Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 152

 

З.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч З.Т, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар магадлалтай, З.Т-д холбогдох 1821002900305 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Ш овогт З-ийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.Т-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутай гэж өөрчилж, шүүгдэгч З.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-ийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Т-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.Т гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөж, иргэд хоорондын нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Хохирогч О.Ц нь намайг гуйж компани байгуулаад, өөрөө 50 хувийн хувьцаа эзэмшдэг компанийнхаа албан тоот дээр гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж сумын Засаг даргад “Үхрийн фермийн үйл ажиллагаа явуулах газар ашиглах”, “Газар тариалангийн үйл ажиллагаа явуулах газар ашиглах” хүсэлтүүдийг гаргасан. Гэтэл энэ хүний харилцан зөрүүтэй мэдүүлгүүд хавтаст хэрэгт байсаар байтал шүүх хохирогчид ашигтай талыг нь авч намайг ялласан. Өөрөөр хэлбэл, энэ хүн анхнаасаа намайг гуйж хамтарч ажиллан, “10,000 үнээний ферм байгуулна, хөрөнгө оруулалт хийнэ, худаг ус булаг шанд сэргээх, газар ашиглах, хашаа зэрэг үйл ажиллагаанд болон чамд хувийн хэрэгцээнд шаардлагатай мөнгөө надаас авч бай” гэж 18,000,000 төгрөгийг надад дансаар шилжүүлэн өгчихөөд дараа нь өөрийнх нь ярьж байсан хөрөнгө оруулалт хойшилж байна гээд намайг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын иргэдтэй уулзах, үхрийн ферм байгуулах газар нутаг ус сонгох зэрэг бүх л үйл ажиллагаанд их зардал гарсан. Эдгээр зардлыг нотлох баримтыг иргэний журмаар гаргаж өгч болох байсан. Гэтэл харьяалалгүй иргэн О.Ц-ийн мөнгө шилжүүлсэн ганцхан баримтаар надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж намайг ялласан бөгөөд би урьд нь энэ хүнийг таньдаггүй, энэ хүн өөрөө намайг гуйж “хамтарч бизнес хийе, компани байгуулья чамд хэрэгтэй, мөнгөө надаас ав, сум орон нутгийн дарга нарт мөнгө хэрэгтэй гэвэл наад мөнгөнөөсөө өг” гэх зэрэг сэдлүүдийг надад удаа дараа хэлж ярьж байсан. Би ямар ч даргад мөнгө өгөөгүй, өөрийнх нь бүх ажилд зарцуулсан. Ингэж ярьж хэлж хамтарч компани байгуулчихаад Эрүүгийн хуулийн зүйл, заалтад тааруулж надад эрүүгийн хэрэг үүсгүүлэн яллагдагч болгож байгаа нь энэ хүн ямар их заль мэхтэй хүн болохыг би өөрийн биеэр мэдэрч цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирч байна. Иргэд хоорондын асуудлыг гэмт хэрэг гэж үзсэн явдалд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хохирогч ашиг олно гэж шүүгдэгчтэй тохиролцож 18,000,000 төгрөг өгсөн. Гэхдээ шүүгдэгч мөнгийг тохиролцсоны дагуу зарцуулалгүй Ц.Б гэх хүний эхнэрийн дэлгүүрийн үйл ажиллагаанд эргэлдүүлж, мөнгөө бага багаар авч байсан нь гэрч Ц.Б-ын мэдүүлгээр нотлогдож байгаа. Хохирогчийн хүсэл зориг хамтарч бизнес хийх, ашиг олох зорилготой байсан боловч З.Т бизнесийн үйл ажиллагаанд зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Т-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч З.Т нь О.Ц-тэй тогтоосон бизнесийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2016 оны 04, 05 дугаар саруудад нийт 18,000,000 төгрөгийг ХААН банкны 5405400527 тоот дансаар шилжүүлэн авч, О.Ц-тэй тохиролцсон компанийн ашиг сонирхол, хоорондын тохиролцооны дагуу зарцуулалгүйгээр Ц.Б-ын эхнэр Б.Т гэх хүний данс руу шилжүүлэх, өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулах зэргээр ашиглаж, буцаан төлөхөөс зайлсхийсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Т-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхээс З.Т-д оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн гаргасан “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч З.Т-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч З.Т-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                 ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН