягтыг ашиглан тендерийн санал ба үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарийг бэлтгэж ирүүлнэ. Эдгээр маягтын үг, өгүүлбэрт утга агуулгыг нь өөрчилсөн буюу орхигдуулсан аливаа өөрчлөлт хийхийг зөвшөөрөхгүй. Маягт дахь бүх хоосон зайд шаардсан мэдээллийг нөхөж бичнэ. гэж заасан шаардлагыг хангаагүй гэж Үнэлгээний хороо дүгнэсэн байна.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана. гэж заасны дагуу Хар чонот ХХК-ийн тендерээс татгалзсан байна.

Түүнчлэн ...Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тендерт оролцогчтой гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 -т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг эахиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно. гэж заасны дагуу үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу гэрээ байгуулах зөвлөмжийг тухайн хариуцсан яам руу хүргүүлж, гэрээг яамны Төрийн нарийн бичгийн дарга байгуулдаг болно.

Тус төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны А/279 дүгээр тушаалаар байгуулагдсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйпийн 47.7.-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна. гэж, 47.8-д Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд нарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэж тус тус заасны дагуу үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тайлан дүгнэлтэд үнэлгээний хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд Хар чонот ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Тендерийг шалгаруулах үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуульд нарийвчлан зохицуулж заасан үйл ажиллагаа бөгөөд зөвхөн Хар чонот ХХК-ийн хүсэл сонирхолд нийцүүлэн дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг даалгах гэсэн нь Монгол улсын хуулиас давсан хүсэлт шаардлага болсон байна.

Хар чонот ХХК-аас гаргаж буй нэмэгдүүлсэн шаардлага нь бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй мөн Сангийн сайдын 2019 оны 06-р сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ыг ноцтой зөрчсөн, одоо хэлэлцэж буй асуудлаас тусдаа явагдах ажиллагаанд хамаарах шаардлага байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн гэсэн шалтгаанаар захиалагч Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдэл, Гангар Инвест ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай болон тендерт оролцсон бусад компаниудад хүргүүлэх мэдэгдлүүдийг гаргаж, хууль зүйн хүчин төгөлдөр байдлыг баталгаажуулж хүргүүлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй орхиж, нэхэмжлэгч манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон. Иймд Хар чонот ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Гангар инвест ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар дараах байдлаар тодруулсан болно. Үүнд:

1.    Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Гангар инвест ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,

2.    Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах

3.    Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан, гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх агуулга бүхий Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, Гангар инвест ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах

4.    Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн Гангар инвест ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Гуравдагч этгээд Хар чонот ХХК-нь эцсийн байдлаар дараах бие даасан шаардлагуудыг гаргасан байна.Үүнд:

1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах,

2. Тендерт оролцогч Хар чонот ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах,

3. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар Хар чонот ХХК-г шаардлагад нийцээгүй гэж дүгнэн тендерийн шалгаруулалтаас хассан шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. Мөн хуралдаанаар Гангар инвест ХХК-г ялагчаар шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

5. Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт манай компанийг илт үндэслэлгүйгээр шалгаруулаагүй нь хууль бус болохыг тогтоож, хамгийн бага үнийн снал ирүүлсэн Хар чонот ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах гэж бие даасан шаардлагаа тодруулсан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус бие даасан шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гангар инвест ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасан ба уг зохицуулалтаас үзэхэд шалгарсан болон шалгараагүй тендерт оролцогч бүрт нь нэгэн зэрэг мэдэгдэл өгөхөөр тодорхой хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Гангар инвест ХХК, гуравдагч этгээд Хар чонот ХХК болон тендерийн бусад оролцогчдод дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан мэдэгдлийг хүргүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана, 54.2-т Захиалагч гомдлын агуулгыг бүх тендерт оролцогчид мэдэгдэж, холбогдох шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж болох тендерт оролцогчийг гомдол барагдуулах ажиллагаанд оролцохыг урина гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх үйл баримт болон хуулийн зохицуулалтаас үзэхэд тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан мэдэгдлийг тендерт оролцогчдод хүргүүлээгүй учир уг мэдэгдлийг эс зөвшөөрөн захиалагчид гомдол гаргах эрх, боломж тендерт оролцогчдод олдоогүй байх тул ТӨБЗГ-2019/XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) Төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Магадгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан мэдэгдлийг зохих журмын дагуу албажуулан буюу баталгаажуулан тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэн тохиолдолд уг мэдэгдлийг эс зөвшөөрөн гомдол гаргах эсэх нь тендерт оролцогчдын эрхийн асуудал юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:, 46.1.2-т үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах гэж зааснаас үзэхэд захиалагч нь үнэлгээний хорооны шийдвэрт хяналт тавих буюу үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй байна.

Мөн цаашилбал тендерт оролцогчид нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон ...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах боломжтой юм.

Иймд тус тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа тендерт оролцогчдын гомдол гаргах эрхийг хангаагүй байх ба хуулийн дагуу зохион байгуулаагүй тендер шалгаруулалтаас шалгарсан оролцогчийг хууль ёсоор шалгарсан этгээд гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна, 29.4-т Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа  15 хоногоор сунгаж болно, 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасан байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ТӨБЗГ-2019/XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) Төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо тендерийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутад нээсэн байх ба Сангийн яамнаас тендерийн хугацааг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгаж, тус өдрөөр тендерийн хүчинтэй хугацаа дууссан байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Тендер шалгаруулалт хүчингүй болсон тухай №А-1/80 тоот албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсантай холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусаж тухайн тендер шалгаруулалт хүчингүй болж, дахин зарлахыг үүгээр мэдэгдэж байна гэж Гангар инвест ХХК-д  мэдэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр хуульд болон бодит байдалд нийцсэн, биелэгдэх боломжтой байх ёстой ба XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) Төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацаа дуусаж тус тендер шалгаруулалт хүчингүй болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Түүнчлэн энд тэмдэглэхэд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хаягласан Зөвлөмж хүргүүлэх тухай, Гангар инвест ХХК-д хаягласан Гэрээ байгуулах эрх олгох тухай, Хар чонот ХХК болон Барилга эрч ХХК-ийн түншлэлд хаягласан Мэдэгдэл хүргүүлэх тухай болон тендерийн бусад оролцогчдод хаягласан мэдэгдлүүд[1] буюу албан бичгүүд нь баталгаажаагүй буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд даргын гарын үсэггүй, тамга, тэмдэг дарагдаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй байх тул захиргааны акт гарсан гэж үзэхээргүй байна.

Ийм учир шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус бие даасан шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Хар чонот ХХК болон Барилга эрч ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 21/33 дугаартай, XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар)-ын ажлыг хамтран гүйцэтгэх Түншлэлийн гэрээ байгуулагдсан байна.

Уг Түншлэлийн гэрээний 2.1-д Захиалагчийн өмнө түншлэлийн гишүүдийг төлөөлж төлөөлөх эрх бүхий компани нь Хар чонот ХХК байх тул тус компани ерөнхий гүйцэтгэгчийн үүргийг хүлээж доорх эрхтэй байна. Захиалагчийн өмнө хоёр компанийг төлөөлөх бөгөөд бусад зүйлд тэгш эрхтэй байна гэж заасан байна.

Дээрх түншлэлийн гэрээний заалтаас болон хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд тус тендер шалгаруулалтад Хар чонот ХХК болон Барилга эрч ХХК-ийн түншлэл оролцсон болох нь тодорхой нотлогдож байх ба Хар чонот ХХК-нь зөвхөн захиалагчийн өмнө төлөөлөх эрхтэй байх тул Барилга эрч ХХК-ийг шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:, 54.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; гэж заасан байна.

Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй...гэж заасны дагуу гуравдагч этгээд Хар чонот ХХК-ийн бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус бие даасан шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус бие даасан шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.2, 54 дүгээр зүйлийн 54.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасныг тус тус баримтлан Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Гангар инвест ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан, гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх агуулга бүхий Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, Гангар инвест ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн Гангар инвест ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Гангар инвест ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерт оролцогч Хар чонот ХХК-ийн тендерийн материалд дахин үнэлгээ хийж, шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар Хар чонот ХХК-г шаардлагад нийцээгүй гэж дүгнэн тендерийн шалгаруулалтаас хассан шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн хуралдаанаар Гангар инвест ХХК-г ялагчаар шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт манай компанийг илт үндэслэлгүйгээр шалгаруулаагүй нь хууль бус болохыг тогтоож, хамгийн бага үнийн санал ирүүлсэн Хар чонот ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий гуравдагч этгээд Хар чонот ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус бие даасан шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Гангар инвест ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд Хар чонот ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Хар чонот ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь тус шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