Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

 

 

“Э-5”СӨХ-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03445 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э-5”СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.А-, Б.О- нарт холбогдох

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 686 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ш.Жамбалдорж,

Хариуцагч: М.А-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 81 дүгээр байр, 41 тоотод оршин суух иргэн М.А-, Б.О- нар сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 2016 оны 12 дугаар сараас хойш төлөөгүй тул шүүхэд хандсан. Эдгээр иргэдээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөр сарын 20 200 төгрөгийг 34 сараар тооцон 686 800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1.2-т сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө цаг хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй бол сууц өмчлөгчөөс төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй. Хуулийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 149.1-д энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ 6 ба түүнээс дээш сарын турш биелүүлээгүй бол, 149.2-т энэ хуулийн 149.1-т заасан шаардлагыг сууц өмчлөгч сайн дураар биелүүлээгүй бол орон сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Эвсэг-57 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс үнэ тарифыг 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тогтоосон, 1 өрх сард цэвэрлэгээ материал 5 000 төгрөг, жижүүр 3 000 төгрөг, хогны төлбөр 2 000 төгрөг, засвар үйлчилгээ хуримтлалд тухайн оршин суугчийн байрны талбайн хэмжээг 100 төгрөгөөр тооцох, лифт ам бүлийн тоог 700 төгрөгөөр тооцно. ...Иймээс Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ 6 ба түүнээс дээш сарын турш биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч М.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвсэг-57 сууц өмчлөгчдийн холбоо нь 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд оршин суугчидтай байрны үйл ажиллагаа сайжруулах, засвар үйлчилгээ хийх, хийж буй ажлаа тайлагнах нэгдсэн хурал зөвлөгөөн огт хийж байгаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж заасан. Ш.Жамбалдорж нь гүйцэтгэх захирлын эрхгүй, холбооны дүрэм журам байхгүй, энэ хүнийг хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ямар ямар хүн сонгосон талаар баримт байхгүй. Нэг ёсондоо энэ хүн хууль зөрчиж сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа хийж байгаа. Мөн хуулийн 8.4-т “Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна”, 8.5-д “Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ”, 8.6-д “Хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг зөвхөн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэнэ”, 8.7-д “Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхийн саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална” гэж заасан. Энэ хүний хувьд 2012 оноос хойш нэг ч удаа хурал хийж байгаагүй. Иймээс төлбөрийг төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч М.А-, Б.О- нараас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 686 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э-5”Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А-, Б.О- нараас улсын тэмдэгтийн хураамжид 21 034 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э-5”Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.А-, Б.О- нар давж заалдах гомдолдоо: “...Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй маргааныг хянан шийдвэрлэхэд юуны өмнө сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхол хамгаалагдаж чадаж байгаа эсэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын зардлыг төлөхгүй шалтгаан нөхцөл нь өмчлөгчийн эрхтэй холбоотой эсэхийг нягтлах, энэ сууц өмчлөгчдийн холбоо нь хууль ёсны дагуу байгуулагдсан эсэхийг хянах ёстой. Оршин суугчдын ашиглалтын зардлыг төлөхгүй байгаа шалтгаан нь үндэслэлтэй эсэх, энэ нь сууц өмчлөгчдийн эрхтэй холбоотой эсэхийг хянаж, шалтгаан нөхцөлийг нягталсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх эдгээрийг шалгаж, нягтлахгүйгээр ашиглалтын үйлчилгээний зардал гаргуулахаар шийдвэрлэснийг хэт нэг талыг барьсан, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн үзээгүй шийдвэр гэж үзэж байна. Бид ашиглалтын зардлыг төлөхгүй гэж маргаагүй ба энэ мөнгийг юунд зарцуулж байгаа нь өмчлөгч нарт харагддаггүй, энэ талаар тайлан мэдээ өгдөггүй, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварладаггүй, арчилгаа хийдэггүй тул өмчлөгч нарын амьдрах орчинд шууд нөлөөлж, тэдний эрх, ашиг сонирхол байнга зөрчигддөг. Энэ утгаараа тус СӨХ-ний дотоод үйл ажиллагаатай холбоотой аудит хийлгэх, ашиглалтын зардал түүний тайлан мэдээг гаргуулах санал хүсэлт шүүхэд гаргасан боловч эдгээрийг анхан шатны шүүх хүлээж авахгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Э-5”сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.А-, Б.О- нарт холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 686 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь хэсэгт “Сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заавал тусгана”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналааар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

            Хариуцагч М.А- нь “...Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хэн тогтоосон нь тодорхойгүй, оршин суугчдад мөнгийг юунд зарцуулагдсан талаарх тайлан, мэдээ өгдөггүй” гэж маргасан байх ба хэрэгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэр авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зардлын хэмжээний талаар хариуцагч маргасан байхад шүүх энэ талаар тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнчлэн, сууц өмчлөгчдийн нийт гишүүдийн хурлын шийдвэрээр “Э-5”СӨХ-ны удирдах зөвлөлд эрх олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой байжээ. 

 

            Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/03445 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.А-өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 033 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

                                                                                                   

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН