Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 118/ШШ2024/0008

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б*******...

Хариуцагч: Завхан аймгийн **************. улсын байцаагч нарын хооронд үүссэн өндөр насны тэтгэвэр олголт, нөхөн төлбөрийн акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С*******...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г*******..... /онлайнаар/, хариуцагч Завхан аймгийн **************.. улсын байцаагч Т*******...., А*******......, хариуцагчийн өмгөөлөгч Б*******......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Б*******..... нь анх Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 09/81 дүгээр актыг хүчингүй болгуулах, тэтгэврээс хууль бусаар суутгасан болохыг тогтоолгох, суутган авсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

1.2 Шүүх хуралдааны явцад “...Тэтгэврээс хууль бусаар суутгасан болохыг тогтоолгох, суутган авсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг “...нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр актыг гарснаас хойш буюу 2023 оны 04 дүгээр сараас эхлэн хууль бусаар тэтгэвэр олгоогүй болохыг тогтоолгох, 2023 оны 04 дүгээр сараас хойших тэтгэврийг нөхөн гаргуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан тайлбарласан.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нэхэмжлэгч Б*******.. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д зааснаар тэтгэвэр авах болзол, шаардлагыг хангасан хэмээн хүсэлт гаргасны дагуу Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 21 жил 01 сар төлсөн бөгөөд малчны өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүссэн гэх үндэслэлээр түүнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоон олгосон.

2.2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 190 дүгээр шийдвэрээр Б*******...гийн 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу 4 жил 6 сарын хугацаагаар Завхан аймгийн Идэр сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэсэн.

2.3. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай” 32/01 дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 46 иргэний тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Б*******....гийн нэр, мэдээлэл багтсан.

2.4. Энэхүү актын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгасны дагуу нийгмийн даатгалын улсын байцаагч Т*******...., А*******... нар “хуурамч баримт бүрдүүлэн, хууль бусаар тэтгэвэр тогтоолгон авч нийгмийн даатгалын санд хохирол учруулсан” гэх үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр актаар 12 600 000 төгрөгийн төлбөр тогтоож, төлбөрийг Б*******....гаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор бүрэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч тал “...малчнаар ажиллаж байсныг тогтоосон шүүхийн шийдвэрийг холбогдох баримтын хамт өгснийг тэтгэврийн байцаагч хянаж үзээд 2020 онд өндөр насны тэтгэврийг тогтоож олгосон атлаа хуурамч баримт бүрдүүлсэн гэж хожим үзсэн нь ойлгомжгүй, малчнаар ажилласан байдлаа шүүхээр тогтоолгохдоо ямар баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзсэн нь тодорхойгүй, худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулсан гэх асуудлыг захиргааны байгууллага өөрөө тогтоох боломжгүй тул нөхөн төлбөрийн акт хууль бус...” гэж,

4. Хариуцагч тал “Б*******.... нь зөвхөн өөрт ашигтай нотлох баримтуудаа иргэний хэргийн шүүхэд гаргаж өгч, харин хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг зориудаар нууж малчин байсан байдлаа тогтоолгосон бөгөөд уг малчнаар ажиллаж байсан хугацаа нь ерөнхий боловсролын сургуульд сурч байсан хугацаатай давхардсан нөхцөл байдал шинээр үүсэж, шүүхийн шийдвэр архивын баримтуудтай зөрсөн тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр олголтыг зогсоосныг үндэслэн төлбөрийн акт тавьсан нь үндэслэлтэй” гэж тус тус маргасан.

