| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2023/01755/И |
| Дугаар | 182/ШШ2023/03650 |
| Огноо | 2023-12-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2023/03650
2023 12 14 182/ШШ2023/03650/ШШ2023/01307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, шүүгч О.Аззаяа, шүүгч И.Амартөгс нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймагт байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт байрлах, Даатгал ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөр болон зардалд нийт 26,939,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Л
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,
Иргэдийн төлөөлөгч А.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Даатгал ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компани нь Даатгал ХХК-ийн Ховд аймаг дахь салбартай Авто тээврийн хэрэгслийн даатгалын №22030005819 дугаартай баталгааны гэрээ байгуулж, Т ХХК-ийн өмчлөлийн улсын дугаартай, Toyota Land Cruiser-J200 маркийн тээврийн хэрэгслийг 180,000,000 төгрөгөөр үнэлүүлэн 1,800,000 төгрөгийн хураамж төлж даатгуулсан. Манай компанийн ерөнхий инженер Л.Батхишиг нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгаас Увс аймгийн Наранбулаг сум руу улсын дугаартай, Toyota Land Cruiser-J200 маркийн тээврийн хэрэгслээр ажлаар явах үедээ зам дээр үерийн улмаас үүссэн жалга руу орж осолдсон. Л.Батхишиг нь осол болох үед зам мэдэхгүйн улмаас өөрийнхөө гар утасны "MAPS МЕ" арр ашиглан өөрийн байршил, явж буй замаа тодорхойлон явж байсан байх ба уг зам нь Ховд аймгаас Увс аймгийн Наранбулаг сум руу явах батлагдсан зам мөн бөгөөд GPS дээр хүртэл оруулсан байдаг.
Тухайн үед энэ замаар явж байсныг болон санаатайгаар осол гаргаагүй, ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явж байсан болохыг хамт явж байсан манай компанийн засалчин Я.Эрдэнэчимэг, Е.Сувд-Эрдэнэ нар гэрчилсэн. Тухайн газар гар утасны сүлжээ байхгүй байсан тул осол гарсан газрын болон тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн нөхцөл байдлыг Л.Батхишиг нь өөрийн гар утсаараа фото зургаар бэхжүүлэн цааш явж сүлжээтэй газарт очин Даатгал ХХК-ийн Ховд аймаг дахь салбартай холбоо барьж ослын талаар мэдэгдэхэд бид очих боломжгүй зураг авсан бол болно гэж хэлсэн учраас зурагнууд болон шаардлагатай бусад бичиг баримтуудыг бүрдүүлэн өгсөн. Мөн улсын дугаартай, Toyota Land Cruiser-J200 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн" ХХК-аар тодорхойлуулсан бөгөөд нийт 25,449,040 төгрөг болсон.
Гэтэл 1 сарын дараа Даатгал ХХК-аас Даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 1./3 дугаар зүйлийн 3.2.1 ....даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг санаатай бүрдүүлсэн, 3.2.18...Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн 3 заалтад заасан "батлагдсан замаас гарч шинэ зам гаргах гэсэн заалтуудад тус тус хамааруулан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу ирсэн.
Ингээд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 11.2-т зааснаар Санхүүгийн зохицуулах хороонд хандаж 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр маргааныг шийдвэрлэж өгөх талаар өргөдөл гаргахад учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэр ирсэн ба уг шийдвэрийг Даатгал ХХК нь эс зөвшөөрч манай компанид учирсан хохирлыг нөхөн төлж өгөхгүй байна.
Гэнэтийн зам тээврийн осолд өртөж эд хөрөнгөөрөө хохирсон үед нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж манай компанийг хохироож байгаад маш их гомдолтой байна.
Иймд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7.1-д заагдсан Даатгалын тохиолдол бий болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй тул даатгалын нөхөн төлбөр 25,449,040 төгрөг, Ашид билгүүн ХХК-аар үнэлгээ хийлгүүлсэн төлбөр 1,490,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 285,195 төгрөг нийт 27,224,235 төгрөгийг Даатгал ХХК-аас гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасыг баримтлан гэм хорын хохирол гэж үзэж байгаа гэв.
2.Хариуцагч Даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн ажилтан Л.Батхишиг нь даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг жолоодон 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгаас Увс аймгийн Наранбулаг сум руу явах үедээ жалга руу орж осолдсон хэмээн нөхөн төлбөрийн хүсэлт гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нөхөн төлбөрийн материал болох зургуудаас харахад осол болсон газар ямар ч зам байгаагүй. Замгүй газраар явах нь жалга, чулуу болон бусад зам тээврийн хэрэгсэлд аюул учруулах гадаад хүчин зүйлсийн нөлөө, эрсдэлийг хүлээн зөвшөөрсөнтэй ижил байдаг учраас даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 3.2.18, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.з-д батлагдсан замаас гарч шинэ зам гаргаж явахыг хориглосон заалтыг зөрчсөн бол нөхөн төлбөр олгохгүй.
Даатгуулагчийн өөрийн мэдүүлгээр мэдэхгүй газраар явсан байдаг бөгөөд ослын зургуудаас харахад замгүй газраар явсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Л.Батхишигтэй хамт явж байсан гэрч Я.Эрдэнэчимэг, Е.Сувд-Эрдэнэ нар нь өмнө нь тэр замаар явж байгаагүй, анх удаа явсан гэдэг мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Мөн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1661 албан бичигт тухайн осол болсон газар нь Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан замд хамаарахгүй байна гэж дурдсан байна.
Мөн Л.Батхишиг нь өөрөө үзлэг хийж байх үед maps me дээр яв гэж заасан замаар яваагүй. Өөрөө тэнд гарч байсан зургуудаас нь сонгож явсан гэдгээ хэлсэн. Мөн ямар ч замаар явж болно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр даатгалын тухай хууль болон даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч А.Нгийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Даатгал ХХК-ийг гэм буруутайд тооцож байна. Зам харгуйг очиж шалгаагүй, энэ талаар гэрээнд тусгаагүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргаж байна.
Даатгал ХХК нь нэхэмжилсэн мөнгийг өгөх ёстой гэж үзэж байна. Орон нутгийн зам дээр гарсан хэрэг хэдий ч даатгалд хамрагдсан бол даатгалын компани нөхөн төлбөр олгох ёстой гэж үзэж байна гэв.
4. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа /хх-7-8/
4.2. Л.Батхишигийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх /хх-9/
4.3 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-10/
4.4. Фото зураг /хх-11-21/
4.5. Даатгалын тохиолдол, ослын бүртгэл /хх-22/
4.6.Авто тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн маягт /хх-23/
4.7. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа /хх-24-25/
4.8 Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, төлбөрийн баримт, /хх-26-32/
4.9. Даатгал ХХК-ийн захирлын Нөхөн төлбөр олгохоос татгалзах тушаал /хх-34/
4.10 Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн өргөдөл /хх35/
4.11. Санхүүгийн зохицуулах хорооны хариу мэдэгдэх хуудас /хх-36/
4.12 Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-84-86/
5. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-40/
6. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүхийн тогтоолоор Авто тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн маягт, Даатгалын тохиолдол, ослын бүртгэл, Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, Даатгал ХХК-ийн захирлын Нөхөн төлбөр олгохоос татгалзах тушаал /хх-78-83/, хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүхийн тогтоолоор Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас лавлагаа /хх-129/-г тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Даатгал ХХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөр болон зардалд нийт 26,939,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагчтай Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгааны гэрээ байгуулж, улсын дугаартай, Toyota Land Cruiser-J200 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан. Уг тээврийн хэрэгслээр Ховд аймгаас Увс аймгийн Наранбулаг сум руу ажлаар явах замдаа үерийн улмаас үүссэн жалга руу орж осолдсон. Осол болох үед явсан зам нь орон нутгийн чанартай зам байсан. Тухайн осол болсон газар нь сүлжээ байхгүй байсан тул өөрийн гар утсаар тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн нөхцөл байдлыг фото зургаар бэхжүүлэн сүлжээтэй газар очин хариуцагч компанид мэдэгдэхэд бид очих боломжгүй зураг авсан бол болно гэж хэлсэн боловч даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан гэх агуулгаар тайлбарлаж байна.
3.Хариуцагч Даатгал ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Нэхэмжлэгчийн даатгалын нөхөн төлбөр авахаар бүрдүүлж өгсөн баримтаас үзэхэд осол болсон газар зам байгаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч замгүй газраар харанхуй бүрэнхий болж байхад яваад даатгалын тохиолдол болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас ирүүлсэн албан бичгээс үзвэл нэхэмжлэгч нь батлагдсан улсын чанартай замаар яваагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.з-д зааснаар батлагдсан замаас гарч шинэ зам гаргаж явсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж татгалзжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Т ХХК, Даатгал ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа нэртэй гэрээ байгуулагдаж, даатгуулагч нь 2017 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугаартай, JTMHU01J5J5135591 арлын дугаартай, Toyota Land Cruiser -J200 маркийн тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай, 180,000,000 төгрөгөөр даатгуулж хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг даатгагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Зохигчид гэрээг бичгээр байгуулж, зохих нөхцөлийг бүрэн тусгах Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3, 431.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулсан байна.
4.2 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын г-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно, 3.5-ын г-д тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгаас Увс аймгийн Наранбулаг сум руу даатгалын зүйл болох тээврийн хэрэгслээр явах үедээ үерийн улмаас үүссэн жалга руу орж осолдсон, гар утасны сүлжээ байхгүй байсан тул тус газрын болон тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн нөхцөл байдлыг өөрийн гар утсаараа фото зураг авч бэхжүүлсэн гэж тайлбарлан, даатгалын тохиолдол, ослын бүртгэлийн баримтыг нотлох баримтаар бүрдүүлж өгчээ.
Уг баримтад ослын талаар даатгуулагч Мянгад- Наранбулаг сум руу БУА-р явж байхад гэнэт зам хөндлөн жалга гарч ирсэн зогсох гэж оролдсон боловч элсэн зам дээр гулгалт үүсэж хальтран орсон гэж, даатгалын тохиолдлын шалтгааныг үзлэг хийхэд тээврийн хэрэгслийг гараашид хийж байршуулсан байсан, ослын газрын зургийг өөрсдөө авсан байв. Сүлжээгүй, орон нутгийн замд тохиолдол болсон байв. Сүлжээнд ороод дуудлага өгсөн. Гараашид очиж зураг авч, үзлэг хийсэн гэж дурдсан байна.
5. Талууд хэн аль нь зам тээврийн осол гарсан, уг ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, хариуцагч компанид даатгалын тохиолдол бий болсон эсэх талаар мэдэгдсэн гэдэгт маргаагүй, харин даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлийн талаар маргаж байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч талын хүсэлтийг үндэслэн шүүхээс тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Батхишигийн гар утсан дахь Maps me aппликэйшнд үзлэгийн ажиллагааг явуулж зам тээврийн осол болсон газрын солбилцлын цэгийг 48.74852, 92.167125 болохыг бэхжүүлсэн байна.
Улмаар хариуцагч талын хүсэлтийг үндэслэн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас дээрх солбилцол бүхий байршлыг дайран өнгөрсөн зам нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас албан ёсоор баталсан зам мөн эсэхийг тодруулахад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1661 дугаар албан бичгээр дээрх байршилд байх авто зам нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/152 дугаар Олон улс болон улсын чанартай авто замын чиглэлийг шинэчлэн батлах тухай тушаалаар баталсан улсын чанартай авто замд хамааралгүй гэх албан бичгийг ирүүлсэн байна. /хх129/
Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.22, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Монгол Улсын үндэсний авто замын сүлжээ" гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто замын сүлжээг;
4 дүгээр зүйлийн 4.1.24-т "орон нутгийн чанартай авто зам" гэж аймгийн нутаг дэвсгэр дэх хот, сум, суурин газар, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн баазыг хооронд нь холбосон болон тэдгээрийн доторх авто замыг; 4.1.28-д "улсын чанартай авто зам" гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг; гэж тус тус заажээ.
Дээрхээс үзвэл, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас ирүүлсэн албан бичигт зам тээврийн осол гарсан замыг улсын чанартай авто замын ангилалд хамааралгүй гэж тодорхойлсон хэдий ч энэ нь тухайн замыг Монгол Улсын үндэсний авто замын сүлжээнд ороогүй авто зам гэж үзэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, тухайн осол гарсан авто зам нь орон нутгийн чанартай авто замын ангилалд хамаарахаар байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас ирүүлсэн албан бичгийн хавсралт болох Авто замын сүлжээний зурагт тодорхой заажээ.
7. Хариуцагч Даатгал ХХК нь татгалзлын нэг үндэслэлээ нэхэмжлэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, батлагдсан замаас гарч шинэ зам гаргасан гэж тайлбарласан.
Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "авто зам" гэж тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан замын байгууламж бүхий хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж, сайжруулсан болон ердийн хөрсөн замыг; Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.15-д зам гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасан болон хөдөлгөөнд нээлттэй хучилттай буюу шороон зурвас газрыг гэж зааснаар ердийн хөрсөн замыг авто замд оруулахаар байна.
Түүнчлэн зам тээврийн осол гарсан зам нь орон нутгийн чанартай авто зам байх тул батлагдсан замаас гарч шинэ зам гаргасан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Хэрэгт нэхэмжлэгч Т ХХК-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.з-д батлагдсан замаас гарч шинэ зам гаргаж явахыг хориглосон заалтыг зөрчсөн талаарх баримт байхгүй, хариуцагч Даатгал ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
8. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгааны гэрээний 3.2.1-т ...даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн... гэж заажээ.
Нэхэмжлэгч нь харанхуй бүрий болсон байхад мэдэхгүй газраараа явж даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн болох нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно гэж хариуцагч тал татгалзсан.
Энэ талаар гэрч Е.Сувд-Эрдэнэ нь ...гадаад орчин харагдахгүй байсан, учир нь гадаа харанхуй байсан... гэрч Я.Эрдэнэчимэг нь ...Харуй бүрий байсан боловч гадаад орчин харагдаж байсан, 4 өнгөрөөгөөд 5 цагийн үед гарсан бөгөөд осол 6-7 цагийн үед болсон гэж тус тус мэдүүлсэн байх боловч гэрчүүд нь тухайн осол болоход жолооч шороон замаар явж байсан, ингэхдээ хурдтай явж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, жолооч GPS дагаад явж байсан талаар мэдүүлж байна.
Дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Хариуцагч Даатгал ХХК нь нэхэмжлэгчийн даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдлийг хүлээн авч тус компанийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн PD2023/840 дугаартай тушаалаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. Нэхэмжлэгч дээрх хариуг эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасныг тус хороо хянаад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 9/727 дугаар албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Нэхэмжлэгч нь дээрх ослын улмаас даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг тогтоолгоход 25,449,040 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, мөн хохирлын үнэлгээ тогтоолгоход 1,490,000 төгрөгийн зардал гаргасан болох нь Ашид билгүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
11. Иймд хариуцагчийн зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэх татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж, хариуцагч Даатгал ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 25,449,040 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 1,490,000 төгрөг нийт 26,939,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хуульд заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,195 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулна гэх боловч уг тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага гэж үзээгүй болохыг дурдаж байна.
12. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч А.Н нь Даатгал ХХК-ийг гэм буруутайд тооцож байна. Зам харгуйг очиж шалгаагүй, энэ талаар гэрээнд тусгаагүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргаж байна. Орон нутгийн зам дээр гарсан хэрэг хэдий ч даатгалд хамрагдсан бол даатгалын компани нөхөн төлбөр олгох ёстой гэж үзэж байна.. гэж дүгнэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий байна гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Даатгал ХХК-аас 26,939,040 / хорин зургаан сая есөн зуун гучин есөн мянга дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,071 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 1,426 төгрөг болон хариуцагч Даатгал ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 292,645 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ
ШҮҮГЧИД О.АЗЗАЯА
И.АМАРТӨГС