Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 00090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Улсын яллагч                                 Э.Энхбат

                         Шүүгдэгч                                         С.Эрдэнэбат, Б.Энхжин, О.Мөнх-Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Эрдэнэбат, Б.Энхжин, О.Мөнх-Ундрах нарт холбогдох 1732000040006 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын баш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р баг, 2-А тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ТХ:95112211/ Боржигон овогт Сүүлхүүгийн Эрдэнэбат.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р баг 1-4-16 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МБ:94060912/ Хан Боржигон овогт Бямбадаваан Энхжин.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р баг, 2-А тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, нэг удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ЕЙ:95111939/ Хатгин овогт Отгончимэгийн Мөнх-Ундрах.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

С.Эрдэнэбат, Б.Энхжин, О.Мөнх-Ундрах нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хараа” голын эрэг дээр иргэн Л.Дарханбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эрдэнэбат мэдүүлэхдээ: ... 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр найзууд болох Мөнх-Ундрах, Мөнгөншагай, Лхагвадорж нартай спорт ордоны гадаа уулзсан. Тэгээд уулзаад төв ороод Энхжинтэй таараад бид нар Хараа гол орсон. Хараа голын эрэг ороод байж байсан хажууд Майнд теч ХХК-ийн ажилчид байсан. Би хуучин энэ компанид ажилладаг байсан. Тэдний дунд хамт ажиллаж байсан хоёр найз болох Амаржаргал, Одгэрэл нар байсан. Тэр хоёртой уулзахаар очоод дундуур нь очоод суух гэж байтал суухдаа би санаандгүй хохирогч Дарханбаатарын мөрөнд хүрчихсэн юм. Тэгсэн миний дүү яасан бэ гэхээр нь яагаачгүй ээ ах би хуучин ажлынхан дээрээ ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд босч ирээд муудалцаад миний зүүн чих рүү 4 удаа цохисон. Би зөрүүлээд хоёр цохисон. Тэгээд би найзруугаа гүйгээд явчихсан юм. Манай найз намайг машиндаа суулгаад аваад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхжин мэдүүлэхдээ: ... 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би Эрдэнэбат, Мөнх-Ундрах, Лхагвадорж, гэх 6 найзтайгаа уулзсан. Тэгээд бид Хараа гол орсон. Хараа голын эрэг дээр очоод сууж байсан бид нарын сууж  байсны хажууханд Майнд теч ХХК-ийн ажилчид бас ууж идээд салхинд гарцгааж байсан. Юм бодоогүй сууж байсан чинь Эрдэнэбат би хуучин ажилчид дээрээ оччихоод ирье гээд явсан. Тэгээд төд удалгүй маргаан болоод Эрдэнэбат бид нар дээр ирээд араас нь тэдний ажилчид нь ирээд бид нар луу согтуу дайраад орилж хашгираад байсан. Бид нар Эрдэнэбатыг салгаж аваад явах гэж байсан чинь манай найз Мөнх-Ундрах очоод цохисон байсан бид мэдээгүй байсан. Тэгээд цагдаа ирээд биднийг авч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мөнх-Ундрах мэдүүлэхдээ: ... үйлдсэн хэрэг тодорхой, мөрдөн байцаалтанд өмнө нь мэдүүлэг өгсөн учир дахиж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Л.Дарханбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Эрдэнэбат бид хоёрын хажууд суугаад над руу хараад “муухай хараад байна уу” гэж хэлээд шууд миний нүүр лүү цохисон. Тэгээд би цохиулчихаад босоод ирсэн чинь Эрдэнэбат намайг өөрлүүгээ татаад би дээрээс нь унасан. Унаад бид хоёр дээр доороо 2-3 удаа өнхөрөөд босоод ирсэн чинь цаанаас Энхжин гэдэг залуу гүйж ирээд миний нүүр лүү цохисон. Тэгээд Эрдэнэбат гэдэг залуу араас татаад би дээшээ хараад гэдийгээд байсан чинь Энхжин миний нүүрлүү цохьсон. Тэгээд би газар унаад намайг цохиод өшиглөөд байсан. Удалгүй манай ажлын хүмүүс салгаад галын тэнд очоод суусан. Галын хажууд сууж байсан чинь араас Мөнх-Ундрах гэдэг залуу миний толгойн ар дагз руу ямар нэгэн зүйлээр цохисон юугаар цохисонг би сайн мэдэхгүй байна. Тэгээд би дагзруугаа цохиулаад ухаан алдаад унасан. Унахдаа гал дээр унасан гэж манай эхнэр надад хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-17-18-р хуудас/

                  Гэрч Х.Алтанбагана мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Эрдэнэбат манай нөхрийг “муухай хараад байна уу” гээд нүүр лүү нь цохиод авсан. Тэгээд манай нөхрийг Эрдэнэбат татаж унагаагаад газар унасаны дараа Энхжин гэдэг залуу манай нөхрийг өшиглөөд цохиод байсан. Тэгж байтал манай ажлын хүмүүс зодооныг салгаад бөөнөөрөө галаа тойроод сууж байтал Мөнх-Ундрах гэдэг залуу нь тойрч ирээд гарандаа барьсан зүйлээрээ манай нөхөр Дарханбаатарын ар дагз руу цохиж унагаагаад дээгүүр нь харайгаад зугтаасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/

                  Гэрч А.Багабанди мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … хүмүүс орилолдоод байсан ба тэд нарын урдаас Эрдэнэбат гүйж ирсэн. Араас нь “Майд теч” компаний ажилчид ирээд бид нарыг барьж аваад орилж хашгираад байсан. Тэгсэн чинь Мөнх-Ундрах компаний ажилчид руу гүйж очоод Дарханбаатар гэдэг залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохиод унасан. Дарханбаатар унахдаа унтарч байсан нурман дээр ар хэсгээрээ унасан. Би Дарханбаатарыг нурамнаас татаж гаргаж байсан чинь намайг яв гэхээр нь би Мөнх-Ундрахыг аваад цааш явсан  гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-р хуудас/

                  Гэрч В.Мөнгөнцэцэг мэдүүлэхдээ: … Эрдэнэбат Дарханбаатарыг “чи муу муухай хараад байна уу” гээд цохиод унагаасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-р хуудас/

                  2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №665 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 

 

                  1. Л.Дарханбаатарын биед тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн дал, зүүн бугалага, баруун тохойнд зулгаралт, дээд үүдэн 2-р шүдний цууралт, 3-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 8-р хуудас/

                  С.Эрдэнэбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …  Би “Майнт Теч” ХХК-д ажиллаж байсан болохоор хуучин ажлын хүмүүстэйгээ уулзах гээд явсан. Майнт Теч ХХК-д манай найз Амартүвшин болон Одгэрэл ах ажилладаг болохоор тэр хоёрыг тэнд байсан болохоор би тэдний компанийн ажилчид дээр очсон. Тэгээд намайг очиход Одгэрэл ах манай найз Амартүвшин нэг танихгүй хүн сууж байсан /хохирогч Л.Дарханбаатар/ нар сууж байсан. Тэгээд найз Амартүвшингийн болон Одгэрэл ах хоёрын голоор нь суух гэж байгаад санаандгүй Одгэрэл ахын хажууд сууж байсан Л.Дарханбаатарын зүүн мөр лүү санаандгүй цохисон. Намайг санаандгүй цохисон чинь Л.Дарханбаатар над руу муухай хараад намайг “ахын дүү яасан” гэхээр нь би хариуд нь “би хуучин ажлын хүмүүс дээр ирсиймаа” гэж хэлээд би дээшээ боссон. Тэгээд Л.Дарханбаатар миний зүүн чихний хажуугаар цохихоор нь би зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 53-54-р хуудас/

                  О.Мөнх-Ундрах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …С.Эрдэнэбат яваад удалгүй хүмүүс бужигнаад орилж чарлаад зодоон болж эхэлсэн. Тэгээд манай найзууд бөөнөөрөө очиход С.Эрдэнэбат тэд нарын урдаас гүйгээд араас нь хүмүүс орилолдоод хөөгөөд байсан. Тэгээд С.Эрдэнэбат бид нар дээр ирээд байж байхад тэд нар араас нь ирээд хэрүүл маргаан үүсээд эхэлсэн. Тэгээд би тэд нарыг салгах гээд байж байсан чинь Л.Дарханбаатар миний хүзүүг баруун гарын шуугаар боогоод эхнэр Алтанбагана нь над руу орилж чарлаад дайраад байсан. Тэгээд манай найзууд Л.Дарханбаатар бид хоёрыг салгаад 2 тийшээ болгосон. Тэгээд би Дарханбаатарт боолгуулсандаа миний шар хүрээд эргэж очоод Л.Дарханбаатарын зүүн шанаа руу 1 удаа цохисон чинь газар унах шиг болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 65-66-р хуудас/

Б.Энхжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... С.Эрдэнэбат яваад удалгүй хүмүүс бужигнаад орилж чарлаад зодоон болж эхэлсэн. Тэгээд би найзуудыг дагуулаад юу болж байна гээд очиход С.Эрдэнэбат Л.Дарханбаатартай барьцалдаж аваад хэрэлдээд байсан. Тэгээд би салгах гээд очиход Л.Дарханбаатар над руу дайраад байхаар нь би түлхсэн байх /пиво уусан байсан болохоор/ сайн санахгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 59-60-р хуудас/

                  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 29 дүгээр хуудас/, Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /36-28 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Эрдэнэбат, Б.Энхжин, О.Мөнх-Ундрах нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хараа” голын эрэг дээр иргэн Л.Дарханбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Л.Дарханбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-17-18-р хуудас/, Гэрч Х.Алтанбаганын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/, Гэрч А.Багабандийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-р хуудас/, Гэрч В.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22-р хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №665 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 8-р хуудас/, С.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 53-54-р хуудас/, О.Мөнх-Ундрахын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 65-66-р хуудас/, Б.Энхжингийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 59-60-р хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Энэ гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 18-ний өдөр үйлдэгдсэн байх ба  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш дагаж мөрдөж байгаа 2015 оны эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Прокуророос шүүгдэгч С.Эрдэнэбат, Б.Энхжин, О.Мөнх-Ундрах нарыг бүлэглэн иргэн Л.Дарханбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Эрдэнэбат, Б.Энхжин, О.Мөнх-Ундрах нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хараа” голын эрэг дээр иргэн Л.Дарханбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Эрдэнэбат, Б.Энхжин, О.Мөнх-Ундрах нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүүлхүүгийн Эрдэнэбат, Хан Боржигон овогт Бямбадаваагийн Энхжин, Хатгин овогт Отгончимэгийн Мөнх-Ундрах нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэбатыг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Энхжинг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, О.Мөнх-Ундрахыг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан нар нь торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 14 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, С.Эрдэнэбат, Б.Энхжин, О.Мөнх-Ундрах нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эрдэнэбат, Б.Энхжин, О.Мөнх-Ундрах нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.