| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/1078/З |
| Дугаар | 128/ШШ2024/0127 |
| Огноо | 2024-02-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2024/0127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: О******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О******* нарын хоорондын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У*******, Ц.*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч Х.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч О******* ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*******д холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*******ы 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/29 дугаар Хяналт шалгалтын удирдамж-ийн дагуу хийсэн хяналт шалгалтын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О******* нь О******* ХХК-нд холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 0002356 дугаартай Шийтгэлийн хуудсаар 1 402 651 941 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
3. Тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч О******* ХХК шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0586 дугаартай шийдвэрээр ...Шүүх гомдлын шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагч компанийн санхүүгийн тайлангаас цаашид тодруулж байж торгуулийн хэмжээг тогтоох шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэн ...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаанд түдгэлзүүлж, уг хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдэж... шийдвэрлэжээ.
4. Гомдол гаргагч О******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2023/587 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэлтүүд хийж хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
5. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд О******* ХХК-нд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд тус бичигт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02/239 дүгээр албан бичгээр О******* ХХК хариу хүргүүлжээ.
6. Ийнхүү Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О******* дахин шинэ акт гарган, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гурилын үйлдвэрлэл эрхлэгчид нь гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, гурилын үнийг хэлцэн тогтоож байгаа нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр О******* ХХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 1.1 дахь хэсэгт заасны дагуу 1,038,109,251 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
7. Тус актыг эс зөвшөөрч О******* ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж гомдлын үндэслэлдээ: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О******* нь манай компанид холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 0002356 дугаартай шийтгэлийн хуудсаар "буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгчид нь гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй" гэх үндэслэлээр манай компанид 1.402.651.914 төгрөгийн торгууль ногдуулж шийдвэрлэсэн.
Манай компаниас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128 дугаартай шийдвэрээр тус шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаанд түдгэлзүүлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч нь 2023 оны 11 сарын 10-ны өдөр дахин 0002370 дугаар шийтгэлийн хуудсаар 1.038.109.251 төгрөгийн торгууль оногдуулж шийдвэрлэсэн байх бөгөөд бидний зүгээс энэхүү шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул ийнхүү шүүхэд гомдол гаргаж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ахлах байцаагч нь 0002370 дугаар шийтгэлийн хуудастаа ...бараа бүтээгдэхүүний /гурилын/ үнийг хэлцэн тогтоосон" гэх Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан. Тус хэргийг дээр дурдсанчлан анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэхдээ харилцан адилгүй дүгнэлт хийсэн бөгөөд хариуцагчаас давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэнийг огт харгалзан үзэлгүйгээр дахин шийтгэлийн хуудас ногдуулсан.
Давж заалдах шатны шүүх магадлалдаа "... хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагчийг тухайн гаргасан зөрчил болох буудайн гурилын үнэ нэмэхдээ хэлэлцэн тохирсон гэдгийг хангалттай нотлоогүй, шинж байдлыг харгалзан үзэж шинээр дахин акт гаргах нь зүйтэй байна" дүгнэсэн.
Гэтэл хариуцагч нь өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс "нотлогдоогүй" хэмээн дүгнэсэн "буудайн гурилын үнэ нэмэхдээ хэлэлцэн тохирсон" гэх үндэслэлээр дахин манай компанид торгууль оногдуулж шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхийн магадлалыг огт хайхралгүй орхисон байна.
Мөн шүүхээс Маргаан бүхий нөхцөл байдлыг дахин тодруулж, шийдвэрлэх замаар дахин акт гаргах шаардлагатай..., О ХХК-ийн тогтоосон бараа бүтээгдэхүүний үнэ бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэгчдийн тогтоосон үнийн хязгаартай ижил үнээр худалдаалагдаж буй эсэх, тус хуулийн этгээд нь зах зээлд шударга өрсөлдсөн эсэх, өрсөлдөгчийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянан шалгах бүрэн эрхтэй тул маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн эсэхийг хангалттай тогтоосон тохиолдолд дахин шинэ акт гаргах эрх нь нээлттэй хэмээн дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, улсын ахлах байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хуулийн этгээдэд торгууль оногдуулан шийдвэрлэх тохиолдолд дээрх нөхцөл байдлуудыг зайлшгүй тогтоож байж зөрчил үйлдсэн эсэхийг шийдвэрлэх ёстой байсан боловч хариуцагчаас дахин тус үндэслэлийг баримтлахдаа бодит байдлыг тогтоох ямар нэгэн нэмэлт ажиллагаа явуулаагүй болно.
Өрсөлдөөний тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох байдлаар картель байгуулах зөрчил нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх, бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байх, аж ахуй эрхлэгчид нь хоорондоо харилцаатай байх гэсэн гурван урьдчилсан нөхцөлийг хангасан тохиолдолд хэрэглэгдэх боломжтой юм.
Манай компани нь ямар нэгэн аж ахуй эрхлэгчтэй гэрээ, хэлцэл хийсэн зүйлгүй бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийг хэн нэгэнтэй хэлцэн тогтоосон зүйл огт байхгүй юм. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн бараа үйлчилгээ үзүүлдэг арилжаа эрхлэгчтэй гэрээ байгуулан өөрийнхөө бүтээгдэхүүний үнийг хуурамчаар өсгөн өрсөлдөөнийг хязгаарлаж, хэрэглэгчдийг үнэтэй бүтээгдэхүүн худалдан авахаас өөр аргагүй нөхцөл байдалд зориудаар хүргэсэн гэж буруутгасан атлаа үүнийгээ ...үнэ өссөн талаарх мэдэгдэл, санхүүгийн тайлан, мэдүүлэг /компанийн ерөнхий нягтлан бодогчоос авсан зэрэг нотлох баримтуудаар тогтоосон хэмээн үзжээ.
Эдгээр нотлох баримтууд нь давж заалдах шатны шүүхээс дүгнэсэнчлэн гурилын үнэ өссөн нөхцөлийг л нотлох агуулгатай байна. Харин улсын ахлах байцаагчийн манай компанийг 1.038.109.251 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны цорын ганц үндэслэл болж буй гурилын үнийг өсгөсөн нь бусад аж ахуй эрхлэгчидтэй өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулснаас үүдэлтэй гэх нөхцөл байдлыг тогтооход хамаарал бүхий мэдээлэл огт байхгүй нь өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт тодорхой болсон байтал уг баримтуудаар нотлогдоно гэж үзэж буй нь үндэслэлгүй юм. Иймд улсын ахлах байцаагч нь тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоогдсон мэтээр үзэж, нотлогдоогүй, үндэслэлгүй шийдвэрээр манай компанийг 1.038.109.251 төгрөгийн торгууль төлөхийг шаардаж буй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*******ы "О" 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
8. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь тухайн хэрэг нь шийдвэрлэгдсэн бөгөөд хугацаа тогтоож дахиж акт гаргахыг даалгасан шинжтэй шийдвэр гарсан. Шүүхийн даалгасан шийдвэрийг хариуцагч нөхөн гүйцээж хийсэн зүйл байхгүй байгаа.
Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн хариуцлагыг хүлээлгэх хуулийн урьдчилсан нөхцөл нь тухайн хуулийг зөрчсөн болохыг нотолсон байх шаардлага тавигддаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1.3 дах хэсэгт Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх Зөрчлийн тухай хуулийн 2.1.1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуульд заасан зөрчлийг гаргасан болохыг зайлшгүй нотолсон байж зөрчлийн хариуцлагыг тооцох эрх зүйн зохицуулалттай байна.
Энэ тохиолдолд маргааны агуулга нь Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо ГҮТББ-аас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улаан буудайн үнэ болон үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэн учир гурилын үнийг 50% нэмэгдүүлнэ гэсэн мэдэгдэл хийсэн гэж үзэж байгаа. Үүний дагуу үнээ нэмсэн тул шалгалт хийсэн гэж хавтаст хэрэгт авагдсан материалын хүрээнд харагдаж байна.
Хяналт шалгалтыг хийх явцдаа Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь хэсэгт заасан өрсөлдөөний хууль тогтоомжийг зөрчих гэдэг тусгай зохицуулалтыг баримталсан.
Өрсөлдөөний тухай хуулийн 11.1 дэх хэсэгт Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл, картель байгуулахыг хориглоно Мөн хуулийн 11.1.1 дэх хэсэгт бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Уг хэм хэмжээг хэрэглэхийн тулд 3 урьдчилсан нөхцөл зайлшгүй хангагдсан байх ёстой. Нэгдүгээрт аж ахуйн нэгжүүд нэгдэж, картель байгуулсан байх, хоёрдугаарт картель нь үнийг хэлэлцэж тогтоосон байх. гуравдугаарт энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан байх гэсэн шинжийг хангасан байх ёстой.
Аж ахуйн нэгжүүд нэгдэж, картель байгуулсан байх гэдэг үндэслэлийн хувьд нэхэмжлэгч компанийг ямар компанитай нэгдэж картель байгуулсан гэж үзэж байгаа үндэслэл нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл үгсэж хуйвалдсан юм уу? Эсхүл хэлэлцэж үнийг тогтоосон талаар баримт нотолгоо хариуцагчийн зүгээс байхгүй. Үүн дээр нэмж тодорхойлоход эрх бүхий этгээдийн дүгнэлт гэх 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэлийн дүгнэлт хэсэгт Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо ГҮТББ-аас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улаан буудайн үнэ болон үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэн учир гурилын үнийг 50% нэмэгдүүлнэ гэж мэдэгдэл хийсэн талаар дүгнэсэн. Дараагийн хэсэгт тус мэдэгдлийг гаргахаас өмнө нийт 6 удаагийн үйлдлээр гурилын үнээ нэмсэн гэж нэхэмжлэгч компанийг дүгнэсэн. Тэгэхээр уг мэдэгдлийн дараа картель үүссэн гэж үзэж байгаа юм уу? Уг мэдэгдэл гаргахаас өмнө картель үүсгэсэн гэж үзэж байгаа юм уу? гэдэг дүгнэлт байхгүй. Иймд аж ахуйн нэгжүүд нэгдэж картель байгуулсан байх, картель тогтоосон байх гэдэг шаардлага хангагдахгүй байна. Картель нь бараа бүтэгдэхүүний үнийг хэлэлцэж тогтоосон байх гэдэг шаардлагын тухайд тайлбар өгье. Бараа бүтээгдэхүүний үнэ гэдэгт гурилын зах зээл, гурилын үнэ гэж яваад байгаа. Манай улсын тухайд MNS-02442009 гэж буудайн гурилын техникийн ерөнхий шаардлага гэдэг стандарт хэрэгждэг. Гурилыг нийт 7 ангилдаг бөгөөд дээдийн дээд, дээд 1 дүгээр гурил, 2 дугаар гурил гэж ангилдаг. Гурилууд нь нэг ижил нэртэй байгаа боловч эдийн засгийн утгаараа бүгдээрээ бие биеийгээ орлох төрлийн ижил төрлийн бүтээгдэхүүн байгаа юм. Өөрөөр хэлэх юм болбол дээдийн дээд гурилаар бялуу хийдэг байлаа гэж бодоход энэ дээдийн дээд гурил байхгүй бодоход 1 дүгээр гурилыг орлуулах боломжтой, бие даасан бүтээгдэхүүн. Гэтэл хариуцагчийн зүгээс аль төрлийн буудайн гурил дээр үнэ өсгөсөн гэж ингэж үзээд байгаа юм бэ? Энийг зөрчил шалгах ажиллагааны явцад ерөөсөө тодорхой болгож чадаагүй. Гурилын үнийг өсгөсөн гэж байгаа ч аль гурилын үнийг өсгөсөн нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч нь өөрийнхөө гурилыг өсгөсөн талаар дурдсанаас биш буудайн зах зээл дээр дотоодын гурилын зах зээл дээр өөрөөр хэлэх юм болбол гурилын зах зээл тэлсэн юм бэ? Гурилын үнэ өссөн эсэх гэдэг макро орчны дүгнэлтийг дутуу хийсэн. Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор гурилын зах зээлийн үнэ өссөн байх юм бол нэхэмжлэгчийн гурилын үнээ өсгөсөн нь зах зээлийн жамаараа явж байгаа үйлдэл юм. Хариуцагч үүнийг хийгээгүй. Харин улаан буудайн үнэ өсөөгүй байхад яагаад гурилын үнэ өссөн юм бэ гэдэг асуудлыг тавьж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа ерөнхий удирдлагын зардал өндөр хэмжээгээр нэмэгдсэн талаар хэлсэн. Бие биеэ орлох бүтээгдэхүүний тухайд Дээд шүүхийн жишиг практик байгаа. Дээд шүүхийн практик дээр Өрсөлдөөний тухай хуульд зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүн нь ердийн тохиолдолд харилцан орлох шинж чанартай буюу хэрэглэж хаанаас ч очоод авч болох боломжтой бол чөлөөт зах зээл гэж үзээд барааны үнэ эрэлт нийлүүлэлтийн зарчмаар тогтоно гэж ингэж Өрсөлдөөний тухай хуулийг тайлбарласан. Тогтсон зах зээлийн үнийг бол төрөөс хянахгүй, чөлөөт өрсөлдөөнийг эсрэгээрээ хамгаалахад бол Өрсөлдөөний хууль тогтоомж чиглэнэ.
