Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00724

 

 

 

 

  Ариг гал ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8727 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 552 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ариг гал ХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох,

Таван толгой ХК-ийн 1069 ширхэг хувьцааг худалдан авч, Үнэт цаас төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дэх Ариг гал ХК-ийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, 2006-2013 онуудад нэгж хувьцаанд тараасан ногдол ашгийн 1905 /190.500/ ширхэг хувьцаанд ногдох 857.630.771 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, түүний өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Б.Долгорсүрэн, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Ариг гал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2004 онд Хөрөнгийн биржийн арилжаагаар худалдан авсан Таван толгой ХК-ийн багц хувьцааны 1069 ширхэг хувьцаанд хамаарах хэлцлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2007.11.29-ний өдрийн 183 дугаар тогтоолоор, 863 ширхэг хувьцаанд хамаарах хэлцлийг 2008.11.28-ны өдрийн 263 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож хувь хүнд шилжүүлсэн. Эдгээр тогтоолуудыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөл, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөл 2010.12.21-ний өдрийн 10 тоот тогтоолоор манай гомдлыг хангаж 2007 оны 183 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2011.03.18-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр  Санхүүгийн зохицуулах хорооны 2008.11.28-ны өдрийн 263 дугаар тогтоолын хүчингүй болгосон. Дээрх шийдвэрдийн дагуу хувьцааг өөрийн дансанд байршуулах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд удаа дараа гаргасан боловч үүнд ямар нэгэн хариу өгөхгүй, хүсэлтийг хангахгүйгээр хөрөнгө оруулагчийн эрх ашгийг үл хүндэтгэсэн. Өмчлөх эрх зөрчигдсөнөөс 1905 ширхэг хувьцаанд ногдох ашиг авах боломжгүй болсон  857.630.771 төгрөгийн хохирол учирсан. Иймд Таван толгой ХК-ийн 1069 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч Ариг гал ХК-ийн дансанд байршуулж өмчлөх эрхийг сэргээхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах., 2006-2013 онуудад 1905 /190.500/ ширхэг хувьцааны ногдол ашгийг Таван толгой ХК-иас нэгж хувьцаанд тараасан хэмжээгээр тооцож, хохиролд 857.630.771,40 төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.11.-д зааснаар 2008.11.28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, дээрх иргэдийн хувьцаанд холбогдох 72 хэлцлийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэр бүхий 23 иргэний үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг сэргээх тухай 263 дугаар тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор “Ээрмэл” ХК нь “Ажнай инвест”, “Мон Сек” ХХК-иудын хууль бусаар арилжаалсан Таван толгой ХК-ийн 836 ширхэг хувьцааг хэлцэл буцаах замаар өмчлөх эрхийг нь сэргээсэн иргэн Ц.Цогнэмэхийн 14-401030 тоот холболтын данснаас 2003.5.19-ний өдөр арилжаалсан 736 ширхэг Таван толгой ХК-ийн хувьцааг бүгдийг, иргэн Н.Мөнх-Очирын 18-34168 тоот холболтын данснаас 2004.9.30-ны өдөр арилжаалсан 100 ширхэг Таван толгой ХК-ийн хувьцааг бүгдийг авсан байдаг.Нэхэмжлэгч “Ээрмэл” ХК Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд дээрх 263 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх 2011 оны 96 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангасныг Улсын Дээд шүүх 2011 оны 140 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн. Таван толгой ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн С.Бат-Өлзийн 1069 ширхэг хувьцааг 2007-11-29 -ний өдрийн “Арилжааны хэлцлийг хүчингүй болгох тухай” 183 дугаар тогтоолоор тухайн хэлцлийг хүчингүй болгож, хууль бусаар арилжаалсан 1069 ширхэг хувьцааг буцаан бүртгэж, эрхийг сэргээхийг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болгосон. Дээрх тогтоолыг “Ажнай инвест” ХХК-ийн гомдлоор тус Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөл хянан үзээд 2008.03.10-ны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон боловч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх С.Бат-Өлзийн нэхэмжлэлээр Хяналтын зөвлөлд холбогдуулан 2008.6.30-ны өдрийн 177 дугаар шийдвэрээр “Хяналтын зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт хийж, дээрх 01 тоот тогтоолыг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч хувьцааг өөрийн дансанд байршуулах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд удаа дараа хүсэлт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үндэслэл болсон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 96 дугаар шийдвэрт “Хөрөнгө оруулагч нар нь хэлцэл хууль бусд тооцуулах, түүнээс гарах хохирлын талаар харьяалах шүүхэд маргах эрхтэй” гэсэн тул Хорооны тогтоол хүчингүй болсноор “Ээрмэл” ХК-ийн худалдаж авсан хувьцааны хэлцэл сэргэх боломжгүй. Тус хороо дээрх хувьцааг өөрийн эзэмшилд байлгаагүй, ашиглаагүй, харин Таван толгой ХК нь ногдол ашиг олгож байсан бол иргэн Ц.Цогнэмэх, Д.Мөнх-Очир, С.Бат-Өлзий нар хүртэж байсан. Иймд тус хороо нь Таван толгой ХК-ийн 1069 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч... Ариг гал ХК-ийн дансанд байршуулах” болон Таван толгой ХК-иас 2006-2013 онуудад хувьцаанд тараасан ногдол ашгийн 857.630.771,40 төгрөгийг” өгөх хууль зүйн үндэслэлгүй. Мөн Ариг гал ХК-ийн гаргасан нэхэмжлэлээс Таван толгой ХК-ийн хувьцааны ногдол ашигт “2007 онд 1905 ширхэг хувьцааны 34.896.571,05 төгрөг гэдэг нь үндэслэлгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 183 дугаар тогтоолоор “Ээрмэл” ХК-ийн энэ үед иргэн Ц.Цогнэмэх, Н.Мөнх-Очир нарт Таван толгой ХК-ийн хувьцаа шилжээгүй байсан гэдэг нь дээрх иргэдийн болон “Ээрмэл” ХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэдбазарын 2015 оны 298 тоот албан бичгийн хавсралт “Ерөнхий журналын дэлгэрэнгүй хуулга”-ын “Ээрмэл” ХК-д холбогдох бүртгэл, тус Хорооны 2008 оны 263 дугаар тогтоол зэргээр нотлогдсон.Иргэн С.Бат-Өлзий 1069 ширхэг хувьцааг өөрийн өмчлөлд байлгаж 2009.6.22-ноос 2009.12.23-ны хооронд Хөрөнгийн биржээр арилжаалж, хувьцаа зарсан мөнгөө бэлнээр болон харилцах дансаар шилжүүлэн авсан, иргэн Ц.Цогнэмэхт 736 ширхэг Таван толгой ХК-ийн хувьцааг өөрийн өмчлөлд байлгаж, 2009.02.05-наас 2009.6.18-ны хооронд хэд хэдэн удаагийн арилжаагаар зарж, хувьдаа зарсан мөнгөө тухай бүр бэлнээр авсан, иргэн Н.Мөнх-Очир 100 ширхэг Таван толгой ХК-ийн хувьцааг өөрийн өмчлөлд байлгаж 2009.04.05-наас 2010.5.31-ний хооронд арилжаагаар зарж, хувьцаа зарсан мөнгөө тухай бүр бэлнээр болон харилцах дансаар авсан нь нотлогдоно. Иймд дээрх иргэд нэхэмжлэгч Ариг гал ХК-ийн нэхэмжилж буй 2007-2010 оны ногдол ашгийг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар тэднээс нэхэмжлэх эрхтэй. Дээрх тооны хувьцааг өөрийн эзэмшил өмчлөлд байлгаагүй, энэ хугацаанд захиргааны актаар уг хувьцааг эзэмшиж байсан иргэд шударга бус эзэмшигч болох юм. ...Санхүүгийн зохицуулах хорооны гаргасан тогтоолуудыг хүчингүй болгосон ч зарим хохирлыг нэхэмжлэгч холбогдох этгээдээс гаргуулах, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болон Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн шийдвэр гарсан даруйд хохирлыг барагдуулах боломжгүй юм, Тус Хороо улсын төсвөөс санхүүждэг төсвийн байгууллага бөгөөд Төсвийн тухай хуулиар хэн нэгэнд учруулсан хохирлыг өөрийн санаачилгаар барагдуулах буюу хохирол нөхөн төлөх төлбөрийн дүнг төсөвт суулгах эрх мэдэл хуулиар олгогдоогүйн улмаас өнөөдрийг хүрсэн нь бидний буруу биш. Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 96 дугаар шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн 2010 оны 10 дугаар тогтоолын аль алинд хохирлыг төлөхийг даалгаагүй зэргээс нэхэмжлэлийг барагдуулах боломжгүй, 2011-2013 оны ногдол ашгийг гаргах үндэслэлгүй гэжээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8727 дугаартай шийдвэр гаргаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооноос 857.830.771 төгрөг гаргуулж Ариг гал ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1., 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасныг баримтлан нэхэмжлэлээс Таван толгой ХК-ийн 1069 ширхэг хувьцааг худалдан авч, Ариг гал ХК-ийн дансанд байршуулах өмчлөх эрхийг сэргээхийг даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.446.150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос 4.446.150 төгрөгийг гаргуулж Ариг гал ХК-д олгож шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 552 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 37.1, 37.2-т зааснаар СЗХороо нь үнэт цаас худалдах, худалдан авах үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байна гэж анхан шатны шүүх үзсэн боловч энэ нь үнэт цаасны дилерийн үйл ажиллагаа болон түүний нөхцөлийн талаар зохицуулсан байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг СЗХороо урьдчилан шийдвэрлэнэ гэж зааснаас үзвэл энэ хэргийн зохигчдын маргаанд энэ заалт хамаарахгүй байна. СЗХороо тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хоорондох болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хоорондох маргааныг хөндлөнгийн байр сууринаас шийдвэрлэхээр зохицуулсан хуулийн заалтыг СЗХорооны хууль бус тогтоол, шийдвэрийн улмаас учруулсан гэм хор, хохирлыг арилгуулхаар өөртэй нь маргаж байгаа маргаанд хэрэглэхээр шийдвэрлэсэн нь шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм. Анхан шатны шүүх "1069 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч нэхэмжлэгчийн үнэт цаасныг дансанд байршуулахыг хариуцагчид даалгах шаардлага"-тай холбоотой иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хувьцааг буцаан байршуулах гомдолд хариу өгсөн нь нотлогдохгүй байна гэдгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэх нь зөв гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Ариг гал ХК нь гомдол шаардлага гаргасан боловч хуульд заасан хугацаа, журмын дагуу хариу өгөөгүй бол гомдол шаардлагыг хангахаас татгалзсан эс үйлдэхүй гэж үздэг билээ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7-р зүйлийн 1,4, 16-р зүйлийн 1 дэх хэсэг болон ЗХХШТхуулийн 12.1.4-р шүүх хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж "1069 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч нэхэмжлэгчийн үнэт цаасныг дансанд байршуулахыг хариуцагчид даалгах шаардлага”-ыг хангаж, давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгчийн гомдлыг хангахаас татгалзсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхийн гаргасан гомдолдоо: Шүүх хохирол шаардах эрхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497.1, 498.2, 510.1, 75.2.4-т нийцэхгүй байна. Үүнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 497.1, 498.2, 510.1 дэх хэсгүүд буюу "Гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хариуцлага, гэм хорийг арилгах" зэргээр зүйлчлэл хийсэн нь хөөн хэлэлцэх хугацаанд гэм хорын шаардлага буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т "бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил" гэснийг баримтлах байсан. Нөгөө талаар ногдол ашиг нь Компанийн хуулийн 46.1-д зааснаар "...хувьцаа бүрд ногдох ашгийг хэмжээ..." бөгөөд хууль зүйн хувьд хувьцаанаас салгаж ойлгох боломжгүй тул дангаараа шаардах эрх үүсэх боломжгүй байхад нэхэмжлэгчийн Таван толгой ХК-ийн 1905 ширхэг хувьцаа өмчлөх эрхийг сэргээхгүйгээр түүний үр шим болох ногдол ашгийг орлого гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага хангуулсан хууль хэрэглээний хувьд буруу юм. Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 96 дугаар шийдвэр, СЗХ-ны дэргэдэх Хяналтын зөвлөлийн 2010 оны 10 дугаар тогтоолын аль алинд хохирлыг нөхөн төлөхийг тус Хороонд даалгаагүй нь Хороог шууд буруутгах үндэслэл болохгүй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-т "Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ." гэж заасны дагуу тухайн үед Захиргааны шүүхийн шийдвэрт хохирлын талаар дурьдаагүйг Иргэний хэргийн шүүх анхаарч үзэх байсан. Учир нь тус Хяналтын зөвлөлийн болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хохирол барагдуулах ёстой байсан бол нэхэмжлэгч тал Иргэний хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хохиролоо өдийд барагдуулах ёстой байсан. Нөгөө талаар Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 96 дугаар шийдвэр, Хяналтын зөвлөлийн 2010 оны 10 дугаар тогтоол гарч хүчин төгөлдөр болсноос хойш даруй 5 жилийн дараа Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгчийн үйлдэлд тус Хорооны ямар үйлдэл нь шалтгаант холбоотой гэдгийг давж заалдах шатны шүүх шалгаж тогтоогүй мөртлөө хариуцагчийг буруутгаж дүгнэсэн байна. Зүй нь нэхэмжлэгч тал Иргэний шүүхэд хэзээ хандаж болох байсныг байгаа шүүх шийдвэр гаргахдаа анхаарч энэ хугацааны хохирол барагдуулах нэхэмжлэл гаргахад тус Хороо /хариуцагч/-ны ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т "Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ" мөн 498 дугаар зүйлийн 498.3-т "Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос уръдчшан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно" гэж заасны дагуу шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж магадлал гаргах байсан. Учир нь нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр, Хяналтын зөвлөлийн тогтоол гарсан даруйд Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохирлоо барагдуулах боломжтой байсан дээрх байдлаар тогтоогдох юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлээгүйг давж заалдах шатны шүүх нягтлан үзэж залруулаагүй байдаг. Үүнд: Ариг гал ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн "Ногдол ашиг гаргуулан авах" шаардлагын Таван толгой ХК-ийн хувьцааны ногдол "2007 онд 1905 ширхэг хувьцааны 34,896,571,05 төгрөг гэдэг нь" хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах байдлаар нотлогдохгүй байгаа юм. Таван толгой ХК-ийн Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын 2007 оны "Ногдол ашиг хуваарилах тухай" тухай шийдвэр гарах үед иргэн Ц.Цогнэмэх, Н.Мөнх-Очирт нарт Таван толгой ХК-ийн хувьцаа шилжээгүй байсан гэдэг нь дээрх иргэдийн болон "Ээрмэл': ХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэдбазарын ирүүлсэн 2015.10.20-ны өдрийн 298 тоот албан бичгийн хавсралт "Ерөнхий журналын дэлгэрэнгүй хуулга"-ын Ээрмэл ХК-т холбогдох бүртгэл, тус Хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 263 дугаар тогтоол зэргээр "Ээрмэл" ХК-ийн өмчлөлд байсан нь нотлогдож байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхийн нотлох баримт үнэлэхэд гаргасан алдааг давж заалдах шатны шүүх засахгүйгээр хэргийн шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэн нь үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ." гэсэнтэй нийцэхгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтаар "...Таван толгой ХК-ийн 1069 ширхэг хувьцааг өөрийн хөрөнгөөр худалдан авч, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дэх Ариг гал ХК-ийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээлгэхипг даалгах" тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай" гэж зөв шийдвэр гаргасан мөртлөө мөн хэсгийн 1 дэх заалтаар түүний үр шим болох "Ногдол ашгийн хохирол"-ыг тус Хорооноос гаргуулж Ариг гал ХК-д олгосугай гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд зөрчилтэй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 8727 дугаар шийдвэрийн зарим хэсэг буюу ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 552 дугаар магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ариг Гал ХХК нь Таван толгой ХК-ийн 1069 ширхэг хувьцааг худалдан авч, Үнэт цаас төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дэх нэхэмжлэгчийн дансанд байршуулж, өмчлөх эрхийг сэргээхийг даалгах, 2006-2013 онуудад нэгж хувьцаанд тараасан ногдол ашгийн 1905 /190.500/ ширхэг хувьцаанд ногдох 857.630.771 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн эхний шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, сүүлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг зохигчид эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Санхүүгийн зохицуулах хороо 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолоор 72 хэлцэл хүчингүй болгосон бөгөөд үүнд нэхэмжлэгчийн 836 ширхэг хувьцаа худалдан авсан хэлцэл багтсан, 2008 оны 263 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсэг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 96 дугаар шийдвэрээр хүчингүй болсон үйл баримт нотлогдсон байна.

Нэхэмжлэгч 1069 ширхэг хувьцааг иргэн С.Бат-Өлзийгийн зөвшөөрөлгүй арилжсан гэж үзэн хариуцагч 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 183 дугар тогтоолоор хэлцлийг хүчингүй болгосныг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөл 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ.

Санхүүгийн зохицуулах хороо буруу шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн үйл баримт нотлогдсон, 263, 183 дугаар тогтоол гаргасны улмаас нэхэмжлэгч 2006-2013 онд авах ёстой байсан ногдол ашгийг аваагүй болох нь энэ хугацааны ногдол ашиг хуваарилагдсан болох нь тус тус тогтоогдсон тул хариуцагчийн  гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх урьдчилан шийдвэрлүүлэх журмаар зохицуулах боломжтой гэж үзэн Ариг гал ХК-ийн нэхэмжлэлээс “...Таван толгой ХК-ийн 1069 ширхэг хувьцааг  худалдан авах замаар Ариг гал ХК-ийн өмчлөх эрхийг сэргээхийг даалгах...”   шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосон буруу биш гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад Иргэний хуульд нийцсэн  дүгнэлт өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :  

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 8727 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 552 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 1.765.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