Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 00074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Д.Уранчимэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

                         Шүүгдэгч                                       М.Эрдэнэсансар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-т заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн М.Эрдэнэсансарт холбогдох 201718020131 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, Эксковатор, бульдозерын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Зүүнхараагийн №27 тоотод оршин суух, 1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №11 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, 2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн №19 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар  03 жил 04 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЗ:86041213/ Наваан овогт Мягмаржавын Эрдэнэсансар.

Прокуророос үйлдэж ирүүлсэн Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолоор:

М.Эрдэнэсансар нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дэлгүүрийн орчим хамтран амьдрагч А.Алтантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар А.Алтантуяагийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж А.Алтантуяаг удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эрдэнэсансар мэдүүлэхдээ: ... 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрч байхад миний хамтран амьдрагч Алтантуяа банкнаас хүүхдийн 20000 төгрөгөө авсан. Тэгээд Тэнгэр дэлгүүрээс 1 шил архи аваад манай аавын найз гэх нэрийн мэдэхгүй ахтай, Алтансүхийн эхнэр Өөдөс бид 4 архиа хувааж уучихаад манай аавын найз яваад өгсөн. Тэгээд Өөдөс, Алтантуяа бид гурав дахиад 1 шил архи аваад хойшоо гэр лүүгээ явах замд Өөдөс нөхөр Алтансүхийгээ утсаар дуудаад бид 4 манайд очсон юм. Тэгээд манайд тэр 1 шил архиа хувааж уусан. Тэгээд Алтантуяа бид хоёрт 5250 төгрөг үлдсэн байсан. Гэрт идэх юм байхгүй болохоор нь байгаа мөнгөөрөө талх, элэгний нухаш авч идье гэхэд Алтантуяа үгүй архи авч ууна гээд бид хоёр маргалдаад Алтантуяа орноос унахдаа гар чийдэн дээр унаад хөмсөгнийх нь хавьцаа язраад цус гарсан юм. Тэгээд цусаа арчаад бид хоёр гарч Төмөр замын дэлгүүрлүү явж байхад хадам ээж Цэрэндолгор урдаас ундааны савтай цай барьчихсан ирээд чи миний охиныг зодлоо чамайг яг одоо цагдаад өгнө гэсэн тэгэхээр нь би зодоогүй шдээ гэсэн, Алтантуяа ч намайг зодоогүй гээд хэлээд байхад ээж нь надад чи зодсон гээд ундааны савтай цайгаа өгчихөөд цаашаа яваад өгсөн. Тэгээд би араас нь гүйж очоод цагдаад хэлээд яах юм бэ? би зодоогүй шдээ гэсэн боловч хадам ээж цагдаад өгнө гээд явсан. Тэгээд Алтантуяа бид хоёр төмөр замын дэлгүүр орох гэж явж байтал багийн цагдаа Бат-Эрдэнэ таараад Алтантуяа бид хоёрыг цагдаагийн хэсэг рүү аваад явсан. Тэгээд  2017 оны 05 дугаар сарын 27-нд намайг эрүүлжүүлэх байрнаас гараад ирэхэд Алтантуяа гэртээ Чулуунбаатар гэдэг эрэгтэй хүнтэй архи уучихсан шав шалдан хоёулаа тэврэлдээд хэвтэж байхаар нь би уурандаа хоёуланг нь зодсон нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

           Хэрэг бүртгэлтэнд хохирогч А.Алтантуяа мэдүүлэхдээ: …  2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Алтансүх, Өөлөс, Эрдэнэсансар бид 4 манай гэрт 1 шил архи хувааж уусан. Тэгээд Алтансүх, Өөдөс хоёр гараад явахаар нь Эрдэнэсансар бид 2 төмөр замын дэлгүүрээс 1 шил архи аваад гэртээ ороод тэр архиа хувааж ууж байсан юм. Тэгээд би согтчихсон М.Эрдэнэсансар бид хоёр БОС-ны 1-р ангийн баруун талын уурын зуухны урд хэрэлдэж маргалдаж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би цусаа гоожуулаад гэртээ орж байсан. Тэгээд тэрнээс хойш бас сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь багийн цагдаа Бат-Эрдэнэтэй хамт эмнэлэг дээр толгойдоо оёдол тавиулж байсан. М.Эрдэнэсансар урд өмнө нь архи уухаараа л надтай маргалдаж сэрээгээр хатгаж, биений энд тэнд хөх эрээн болгож зодож байсан. Тэр болгон дээр би цагдаад огт хэлдэггүй байсан. Манай ээж л мэдсэн үедээ цагдаад мэдэгдэж байсан. Энэ жил он гарснаас хойш 2 удаа манай ээж цагдаад хэлж баривчлуулж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/

       Хэрэг бүртгэлтэнд гэрч Д.Цэрэндолгор мэдүүлэхдээ: … 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед би Зүүнхараагийн гудамжинд охин А.Алтантуяагийнх руугаа явж байсан чинь манай охин А.Алтантуяа, М.Эрдэнэсансар хоёр машин зам дээр М.Эрдэнэсансар манай охин А.Алтантуяаг шахаад маргалдаад А.Алтантуяагийн толгойноос цус гоожчихсон зогсож байсан. Тэгээд хажуугаар нь гарсан нэг машины жолооч та нар яасан аминаасаа уйдсан хүмүүс вэ гээд өнгөрсөн юм. Тэгээд би очоод чи яагаад Алтантуяаг зодож байгаа юм, би цагдаад өглөө гэж хэлээд би цаашаа яваад өгсөн чинь М.Эрдэнэсансар намайг битгий цагдаад өгөөч гээд араас гүйгээд байсан. М.Эрдэнэсансар архи уух болгондоо манай охин А.Алтантуяаг зодож хэрүүл маргаан үүсгэж агсам тавиад байдаг юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/

       Хэрэг бүртгэлтэнд гэрч Л.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: … 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед би Цагдаагийн хэлтсийн жижүүрт үүрэг гүйцэтгэж байх үед А.Алтантуяагийн ээж Д.Цэрэндолгор гэдэг хүн утсаар Зүүнхараагийн гудамжинд манай охин А.Алтантуяаг хамтран амьдрагч М.Эрдэнэсансар зодоод байна гэсэн дуудлага өгсөнөөр цагдаагийн ахлагч Ж.Түмэндэмбэрэлийн хамт Зүүнхараагийн гудамжинд очиход Төмөр замын амралтын байрны хойд талд М.Эрдэнэсансар, А.Алтантуяа хоёр хоёулаа согтуу явж байхаар нь очиж уулзахад А.Алтантуяагийн зүүн хөмсөгний дээд талд нь зүсэгдсэн шархтай, нүүр нь цус болчихсон байж байхаар нь юу болсон юм бэ гэсэн чинь тэр хоёр хоёулаа юу ч болоогүй гэхээр нь тэр хоёрыг Цагдаагийн хэлтэс дээр хүргээд М.Эрдэнэсансарыг эрүүлжүүлэх байранд хийгээд А.Алтантуяаг Нэгдсэн эмнэлэг дээр хүргэж эмч Лхамдуламд үзүүлээд оёдол тавих шаардлагатай гэхээр нь 2 оёо тавиулаад А.Алтантуяагийн ээжид нь хэлээд А.Алтантуяаг маргааш өглөө ирж уулзаарай гээд явуулсан. М.Эрдэнэсансар, А.Алтантуяа хоёр архи уусан үедээ хоорондоо байнга зодолддог, цагдаагийн хэлтэс рүү А.Алтантуяагийн ээж байнга дуудлага өгдөг. Он гарснаас хойш М.Эрдэнэсансар нь 2 удаа 8-15 хоногоор баривчлагдаж байсан. Ер нь бол тэр хоёр хоёулаа архины хамааралтай, архи уухаараа М.Эрдэнэсансар нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэх мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/

       Хэрэг бүртгэлтэнд гэрч Л.Лхамдулам мэдүүлэхдээ: … 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед би ажилтай байсан чинь А.Алтантуяа гэх эмэгтэй хүнд зодуулсан байдалтай цагдаатай хамт эмнэлэгийн хүлээн авах дээр ирсэн. Тэгээд би тэр эмэгтэйг үзэхэд биеийн ерөнхий байдал дунд, дээд уруул хавдсан, зүүн хөмсөгний дээд талд 2 см орчим зүсэгдсэн шархтай, зүүн хацар хавдаж хөхөрсөн байсныг шарханд 2 оёо тавьсан юм. А.Алтантуяа надад үзүүлж байхдаа нөхөртөө зодуулсан гэж байсан. Яг юугаар цохиулсан талаараа хэлээгүй /ХХ-ийн 13 дугаар хуудас/