Харин зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдээд арилжаалагддаггүй буюу харилцан орлох бүтээгдэхүүн байхгүйн улмаас уг бүтээгдэхүүнийг худалдаж авах шаардлагатай байгаа нөхцөлд түүнийг борлуулж байгаа тухайн этгээдээс худалдан авахаас өөр сонголтгүй байх нөхцөлд тухайн бараа бүтээгдэхүүний үнийг түрүүлж зохицуулахын тулд Өрсөлдөөний тухай хууль тогтоомж илэрхийлэгдэнэ. Үүн дээр Өрсөлдөөний тухай хууль ашиглагдана гэж Улсын Дээд шүүхээс тайлбарласан.
Манай тохиолдолд 7 төрлийн гурил нь 12-оос 17-н гурилын үйлдвэрээр үйлдвэрлэгдэж зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэлийн 4 дэх хэсэгт 12-оос 17-н гурилын үйлдвэр байгаа талаар бичсэн байдаг. Үүнээс аваад үзэх юм бол уг гурил үйлдвэрлэгч компаниуд нь гурилын үнийг ялгамжтай байдлаар тогтоосон бөгөөд адил үнийн дүнтэй гурил байгаагүй. Иймд харилцан орлох шинж чанартай хэрэглэгч хаанаас ч чөлөөтэй олоод авч өгөх боломжтой бүтээгдэхүүний хувьд тухайн компанийг өмнөх үнээ нэмсэн гэх үндэслэлээр торгох гэж байна. Тодруулбал хэнтэй гэдэг нь тодорхойгүй картель үүсгэж байгаа гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн хяналт шалгалт хийх явцад Монгол улсад гурилын хомсдол үүсээгүй. Дотоодын зах зээл дээр гурил үйлдвэрлэгчид хангалттай хэмжээний улаан буудайн нөөцтэй, өөр өөрийн гурилыг үйлдвэрлэж байсан.
Гурилын үйлдвэрлэгч буюу бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа этгээд нь өөрийн бараа бүтээгдэхүүний онцлог шинжийг тодорхойлдог О ХХК-ийн хувьд Ургац нэрийн брэндийн гурилаар хэрэглэгчдэд танигдсан. Зах зээлийн сегментийн хувь хэмжээг харгалзаж, бие даасан байдлаар үнээ тогтоодог аж ахуйн нэгж байгаа. Компанийн тухай хуульд заасны дагуу компани нь ашгийн төлөө үндсэн зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэний эрх зүйн бие даасан субъект болохынхоо хувьд чөлөөт зах зээл дээр хориглох боломжгүй. Үүнээс үзэхэд үнийг хэлэлцэж тохирсон гэдэг баримт хэргийн материалд авагдаагүй байна. Тодруулбал, хэд хэдэн аж ахуйн нэгж нь нэгдүгээр гурилыг харилцан тохиролцсоны үр дүнд хэдэн хувиар нэмсэн, үүнээс үүдээд бусад үйлдвэрлэгчид нь өрсөлдөөнд нэвтрэхэд сөрөг нөлөө үзүүлсэн гэдэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Уг асуудлыг дүгнээгүй байна.
Дараагийн урьдчилсан нөхцөлийн тухайд өрсөлдөөнийг хязгаарласан талаар дурдаагүй. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Өөрөөр хэлбэл уг зохицуулалт нь аж ахуйн нэгжүүд хоорондоо хамтарч өрсөлдөөнөө зогсоож, картель үүсгэх. Энгийнээр тайлбарлавал картель гэдэг нь олон аж ахуйн нэгжүүд үнээр өрсөлдөхгүй ижил үнэ тогтоож бараа ажил үйлчилгээгээ зарахыг ойлгоно. Үүнээс болж хэрэглэгч хаанаас ч адил үнээр авах болдог. Үүний цаана өөртөө байгаа давамгай байдлыг зүй бусаар ашиглахыг оролддог аж ахуйн нэгж байгаа. Үүнийг хуулиар зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуйн нэгж гэж тодорхойлдог. Манай компанийн хувьд зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуйн нэгж биш гэдгийг шүүх харгалзаж үзэх хэрэгтэй. Хариуцагч тайлбартаа Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэхээсээ илүү үндэслэлгүйгээр нэмсэн өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг авч хохирч байгаа талаар дүгнэлтдээ хэд хэдэн удаа давтсан байгаа. Өрсөлдөөний тухай хуулиар өрсөлдөөнд гаднаас нэвтрэхэд хүндрэлтэй байдлыг зохицуулахад чиглэгддэг. Харин аж ахуйн эрхлэгчтэй холбоотой хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар зохицуулагдана. Иймд хууль хэрэглээний хувьд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийг хольж хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргаж байгааг шүүх анхаарч үзэх хэрэгтэй байна.
Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэлийн 4 дэх хэсэгт Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо ГҮТББ-ын гишүүд үгсэн тохиорсон гэж үзэж байгаа юм бол нэхэмжлэгч нь тухайн мэдэгдэл гарахаас өмнө 6 удаа үнээ нэмсэн талаар бодитой дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч компани нь 2022 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарыг хүртэл тухайн компанийн аж ахуйн зардал хэдэн хувиар өссөн талаар дүгнэлт хийгээгүй. Зөвхөн улаан буудайн үнэ тогтмол байхад үнийг нэмэх боломжгүй гэж дүгнэлт хийж байна.
Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо ГҮТББ нь хэдэн гишүүдтэй байгууллага болох эдгээр гишүүдийн худалдан, борлуулдаг улаан буудайн гурил нь ямар сорт юм бэ? Ямар үнээр зарагддаг. Аль аль компанийн үнэ нь адилхан байгаа талаар хариуцагч судалгаа хийгээгүй. Өөрийн таамгаар картель үүсгэсэн гэж дүгнэлт хийж, тус дүгнэлтдээ зориулж шалгалтын ажил зохион байгуулсан гэж үзэж байна. Хяналт шалгалтыг заавал удирдамжтай хийх талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У*******ын тайлбартаа дурдсан. Тухайн хяналт шалгалт хийлгэж байгаа аж ахуйн нэгж ямар асуудлаар хяналт шалгалт хийлгэх гэж байгаа, ямар эрх зүйн үр дагавар өөрт нь үүсэх гэж байгаа талаар хангалттай мэдээлэлтэй болсны дараа шалгалтыг хийлгэнэ. Гэтэл удирдамж нь 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан байхад О ХХК-д 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хяналт шалгалтыг хийж эхэлсэн байдаг. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид хяналт шалгалтын байгууллага гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана гэж заасныг зөрчсөн. Уг зөрчил нь захиргааны байгууллагаас аливаа шийдвэр гаргахдаа хуульд үндэслэсэн байх гэдэг зарчмыг баримтлахдаа формал алдаа гаргасан. Энэ алдаанууд нь актыг хүчингүй болгох хэмжээнд хууль зүйн нөлөө үзүүлжээ гэж хуулийн хэрэглээний хувьд дүгнэж байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан. Үүнээс авч үзвэл ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаануудыг хийсэн, холбогдох бүх нотлох баримтуудыг цуглуулсан, улмаар эдгээрт үнэлгээ хийх замаар бодит нөхцөлийг тогтоохыг үүргийг одоо хүлээлгэсэн байна. Энэ үндсэн дээр захиргааны үйл ажиллагаа нь иргэн болон хуулийн этгээдийн субьектив эрх ашгийг зөрчихгүйгээр хууль ёсных болдог. Гэтэл манай тохиолдолд дээр дурдсан ажиллагааг нотлох баримтад тулгуурлаж хийгээгүй. Нэхэмжлэгч компани чөлөөтэй бизнес эрхлэх, зах зээлд өөрийн гэсэн онцлог бүхий бүтээгдэхүүнийг нийлүүлэх, аж ахуйг чөлөөтэй эрхлэх, ашиг орлого орох, хэвийн үйл ажиллагаа явуулах гэх эрхийг зөрчсөн байна. Иймд шийтгэлийн хуудас бүхэлдээ хүчингүй болох үндэслэлтэй байна. гэв.
9. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ургац нэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргадаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас манай компанийг үнэ нэмсэн гэх асуудлаар акт тавьсан. Компани нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулаад, ажилчдадаа цалин олгож байгаа. Мөн Монгол улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор татвар төлж ажиллаж байхад төрөөс эцсийн бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээнд барих зорилгоор дарамт шахалт үзүүлж байна. Бид нар улаан буудайгаа худалдаж аваад эцсийн бүтээгдэхүүн болгож зардлаа тооцоолоод үнийг зах зээлийн мэдрэмж, хүмүүсийн мэдрэмж, худалдаж авах чадварт нийцүүлээд тухайн үеийнхээ зах зээлийг судалж байгаад тодорхой хэмжээний ашиг гаргаж бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоодог. Гэтэл хөндлөнгөөс өмчлөх эрх рүү халдсан шийдвэр гаргаж байна гэж бид эмзэглэж байна. Тухайн хяналт шалгалтын үед зөвхөн 2 дугаар гурилын үнийг нэмсэн. 1 дүгээр гурил болон 2 дугаар гурилын үнийг нэмээгүй байсан. 1 дүгээр гурил болон 2 дугаар гурилын үнийг болбол хэлэлцэж тохиролцоод нэмсэн гэж дүгнэлт гаргаж картель үүсгэж, өрсөлдөөн хязгаарлаж байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй учир дутагдалтай байна.
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа буюу ямар зорилгоор шалгалт хийх гэж байгаа, шалгалтын зорилго, шалгалтын үр дагавар зэргийг нэхэмжлэгчид ойлгуулаагүй. Үүнээс шалтгаалаад баримт материал, зах зээлийн судалгаа бусад баримтаа гаргаагүй. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө манай зүгээс шинжээч томилуулж зардлын тооцооллыг гаргуулах хүсэлт тавьсан. Өмнө нь манай компани нь ашиггүй ажиллаж байсан бөгөөд ашиггүй ажиллаж байсан санхүүгийн баримтаа гаргаж өгсөн.
Компани буюу бие даасан иргэний эрх зүйн харилцааны оролцогчид төр хөндлөнгөөс нөлөөлсөн, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Хуулийн хүрээнд өрсөлдөөнийг хязгаарлахтай холбоотой зохицуулалт нь энэ тохиолдолд үйлчлэхгүй. Үндсэн хуульд зааснаар чөлөөтэй, иргэнлэг, ардчилсан эрх зүй, эдийн засгийг бүрдүүлэхээр явж байгаа гэж би ойлгож байгаа. Гэтэл төрөөс тухайн бүтээгдэхүүний эцсийн үнийг тодорхойлох гээд байх юм бол асуудал үүсэж эхэлнэ. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.
10. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О******* ХХК нь 2013 онд Швейцарын Буллер гэх тоног төхөөрөмжийг оруулж ирж, гурил үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд 2015 оноос эхлэл санхүүгийн үйл ажиллагаа жигдэрсэн гэж үзэж байгаа. За 2015-аас 2022 оны хооронд санхүүгийн тайланг үзэхэд 2016 он, 2018 он, 2020 онд 3,3 тэрбум төгрөгийн ашигтай. За 2015 он 2017 2019 он 2020 он 2021 онуудад буюу нийт 5 жилийн хугацаанд 6,4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа.
Борлуулалтын орлогыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгтэй харьцуулахад эдгээр 8 жил 82%-аас 99,1% хүртэл байгаа. Дунджаар үзвэл 89,8%-ийн үзүүлэлттэй байгаа. Бизнес эрхлэгчдийн өртөг, борлуулалтын орлогын харьцаа ойролцоогоор 64% байдаг. Энэ үзүүлэлттэй зах зээлийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад маш хангалтгүй үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл гурилын зах зээлийн үнэ харьцангуй доогуур байсныг харуулж байгаа.
Цэвэр хөрөнгө буюу эзний өмч 2015 оноос 2022 оны хүртэл 5,9 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй, гаднын зээл буюу хөнгөлөлттэй зээл, эсвэл арилжааны банкны зээлээр санхүүжих боломж үлдсэн байгаа юм.
Богино хугацаат зээлийн үлдэгдэл 2016 оноос 2022 оны хооронд 9,7 тэрбум төгрөг, урт хугацаат зээлийн үлдэгдэл 2015 оноос 2022 оны хооронд 15,9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ нь маш өндөр дүнтэй зээлийн буюу өрний дарамтад орж ажиллаж байсныг харуулж байгаа.
Мөнгөн гүйлгээний тайлангаар мөнгөн орлогын дүнгийн 85,9%-ийг зөвхөн түүхий эд, материалд шилжүүлсэн зарлага эзэлж байгаа. Энэ нь түүхий эд материалд нийт зардлын 85,9% нь явдаг гэсэн үг. Мөнгөн гүйлгээний тайлангаар 2015 оноос 2022 оны хооронд цэвэр мөнгө, гүйлгээний үлдэгдэл 9,2 сая төгрөгийн алдагдалтай байгаа. Эдгээрээс дүгнэхэд бүтээгдэхүүний үнийг тогтооход ирээдүйн хүлээлт нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл 2022 он маш онцгой жил. Бүх бүтээгдэхүүний бүх зардлын зардал өсчихсөн. Зах зээл дээр энэ нийт бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, голлох түүхий эд материал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлуудын ирээдүйн өсөлтийг тооцоолж байж цаашаа явна. Улаан буудайн үнэ нэмэгдэх нь тодорхой болсон тохиолдолд ирээдүйн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, өссөн дүнгээр төлөвлөхийн тулд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх нь өөрөө энэ санхүүгийн механизм юм.
2015 оноос 2022 оны нийт мөнгөн орлого, зарлагын дийлэнх хувь нь түүхий эд, материалд зарцуулагдсан. 2021 онд 3,95 тэрбум төгрөгийн мөнгөн орлоготой, буюу ашигтай харагдаад байгаа юм. Гэтэл салбал 7 компаниас нэхэмжлэгч О ХХК-д орж ирсэн мөнгөн гүйлгээ байгаа. 2022 онд болохоор 10,7 тэрбум буюу нөгөө орж ирсэн мөнгөн гүйлгээнүүд маань буцаад гарч байгаа.
Гурил нь стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа төрөөс гурилын үнэнд хяналт тавьж ирсэн. Манай компанийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг 89,8% байгаа маш өндөр үзүүлэлт бөгөөд үлдсэн 10% нь ерөнхий удирдлагын зардал болон борлуулалт, маркетингийн зардал гэх үндсэн зардлаа нөхөж чадахгүй байгаа тул алдагдалтай ажиллаж байгаа. Компани ашиг олохын тулд үндсэн хоёр арга байгаа. Эхний арга нь борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, үнэ нэмэгдүүлэх. Борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх буюу дахиж тоног төхөөрөмж буюу их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай. Энэ ирээдүйд дахиад өөр зардлуудыг өсгөнө. Иймд зах зээлийн хуулиараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Иймд гурилын үнэ нэмэгдсэн нь үндэслэлтэй. гэв.
11. Хариуцагч Х.О******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Иргэдийн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан мэдээллийг үндэслэн Агентлагийн даргын 2022 оны 01/29 дугаартай удирдамжийн дагуу гурилын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, гурилын үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 60 хоногийн хугацаанд хяналт шалгалт хийсэн.
Шалгалтаар "У*******", "О*******", "А******* ХХК-иуд нь 2022 он гарсаар 4-10 удаагийн Гүйцэтгэх захирлын тушаалаар буудайн гурилын үнийг 58,2 хувиар нэмэгдүүлсэн нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар зөрчлийн 2202******* дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, "У*******" "О*******" ХХК-иудыг үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ нэмэгдээгүй байх хугацаанд гурилын үнийг нэмэх замаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус торгуулийн шийтгэл оногдуулсан.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн хүрээнд: "О" ХХК-ийн нэхэмжлэлтэй тус газрын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаар шийдвэр"-ийг эс зөвшөөрч гаргасан "О" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 587 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "О" ХХК-ийн 2021 оны борлуулалтын орлогын тайланд борлуулалтын орлогын нийт дүн 23,377,531,994,27 төгрөг үүнээс гурилын борлуулалтын орлого 17,301,820,854,03 төгрөг болох нь тогтоогдож байх бөгөөд улсын байцаагч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулахдаа компанийн борлуулалтын орлогын нийт дүнгээс 6 хувиар тооцож торгууль оногдуулсан нь буруу байсан гэж дүгнэн тус компанийн санхүүгийн тайлангаас цаашид тодруулж байж торгуулийн хэмжээг тогтоох шаардлагатай байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 586 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт "О" ХХК нь 2022 он гарсаар 4-10 удаагийн гүйцэтгэх захирлын тушаалаар буудайн гурилын үнийг 58,2 хувиар нэмсэн, "Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо" ГҮТББ-аас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гурилын үнийг нэмэх асуудлаар мэдэгдэл хийсэн нь бараа бүтээгдэхүүний үнийг нэг өдөр, ижил дүнгээр нэмсэн эсэхээс үл хамааран Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т "аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан" гэж заасныг зөрчиж үндсэн түүхий эдийн үнэ өсөөгүй байх хугацаанд дунджаар гурилын үнийг 33,1 хувиар өсгөсөн гэх зөрчлийг компанийн санхүүгийн тайлан, хууль ёсны төлөөлөгчдийн өгсөн мэдүүлэг, улаан буудайн татан авалт болон буудайн үнийн мэдээллүүд зэрэг баримтуудаар тогтоож "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 1.1-т "бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох" гэж заасныг үндэслэн 1,402,651,914 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ" гэж дүгнэсэн бөгөөд тус шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 586 дугаар шийдвэрийн 3-т "Нэгэнт гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй энэ тохиолдолд хэрэглэгчдийн өргөнөөр сонгон хэрэглэдэг дээд болон нэгдүгээр гурилын үнийг нэмэгдүүлэн өөрийн харилцагчдад нийлүүлж байгаа нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэл оногдуулсан үндэслэлтэй." гэж тус тус дүгнэсэн.
Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05- ны өдрийн 586 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т "Шүүх гомдлын шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагч компанийн санхүүгийн тайлангаас цаашид тодруулж байж торгуулийн хэмжээг тогтоох шаардлагатай... гэж, Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 587 дугаар магадлалын 2.9-д "Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар "О" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр торгууль ногдуулсан байхад анхан шатны шүүхээс ...хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй" гэж гомдол гаргагч байгууллагыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчсөн эсхүл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг зөрчсөн буюу ямар үндэслэлээр зөрчилд тооцсон болон ямар хуулийг зөрчсөн талаар зөрүүтэй дүгнэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй тул хариуцагч байгууллагаас ийнхүү зөрүүтэй байдлыг нэг мөр дүгнэж, маргаан бүхий нөхцөл байдлыг дахин тодруулж шийдвэрлэх замаар дахин акт гаргах шаардлагатай..." гэснийг тус тус биелүүлэх хүрээнд "О" ХХК-д дээд болон 1-р гурилын борлуулалтын орлогын дүнг тусад нь тооцож, ирүүлэх тухай тус газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1527 дугаартай албан бичгийг хүргүүлсэн боловч дурдсан хугацаанд хариу ирүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон "О" ХХК-ийн гурилын борлуулалтын орлого 17,301,820,854,03 төгрөгөөс тооцож 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаар шийтгэлийн хуудсаар 1,038,109,251 төгрөгийн торгууль оногдуулсан.
Иймд "О" ХХК нь үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ, бусад зардал өсөөгүй байх хугацаанд гурилын үнийг нэмэх замаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл болох бөгөөд уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу "О*******" ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О******* ХХК нь стратегийн хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгаа. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дах хэсэгт "стратегийн хүнс" гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг ойлгоно гэж заасан. О ХХК-ийн хувьд 2021 онд Монгол улсын Засгийн газраас гаргасан 341 дүгээр тогтоол буюу Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж 2021 онд 2,5 тэрбум төгрөгийн зээлийг авсан. Зээлийн зорилго нь улаан буудай худалдаж авах зорилготой. Хяналт шалгалт хийсэн хугацаа нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01\29 дүгээр хяналт шалгалтын удирдамжаар хийгдсэн.
О ХХК нь 2021 онд авсан хөнгөлөлттэй зээлээр 2021 оны 09 дүгээр сараас эхэлж дараа онд үйлдвэрлэх гурилын улаан буудайн нөөцийг дотоодын тариаланч нараас 650.000 төгрөгөөр, Оросын холбооны улсаас 750.000 төгрөгөөр нийтдээ 29.3 мянган тонн улаан буудайг нөөцөлж авсан. Хяналт шалгалт хийж байх хугацаанд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас авсан албан ёсны мэдээллээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 11.000 тонн улаан буудайн үлдэгдэлтэй талаарх мэдээлэл хяналт шалгалтын материалд хавсаргачихсан байгаа. Нэхэмжлэгч нь тайлбартаа удирдамжгүй хяналт шалгалт хийж байгаа талаар дурдаж байна. Уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн прокурорын хяналтад хууль тогтоомжийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Мөн энэ маргаан маань өмнө нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатын шүүхээр дүгнэгдэж, шийдвэрлэгдсэн байгаа.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0586 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт "О" ХХК нь 2022 он гарсаар 4-10 удаагийн гүйцэтгэх захирлын тушаалаар буудайн гурилын үнийг 58,2% нэмсэн. Өөрөөр хэлбэл гол түүхий эд болох улаан буудайны үнэ өсөөгүй байхад үнээ нэмсэн. Хяналт шалгалтын үйл ажиллагаа 2022 оны 10 дугаар сард эхэлсэн бөгөөд үнээс өмнө нэхэмжлэгч "О" ХХК нь гурилын үнийг нийт 6 удаа нэмсэн бөгөөд хяналт шалгалтаас хойш 2 удаа үнээ нэмсэн. Эдгээр мэдээллийг өөрсдийнх нь гаргаж өгсөн баталгаажсан санхүүгийн тайлан болон зах зээлийнх нь судалгаагаар бид нар гаргасан.
Хэрэглэгчдээс гомдол ирсний дагуу хяналт шалгалтаас өмнө тайлбар мэдээллийг авахаар "О" ХХК-д манай зүгээс албан бичгийг болбол удаа дараа явуулаад "О" ХХК-аас хариу ирүүлээгүй. Эдгээр баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.
"Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо" ГҮТББ-ийн гишүүнээр "О" ХХК болон У******* ХХК байдаг.
Картелийг "О" ХХК болон У******* ХХК нар хоорондоо хийсэн гэж үзсэн. Яагаад хэрэг нь нэгтгэгдээгүй гэвэл шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа нь харилцан адилгүй байгаа тул тусдаа шийдвэрлэгдээд явж байгаа. Иймд "О" ХХК-ийг ганцаараа картель байгуулсан гэж үзээгүй.
Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т "аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан" гэж үзэж байгаа. Хэлэлцэж, тогтоож картель хийсэн гэдгийг заавал нэг өдөр, ижил үнээр, ижил цаг хугацаанд үнээ нэмэгдүүлсэн байхыг шаарддаггүй. "Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо" ГҮТББ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийснээр картель хийж, үнээ нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа. Гол түүхий эд улаан буудайн үнэ өсөөгүй байхад 6 удаа үнээ нэмсэн. Тодруулбал 2021 оны 01 дүгээр сард 1080 төгрөгийн үнэтэй байсан гурил 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1650 төгрөг, "Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо" ГҮТББ мэдэгдэл хийснээс хойш 2 удаа үнээ нэмж 2022 оны 10 дугаар сарын 26-ны байдлаар 2200 төгрөг болж нэмэгдсэн. Гурил нь монгол хүний өдөр тутмын хэрэглээ бөгөөд хүнсний гол түүхий эд юм. Иймд гурилын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байдаг. Зах зээл дээр хэрэглэгчид эцсийн бүтээгдэхүүн болж очихдоо эдгээр зардал нэмэгддэг. Гурил нь өөрөө стратегийн хүнс учраас Засгийн газраас барьж байгаа бодлогын хүрээнд өнгөлөлттэй зээл тусламжид тогтмол хамрагдаж байдаг. Иймд аж ахуйн нэгжийн үнэд оролцож хяналт шалгалт хийх ийм зайлшгүй шаардлагатай. Харин чөлөөт зах зээлийн нийгэм дээр зах зээлийнх нь зарчмаар явж байгаа аж ахуй эрхлэгчийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гурилын үнэ зөвхөн улаан буудайнаас шалтгаалахгүй гэж тайлбарлаж байна. Бусад зардлууд нь тооцоологдож байгаа. 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар "О" ХХК-ийн гаргаж өгсөн баталгаажсан зардлын тайлангаар бусад зардал буюу хүний нөөц болон маркетинг, удирдлагын зардал нийгмийн даатгалын шимтгэл болон бусад зардлууд нь нийт зардлын 0,3-аас 2,4%-ийг эзэлж байгаа. "О" ХХК-ийн гаргаж өгсөн баталгаажсан санхүүгийн тайлангийнх нь тооцооллоор гурилын дундаж өртөг нь өөрөө 898 төгрөг 65 мөнгө гэсэн тооцоолол гарч байна. Үүн дээр тээвэр болон бусад зардлаа нэмж тогтсон үнэ гаргаж болох байхад улаан буудайны үнэ бусад зардал нь нэмэгдээгүй байхад тогтмол үнээ нэмэгдүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн. "Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо" ГҮТББ-ийн мэдэгдэл гарснаас өмнө болон хойно нь "О" ХХК болон У******* ХХК нь 2 ба түүнээс дээш удаагийн давтамжтай үнээ нэмэгдүүлж байсан. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дээд гурил болон нэгдүгээр гурилын хувьд авч үзэхэд 56,5%-аас 61,3%-аар үнэ нэмэгдсэн гэсэн ийм тооцоолол гарч байгаа.
...Зөвхөн нэгдүгээр гурил болон дээр гурил дээр авч үзэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвхөн хоёрдугаар гурилын тооцоолол хийсэн гэж тайлбарлаж байна. Бид нар өргөн хэрэглэгдэж байгаа дээд гурил болон нэгдүгээр гурилын хувьд авч үзсэн. Нарийн тооцоолол бүх гурил дээр хийгдэж байгаа. БГ-055 гэдэг нэршил бол тухайн дээд гурилын нэршил байгаа. Ангиллаас үл хамаараад хэрэглэгч худалдан авалт хийхдээ БГ-055 гэдэг нэршлээр худалдан авалт хийдэггүй. Дээд гурил гэх нэршил сав баглаа боодол дээр нь байдаг учраас заавал адил төрлийн тэмдэглэгээ тавих шаардлагыг тавьдаггүй. Мөн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч компанийг картель үүсгэсэн байна гэдгийг шүүхийн шийдвэр хэсгийн 3 дах хэсэгт дурдсан байгаа. Гурилын үндсэн түүхий эдийн зардал өсөөгүй байхад өргөн хэрэглэгдэж байгаа дээд гурил болон нэгдүгээр гурилын үнийг нэмэгдүүлж хэрэглэгчийг хохироосон. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.1.1 дэх хэсэгт заасан зөрчил мөн гэж үзэж, шийтгэлийн хуудас бичиж шийтгэл оногдуулсан.
Зах зээл дээр тухайн бараа бүтээгдэхүүний зардал өсөж байгаа тохиолдолд үнэ өсөх нь хэвийн үзэгдэл. Гэтэл уг компани яагаад үнээ нэмэх ёсгүй гэж үзэж байгаа вэ гэвэл 2021 онд хөнгөлөлттэй зээл олгож 2022 онд худалдан борлуулах гурилын түүхий эдээ нэг үнээр авсан байж үнээ нэмж байна. Энэ хугацаанд улаан буудайн үнэ нэмэгдээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хүнс хөдөө, аж ахуйн сайдын А/343 дугаар тогтоолоор улаан буудайн үнийг чанараас нь хамаарч 880.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг хүртэл үнээр худалдаж авах тухай тушаал гарсан. Манай байгууллагын хувьд үнээс өмнө улаан буудайн үнэ өсөөгүй гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусад зардлыг нарийвчлан тооцож гаргасан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн удирдлагаас ярилцлага болон баталгаажсан санхүүгийн тайланг авсан байгаа. Иймд О ХХК-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:
1.1. О******* ХХК-иас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*******ы 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргаж, түүний үндэслэлээ ...Өрсөлдөөний тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох байдлаар картель байгуулах зөрчил нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх, бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байх, аж ахуй эрхлэгчид нь хоорондоо харилцаатай байх гэсэн гурван урьдчилсан нөхцөлийг хангасан тохиолдолд хэрэглэгдэх боломжтой, манай компани нь ямар нэгэн аж ахуй эрхлэгчтэй гэрээ, хэлцэл хийсэн зүйлгүй бөгөөд бараа бүтээгдэхүүний үнийг хэн нэгэнтэй хэлцэн тогтоосон зүйл огт байхгүй, цуглуулсан нотлох баримтууд нь гурилын үнэ өссөн нөхцөлийг л нотлох агуулгатай байна.. гэж тодорхойлсныг хариуцагч Захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн шүүхийн магадлалд заасныг тус тус биелүүлэх хүрээнд...гурилын борлуулалтын орлого 17,301,820,854,03 төгрөгөөс тооцож 1,038,109,251 төгрөгийн торгууль оногдуулсан,...үнийг хэлцэн тогтоосон нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.
1.2. Хэрэгт цугларсан нотлох баримт болох 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл-д О******* ХХК нь үндсэн түүхий эд болох гурилын үнэ нэмэгдээгүй байх хугацаанд гурилын үнийг нэмэх замаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь нийтийн ашиг сонирхолд харшилсан, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл байх тул уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн торгуулийн шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж тэмдэглэж, улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О******* нь маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаар шийтгэлийн хуудсаар О******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон зөрчил гаргасан гэж үзэж 1,038 109 251 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2. Түүнчлэн уг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, тухайлбал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*******ы өмнө гаргасан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар Шийтгэлийн хуудас-аас үзвэл тус компанийг Гурилын үнийг хэлцэн тохиролцож, өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1,402,651,941 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан,
2.1. Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч О******* ХХК шүүхэд гомдол гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0586 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-д Нэгэнт гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй энэ тохиолдолд хэрэглэгчдийн өргөнөөр сонгон хэрэглэдэг дээд болон нэгдүгээр гурилын үнийг нэмэгдүүлэн өөрийн харилцагчдад нийлүүлж байгаа нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй., 4-д Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "стратегийн хүнс" гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг" гэж тодорхойлсон бөгөөд О******* ХХК нь стратегийн хүнс үйлдвэрлэж буй аж ахуй эрхлэгч болохын хувьд бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нь хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр, нэмэгдүүлсэн үнээр өөрийн харилцагчдад нийлүүлсэн нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэхээр байна., 5-д Зах зээлд зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгэж, гурилын үндсэн түүхий эд буюу улаан буудайн үнэ, зардал өсөөгүй энэ тохиолдолд үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, хэрэглэгчийн эрхийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэхээр байх тул маргаан бүхий 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар шийтгэлийн хуудсаар О******* ХХК-д шийтгэл оногдуулсан нь бодит байдалд тохирсон, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. гэж, 10-д Шүүх гомдлын шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагч компанийн санхүүгийн тайлангаас цаашид тодруулж байж торгуулийн хэмжээг тогтоох шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэн ...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаар шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий шийтгэлийн хуудас хүчингүй болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн,
