Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ДШМ/30

 

Э.*******ид холбогдох хэргийн талаар

******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Д. Шүүгдэгч Э.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.*******ийн давж заалдсан гомдлоор Э.*******ид холбогдох 1723000080008 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3 ээж, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ******* *******, Регистрийн дугаар:/ *******/

Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.*******ийг 2 /хоёр/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.*******ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 62 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Э.*******ид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.*******оос 2450000 төгрөг гаргуулж хохирогч И.Отгонбатад 1800000 төгрөгийг, хохирогчийн төлөөлөгч Б.******* 650000 төгрөгийг тус тус олгож, хохирлыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд барагдуулахыг шүүгдэгчид үүрэг болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөлжилж оёсон ширээстэй хөх өнгийн хүрмийг /куртик/ шүүгдэгч Э.*******ид буцаан олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Samsung galaxy S2 маркийн гар утсыг худалдан борлуулж хохиролд тооцон төлүүлэхийг ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, уг гар утсыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Э.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Би 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө И. гэрээс 500 гаруй мянган төгрөг авсан нь үнэн. Үлдсэн 1 сая гаруй төгрөг, хивсийг аваагүй, мөн тэднийд урд өдөр нь зөндөө хүмүүс хоносон. Тэр үед Отгонбат бид 2 байхгүй байсан. Энэ бүхнийг дахин шалгуулах хүсэлтэй байгааг харгалзан миний хэргийг давж заалдах шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* 2017 оны 07 сарын 11-ний өдрөөс эхлэн И. гэрт 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бааз руу И.Отгонбат ахынх нүүж айлын хашаанд буусан тухайн үед И.Отгонбат согтуу байсан. Надаас өөр олон хүн тэдний гэрт байсан, гэрээ нүүлгэж айлын хашаанд буулгаж бариад гэрийн дотор эд зүйлийг хураагаагүй орхиод, Яруу сумруу бид 2 хамт явсан очоод 2 адуу зараад эргэж ирсэн. Тэгээд би тэндний гэрээс цуг гарахдаа 500000 /таван зуун мянга/ төгрөгийг авсан, тэр орой тэдний гэрт буцаж очоогүй. Хивс, 1000000 /нэг сая/ төгрөг гээд нэхэмжилж байна энэ талаар мэдэхгүй байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Э.*******ийн гаргасан хүсэлтийн дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэргийн материалтай танилцах явцад шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дахин хийх байсан гэдгийг анхаарч үзээгүй нь ажиглагдаж байсан. Э.*******ийн өгч байсан мэдүүлгийг харахад өөрийн авсан зүйлээ тодорхой мэдүүлж байсан байна. Гэвч шүүгдэгчийн өөрийнх нь аваагүй гэж тайлбарлаж байгаа зүйлээс харахад хохирогчийн мэдүүлгээс өөр хэрэгт нотлох баримт байхгүй байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар хохирогч нарт хууль сануулан мэдүүлэг авч байгаа учраас 100 хувь итгэл үнэмшилтэй байх ёстой гэж үзэхгүй байна. Э.*******ийн өгсөн мэдүүлэг хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргийг нарийн шалгаж тогтоогүй байна. Эрүүгийн хуульд хохирочгийн мэдүүлгийн үнэн зөвийг тогтоох шаардлага байгаа, үүнийг хэрэгжүүлээгүй орхигдуулсан байна. Э.*******ийн өгч байгаа мэдүүлгээр тухайн зүйлийг аваагүй байх боломжтой. Шүүхээс хэргийн бодит байдлыг харгалзан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх саналтай байна. Иймээс өөрийн гаргасан тайлбар, шүүгдэгч Э.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв. Прокурор Д. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д. би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн Э.*******ид холбогдох 1723000080008 дугаартай эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Э.******* нь 2017 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ******* Улиастай сумын Жаргалант багийн нутагт оршин суух иргэн И. гэрээс 1600000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, хивс зэрэг эд зүйл хулгайлсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүхэд 1600000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, хивс зэргийг хулгайлж аваагүй гэсэн мэдүүлгийг өгч байна, гэр буулгасан олон хүмүүс байсан гэсэн зүйл ярьж байна. Эдгээр зүйл хавтаст хэргийн материалд огт авагдаагүй. Би И. гэрээс цуг гарахдаа 530000 /таван зуун гучин мянга/ төгрөг авсан гэж хэлж байна. Гэвч Э.*******, И.