Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0336

 

 

 

 
2017 оны 05 сарын 11 өдөр     Дугаар 221/МА2017/0336             Улаанбаатар хот


“Х.х.б” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Ц.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “Х.х.б” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.О-ны давж заалдах гомдлоор, “Х.х.б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 437 дугаар ангийн Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хаалттай хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х.х.б” ХХК-ийн “Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 437 дугаар ангийн Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 006128 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Х.х.б” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.О давж заалдах гомдолдоо: “... Шүүх хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулийн дагуу “сонсох ажиллагаа явуулалгүй” хууль зөрчиж, шийтгэвэр оногдуулсан үйлдэл болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа “сонсох ажиллагаа явуулаагүй”, “зөрчлийн тэмдэглэлд Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгчөөр гарын үсэг зуруулаагүй” тухай үндэслэлүүдийг дүгнээгүй, нотлох баримтыг үнэлээгүй болох нь Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Н нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн дагуу “зөрчлийн тэмдэглэл”-ийг хуульд заасны дагуу үйлдэлгүйгээр Худалдаа хөгжлийн банкинд шийдтгэвэр оногдуулсан болно.
Хариуцагч нь Худалдаа хөгжлийн банкинд шийтгэвэр оногдуулахаасаа өмнө “12,572,364,6 төгрөгөөр торгох гэж байгаа тухай болон ямар үндэслэлээр торгох тухай” тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулах гэж байгаатай холбоотой мэдэгдэл хүргүүлээгүй, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөөгүй буюу сонсох ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхээр шийдвэрлэх явцад хариуцагчаас сонсох ажиллагаа явуулсан тухайн нотлох баримт болон тайлбар гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай 25 дугаартай бичгийг хүргүүлсэн боловч хариуцагчаас сонсох ажиллагаа явуулсан тухай баримт, тайлбарыг хүргүүлээгүй.
Хариуцагчаас баримт, тайлбараа шүүхэд гаргаж өгөхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагаа явуулсантай холбоотой баримтуудыг гаргуулах хүсэлтийг шүүхэд дахин гаргасан боловч уг хүсэлтийг шүүх шийдвэрлэлгүй, мөн өмнөх хүсэлтийн дагуу нотлох баримтыг гаргуулалгүйгээр 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан болсон. Хариуцагч шүүх хуралдааны явцад амаар гаргасан тайлбартаа “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4, 27.4.5-д зааснаар утсаар болон цахим хэлбэрээр санал авч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан болно” гэж хэлсэн боловч хэрэгт “сонсох ажиллагаа” явуулсан тухай баримт байхгүй төдийгүй “Х.х.б”-д шийтгэвэр оногдуулах гэж байгаа тухай “сонсох ажиллагаа явуулж байна” гэж утсаар болон цахимаар тайлбар аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй болно.
Хариуцагч дээрх байдлаар бодит үнэнд нийцэхгүй тайлбарыг шүүхэд өгснөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг зөрчсөн болно.
Сонсох ажиллагаа явуулаагүй тохиолдолд тухайн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хууль бус захиргааны актад тооцогдон, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэв шүүх нотлох баримтыг зөв үнэлсэн буюу сонсох ажиллагаа явуулаагүй хууль зөрчсөн үйлдлийг дүгнэсэн бол зохих хэм хэмжээг хэрэглэж, хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх байсан. Гэтэл шүүх сонсох ажиллагаа явуулсан эсэх тухай факт, баримтыг үнэлээгүй, мөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон энэ фактын талаар дүгнэлт өгөөгүй байна.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5-д заасны дагуу зөрчлийн тэмдэглэл “зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулна, зөрчил гаргасан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал татгалзсан шалтгааныг заасан тайлбар бичиж хавсаргана” гэж хуульчилсан байна. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч тус банкинд оногдуулсан 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 006128 дугаар шийтгэвэрт хавсаргасан зөрчлийн тэмдэглэлд эрх бүхий төлөөлөгчөөр гарын үсэг зуруулаагүй болох нь тодорхой байгаа болно. Мөн шүүх зөрчлийн тэмдэглэлд Худалдаа хөгжлийн банкаар гарын үсэг зуруулаагүй хууль зөрчсөн үйлдэлд дүгнэлт өгөөгүй болно.
2016 оны 05 дуаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2016/03224 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар “Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 336 дугаар шийдвэр”-ийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилсан бөгөөд 142/ШШ2016/00336” дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжлаагүй байна.
Ийнхүү 142/ШШ2016/00336 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гараагүй байхад буюу 336 дугаар шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 187.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т тус тус хуульчилсныг зөрчсөн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Х.х.б” ХХК-д Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 437 дугаар ангийн Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр торгууль ногдуулсан “шийтгэвэр” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Банк, банкны бус санхүүгийн байгууллагад төлбөр төлөгчийн мөнгөн болон бусад эд хөрөнгө байсан атал төлбөр гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд банк, банкны бус санхүүгийн байгууллагад төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг ахлах шийдвэр гүйцэтгэгч оногдуулна”, 90 дүгээр зүйлийн 90.1-д “Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ” гэж заасныг хариуцагч зөрчөөгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Учир нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/00336 дугаар шийдвэрээр “Э.ү” ХХК-иас “Ю” ХХК гэх хуулийн этгээдэд нийт 519,358,031 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 2,754,740 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч “Э.ү” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 142/ШЗ2016/03224 дүгээр захирамж гарсан байна.
Улмаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” 54/33 дугаар тогтоолыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгч, ахмад Г.Н үйлджээ.
Үүнээс гадна дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгч, ахмад Г.Н-т уг иргэний хэргийн оролцогч болох нэхэмжлэгч “Ю” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хандсан байна.
Харин аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “... нийт 125,726,346 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хасалт хийж холбогдох байгууллагын дансанд шилжүүлж, хариуг ирүүлэхийг мэдэгдэж, хэрэв мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасны дагуу мөнгөн торгууль оногдуулахыг урьдчилан анхааруулъя” гэсэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Дансны хасалт хийх тухай” 01/2115 дугаар албан бичгийг Орхон аймаг дахь “Х.х.б”-д хаяглан хүргүүлжээ.
Мөн тус албаны 2016 оны 10 дугаар зүйлийн 12-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” 01/2156 дугаар албан бичгээр “Улаанбаатар хот дахь “Х.х.б”-ны хуулийн хэлтсийн дарга н.Г-т” гэж хаяглан дээрх албан бичигтэй утга адил шаардлагыг “Х.х.б” ХХК-д тус тус хүргүүлж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “... шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ” гэж заажээ.
Тодруулбал, “Х.х.б” ХХК нь дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй юм.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 006128 дугаар шийтгэврийг нэхэмжлэгчид оногдуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Банк, банкны бус санхүүгийн байгууллагад төлбөр төлөгчийн мөнгөн болон бусад эд хөрөнгө байсан атал төлбөр гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд банк, банкны бус санхүүгийн байгууллагад төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг ахлах шийдвэр гүйцэтгэгч оногдуулна” гэж заасныг хариуцагч зөрчөөгүй, хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ШҮҮГЧ                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

                    ШҮҮГЧ                         Э.ЗОРИГТБААТАР

                    ШҮҮГЧ                         Э.ХАЛИУНБАЯР