5. Маргаан бүхий захиргааны акт буюу Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр актын талаар тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус гомдол гаргасан байх ба гомдлыг нь хангах үндэслэлгүй тухай хариуг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 212, 06 дугаар сарын 05-ны өдрийн 277, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 06/107 дугаар албан бичгээр тус тус авснаар 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн Үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхтухай 2023 оны 04 дүгээр сарын 12-ны 09/81 дүгээр актыг эс зөвшөөрч байгаа тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. 1. Актад "Шалгалтаар *******.... овготой *******.... (ИД**************..) нь Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2 дахь заалтыг зөрчиж, худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын сангаас 12,600,000 (Арван хоёр сая зургаан зуун мянган) төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүй илүү авсан гэжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2 дахь заалт /нийт 20-иос доошгүй жил,үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол/-ыг зөрчиж хэмээн бичсэн ч хэрхэн яаж зөрчсөнийг актад бичээгүй. Ер нь бол 51 настай хүнийг 50 хүрээгүй хэмээн буруутгах боломжгүй тул 12 жил 6 сар малчнаар ажиллаагүй гээд байгаа, эсхүл 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн байх шаардлага хангаагүй гээд байгаагийн алиннь болох нь тодорхойгүй. Худал мэдүүлж шүүхийн шийдвэр гаргуулсан гэдгийг зөвхөн хууль сахиулах байгууллага тогтоодог болохоос захиргааны байгууллага тогтоодоггүй. Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хуурамч эсхүл хууль бус хэмээн маргах эрх ямар ч албан тушаалтан болон иргэнд байхгүй. Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх тухай ойлголт байдаг болохоос шүүхийн хийсэн дүгнэлтэд дахин дүгнэлт хийх эрх хэнд ч байхгүй. Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 190 дүгээр шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж шүүх үнэлсэн болно хэмээн бичсэнийг улсын байцаагч анхаарч үзсэнгүй. Актад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай          хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт Тэтгэвэр тэтгэмж авагч хуурамч бичмг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр тэтгэмжийг төлүүлэх тухай ...нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол гэснийг үндэслэн ТОГТООХ нь гэжээ.  Чухам ямар баримтыг хуурамч хэмээн үзсэнээ уг актад бичээгүй байх тул захиргааны акт үндэслэл бүхий бөгөөд бодит байдалд нийцсэн байх шаардлагыг хангахгүй. Хариу бичигт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 2023.03.21-ний 25 тоот архивын лавлагаа 1985-1987 онд 10 дугаар ангид суралцаж төгссөн нь нотлогдож байгаа бөгөөд энэ хугацаа малчнаар ажилласан хугацаанаас хасагдаж, … гэжээ. Ажилласан хугацааг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад хуульд үндэслэлгүйгээр буюу өөрийн үзэмжээр ажилласан хугацааг хасч байгаа захиргааны шийдвэр нь хууль дээдлэх зарчимтай нийцэхгүй байна.  Иймд  Монгол Улсын Үндсэн хуульд заасан өндөр наслах ...тохиолдолд ...мөнгөн тусламж авах эрх зөрчигдөж байх тул түүнийг сэргээлгэх хүсэлтэй байна. “Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр  актыг хүчингүй болгож, тэтгэврээс хууль бусаар суутгасан болохыг тогтоож, суутган авсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар өмгөөлөгч тайлбарлана. Би сайн тайлбарлаж мэдэхгүй... гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын байцаагчийн акт гарснаас хойш нэхэмжлэгчид тэтгэвэр олгоогүй байгаа. Тэтгэвэр олгогдохгүй байгаа учир тухайн актыг гарснаас хойших тэтгэврийг суутгасан гэж үзэж, уг үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, суутгасан тэтгэврийг бүрэн гаргуулъя гэсэн хүсэл зорилготой... Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Улсын байцаагчийн 09/81 дүгээр актад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.7.2-т заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл хориос доошгүй жил ажилласан гэх нөхцөлийг хангаагүй, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэхдээ чухам яг ямар баримтыг хуурамч нотлох баримт гэж үзээд байгаагаа акт дотроо огт заагаагүй. Шүүхийн шийдвэрийг хуурамч гэдгийг нотолсон баримт байхгүй... Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин үнэлж болохгүй. Иргэний шүүх дээр 10 дугаар анги төгссөн нөхцөл байдал бол тогтоогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулиар 16 насанд хүрсэн хүн ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой. Олон улсын конвенцод зааснаар 14 наснаас эхлэн ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. Яагаад 16 насанд хүрсэн хүүхэд аав, ээждээ туслаад ажил хийх боломж байхгүй гэж үзээд байгаа юм бэ? Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт заасанчлан гэрчүүд Б*******...г ажиллаж байсан талаар мэдүүлдэг. 10-р анги төгссөн гэдэг нь ажил хийж байсан гэдгийг үгүйсгэж чадахгүй. Захиргаа өөрөө тэтгэвэр тогтоох шийдвэр гаргахын өмнө энэ үйл баримтыг нягталж шалгах ёстой... Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шалгах боломж Захиргааны байгууллагад өөрт нь байгаа. Эдгээр баримтууд эргэлзээтэй байвал шалгаад цагдаагийн байгууллагад хандаад, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас  шүүхэд хандах боломж байсан гэж харж байна. Хуульд заасан боломжуудыг ашиглаагүй. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр 2020 онд гарсан байхад улсын байцаагчийн акт 2023 онд гарсан. Өөрсдөө шалгах боломж байсан гэж үзэж байна. Хариуцагч тал актын хууль зүйн  үндэслэл болсон хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт зааснаар ийм баримт нь хуурамч ийм учраас 29.1.1-д зааснаар хуурамч гэж үзсэн гэдгээ тайлбарлаж, нотолж чадахгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдлыг нотолж чадахгүй байна. Улсын байцаагчийн акт үндэслэлгүй гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ...гэв

9. Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдсэн. 2017 оноос 2022 он хүртэлх хугацаанд шинээр тогтоогдсон тэтгэвэр авагчдын тэтгэврийг тогтоосон үндэслэлийг шалгасан. Идэр сумын иргэн *******..тай холбоотой баримтаас үзэхэд түүний шүүхийн шийдвэрээр гаргуулсан 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Идэр сумын Цэцэрлэг нэгдлийн Дархан-Уул бригадад малчнаар ажилласнаар шүүхийн шийдвэр гаргуулсан. Б*******..1985-1987 онуудад Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуульд 10д ангид суралцаж төгссөн нотлох баримт гарч ирсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.7.2-т зааснаар нийтдээ 20-оос доошгүй жил, эмэгтэй хүн түүнээс 12 жил мал малласан бол тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэнэ. Иргэн Б*******.гийн тухайд шимтгэл төлсөн хугацааг анх нийт 21 жил 1 сар гэж тогтоосон боловч өдрийн ангиар суралцаж байсан хугацаа нь шүүхээр тогтоолгосон малчнаар ажилласан гэх хугацаатай давхацсан тул энэ үйл баримт хуульд заасан нөхцөлийн хангахгүй байдалд хүргэсэн, суралцаж байсан хугацааг нь хасаж тооцоход 19 жил 6 сар 30 өдөр болж байгаа... зөвхөн 1999, 2000 он буюу малын А данс гарсан хугацаа болон 1990-1995 онуудад малчин байсан хугацаа малчнаар тооцогдож байгаа, харин 1995-1998 оныг дуустал хүртэлх хугацаа нийт ажилласан жилд орохоос малчин жилд орохгүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.7.2-т заасан шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр улсын байцаагчийн актыг үйлдсэн... 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр актад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29.1.1 дэх заалтыг баримталсан. Шинээр тогтоогдсон тэтгэвэр авагч Б*******.. нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэхээсээ илүү Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4.7 дахь хэсгийн заалтыг хангахгүй байгаа. Ерөнхий боловсролын сургуульд сурч байсан хугацаагаа малчнаар ажилласан гэж шүүхийн шийдвэр гаргуулсан бөгөөд малчнаар ажилласан жилийн хугацаа нь хуульд заасан жилд хүрэхгүй тул Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн нөхөн төлбөрийн акт гаргасан. Малчин тэтгэвэр тогтоолгохдоо 1985-1987 онуудад Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан хугацаагаа малчнаар ажиллаж байсан гэж тогтоолгосон нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хүүхэд ажил хөдөлмөр эрхлэх үү? Суралцсан гэдэг нь журналын баримтаар нотлогдсон... Нэхэмжлэгч 2014 онд тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахдаа гаргасан өргөдөл хавтаст хэрэгт авагдсан байгаа. 1977-1987 онуудад  Завхан аймгийн Идэр суманд 8 жилийн дунд сургууль,  Тосонцэнгэл суманд 10 жилийн сургуульд тус тус суралцсан. 1988 оноос хойш мал маллаж байна, энэ хугацаанд хөдөлмөрийн дэвтэр авч чадаагүй гэх өргөдлийг ирүүлсэн байдаг. Энэ өргөдөл хадгалагдаж байсан хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр тогтоохдоо нөхөн даатгалын баримттай тулгалт хийх талаар чиглэл аргачлалыг өгөөгүй байсан... гэв.

10. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, захиргааны акт хуульд нийцсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт нотлох баримт, сонсох ажиллагаа, холбогдох баримтуудад тулгуурлаж гарах ёстой. Холбогдох баримтууд тэтгэвэр тогтоолгох үндэслэл болох малчин тэтгэвэр буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.7.2-т малчин тэтгэвэр тогтоолгож байгаа бол 12 жил 6 сар мал малласан, нийт ажилсан жил 20 жил байх ёстой. Шүүхийн шийдвэрээр 1985-1990 он хүртэлх хугацаанд Б*******... нь мал маллаж байсан гэж тогтоосон боловч хэрэгт авагдсан баримтаас харахад Нийгмийн даатгалын нөхөн даатгал авахдаа өгсөн өргөдөл дээрээ 1985-1987 онуудад Тосонцэнгэл сумд 10 жилийн сургуульд сурч байсан гэж өргөдлөө бичиж өгсөн байна. Тосонцэнгэл сумын сургуулийн тодорхойлолтоор сурч байсан тогтоогдож байна. Хариуцагчийн өмгөөлөгч улсын байцаагчийн акт хуульд нийцэж байгаа эсэх талаар асууж байна. Улсын байцаагч Захиргааны ерөнхий хуулийн дагуу өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу шийдвэр гаргаж, эрх зүйн зөрчил байна гэж үзэн акт үйлдсэн байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29.1.1-д заасан тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээр болон энэ хуулийн 28.3-т зааснаар илүү олгосон тэтгэвэр тэтгэмжийг татан төвлөрүүлнэ гэсэн заалтад үндэслэсэн нь хуурамч баримт байна гэх агуулгаар яриад байх шиг байна. Хэрэгт авагдсан баримтуудаас хуурамч гэх баримт байхгүй байгаа ч нэхэмжлэгч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28.3-т заасан үүргээ биелүүлээгүй, худал мэдүүлж, 10-р ангид огт сураагүй 8-р ангид сурсан мэтээр мэдүүлсэн. Энэ үйл баримт нь нөхцөлт тэтгэвэр тогтоолгоход нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны актыг илт хууль бус гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй... Хууль зүйн факт нөхцөл байдал дээр анхаарч үзэх ёстой. Шүүхийн шийдвэрээр тогтоогдоод байгаа нөхцөл байдал өөр нотлох баримтаар үгүйсгэгдээд байгаа. Тийм учраас  Б*******.. нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Б*******... гуайн хувьд шүүхэд худал мэдүүлсэн юм уу? Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн юм уу? Гэрчүүд худал мэдүүлсэн эсэх тал дээр эрх зүйн үр дагаврын хувьд хүндрэлтэй байна. Нийгмийн даатгалын улсын байцаагч эрх хэмжээнийхээ хүрээнд тэтгэвэр зогсоох эрхтэй. Тэтгэврийг зогсоохдоо ямар хуульд үндэслэх вэ? гэхээр Захиргааны ерөнхий хуульд заасанчлан сонсох ажиллагаа, нотлох баримтад тулгуурлана. Малчнаар ажилласан гэх хугацаа нь сурч байсан хугацаатай давхцаж байгаа бөгөөд малчнаар ажилласан жил нь тэтгэвэр тогтоолгоход хүрэлцэхгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа... нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон илэрхий бодит байдалд нийцүүлээд байх шиг байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт Тосонцэнгэл сумд сурч байсан эсэх талаарх баримт үнэлэгдээгүй байгаа. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон илэрхий зүйл байхгүй байгаа. Иймд улсын байцаагчийн акт хуульд нийцэж гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах эрх зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай” 32/30 дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Б*******..гийн нэр багтсан байх ба энэхүү актын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаснаар тус хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч Т*******... нар нь 2023 оны 09/81 дүгээр актаар “Худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” гэх үндэслэлээр 12 600 000 төгрөгийг нэхэмжлэгч Б*******.... буцаан төлүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулахыг даалгажээ. /Хавтаст хэргийн 4-5, 78-80 дугаар хуудсанд/

3. Дээрх маргаан бүхий захиргааны актад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Тэтгэвэр тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно” 1/ тэтгэвэр тэтгэмж авагч хуурамч баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэх зохицуулалтыг үндэслэсэн байна.

4. Хариуцагч нийгмийн даатгалын улсын байцаагч нар дээрх хуулийн зохицуулалт дахь “тэтгэвэр авагч хуурамч баримт бүрдүүлснээс үндэслэлгүй тэтгэвэр авсан” гэх нөхцөлийг нэхэмжлэгч Б.Д*******..д хамааруулан нөхөн төлбөр ногдуулжээ.

5. Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй... 2/ нийт 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэжээ.

6. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Б*******....г дээрх хуульд заасан болзол шаардлагыг хангасан буюу 51 нас хүрсэн, нийт 21 жил 01 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд үүнээс 12 жил 6 сар малчнаар ажилласан гэж үзэж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түүнд малчны өндөр насны тэтгэврийг анх 350 000 төгрөгөөр тогтоож, улмаар Засгийн газраас нэмэгдүүлэн тогтоосон хувь хэмжээгээр нэмэгдүүлэн 500 000 төгрөгийн тэтгэврийг 2022 оны 3 дугаар сараас эхлэн олгож байгаад 2023 оны 04 дүгээр сараас зогсоосон үйл баримт хэрэгт авагдсан тэтгэвэр тогтоолтын хуудас, тэтгэвэр олголтын тооцоолол, тэтгэврийн хувийн хэргийн материал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32/01 дүгээр акт зэрэг баримтуудаар нотлогдож байна. /Хавтаст хэргийн 30-85 дугаар хуудсанд/

7. Нэхэмжлэгч Б*******......д өндөр насны тэтгэврийг тогтоон олгосноос хойш 2 жил 6 сарын дараа буюу 2023 оны 03 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын үеэр Б.*******г 1985-1987 онуудад тус сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан талаарх баримтыг олж тогтоосныг үндэслэн Б*******...г “малчнаар ажилласан байдлаа 2018 онд шүүхээр тогтоолгохдоо хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгөлгүйгээр зарим хугацааны мэдээллээ нуусан” гэж хариуцагч нар үзэж, уг нөхцөлийг “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэх үйлдэлд хамааруулж нөхөн төлбөрийн актыг гаргажээ. /Хавтаст хэргийн 72-73 дугаар хуудсанд/

8. Хариуцагч нар нь нөхөн төлбөрийн актыг гаргахаас өмнө “Нэхэмжлэгч Б*******.....г хуурамч баримт бүрдүүлсэн” гэх асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаагүй, шүүхээр шийдвэрлүүлээгүй, харин уг маргаан бүхий 2023 оны 09/81 дүгээр актыг гаргасны дараа цагдаагийн байгууллагад гомдол, хүсэлт гаргасан талаараа тайлбарлаж байгаа бөгөөд тэдний тайлбар нь Завхан аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 39/4626 дугаар албан бичгээр нотлогдож байна. /Хавтаст хэргийн 120 дугаар хуудсанд/

9. Тодруулбал, нэхэмжлэгчийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй, шүүхээс энэ талаар тогтоосон шийдвэр байхгүйн дээр нэхэмжлэгчээс өөрт хамааралтай аль нэг баримтыг засварласан, шинээр үйлдсэн гэх зэргээр хуурамч баримт үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул зөвхөн сургуульд суралцаж байсан талаараа үнэн зөв мэдээлээгүй гэх нөхцөлөөр нэхэмжлэгчийг хуурамч баримт бүрдүүлж, тэтгэврийг үндэслэлгүйгээр тогтоолгосон гэж буруутгах үндэслэлгүй юм.

10. Хэрэгт авагдсан Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 190 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Б*******...г 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Идэр Шинэ цэцэрлэг нэгдэлд малчнаар буюу нийт 4 жил 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон, уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нь дээрх хугацаанд малчнаар ажилласан нь тогтоогдсон гэж үзнэ. /Хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудсанд/

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д “хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор зааснаас харахад дээд шатны шүүхээс өөр этгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

12. Хэрэгт авагдсан Б*******...гийн нэхэмжлэлтэй иргэний материалаас харахад уг хэргийг хянан шийдвэрлээд гаргасан Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 190 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, анхан болон давж заалдах шатны шүүхээр хэргийг ямар нэг байдлаар дахин шийдвэрлээгүй байх тул /энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно: 120.1.1 ...давж заалдах гомдол гаргаагүй...бол” гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх”-ээр байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг няцаах, нэхэмжлэгчийн ажилласан байдалтай холбоотой уг асуудлыг дахин нотлох ажиллагааг хийх хууль зүйн үндэслэлгүй, бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдуулан тухайн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг хуурамч хэмээн үзэж, нэхэмжлэгчид олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр нөхөн төлбөрийн акт тогтоосныг зөвтгөх  үндэслэлгүй байна.

14. Түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоох ажиллагаа дан ганц нэг талын буюу зөвхөн даатгуулагчид хамааралтай ажиллагаа бус, даатгуулагчид тэтгэвэр олгох ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй нийгмийн даатгалын байгууллагын хянах, судлах, шалгах, тогтоох цогц ажиллагаа юм.

15. Даатгуулагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан баримт бичгийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлд зааснаар хууль дээдлэх зарчмыг баримтлан даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан баримт бичгийг үндэслэн тэтгэвэр олгох тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байна.

16. Энэ маргааны тухайд Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь дээрх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 190 дүгээр шийдвэр болон бусад баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б*******.....д 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс малчны өндөр насны тэтгэврийг олгохоор нэгэнт шийдвэрлэсэн байтал хариуцагч нар нь дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгааг зөвтгөх боломжгүй. /Хавтаст хэргийн 30-71 дугаар хуудсанд/

17. Нэхэмжлэгч Б*******.....нь 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу Идэр сумын нийгмийн даатгалын улсын байцаагчид өргөдөл, хүсэлтээ гаргаж, нийт 11 жил /1990-2000 онууд/-ийн тэтгэврийн даатгалын нөхөн шимтгэлийг 2014 онд тооцуулсан болох нь түүний ******* дугаарын нийгмийн даатгалын дэвтэр дэх баталгаажилтын хуудсаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 49, 68 дугаар хуудсанд/

18. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нийгмийн даатгалын байгууллага нь нэхэмжлэгч Б*******д өндөр насны тэтгэвэр тогтоохоос өмнө өөрийн байгууллагад хадгалагдаж байсан баримтууд болох тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох асуудлыг шийдвэрлэсэн 2014 оны баримтуудаас нэхэмжлэгчийн мэдээллийг авч үзэх, нягтлах боломжтой байхад тэдгээр баримт, мэдээллүүдийг бүрэн гүйцэт хянаж шалгалгүйгээр тэтгэвэр тогтоох асуудлыг шийдвэрлэсэн байхад хариуцагч нийгмийн даатгалын улсын байцаагч нар нь “өөрт холбоотой зарим мэдээллийг нууж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” хэмээн дан ганц нэхэмжлэгчийг хожим буруутгаж нөхөн төлбөрийн акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

19. Хариуцагч улсын байцаагч нар маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх зарчмыг баримтлаагүйн дээр бодит нөхцөл байдлыг тогтоох, даатгуулагчийг сонсох, тайлбар гаргах боломжоор хангах ажиллагаа явуулсан талаарх баримт байхгүй байх ба Нийгмийн даатгалын ерөнхий газраас явуулсан хяналт шалгалтаар хязгаарласан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох, оролцогчийг сонсох үүргээ хариуцагч нар бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна.

20. Маргаан бүхий захиргааны актыг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”,  Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй... 2/ нийт 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэж заасан. 

21. Өндөр насанд хүрсэн даатгуулагч болох нэхэмжлэгч Б*******......гийн хуулиар хамгаалагдсан нийгмийн баталгааг алдагдуулж, нийгмийн даатгалын сангаас 2 жил 6 сарын хугацаанд олгосон мөнгөн хөрөнгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр акт нь дээрх  хуулиудад заасан нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно: 1/ тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэж заасантай нийцээгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй байна.

22. Хариуцагч Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч *******..... нараас 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр актыг гаргасан нь нэхэмжлэгч Б*******...д 2023 оны 04 дүгээр сараас эхлэн өндөр насны тэтгэврийг олгохгүй байх үндэслэлийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь дээр дурдсан эрх зүйн дүгнэлтүүдээр хууль бус бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн  2-д заасан нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

23. Иймд маргаан бүхий захиргааны акт болох нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг шүүхээс нэгэнт хангаж шийдвэрлэж байгаа тул дээрх нөхөн төлбөрийн актыг гаргаснаас хойш буюу 2023 оны 04 дүгээр сараас эхлэн Б*******.......д өндөр насны тэтгэврийг олгуулаагүй нь хууль бус болохыг тогтоож, 2023 оны 04 дүгээр сараас хойших өндөр насны тэтгэврийг түүнд нөхөн олгуулахыг хариуцагч нарт даалгах замаар нэхэмжлэгчийн “Тэтгэврээс хууль бусаар суутгасан болохыг тогтоолгох, суутган авсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгуулах” гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь нэхэмжлэгч Б*******...гийн өндөр насны тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн хамгаалагдахаар байна гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 23 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б*******...гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч *******..... нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр актыг хүчингүй болгож, уг актын улмаас Б*******....гийн тэтгэврийг хууль бусаар олгоогүй болохыг тогтоож, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших тэтгэврийг нөхөн олгуулахыг хариуцагч Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч ************** нарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч *******.... нараас 70 200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б*******.......д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ТУНГАЛАГ