Отгонбат, түүний бага насны хүүхэд 3-уулаа Жаргалант багийн нутаг дэвсгэрт айлд очсон, очоод архи уусан тухайн үйл явдал болж байхад эд мөрийн баримтаар хураагдсан буюу 4 ширхэг архины шил, хар хөх өнгийн куртик байсан. Тэр хар хөх куртикийг өмсч явсан тухай хохирогч мэдүүлдэг. Мөн тухайн айлын эзэн буюу гэрч мэдүүлж байсан. Гэтэл өнөөдөр би явахаас өмнө мөнгө хулгайлсан юм. Дахин тэр айлд очоогүй гэдэг зүйл ярьж байгаа нь ор үндэслэлгүй худал зүйл болж байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн талаар гомдол, мэдээлэл цагдаагийн газарт ирүүлсэн. Хэргийн газарт үзлэг хийхэд... хар хөх өнгийн куртик, 4 ширхэг архины шил гарч ирсэн. Орой нь цуг явахдаа өмсч явсан куртикийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх гэж бодож байна. Мөн шүүгдэгч би 530000 /таван зуун гучин мянга/ төгрөг авсан гэж байгаа боловч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр би эдгээр эд зүйлийг бүгдийг нь авсан юм гэдгийг хэлсэн байдаг. Шүүгдэгч Э.******* нь хохирогч И. гэрээс эд зүйл хулгай хийсэн өдрөө И.Отгонбат болон нэг залуутай 3-лаа архи уусан, дараа нь Жаргалант багт очиж архи уусан, гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэлж байна, хохирогчид хэдийгээр хууль сануулаад мэдүүлэг авч байгаа ч гэсэн хохирогчийн хэлж байгаа болгон зөв байх ёстой гэж байна. Хохирогч И.Отгонбат 1.600.000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөг хүүхдийнхээ бамбаруушин дотор хийсэн гэдгээ мэдүүлж байгаа, түүний мэдүүлгийг давхар нотлож байгаа гэрч н. н. нар байна. Эдгээр гэрч нар юуг нотлож байна гэхээр тухайн үед ноолуурын мөнгө байсан гэдгийг түүний эхнэр н.Шүрэнцэцэг хэлдэг мөн адуу зарахад нь Э.******* өөрөө цуг явж байсан мөнгө авахыг өөрөө харж байсан. Гэрч адуу заралцаад мөнгө авч байсан тухай харсан байдаг тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө тэгэхээр 1600000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөг байсан нь нотлогдож байна. Ноолуурын 800000/найман зуун мянга/ төгрөг байсан, 2 адуугаа 1200000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр зарж эхнэртээ мөнгө шилжүүлсэн. Үлдсэн мөнгө нь 1600000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөг байх боломжтой. Магадлал төдий яриад байна, хэргийн бодит байдлыг ярихгүй байна гэж байна. Хохирогч өөрийн алдсан зүйлээ Цагдаагийн байгууллагад хэлсэн байдаг. Мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож, гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж нь байхад үүнээс өөрөөр мөрдөн байцаалтын явцад нотлох бололцоо байгаагүй. Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа цаг хугацаанд И.Отгонбат өөрийн бага насны хүүхэдтэйгээ, мөн Э.******* байсан, өөр тэдний гэрт мөнгө байгааг харсан хүн байх боломжгүй байсан учраас хохирогчийн мэдүүлж байгаар 1.600.000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөг алдсан тухай нь нотлогдож байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн хивс алдсан тухай ярьж байсан 2 х 1,8 мм хэмжээтэй хивс хуйлаад орон дээрээ тавьсан байсан гэж гэрчүүд мэдүүлдэг, адилхан 2 шар өнгийн хивс байдаг талаар гэрч буюу И. эхнэр гэрч И.Шүрэнцэцэг мөн мэдүүлсэн, хавтаст хэргийн материалд авагдсан шар өнгийн хивсний зураг байгаа тэр бол үлдсэн хивсний зураг гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх үзэж байна. Тийм учраас шүүгдэгч Э.*******ид оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2017 оны 07 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө ******* аймгийн Улиастай сумын Жаргалант багийн нефтийн хэсэгт оршин суух иргэн И. гэрийн тооноор орж тоглоомон бамбаруушин дотор байсан 1.600.000 төгрөг, баруун талын орон дээр байсан 200.000 төгрөгний үнэтэй 2х1.8 метрийн хэмжээтэй хивс хулгайлсан, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улиастай сумын Жинст багийн нутаг аймгийн нэгдсэн эмнэлэгийн ард байрлах “Нандин хэлхээ” шүдний эмнэлэгийн ажлын өрөөг түлхүүрээр нь онгойлгож орон 650.000 төгрөг хулгайлж 2 удаагийн үйлдлээр нийт 2.450.000 төгрөгний хохирол учруулсан болох нь гэрч М., Ш., И., Х. нарын мэдүүлэг болон хохирогч И.Отгонбат, Б.Оюунцэцэг нарын мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Шүүгдэгч Э.******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Би И.хаас 530.000 төгрөг хулгай хийсэн. Харин 1.600.000 төгрөг хулгай хийгээгүй. Мөн 200.000 төгрөгний хивс хулгай хийгээгүй учир хэргийн үнэнийг олж өгнө үү” гэжээ. Хэдийгээр шүүгдэгч И.хаас 1.070.000 төгрөг, 200.000 төгрөгний хивс хулгай хийгээгүй гэдэг боловч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.*******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.*******ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