Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 00091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Улсын яллагч                                 Д.Уранчимэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         Б.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Энхжаргалд холбогдох 201718020122 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн №54 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /М3:97080305/ Боржигон овогт Баатарын Энхжаргал.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Энхжаргал нь 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхангайн задгай “Номголжин” ХХК-ийн хашаанд иргэн А.Ганчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхжаргал мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай найз Ганчимэг Улаанбаатар хотоос ирсэн гэхээр нь гэрт нь очиж уулзсан. Тэгээд гэрт нь очоод юм ярьж сууж байгаад гадаа гарч бид хоёр юм яриад сууж байсан юм. Би Ганчимэгийг зодсоноо сайн мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд  Ганчимэгийн ээж нь намайг цохиод татаж байсанг санаж байна. Дараа нь би гэртээ оччихсон нөхөртэйгөө утсаар ярьж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч А.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: … 2017 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 10 цаг өнгөрч байхад манай найз Энхжаргал аав руу зөндөө залгаад намайг асуугаад байсан гэсэн. Аав энэ талаар 14 цагийн орчим надад хэлсэн. Тэгээд өдөр 15 цагийн орчим бид хоёр нэлээн хэсэг хугацаанд юм ярьж сууж байгаад сүүлдээ би салах болоод би Энхжаргалд баяртай гэж хэлээд эргээд алхтал Энхжаргал миний араас ууж байсан савтай ундаа шидсэн. Ар нуруу норохоор нь эргээд харахын завдалгүй Энхжаргал миний үснээс араас зулгааж газар чирсэн. Тэгээд миний нуруу руу нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Энхжаргал чангаар чи миний найзаа гэсэн сэтгэл рүү ус цацлаа гээд орилоод байсан. Тэгснээ миний зүүн гарын сарвуу арагш нь дарахаар нь би хальт хашгирсан. Энэ үед гэрийн ард нэлээн зайтай жижиг хашаанд модны хог цэвэрлэж байсан ээж хүрч ирээд Энхжаргалыг салгасан... Би Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж томографик зураг авахуулсан. Бариачид байнга толгой бариулж байгаа. Бүх зардлыг Энхжаргал  даасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-р хуудас/

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №102 дугаартай дүгнэлтэнд:

 

1. Ганчимэгийн биед тархины доргилт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 15-р хуудас/

                  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт, Шүүгдэгч Б.Энхжаргалын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /32 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Энхжаргал нь 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхангайн задгай “Номголжин” ХХК-ийн хашаанд иргэн А.Ганчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч А.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 8-р хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №102 дугаартай шинжээчийн дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Энхжаргалыг хохирогч А.Ганчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Гэвч энэхүү гэмт хэрэг нь 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нь дагаж мөрдөгдөж байсан 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Энхжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай баримт хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул Б.Энхжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Энхжаргалд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас  Б.Энхжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

            2. Боржигон овогт Баатарын Энхжаргалыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Энхжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

4. Энэ хэрэгт Б.Энхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай. 

5. Б.Энхжаргалд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ж.ЭРДЭНЭБАТ.