Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0225/З |
Дугаар | 279 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 279
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Атарцэцэг
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын 13616Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, 13616Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг гэрчилгээний хавсралтад бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0168 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0264 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, өмгөөлөгч Л.Х нар,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Л.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0168 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын 13616Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, 13616Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг гэрчилгээний хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0264 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол
3. “М” ХХК нь 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Баянцогт нэртэй газарт орших 1160 гектар талбай бүхий газарт 13616Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн. Энэхүү тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0 тоот шийдвэрээр хугацаа дуусгавар болсныг бүртгэснийг манай компанийн зүгээс эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хэргийг шүүхээс хянан хэлэлцээд 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар магадлалаар хугацааг сэргээн шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр, магадлалын дагуу хариуцагчийн зүгээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээсэн бүртгэлийг хийх үүргээ 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 737 дугаар шийдвэрээр хэрэгжүүлсэн болно.
4. “М” ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасан “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс энэ хуульд заасны дугаа төлөх төлбөрийг төлөх үүргээ, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө” гэсний дагуу жил бүр тогтоосон хувь хэмжээгээр төлж ирснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад бүртгэж баталгаажуулсан. Уг бүртгэлийн 009-FЕ гэсэн хэсэгт 6 дахь жилийн төлбөрийг төлөв, хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл гэсэн тэмдэглэлийг хийж Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтэс гэсэн тэмдэг дарсан болно.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашипг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулахэрхтэй талаар зохицуулсан. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 737 тоот шийдвэрийн хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг удирдлага болгон гарсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна”, 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, хуулийн 32 дугаар зүйл нь тусгай зөвшөөрлийн төлбөр, 33 дугаар зүйл нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулах гэсэн зохицуулалтууд байна. Ийнхүү тушаалын үндэслэлийг авч үзвэл “М” ХХК нь хуулийн дээрх шаардлагад нийцсэн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасныг хүлээн зөвшөөрч, нөгөө талаар шүүхийн шийдвэр, магадлалаар энэхүү үйл баримтыг тогтоосон болох нь маш тодорхой харагдаж байна.
6. “М” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтын 009-FЕ гэсэн хэсэгт 6 дахь жилийн төлбөрийг төлөв, хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл гэсэн тэмдэглэлийг хариуцагчийн зүгээс хийсэн хугацааг удирдлага болгон 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр буюу хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу хугацаа дуусгавар болохоос 1 сарын өмнө өргөдлөө гаргасан. Энэ цаг үеэс эхлэн хариуцагчийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул танай өргөдлийг хүлээн авахгүй гэх үндэслэлийг хэлж маргаан үүссэн болно.
7. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгаж шийдвэрлэсэн гэж дурдсан байна. Ашигт малтмалын газар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн нэг дэх заалтад “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар магадлалаар “М” ХХК-ийн эзэмшиж байсан 13616Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгасан шүүхийн шийдвэрийг бүртгэсүгэй” гэж заасан байх бөгөөд хугацааг сунгасугай гэсэн шийдвэр огт гараагүй байсан. Хугацаа сунгах шийдвэрийг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 737 дугаар шийдвэрээр гаргасан байна. Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж, хуулийн 19 дүгээр зүйлийг хүчингүй болгосон байна. Уг зүйлд буюу 19.8-д 3 жилийн хугацаагаар олгоно гэж заасан байх бөгөөд уг заалт нь маргаан үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсныг энд дурдах нь зүйтэй.
8. Хариуцагчийн зүгээс “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хавсралтад хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэсэн тэмдэглэл хийснээ хүлээн зөвшөөрдөг, нөгөө талаар дээр дурдсан хуулийн зохицуулалтаар төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийг хүчинтэй байлгах гол нөхцөл болох нь тодорхойлогддог болно. Хариуцагч нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 737 дугаар шийдвэр гаргахдаа хугацааг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэж “М” ХХК-д хохиролтой байдлаар сунгалтыг хууль бусаар хийсэн. Учир нь шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлсэн өдрөөс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сэргэсэн гэж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 3 жилийн хугацаагаар олгох ёстой хуульд заасан үүргээ зөрчиж 2 жил 9 сарын хугацаагаар сунгасан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл байх бөгөөд энэхүү хууль бус үйлдэл болон хавсралтад 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэж тэмдэглэсэн буруутай үйлдлээс болж өнөөдрийн маргаан үүссэн болно.