         2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №113 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

         1. А.Алтантуяагийн биед духны зүүн хажуу зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун хацар, уруул, зүүн хацар, цээж, зүүн гарын бугалганд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 15 дугаар хуудас/

         Хэрэг бүртгэлтэнд М.Эрдэнэсансар мэдүүлэхдээ: …  2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хамтран амьдрагч А.Алтантуяа хүүхдийн мөнгө 20000 төгрөгөө аваад бид хоёр 1 шил архи аваад 40 айлын садан дотор аавын найз байсан гэх нэрийг нь мэдэхгүй нэг ахтай, Алтансүхийн эхнэр Өөдөстэй 4-үүлээ хувааж уусан юм. Тэгээд Өөдөс, Алтантуяа бид гурав дахиад 1 шил архи аваад хойшоо гэр лүүгээ явах замд Өөдөс нөхөр Алтансүхийгээ утсаар дуудаад бид 4 манайд очсон юм. Тэгээд манайд тэр 1 шил архиа хувааж уусан. Би Алтантуяад байсан 5250 төгрөгөөр талх, элэгний нухаш авчихъя гэсэн чинь Алтантуяа архи авч ууна гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Алтантуяа согтуу орноос унахдаа газар байсан гар чийдэн дээр унаад хөмсөгнийхөө хавьцаа язраад цус гарсан юм. Бид хоёр төмөр замын дэлгүүрийн тийшээ явж байсан чинь хадам ээж Цэрэндолгор өөдөөс ундааны савтай цай барьчихсан ирээд чи миний охиныг зодлоо гээд байсан. Тэгээд хадам ээж барьж явсан цайгаа бид хоёрт үлдээчихээд цаашаа яваад өгсөн. Алтантуяа бид хоёр төмөр замын дэлгүүр орох гэж явж байтал багийн цагдаа Бат-Эрдэнэ таараад Алтантуяа бид хоёрыг цагдаагийн хэсэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 41 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 31-35 дугаар хуудас/, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны 46 дугаартай шийтгэвэр, 2017 оны 04 дүгээр сарын 24-ны 84 дугаартай шийтгэвэр, Шүүгдэгч М.Эрдэнэсансарын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /29 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.       

Шүүгдэгч М.Эрдэнэсансар нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дэлгүүрийн орчим хамтран амьдрагч А.Алтантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар А.Алтантуяагийн бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, А.Алтантуяаг удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

           Хэрэг бүртгэлтэнд хохирогч А.Алтантуяагийн мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтэнд гэрч Д.Цэрэндолгорын мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, Хэрэг бүртгэлтэнд гэрч Л.Бат-Эрдэний мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтэнд гэрч Л.Лхамдуламын мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №113 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 15 дугаар хуудас/, Хэрэг бүртгэлтэнд М.Эрдэнэсансарын мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Эрдэнэсансар нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дэлгүүрийн орчим хамтран амьдрагч А.Алтантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар А.Алтантуяагийн бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулан А.Алтантуяаг удаа дараа буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох  нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Эрдэнэсанасарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь сүүлд 2010 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн №19 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар  03 жил 04 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хуульд заасан ялтайд тооцох хугацаа нь өнгөрсөн байна гэж үзлээ.

Хохиогч А.Алтантуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар, мэдүүлэг хэрэг бүртгэлтэнд өгсөн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Эрдэнэсансар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөргүй байдал зэргийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч М.Эрдэнэсансарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзаж шүүгдэгчид хуульд заасан хугацаагаар баривчлах ялаар шийтгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Эрдэнэсансар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Наваан овогт Мягмаржавын Эрдэнэсансарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Эрдэнэсансарыг 01 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Эрдэнэсансарт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарласан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, М.Эрдэнэсансар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эрдэнэсансарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.