Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                      П.Нямсүрэн

             Улсын яллагч                                    Д.Уранчимэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                    А.Хандмаа

                         Шүүгдэгч                                    Б.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Б.Энхцэцэгт холбогдох 201718020104 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Гандангийн №82 тоотод оршин улсын бүртгэлийн хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн №125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МБ:79062547/ Боржигон овогт Баяраагийн Энхцэцэг.

Прокуророос үйлдэж ирүүлсэн Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолоор:

 

Шүүгдэгч Б.Энхцэцэг нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн №82 тоотод Т.Саранг хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхцэцэг мэдүүлэхдээ: ... 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Эргэн дурсахуй” гэдэг баарны цаад талын буланд самраас ирсэн Отгоо гэх залуу, дүү Б.Отгонсүх нарын хамт том боргио пиво, 0.33 граммын Хараа архийг хувааж уугаад сууж байсан. Тэгсэн манай дүү Б.Отгонсүх найзууд руугаа явлаа гээд явчихсан нөгөө залуу бид хоёр манайх руу цуг явж нэг пиво, 0.75 граммын Хараа архи хуваан ууж байтал Тамираа, Гургаа хоёр ирсэн. Манай найз Т.Саран над руу утсаар залгаад хаана байна гэхээр нь гэртээ байна гэсэн чинь найз нь танайд очих гээд байж байна ирээд авчихаач гэсэн хариуд нь би найз нь очиж чадахгүйнээ гэрт хүмүүс ирчихсэн байна гэж хэлээд тасалсан. Удалгүй Т.Саран өөрөө  манайд орж ирээд чи намайг ирээд авчихгүй яасан өөдгүй юм бэ гэсэн. Тэгээд Отгоо, Т.Саран, Тамираа, Гургаа бид тав архиа хувааж уугаад Тамираа, Гургаа хоёр архи дууссан учир гараад явсан. Отгоо, Т.Саран бид 3 үлдээд байж байтал Отгоо надад 6000 төгрөг өгөөд дахин пивонд намайг явуулсан тэгээд би пиво аваад гэртээ орсон чинь Отгоо, Саран хоёр бэлгийн ажил хийгээд нүцгэн байж байсан. Тийм байдалтай байж байхаар нь би гэр оронд ингээд байж байдаг юм уу хүүхдийн бие муу байхыг мэдсээр байж Сараа чи яаж байгаа юм бэ гээд Отгоо гэх залууг цохьтол гараад зугтаасан, найз Т.Саранг нүүр, ам руу нь өшиглөөд зодсон. Тэгээд дараа нь найз Т.Саранг би ээжид нь учир явдлаа хэлээд  аваачиж өгөхөд ээж нь найзууд байж нэг найзыгаа ингэж зодож болдог юм уу гэж хэлээд  цагдаа дуудаад намайг эрүүлжүүлэхэд оруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

           Хэрэг бүртгэлтэнд хохирогч Т.Саран мэдүүлэхдээ: … би 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байгаад гэрээсээ гарч яваад зах дээр Отгоо гэдэг найзтайгаа тааралдаад Хараа буудал ороод 2 пиво хувааж уусан тэгээд би Буудлаас гараад Бороо, Ягаанаа гэдэг хоёр найзыгаа аваад Хараа буудалд дахиж ирээд 1 пиво хувааж уугаад 1 шил архиа хуваагаад ууж байсан чинь манай хажуу талд амьдардаг Энхцэцэг над руу утсаар яриад чамайг таарсан газар чинь ална гээд занаад байсан бас Энхцэцэгийн дүү Отгонсүх над руу утсаар залгаад чи самарт явах хүн мөн үү гээд өдөржингөө над руу залгаад тоглоод байсан тэгээд сүүлдээ Отгонсүх над руу залгаад би Отгонсүх байна чи Энхцэцэг эгчийн гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь би Хараа буудлаас гараад гэртээ ирсэн чинь гэрт хүн байхгүй байсан тэгэхээр нь би Энхцэцэгийн гэр лүү нь яваад орсон чинь Энхцэцэг, Отгонсүх, Тамираа, Гургаа бас нэг танихгүй залуу гэрт нь архи ууж байсан би ууж байсан архинаас нь жаахан татаад буудалд архи уусан болохоор хэсэг тасраад юу болсон талаар сайн санахгүй байна нэг мэдсэн чинь миний нүүр лүү хүн өшиглөөд байхаар нь би харсан чинь Энхцэцэг нүүр лүү өшиглөөд байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-7 дугаар хуудас/

            Хэрэг бүртгэлтэнд гэрч Т.Пүрэвдолгор мэдүүлэхдээ: ...  Тэр өдөр манай охин Саран гэр орноо цэвэрлээд гэртээ байж байсан. Би хэсэг унтаад сэрсэн чинь Саран гэрээсээ гараад явчихсан байсан орой 20 цагийн үед Саран гэртээ орж ирэхдээ шал согтуу нүүр ам хувцас хунар нь нил цус болчихсон ороод ирсэн. Би юу болсон талаар асуусан чинь Энхцэцэг намайг гэртээ зодчихлоо гэж надад хэлсэн Сарангийн нүүр ам, хамар, эрүү, цээж, хөл хэсгээрээ нь цохиж зодсон бололтой битүү хөхөрчихсөн урд хоёр шүд нь хөдөлгөөн орчихсон байсан тэгсэн чинь манай хажуу талд амьдардаг Энхцэцэг согтуу орж ирээд би танай охин Саранг зодчихсон юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/

           Хэрэг бүртгэлтэнд гэрч Ж.Золбоожаргал мэдүүлэхдээ: ... Би яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна Гандангийн 8 айлын тэнд явж байгаад Тамираа гэдэг залуутай тааралдаад Тамираагийн хамт Энхцэцэгийн гэрт ороход Энхцэцэг Саран руу утасдаад Саранг янхан минь чамайг ална чи хурдан хүрээд     ирээч гээд утсаар яриад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/

           2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №93 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ....

               1. Т.Сарангийн биед хамрын хугарал, доод баруун 1-р шүд, зүүн 1-р шүд 4-р зэргийн хөдөлгөөнтэй, дух, хамар, дээд, доод урууланд зулгаралт, эрүүний зүүн хажуу хэсэг, дээд, доод уруул, баруун зүүн гарын бугалга, зүүн өгзөг, зүүн гуя, өвдгөнд цус хуралт, хуйх, нүүрээр зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

  1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд топгонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 18 дугаар хуудас/

            Хэрэг бүртгэлтэнд Б.Энхцэцэг мэдүүлэхдээ: … 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би захын тэнд өөрийн дүү Отгонсүхийн хамт явж байгаад самарнаас ирсэн гээд Отгоо гэдэг залуутай тааралдаад “Эргэн дурсахуй” баарны тэнд бид гурав 1 шил архи, 1 пиво хувааж уугаад Отгонсүх найзтайгаа уулзлаа гээд яваад өгсөн харин Отгоо бид хоёр зах дээрээс 1 шил архи, 1 пиво аваад манай гэрт очсон би авчирсан пивоноос нь уугаад сууж байсан чинь гаднаас Гургаа, Тамираа гэдэг хоёр залуу орж ирээд тэр гурав нийлээд 1 шил архиа хувааж уугаад дуусах гэж байхад Саран гаднаас нилээд согтуу орж ирээд чи намайг ирээд авчихгүй гээд үглээд байхаар нь би манайд хүн ирчихсэн би чамайг очиж авч чадсангүй найзыгаа уучлаарай гэж хэлсэн тэгээд Саран, Отгоо, Гургаа, Тамираа нартай нийлээд архи ууж байгаад архи нь дуусаад Гургаа, Тамираа хоёр манай гэрээс гараад явсан харин Отгоо надад 6000 төгрөг өгөөд чи пивонд яваад ирээч гэхээр нь би мөнгийг нь аваад “Буян-жи” дэлгүүр ороод 1 том пиво аваад гэрлүүгээ яваад орсон чинь Саран, Отгоо гэдэг залуутай чармай шалдан бэлгийн ажил хийж байхаар нь би өө за за та нар хүүхэд өвчин зовлон тусаж байхад ийм юм хийгээд байж байдаг юм уу гэж хэлээд би уурандаа Сарангийн нүүрэн дээр нь 1 удаа дэвсээд үсдэж байгаад нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн чинь Отгоо гэдэг залуу айсандаа манай гэрээс гараад зугтаачихсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 28 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Энхцэцэгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /26 дугаар хуудас/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн №125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 28 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.       

 Шүүгдэгч Б.Энхцэцэг нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн №82 тоотод Т.Саранг хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хэрэг бүртгэлтэнд хохирогч Т.Сарангийн мэдүүлэг /ХХ-ийн 5-7 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтэнд гэрч Т.Пүрэвдолгорын мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтэнд гэрч Ж.Золбоожаргал мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №93 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 18 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтэнд Б.Энхцэцэгийн мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Энхцэцэг нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн №82 тоотод Т.Саранг хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэвч шүүгдэгч Б.Энхцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн №125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай баримт үйлдэж нотариатаар батлуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх тул Б.Энхцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Энхцэцэгт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй  байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

                 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Энхцэцэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Энхцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Энхцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Энэ хэрэгт Б.Энхцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай. 

            4. Б.Энхцэцэгт өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.                                  

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.