9. Мөн энэхүү маргаантай холбогдуулан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын талаар судалгаа хийж үзэхэд Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаар тогтоолоор манай компанийн гаргасан нэхэмжлэлтэй ижил маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна. Уг маргаан нь мөн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 736 дугаар шийдвэр буюу “М” ХХК-ийн хугацаа сунгасан өдөртэй нэг өдөр шийдвэрийн дугаар нь яг өмнөх дугаартай байгаа юм. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сунгахдаа хугацааг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэж сунгасан байсан болон төлбөр төлсөн хугацааг зөрүүтэй тэмдэглэснээс үүдэн нэхэмжлэгчид ойлгомжгүй байдал үүсгэсэн. Нөгөө талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн Захиргааны байгууллагын гаргасан шийдвэрүүд эдгээр тусгай зөвшөөрөлийн хүчинтэй байх хугацааг өөр өөрөөр заасан нь нэхэмжлэгчид ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсгэснийг болон тусгай зөвшөөрлийн хугацаа нь түүний төлбөр төлсөн хугацаагаар тодорхойлогдохыг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасныг үндэслэн зөв дүгнэсэн гэж тодорхойлжээ.
10. Улсын Дээд шүүхийн энэхүү тогтоолоос харвал Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь түүний төлбөр төлсөн хугацаагаар тодорхойлогдоно гэж нэгэнт хуулийг нэг мөр ойлгон дүгнэсэн байгаа нь “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлтэй нэг мөр тохирч байгаа юм. Мөн тогтоолд 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан шийдвэртээ хугацааг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ... тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар ... сунгуулах” гэж заасантай нийцээгүй байна гэж дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлт өнөөдөр манай компанийн гаргасан нэхэмжлэлийн нэг үндэслэл болж, шүүхэд мэтгэлцэж байгаатай таарсан ижил дүгнэлт юм.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтыг хуулийн дагуу зөв дүгнэж хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болон дээр дурдсан үндэслэл, нотлох баримт, холбогдох хуулийн зүйл заалт болон Улсын Дээд шүүхээс өмнө нь хуулийн мөнхүү заалтыг хэрэглэж, дүгнэлт гаргасан зэргээр тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол
12. Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлд “...Хуульд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрхийг баталгаатай эдэлнэ гэсэн эх сурвалжийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0264 дүгээр магадлал нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн үйл явдлын бодит нөхцөл байдлыг илт нэг талыг баримтлан дүгнэж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулах хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэгжүүлэлгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэгжүүлж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангуулах хууль, шударга ёсыг хэрэгжүүлэх үүднээс хяналтын шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд гомдол гаргаж байна.
13. Болсон үйл явдлын талаар дурдвал, 2008 оны 4 дүгээр сард Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас “М” ХХК-д ашигт малтмалын хайгуулын 13616Х тусгай зөвшөөрлийг анх олгосон бөгөөд 2011 оны 5 дугаар сард тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан асуудал шүүхээр шийдвэрлэгдэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар магадлалаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шүүхийн шийдвэр гарч, 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг тус хэлтэс бүртгэж авсан байдаг ба 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 737 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгаж шийдвэрлэсэн захиргааны акт гарсан байдаг.
14. Энэхүү захиргааны акт, шийдвэрийн дагуу хайгуулын лиценз эзэмшигч “М” ХХК хуульд заасан төлбөрийг цаг хугацаанд нь тушааж, бүртгүүлж үйл ажиллагаа хэвийн явуулж байтал 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийн сунгалтын хугацаа цахим бүртгэлээр дууссан гэсэн шалтаг тоочин өөрсдийн бүртгэл буруу хийсэн алдаа, дутагдал, зөрчлийг нэхэмжлэгч талд тохож, сунгалтын өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, тусгай зөвшөрлийн хуулийн хугацаа дууссан мэтээр мушгин тайлбарлаж, лиценз эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус үйл ажиллагаа давтагдсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч тал өөрсдийн хариуцлагагүй үйл ажиллагааг системийн алдаа гэж өнгөцхөн тайлбар гаргаж, үүнийг нь шүүх дэмжиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон дүр зургийн шийдэл нь нэг талаар он тооллын цаг хугацааг зориуд ухрааж, буцаадаг, нөгөө талаар хуульд тодорхой заасан 3 жилийн хугацааг дур зоргоороо, үзэмжээрээ богиносгож, багасгаж бүртгэж байгаа нөхцөл байдал нь ялгаварлан гадуурхалтын шинжтэй захиргааны байгууллагын үйл ажиллагааг шүүх зөв дүгнэн шийдэж чадаагүй буюу зохих хуулийн хэм хэмжээ, нарийвчилсан зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглээгүйн тод жишээ билээ.
15. Тодруулбал, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай 737 дугаар шийдвэрээр хугацааг сунгахдаа Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг илт зөрчин өөрсдийн шүүхийн шийдвэрийг бүртгэсэн хугацааг тусгай зөвшөөрлийн сунгалтын хугацаа болгон тооцож, андууран будилж буруу бичилт, бүртгэлт явуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасныг мөн давхар зөрчин, захиргааны шийдвэр гарсан өдрөөс хугацааг эхлэн тооцох ёстой байтал 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс тооцож, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж байгаа нь бүхэл бүтэн 3 сар орчмын хугацаагаар лицензын хугацааг багасгаж, богиносгож байгаа нөхцөл байдлыг үгүйсгэх аргагүй билээ. Энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны бодит нөхцөлд тохирсон байх ёстой тусгай зарчмыг зөрчсөн гэдэг нь тодорхой байна.
16. Ийм учраас нэхэмжлэгч талын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших сунгалтын хуулийн хугацаа нь ямар ч тохиолдолд тусгай зөвшөөрлийг албан ёсоор сунгасан өдрөөс тооцоох ёстой бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусах ёстой байтал 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр наана нь дууссан гэж хугацаанаас нь өмнө тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож байгаа нь бодит нөхцөл байдал болон хуульд тодорхой заасан хугацаатай яагаад ч нийцэхгүй тул сунгалтын хугацааг буруу тогтоосон явдлыг программ бичилт, цахим бүртгэл болон системийн алдаа руу чихэж, тайлбарлаж болохгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой тодорхой зүйл билээ. Товчхондоо гэвэл тухайн харилцааг зохицуулсан хуулийн хугацааг баримталж сунгаагүй буюу хуучин бичилтийн хугацаагаар сунгасан ч юм шиг, нэг бол бүртгэлийн хугацаагаар сунгасан ч юм шиг олон янзын хуанлийн хугацааны хайчинд нэхэмжлэгч талыг будилуулж байсан байдаг ба эцэстээ кадастрын бүртгэлийн гэсэн томьёоллоор иш татаж тусгай зөвшөөрлийн хугацааг тооцож байгаа нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байгаа учраас тусгай зөвшөөрлийг захиргааны акт гаргасан үеийн цаг хугацаагаар буюу сунгасан шийдвэр гаргасан өдрийн хугацаагаар сунгалтын хугацааг эхлэж тооцох ёстой гэсэн байр суурийг нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн хувьд илэрхийлж байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлохыг хариуцагч тал болон шүүх баримтлаагүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний нотолгоо билээ.
17. Энэхүү “Но-той” буюу будилаантай бүртгэлттэй холбоотой болж өнгөрсөн нөхцөл байдлын эх сурвалжийг анхан болон давж заалдах шатны шүүх зохих түвшинд шинжлэн судлалгүйгээр хэрэгт ач холбогдолтой, хамааралтай захиргааны акт, үйл явдлын цаг хугацааны хүчин зүйл, үйл ажиллагааны зөв бурууг ялгалгүй хөшүүн хойрго хандаж, хавтас хэргийн материалыг үнэлэхдээ, хэргийг шийдэхдээ илт нэг талд үйлчилсэн, дотоод итгэлээр хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж хуульчийн хувьд үзэж байна.
18. Үүгээр зогсохгүй хариуцагч талын бас нэг буруутай үйл ажиллагаа явуулсныг нотлох баримт бол тухайн захиргааны байгууллагад өдөр тутам ажлын хүрээнд зайлшгүй дагаж мөрдөх ёстой байсан “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны заавар” гэсэн баримт бичиг байдаг бөгөөд энэхүү журмаар бол тусгай зөвшөөрөл дуусгавар болгох, цуцлахдаа лиценз эзэмшигчид аливаа нэг шийдвэрийн талаар заавал мэдэгдэж байх ёстой төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах ёстой байтал захиргааны байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн мэдээлэл авах эрхийг хангаагүй гэдгийг дурдах нь зүйд нийцнэ гэж хуульчийн хувьд үзэж байна.
19. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын албаны үйл ажиллагаанд их, бага хэмжээтэй зүйл бүрийн маш их алдаа, зөрчил, дутагдал, халтуурдсан байдал явагдсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан материал, нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд хариуцагч талын буруутай үйл ажиллагааны үр дагавар нь лиценз эзэмшигч “М” ХХК-д ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсгэсэн, төөрөгдөлд оруулсан бөгөөд үүний золиос нь нэхэмжлэгч тал болж хохирч үлдэх нь хууль, шударга ёсонд яагаад ч нийцэхгүй учраас энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн алдаатай, буруу шийдвэрийг хяналтын шатанд нэг мөр шалгуулах нь зүй ёсны асуудал билээ.
20. Хууль зүйн дүр зургийн талаар: Анхан болон давж заалдах шатны шүүх дараах хуулийн хэм хэмжээ зохицуулалтыг баримтлаагүй тул хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж, улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэгжүүлээгүй тул хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй шийдвэр, магадлалыг гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Үүнд,
20.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, Захиргааны үйл ажиллагааны зарчим, 4.2.5-д “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд тусгай зарчмыг хариуцагч талө зөрсөн. Тусгай зөвшөөрлийг сунгасан 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 737 тоот захиргааны акт нь цаг хугацааны хувьд бодит нөхцөлд тохироогүй буюу шийдвэр гаргасан өдөр нь сунгалтын хугацаатай зөрсөн, алдаатай, будилаантай учраас ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгосон байдаг. Мөн хуулийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцог нь хангах” ёстой гэсэн зарчмыг хариуцагч тал огт хэрэгжүүлэээгүй буюу 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон талаар огт мэдэгдээгүй.
20.2. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйл, Оролцогчийн эрх.
20.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, Нөхцөл байдлыг тогтоох, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгуулага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”. Хуульд тодорхой заасан энэхүү үүргээ хариуцагч тал мөн биелүүлээгүй.
20.4. Захиргааны ерөнхий хуулийн 29 зүйл, Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас. Хариуцагч талын үйл ажиллагаанд болон хавтаст хэргийн материалд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон буюу цуцалсан талаар холбогдох захиргааны бичмэл, албан ёсны баримт материал шийдвэр, захиргааны акт байхгүй, гаргаагүй байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татаж байгаа буюу хий хоосон агаар төдий шинжтэй Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хэрэгжүүлээгүй үйл ажиллагаа билээ.
20.5. Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйл, Зөвлөгөө, мэдээлэл өгөх, 31.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх үүрэгтэй”. Хариуцагчийн зүгээс 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр цахим бүртгэлийн системээр автоматаар тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж тайлбарладаг боловч энэ тухай лиценз эзэмшигчид огт мэдэгдээгүй байдаг тул хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм.
20.6. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл, Захиргааны актыг мэдэгдэх, 43.1-д “Захиргааны актыг хаялагдсан этгээд болон хууль ёсны ашиг сониорхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”.
20.7. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйл, Хугацааг тодорхойлох, 33.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно” гэсний дагуу 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарсан 737 дугаар шийдвэр нь гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилж эхлэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрлийн сунгасан хугацаа албан ёсоор дуусгавар болох ёстой билээ. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дууссан гэж хариуцагч тал үзэж байгаа нь хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглээгүйн нэг илрэл юм.
20.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Шүүх нотлох зарчим.
20.9. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Мэдээллээр хангах үйл ажилаагаа шуурхай байх” гэсэн зарчмыг баримтлах ёстой байсан. Энэ хуулийн зүйл заалтыг мөн хэрэгжүүлээгүй билээ.
20.10. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “мэдээллийн үйл ажиллагааны ил тод байдал” гэх хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой байтал тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа нууц, далд хэлбэртэй явагдсан байдаг.
20.11. Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх” ёстой байтал энэ заалтыг мөн огт хэрэгжүүлээгүй билээ.
20.12. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс
доошгүй хугацаагаар олгоно”.
20.13. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “төрийн албанд ил тод байх зарчмыг баримтална”.
20.14. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг гэж хууль тогтоогч тогтоосон байгаа нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж бүртгэсэн явдал нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх эрхийг хадгалах гол нөхцөл гэдгийг шүүх анхаараагүй буюу урьд нь гаргаж байсан шийдвэртэйгээ зөрчилдөж байгаа билээ.
20.15. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны заавар /хавтаст хэргийн 134 дүгээр хуудас/.
20.16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Шүүхийн өмнө эрх тэгш байх, 4.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн
гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.
21. Нотлох баримтын тухайд. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтас хэргийн материалд цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэн, яаж хүчингүй болгосон үйл ажиллагаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлууд олон байгаа бөгөөд тухай агентлагийн үйл ажиллагаандаа заавал мөрдөх, баримтлах ёстой зааврын Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 10 заалтыг дурдахад л хариуцагч талын буруутай, хариуцлагагүй үйлдлүүд тодорхой илчлэгдэж байгаа бөгөөд ийм хөдлөшгүй баримт байхад анхан болон давж заалдах шатны шүүх тэс өөр дүгнэлт, тайлбар гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр илт нэг талыг баримталсан, алдаатай, хууль зүйн үнэдэслэлгүй гэдгийг хангалттай нотолж байгааг үгүйсгэх аргагүй билээ.
22. Энэхүү зааврын дагуу тусгай зөвшөөрлийг сунгах, цуцлах, дуусгавар болгох тохиолдолд зохих ажилтан ажлын 3 өдөрт багтаан тусгай зөвшөөрлийг цуцлах хяналтын хуудас заавал нээх ёстой бөгөөд зохих шат дамжлагаар хянагдсаны эцэст хэлтсийн даргаар баталгаажуулж, гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг агентлагийн бичиг хэргээр дамжуулан лиценз эзэмшигчид мэдэгдэх, түүнд хүргүүлэх ёстой буюу тусгай зөвшөөрлийг цуцалсан өдрөөс хойш ажлын 2 өдрийн дотор багтаан өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх нарийвчилсан зохицуулалтыг баримтлах ёстой байтал 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр цахим бүртгэлээр автоматаар цуцлагдсан гэсэн хийсвэр аман тайлбарыг шүүхэд гаргаж, өөрсдөө дүрэм, заавраа баримтлаагүй, нэхэмжлэгч талд тухайн цаг хугацаанд огт мэдэгдээгүй, далд нууц үйл ажиллагаа явагдсан гэдгийн нотолгоо, баталгаа гэж үзэхээс өөр аргагүй билээ. Учир нь, хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн албан бичгийн бүртгэл, хөтлөлт зохих шаардлага, стандартыг хангаагүй, олон төрлийн алдаа, зөрчилтэй, будилаантай бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлах хяналтын хуудас гэсэн нотлох баримт байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй ба тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэн тухай баримт, материал огт байхгүй байгаа нь ямар замаар, арга хэлбэрээр захиргааны байгууллагын үйл ажиллагаа явагдсан болон зохих хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн хууль бус үйл ажиллагаа явагдсан гэдэг нь илт тодорхой байхад анхан болон дунд шатны шүүх хэвийн үйл ажиллагаа явагдсан мэтээр хандаж, өнгөрөөж байгаа нь өөрийн эрхгүй хуульчийн мэргэжлийн алдаа гаргасны нотолгоо гэж дүгнэхээс өөр аргагүй байна.
23. Шүүхийн шийдвэрүүдийн талаар. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой маргааныг урьд нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэж байсан бөгөөд анхан шатны шүүх урьд нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байсан боловч дунд болон дээд шатны шүүх хэргийн бүрдлийг хангаагүй, нотлох баримтуудыг буруу, дутуу дүгнэсэн байна гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байхад анхан шатны шүүх өмнө нь гарч байсан шийдвэрийг канондсон юм шиг, хуулбарласан шийдвэр гаргаж байхад давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээж шийдэж байгаа нь нэг талаар хяналтын шатны шүүхийн тайлбар дүгнэлт, даалгаврыг үл тоомсорлосон, хэлбэрдсэн төдий хандсан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс шүүхийн практиктай холбоотой шинжлэн судалгаа, харьцуулалт хийх явцад шүүхийн “Цахим сан”-гаас яг адилхан, ихэр юм шиг төстэй ийм төрлийн маргааныг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ма2017/0124 дүгээр магадлал болон Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдсэн байдаг ба нэг төрлийн маргааныг шүүх олон янзаар хандаж хоёрдмал стандарт хэрэглэж шийдэж байгаа нь шүүхийн өмнө эрх тэгш байх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим алдагдсан талаар уламжлах нь зүйтэй билээ.
24. Иймд, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-ийн олон жилийн хүч чармайлт, хөдөлмөр, хөрөнгө оруулалт, санхүүжилт, эрэл хайгуул, шинжлэн судалгааны ажлын үр дүнд илэрсэн нүүрсний тодорхой хэмжээний нөөц баялгийг захиргааны байгууллагын өөрсдийнх нь хариуцлагагүй, буруутай үйл ажиллагааны улмаас ид ажлын үеэр замын дунд нь үл ялих зохиомол шалтаг тоочин дуусгавар болгож хайгуулын үйл ажиллагааг таслан зогсоож байгаа хууль зүйн үндэслэл муутай анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь нэг талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж байгаа буюу нөгөө талаар их хэмжээний санхүүгийн болон эд хөрөнгийн хохиролд оруулж, ажилчид болон компанид эдийн засгийн эрсдлийг хүлээлгэж байгааг тайлбарлах нь ойлгомжтой зүйл учраас цаашид улс орон, нийгэмд үр өгөөж өгөх, ажлын байр бий болгох, баялгийг бүтээх, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж ахуйн үйл ажиллагааг дэмжих үүднээс Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, зохих бүх төлбөрийг цаг хугацаанд бүрэн төлж байсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжийг олгох үүднээс хандаж, энэхүү маргааныг нааштайгаар шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна.
25. Эцэст нь, дээр дурдсан бодит нөхцөл байдал, хариуцагч талын хууль бус ажиллагаа болон анхан, давж заалдах шатны шүүхийн хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлгүйгээр, хэт нэг талыг баримталж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хууль, шударга ёсыг хэрэгжүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
26. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.
27. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 131616Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн бөгөөд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 0 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэснийг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 73, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 115 дугаар магадлалаар хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг нь сэргээн шийдвэрлэснийг хариуцагч 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр бүртгэж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 737 тоот шийдвэрээр 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан байна.
28. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх...”, 4 дүгээр зүйлийн 4.1.20-д ““тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж тус тус зааснаас үзвэл “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь түүний төлбөр төлсөн хугацаагаар тодорхойлогдохоор байна. Харин анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх асуудал нь өөр өөр үр дагавар үүсгэх тусдаа харилцаа бөгөөд төлбөр төлөх хугацааны асуудлыг сунгуулах хугацаатай адилтган үзэх боломжгүй” гэж дүгнэсэн, давж заалдах шатны шүүх уг тайлбарыг зөвтгөсөн нь буруу, гэхдээ энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
29. Учир нь, дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлж тооцох ёстой байсан. Тодруулбал, шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээнэ гэдэг нь захиргааны байгууллага хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгосон, цуцалсан, эсхүл дуусгавар болгосон нь тогтоогдсон тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгосноор анх олгосон буюу бүртгэсэн тусгай зөвшөөрлийн хугацаа нь сэргэж байгаагаас бус шүүхийн шийдвэрийг үндэслэсэн захиргааны актаар шинэ хугацаа тогтоож буй хэрэг биш юм. Энэ маргааны хувьд хариуцагч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж тооцсон нь буруу хэдий ч нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, өөрөөр хэлбэл анх олгосон өдрөөс нь 3 сарын дараагаас эхэлж тооцсон байна. Иймээс “тусгай зөвшөөрлийн хугацаа 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусах ёстой байсан” гэсэн агуулгатай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 5, 7, 8, 13-17-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
30. Хяналтын гомдолд дурдсан /Тодорхойлох хэсгийн 9, 10, 23/ Улсын Дээд шүүхийн 2017 оны 157 дугаар тогтоолын тухайд, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 21 дүгээр зүйлийн 21.1.15 зэрэг зүйл, заалтын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь түүний төлбөр төлсөн хугацаагаар тодорхойлогдох талаар тайлбарласан, тухайн маргааны хувьд хариуцагч нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг шүүхийн шийдвэрийн дагуу сэргээж, сунгахдаа анх олгосон хугацаанаас нь өмнө байхаар тооцож нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсныг нь шүүхийн зүгээс буруу гэж үзэн, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь сэргээснийг дурдаж байна.
31. Харин нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтын “009-FE гэсэн дугаарт тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлөв, Хугацаа 2015.04.29-2016.04.29 хүртэл” гэсэн бүртгэлийн тухайд хариуцагч 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 5 дахь жилийн төлбөр төлсөн бүртгэлийг хийхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг “2014.04.29-2015.04.29 хүртэл” гэж алдаатай бичсэн, үүний улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа 1 жилээр хойшлогдон 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөр төлсөн бүртгэлийг хийхэд хугацаа нь 2016.04.29 хүртэл гэж алдаатай бичигдсэн талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй атлаа “тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 4 сарыг дуустал гэж ойлгож байсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
32. Түүнчлэн, тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгасан талаарх хариуцагчийн 2012 оны 6-6437 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч компанийн захирал хүлээн авсан, энэхүү бүртгэл нь тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтын 006-ЕЕ дугаарт бүртгэснийг нэхэмжлэгч мэдэхгүй байх боломжгүй, иймээс “шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сунгаснаас хойш нийт 3 жилийн төлбөр төлсөн гэдгээ нэхэмжлэгч мэдэж байгаа, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болохыг мэдсээр байж хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй явдалд хариуцагчийг буруутгах, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль бус гэх үндэслэлгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 6, 19-д заасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
33. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” бол тусгай зөвшөөрөл дуусгавар болох бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тусгайлан шийдвэр гаргаж, түүнийг мэдэгдэх, сонсгох, оролцогчийн эрхийг хангах, нөхцөл байдлыг тогтоох зэрэг ажиллагаа хийхийг шаардахгүй. Учир нь, нэгэнт захиргааны актад заасан хугацаа нь хандсан этгээдийн хувьд тодорхой байдаг тул түүнийг дуусгавар болсныг хариуцагчийн зүгээс заавал мэдэгдэх /сонсгох/ шаардлагагүй, актад заасан хугацаа дууссанаар тухайн актын эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болдог бөгөөд энэ нь захиргааны актын хугацаа дуусахаас өмнө нь түүнийг хүчингүй болгох, цуцлах тухай ойлголтод хамаарахгүй юм. Иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 20-23-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
34. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0168 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0264 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