Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 184/2019/03156/и |
Дугаар | 308 |
Огноо | 2020-02-07 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 308
Б.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/03156 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч НШШГГ-т холбогдох
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжав,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00402 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Э-, Ц.Бямбадорж нараас зээлийн гэрээний үүрэгт 12 579 690 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 108 125 төгрөг, нийт 12 687 815 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр НШШГГ-т хандсанаар тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Б.Э-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019778 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 3 дугаар гудамж, 22 тоот хаягт байрлах, 64.5 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах Г-2201007814 дугаарт бүртгэлтэй 451 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газраас төлбөр гаргуулахаар ажиллагаа хийж байгаа юм.
НШШГГ- нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00402 дугаартай шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар заагаагүй атал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа үйлдэл хууль бус гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах бөгөөд төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна гэж заасныг зөрчсөн ажиллагаа болсон.
Иймд дээрх барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар болсон. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжав нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг өөрөө гардаж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.1.1-д заасан үндэслэл илэрсэн бол шүүхэд, 27.2-т заасан үндэслэл илэрсэн бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэж заасан. Гэтэл уг хуулийн зохицуулалтыг зөрчиж Б.Э-ын 64.5 м.кв талбай бүхий хувийн сууц, 451 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эхний дуудлага худалдааг явуулсан байсан.
Б.Э-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч НШШГГ-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төлбөр төлөгч Б.Э-, Ц.Бямбадорж нараас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийгдсэн. Түүнээс өмнө нь төлбөр төлөгч Б.Э-аас төлбөр гаргуулахаар 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 4310 дугаартай шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр явагдсан. Үүргийн гүйцэтгэл хангагдаагүй, барьцаа хөрөнгөөс гаргуулаагүй, зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа л явагдаж байгааг ойлгоогүй байна.
Учир нь, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/04310 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Б.Э-аас төлбөр авагч А.Ундармаад холбогдох 1 500 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 19 375 төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Дараагийн ажиллагаа 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/03509 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч нь нэг учраас “Хас банк” ХХК-ийн барьцаалсан хөрөнгийг битүүмжилсэн тогтоол нь “Хас банк” ХХК-ийн шийдвэртэй ажиллагаанд биш А.Ундармаагийн ажиллагаан дээр битүүмжлэгдсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хөрөнгө тодруулах ажиллагаанууд явагдсан талаар 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тоотоор нотлох баримтуудаа бүгдийг хэрэгт хавсаргасан. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Б.Э-ын бичиж өгсөн тайлбарт 1 настай хүүхдээ асарч байгаа тул түр хугацаагаар хойшлуулна уу гэсэн байдаг. Мөн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгчийн дансанд байгаа мөнгийг битүүмжилж, данс хаах тоотыг бүх банк руу явуулсан. Бүх банкнаас мөнгөн хөрөнгийн үлдэгдэл хүрэлцэхгүй болон данс байдаггүй гэсэн хариу ирж байсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Э-ын өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь 2013 онд “Хас банк” ХХК-тай байгуулсан зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэсэн хариу 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Энэ бичгийн дагуу манайхаас “Хас банк” ХХК-руу 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн үлдэгдэл болон зээл дууссан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ үү гэсэн албан тоотын хариу 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн үлдэгдэл 8 003 882 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн гэрээ дуусгавар болох хугацаа нь 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэж ирсэн.
Төлбөр төлөгч Б.Э-аас төлбөр авагч А.Ундармаа, н.Батжаргал, “Хас банк” ХХК, н.Номин-Эрдэнэ гэсэн дөрвөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байгаа. “Хас банк” ХХК нь барьцаалагчийн давуу эрхээр барьцаа хөрөнгөнөөс өөр мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгө байхгүй болох нь нотлогдсон тул барьцаа хөрөнгөөр хангагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан баталгаажуулах арга хэмжээ нь явагдсан. Дараа нь сайн дураараа төлж барагдуулаагүй учраас үл хөдлөх хөрөнгө дээр хийгдсэн ажиллагаа явагдсан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хөрөнгө хураах ажиллагаа явагдсан. 45 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож байсан. Тухайн үед явагдсан анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/19626 дугаартай тоотыг Ц.Бямбадорж хүлээж авсан байдаг. Төлбөр авагчид 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төлбөр санал болгох ажиллагаа явагдана гэсэн албан бичиг гардуулсан байдаг. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Хас банк” ХХК буюу төлбөр авагч нь дахин үнэлгээ тогтоолгоод бодит ханшийг хөндлөнгийн шинжээчээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2016 онд хураасан тогтоолыг хүчингүй болгоод дараа нь 2018 онд дахин хурааж талуудаас үнийн санал авсан хэдий ч хоорондоо тохиролцож чадаагүй. 15 012 000 төгрөгийн зөрүү гарч байсан. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4/19882, 4/19823 дугаартай тоотуудаар төлбөр төлөгч нарын хаяг руу баталгаат шуудангаар мэдэгдлийг явуулсан. Төлбөр авагч нарт анхны дуудлага худалдаа явуулах талаар 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4/20966 дугаартай мэдэгдлийг 1027 тоот тогтоолын хамт илгээсэн байдаг ба энэ дуудлага худалдаагаар хөрөнгө нь худалдагдаагүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах талаар 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/240072 мэдэгдлээр талуудад мэдэгдсэн байдаг.
Албадан дуудлага худалдаа болон хураах ажиллагаа, баталгаажуулах арга хэмжээ мөн хуульд заасны дагуу явагдсан учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Э- Ц.Бямбадорж нарт банкнаас 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 14 500 000 төгрөгийн зээлийг Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 3 дугаар гудамж, 22 тоот хаягт байрлах 64,5 м.кв талбай бүхий хувийн сууц, 451 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг барьцаалан олгосон байдаг. Зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс захирамж гарч, тус захирамжаар 12 579 690 төгрөгийг төлөх хуваарь гаргасан талуудын эвлэрлийг баталсан байдаг боловч хуваарийн дагуу төлөөгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандсан. Барьцаалагчийн давуу эрхээр барьцаа хөрөнгөөр хангуулахаар ажиллагаа хийж байгаа юм. Энэхүү шүүгчийн захирамж нь төлнө гэсэн үнийн дүнг баталгаажуулсан болохоос биш, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахгүй, зөвхөн бэлэн мөнгөөр хангуулна гэсэн шүүгчийн захирамж биш юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тухайд Б.Э-ын хувьд 3 дахь, Ц.Бямбадоржийн хувьд 4 дэх ажиллагаа нь байдаг юм. Манайхаас өмнө 5 шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Нийтдээ Б.Э-, Ц.Бямбадорж нараас 14 500 000 төгрөг гаргуулах ажиллагаа явагдаж байгаа. Төлбөр авагчийн хувьд зөвхөн өөрт хамааралтай материалуудтай л танилцах ёстой. Гэтэл энэ ажиллагаа нь 2013 оноос хийгдсэн харагдаж байна. Б.Э- болон Ц.Бямбадоржийн талаар бүх л лавлагаануудыг цуглуулахад зээлийн төлбөр төлөгдөх боломжгүй байсан учраас барьцаанд байгаа эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Төлбөр авах ажиллагаа дарааллаараа явагдах ёстой гэж үзэж байгаа боловч Иргэний хуулиараа барьцаалагч давуу эрхтэйгээр оролцоно гэдэг үүднээс дараагийн хураах ажиллагаа 2016 онд манайд явагдсан байдаг. Өөр 2016 оноос хойш зогсонги байдалтай явж байгаад саяхнаас эхэлж дахин үнэлүүлэх хүсэлт гаргасан. Өмнө нь хэдийгээр үнийн дүнд хүрэхгүй ч гэсэн 2 удаа албадан дуудлага худалдаа явуулахад борлогдоогүй. Хураах ажиллагааг 2019 оны 08 сард дахин явуулаад, хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж үнэлүүлэхэд 15 012 000 төгрөгөөр үнэлэгдэж төлбөр төлөгч тал болон, төлбөр авагч талд мэдэгдсэн. Анхны дуудлага худалдаагаар борлогдоогүй, сая 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдсан.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж заасныг үндэслэн манайх дуудлага худалдаанд оролцож 8 706 000 төгрөгөөр хөрөнгийг худалдаж авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Түдгэлзүүлэх тал дээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гомдол гаргаагүй. Мөн хоёр дахь дуудлага худалдаа явагдах хүртэл хугацаанд гомдол болон ямар нэгэн санал ирээгүй байсан. Тиймээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргах нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Хариуцагч нар шүүгчийн захирамжид заасан 12 579 690 төгрөгийг 2016 оноос хойш нэг ч төгрөг төлөөгүй өдийг хүргэсэн байна. Ямар нэгэн байдлаар төлбөр төлөх хүсэл эрмэлзэл огт байхгүй байгаа нь төлбөр авагчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Манай байгууллага 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцогчоор оролцсон нь Б.Э-ын хөрөнгийг өөрийн болгох гэсэн санаа биш. Төлбөр төлөгч нар мөнгөө төлчихвөл бид хөрөнгийг нь буцаагаад өмчлөлд нь шилжүүлэх бүрэн боломжтой гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар НШШГГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Б.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2 дахь албадан дуудлага худалдаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явагдсан байхад шүүх 2002 оны хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дах хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэргүйгээр барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө болон газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчид төлбөрт хураагдсан эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаа явагдах гэж байгаа талаар мэдэгдээгүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн албадан дуудлага худалдааны мэдэгдэл дээр “...анхны дуудлага худалдаанд оруулах...” гэж бичсэн байхад шүүхээс дээрх үйл байдлыг техникийн шинжтэй алдаа гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хороо, Зүүнбаян цагаан 3 дугаар гудамж, 22 тоот хаягт байршилтай, 64.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201019778 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байршилтай, 451 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2201007814 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалгааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. /1хх1-2, 190/
Хариуцагч НШШГГ- болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Хас банк” ХХК нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан гэсэн тайлбар гаргажээ. /1хх16-17,28,194,195/
Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00402 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Э-, Ц.Бямбадорж нар нь нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д төлвөл зохих нийт 12 579 690 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг, 10 дугаар сарын 26-ны өдөр 8 579 690 төгрөгөөр тус тус төлж барагдуулах талаарх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, улсын тэмдэгтийн хураамжид 108 112.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсэн байна. /1хх54-55/
Төлбөр төлөгч нар нь шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШЗ2016/05988 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч /1хх53/, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 705 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж /1хх52/, хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /1хх56/ Мөн Б.Э-, Ц.Бямбадорж нарт холбогдох “Хас банк” ХХК төлбөр авагчтай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас гадна П.Баасанцэрэн /1хх30/, Д.Батжаргал /1хх46/, “Практикал даатгал” ХХК /1хх48/, Э.Номин-Эрдэнэ /1хх50/, А.Ундармаа нарын төлбөр авагч нар төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг НШШГГ-т явуулж байсан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00402 дугаартай шүүгчийн захирамжид дурдаагүй буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019778 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 3 дугаар гудамж, 22 тоот хаягт байрлах, 64.5 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах Г-2201007814 дугаарт бүртгэлтэй 451 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газраас төлбөр гаргуулахаар хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.4, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудыг тус тус зөрчсөн” гэх агуулгаар тайлбарлажээ.
Гэтэл төлбөр төлөгч нар шүүхийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар дээрх 184/ШШ2016/00402 дугаар захирамжид заасан ба төлбөр төлөгч нар одоог хүртэл захирамжийг биелүүлж, төлбөр төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарт шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан журмаар ажиллагаа явуулснаар Б.Э-, Ц.Бямбадорж нарын нэр дээр мөнгөн хадгаламж болон бусад хөрөнгө байхгүй, харин нэхэмжлэлд дурдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгөнүүд байгааг болон уг үл хөдлөх эд хөрөнгөнүүд нь “Хас банк” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалагдсан байсан нь тогтоогджээ. Иймд хариуцагч байгууллага төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах дараалал болон шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй боловч төлбөр авагч “Хас банк” ХХК нь барьцаалагчийн хувьд тэргүүн ээлжинд хохирлоо барагдуулах эрхтэй талаар хийсэн дүгнэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 53 дугаар зүйлийн 53.6, 54 дүгээр зүйлийн 54.2, 77, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг 2019 онд явагдсан албадан дуудлага худалдааны ажиллагаанд хэрэглэсэн нь буруу гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй байна. Тодруулбал, төлбөр авагч “Хас банк” ХХК-тай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль мөрдөгдөж байх үед эхэлж, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр болоход буюу одоог хүртэл ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдсон. Мөн 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтыг албадан дуудлага худалдааны талаарх ажиллагаанд дүгнээгүй байна.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхэд хамаарах тул шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон ба нэхэмжлэгч энэ шаардлагын талаар давж заалдах гомдол гаргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/03156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Д.ЦОГТСАЙХАН