2.2. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2023/587 дугаартай магадлалын хянавал хэсгийн 2.8-д Харин хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0002356 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагчийг тухайн гаргасан зөрчил болох буудайн гурилын үнэ нэмэхдээ хэлэлцэн тохиролцсон гэдгийг хангалттай нотлоогүй, түүнчлэн шийтгэлийн хуудсаар "О" ХХК-ийн борлуулалтын нийт орлогоос тооцож торгууль ногдуулсанаа нягтлах шаардлагатай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа энэ тохиолдолд зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж шинээр дахин акт гаргах нь зүйтэй байна. гэж, 2.9-д Тодруулбал, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар "О" ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 1.1-д заасан бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр торгууль ногдуулсан байхад анхан шатны шүүхээс ...хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй" гэж гомдол гаргагч байгууллагыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасныг зөрчсөн эсхүл Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн буюу ямар үндэслэлээр зөрчилд тооцсон болон ямар хуулийг зөрчсөн талаар зөрүүтэй дүгнэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй тул хариуцагч байгууллагаас ийнхүү зөрүүтэй байдлыг нэг мөр дүгнэж, маргаан бүхий нөхцөл байдлыг дахин тодруулж шийдвэрлэх замаар дахин акт гаргах шаардлагатай гэж үзэхээр байна. гэж, 2.10-д Өөрөөр хэлбэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь "О" ХХК-ийн тогтоосон бараа бүтээгдэхүүний үнэ бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэгчдийн тогтоосон үнийн хязгаартай ижил үнээр худалдаалагдаж буй эсэх, тус хуулийн этгээд нь зах зээлд шударга өрсөлдсөн эсэх, өрсөлдөгчийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянан шалгах бүрэн эрхтэй тул маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн эсэхийг хангалттай тогтоосон тохиолдолд дахин шинэ акт гаргах эрх нь нээлттэй. гэж тус тус дүгнэн анхан шатны шүүхийн дээрхи шийдвэрийг хэвээр үлдээсэн үйл баримтууд тогтоогдов.
3. Түүнчлэн Давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч захиргааны байгууллага нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Мэдээлэл ирүүлэх тухай 01/1527 дугаар албан бичгийг О******* ХХК-д хүргүүлж нотлох баримтаар үнэ өссөн талаарх мэдэгдэл, компанийн санхүүгийн тайлан, компанийн Ерөнхий нягтлан бодогчоос тайлбар авах ажиллагааг хийсэн байх ба эдгээр баримтуудаар гомдол гаргагчийг бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь нотлогдсон хэмээн үзэж маргаан бүхий захиргааны акт болох Улсын байцаагчийн, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаар шийтгэлийн хуудсаар өмнө гаргасан шийтгэлийн хуудсанд заасан торгуулийн дүнг 1,038,109,251 төгрөг болгон багасгаж тогтоожээ.
4. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:, 1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; ...нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно:, 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэж тус тус заасан.
5. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргаа нь гомдол гаргагч байгууллагыг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан боловч тухайн зөрчлийг гаргасан болохыг нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй байна гэж шүүх дүгнэв.
5.1. Тухайлбал хариуцагч тал ...Монголын гурил үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо ГҮТББ-аас олон нийтэд хандаж гурилын үнийг нэмэх талаар хэвлэлийн бага хурал хийсэн нь нийтэд илэрхий үйл баримт, энэхүү хэвлэлийн бага хуралд У******* ХХК болон О******* ХХК-ийн удирдлагууд хамт байсан, энэ 2 компани нь хоёулаа тус төрийн бус байгууллагын гишүүн тул үнийг хэлцэн тогтоосон гэж үзсэн гэх тайлбар гаргасан боловч Монголын гурил үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо ГҮТББ-аас олон нийтэд хандаж гурилын үнийг нэмэх мэдэгдэл хийсэн болон тус байгууллагын гишүүн 2 компани уг хэвлэлийн бага хуралд байлцсаныг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох зөрчил гаргасан гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай.
5.2. Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн агуулгаас үзвэл бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ажиллагаа нь ижил бараа бүтээгдэхүүний зах зээл дээр, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх, бараа бүтээгдэхүүний үнийг тогтоосон тодорхой хэлцэл гэрээ байгуулсан байхыг шаардах бөгөөд дан ганц хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурилын үнийг нэмэх талаар мэдэгдэл хийснийг бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэж үзэхгүй.
6. Харин хэрэгт цугларсан нотлох баримтууд болох О******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалуудаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 10 удаагийн үйлдлээр гурилын үнийг нэмэгдүүлсэн болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин хариуцагчаас улсын зээлийн хөрөнгөөр авсан улаан буудайгаар үйлдвэрлэсэн гурилын үнийг удаа дараа нэмсэн нь нийтийн эрх ашигт харшилсан, өрсөлдөөнийг хязгаарласан гэх тайлбар гаргасан.
6.1. Энэ маргааны тухайд аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон зөрчлийн асуудал л яригдах бөгөөд харин картель байгуулсан, нийтийн ашиг сонирхолд харшилсан гэх асуудлууд нь зөрчлийн өөр төрөл болох буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-ийн 1.1-д заасан зөрчлийн шинж байдалд хамаарахгүй.
6.2. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...анхан шатны шүүх картель гэдгийг дүгнэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн гэх тайлбар гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 2.10-д ...Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн эсэхийг хангалттай тогтоосон тохиолдолд дахин шинэ акт гаргах эрх нь нээлттэй гэж илүү дэлгэрүүлж дүгнэснээс үзвэл шүүх хариуцагчийг ...зөрчил гаргасныг хангалттай тогтоох, тухайн зөрчлийг зөв зүйлчлэх, хүлээлгэж буй хариуцлагаа хуульд нийцүүлэхийг тус тус үүрэг болгосон гэж ойлгогдож байна.
6.3. Гэвч хариуцагч захиргааны байгууллага торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулснаас бусдаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй, тухайлбал зөрчлийн хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь зөвхөн гурилын үнэ нэмсэн-ийг нотлох баримт байх ба харин үнийг хэлцэн тогтоосон гэх зөрчлийн нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй атлаа Монголын гурил үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо-ноос мэдэгдэл гаргасан нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэн О******* ХХК-ийг тухайн зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-ийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч О******* ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Х.О*******ы гаргасан, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0002370 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН