Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 72

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Хэргийн индекс: 114/2016/0070/З/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би нэхэмжлэгч “*******” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- Сарантуяа овогтой Уранбат миний бие Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах 1000 м2 цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалтай газрыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төсөл сонгон шалгаруулалтаар манай компани уг төсөлд шалгарч дээрх газрыг эзэмшиж байсан юм. Уг газрыг эзэмшүүлэх Засаг даргын захирамж гарч Дархан-Уул аймгийн газрын албатай газар эзэмших гэрээг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан юм. Манай компани газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаандаа болон урьдчилан 2015 он, 2016 оныг дуустал төлсөн байсан. Бид Дархан-Уул аймагт цэцэрлэг сургууль хомс байгааг судлан Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсролын сурагчдын сурч боловсрох үйл хэрэгт хувь нэмэр оруулах зорилгоор уг газар дээрээ цэцэрлэг барихаар зураг төсөв, техникын нөхцөл зэргийг авч үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажил бүрэн хангасан байсан. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд нь манай компанийг Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, г, 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасан заалтын үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон байна. Иймд “*******” ХХК нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байхад манай компаний газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль зөрчин цуцалсанд гомдолтой байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга Н.*******ын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/123 тоот захирамжаар “*******” ХХК-д эзэмшүүлсэн Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд байрлах газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ. 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******аас 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хүсэлтэндээ: “*******” ХХК-ны Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.******* томилогдон захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

            Амйгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1-1278 тоот албан бичиг бүхий итгэмжлэлээр олгосон  бүрэн эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНЧИМЭГ