Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

 

 

 

И.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03114 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: И.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У.М-, С.С-нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 100 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлжгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан, Л.Гантөмөр,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч И.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өөрийн танил С.Содгэрэлийн эхнэр иргэн У.М-тай зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 1 сарын хуагцаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл У.М- нь нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй. Зээлийн гэрээ байгуулсан өдөр би өөрийн ХААН банк дахь 5022361636 тоот данснаас 20 000 000 төгрөгийг бэлнээр авч, тэр даруйдаа У.М-д хүлээлгэн өгч, тэрээр зээлийн гэрээний арын хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхсэн боловч удахгүй мөнгөтэй болно, төлнөө, хүлээж байгаарай гэсээр 33 сарын хугацаа өнгөрлөө. У.М- зээлийг өөрийнхөө нөхөр С.Содгэрэлийн хамтаар ОХУ-аас мод оруулж ирэх бизнес хийж байгаа гэж хэлж зээлсэн бөгөөд тэд хамтдаа л төлөх учиртай. Хамт захиран зарцуулсан учир хамтдаа хариуцах ёстой гэж үзэж байна. Зээлийн гэрээний 2.7-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж тохирсон. Иймд үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 400 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангид 10 700 000 төгрөг, нийт 32 100 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оргилчимэг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...С.Содгэрэл, У.М- нар нь 2014 оноос хойш ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр амины орон сууц барих гэр бүлийн бизнес эрхэлж байгаа билээ. И.Б-ийн хувьд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 9х7 хэмжээтэй мансардтай дүнзэн байшингийн ажлыг гэрээ байгуулагдсанаас хойш 70 хоногийн дотор хийж гүйцэтгэн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Уг гэрээгээр бид байшингийн сууринаас дээш дээвэр хүртэлх ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй ба гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний нийт үнийн дүн 72 000 000 төгрөгөөс И.Б- нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа төлбөр болгон 22 000 000 төгрөг шилжүүлсэн. Бид урьдчилгаа төлбөрийг байшингийн материал авахад зарцуулсан бөгөөд байшинг дуусгахад дахин материалын зардал хэрэгтэй байсан. Ажлын хөлсөө хэсэг хэсгээр нь буюу барилгын материал шаардлагатай үед И.Б-ийн боломж бололцоогоор авч байсан. Гэвч байшинг дуусган хүлээлгэн өгөхөд дахин материал хэрэгтэй байсан тул бид үлдэгдэл төлбөрөө авах хүсэлтэй байгаа тухайгаа И.Б-өд хэлэхэд хүүхдүүд байшинг хүлээлгэн өгөхөөс нааш үлдэгдэл төлбөрийг өгөхгүй гээд байна. Тиймээс зээлийн гэрээ хийсний үндсэн дээр мөнгө өгч болно гэж хэлсэн. Бид ойлгохдоо байшинг хүлээлгэн өгсний дараа зээлийн гэрээ нь хүчингүй болох юм байна, бидний авах ажлын үлдэгдэл хөлсийг одоо бидэнд зээлээр олгож, байшингаа бариад дуусахад бидэнд ажлын үлдэгдэл хөлс 20 000 000 төгрөг өгөх, түүнийг нь бид И.Б-өд буцаан өгснөөр зээлийн гэрээ нь хаагдах юм байна гэж ойлгосон. Ингээд байшинг барьж дуусахад И.Б- ажлын үлдэгдэл хөлс өгөөгүй. Өнгөрсөн 3 жилийн турш С.С-нь И.Б-тэй холбоо харилцаатай байж, байшинд нь элдэв гэмтэл доголдол гарсан талаар асууж лавлан, сайхан харилцаатай байсан. Энэ бүх хугацаанд нэг ч удаа ийм зээлийн гэрээ байгаа, төлбөр төлөх ёстой гэж бидэнд хэлж байгаагүй...” гэжээ.

 

Хариуцагч У.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ээлийн гэрээ нь анхнаасаа ажил ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр байдлаар хийгдсэн болохоос зээл авч, хүү төлөх эрх үүрэг үүсгэх санаа зорилгоор хийгдээгүй бөгөөд, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэж үзэж байна. Иймд И.Б- болон У.М- нарын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантөмөр, Т.Баясгалан нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү зээлийн гэрээгээр зээлсэн 20 000 000 төгрөг бол ажил гүйцэтгэх гэрээтэй хамааралгүй, биднээс авсан энэ мөнгөөр өөр захиалагчийн Тэрэлжид бариулж байсан дүнзэн байшин, дүнзэн рестораны л дүнзийг ОХУ-аас оруулж ирэх гэж зээлсэн мөнгө. Тэрэлжид дүнзээр барих рестораныхаа зургийг ч бидэнд үзүүлж, итгэл үнэмшил төрүүлж зээлсэн болно. Бид зээлийн гэрээний дагуу мөнгөө нэхэж У.М-, С.С-нар руу удаа дараа утсаар нь залгахад утсаа авдаггүй, эсхүл холбогдох боломжгүй, ашиглалтанд байхгүй гээд огт холбогдож чаддаггүй байсан. Хаана амьдардаг нь ч тодорхойгүй, тэгээд ч ажлаа дуусгалгүй орхиод алга болсон. Зээлийн гэрээг үндэслэж ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэмжлээгүй. Харин ч ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл мөнгө, учирсан хохирлоо нэхэмжлэх эрх бидэнд байгаа. Энэ хоёр гэрээг зориуд албаар хольж хутган бие даасан тусдаа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзан, зайлсхийж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс харахад зээлийн гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гээд байна уу? хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд тооцуулах гээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 60 953 000 төгрөг төлсөн боловч У.М-, С.С-нар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, дутуу хийгээд орхисон. 2016 оны 8 дугаар сард зээлийн гэрээг байгуулах үед бид захиалагчийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч талд 55 500 000 төгрөг төлчихсөн байсан. Үлдсэн мөнгийг нь бага багаар нэмж төлөөд нийт 60 953 000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн. Ажил гүйцэтгэгч тал манай байшин дээр хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ирж, С.С-нь бичгээр хэлцэл хийгээд явсан. Бид нар өөрсдөөсөө нэмж 17 000 000 төгрөг гаргаж байшингаа барьж дуусгаад, одоо ашиглалтанд орсон байгаа. Зээлийн гэрээг байгуулахдаа манай байшингийн мод, бас Тэрэлжид барьж байгаа дүнзэн рестораны модыг авахад мөнгө хэрэгтэй байгаа учраас зээлээч гэж гуйхаар нь л өгсөн. Түүнээс биш хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаа шиг ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гэж өгөөгүй. Хэрвээ тэгсэн бол гэрээндээ бичих байсан. Энэ бол тусдаа өөр гэрээ юм. Зээлийн гэрээний үүрэг, хүү, алдангитай холбоотой асуудлаар хариуцагч нар маргахгүй байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний бүх тооцоог хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Б-тэй 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд 9х7 хэмжээтэй дүнзэн байшин бариулах, нийт төлбөрийг 72 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон. 22 000 000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. Ажлын хөлс, материалаа шаардлагатай үедээ И.Б-өөс авч байсан. Байшин дуусах үед үлдэгдэл төлбөрөө авах хэрэгтэй болсон. Дуусахаас өмнө мөнгө өгөхгүй гэсэн тул зээлийн гэрээ байгуулж авсан. Уг мөнгөө авч барилгаа барьж дууссан. Тухайн үед зээлийн гэрээгээр авчихаад үлдэгдэл мөнгө хасагдана гэж ойлгож байсан. Зээлийн гэрээ гэж үзсэн бол 2016 оны 8 сараас хойш төлбөр төлөхийг яагаад мэдэгдээгүй, 3 жилийн дараа энэ төлбөрийг нэхэмжилж байгаад гайхаж байна. Зээлийн гэрээ байгуулах хүсэл сонирхол байгаагүй. Зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авсан. 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр анхнаасаа зээл авах зорилготой байгаагүй. И.Б-ийн барилгыг барьж дуусгахад мөнгө авах зорилгоор хандсан. Ажил гүйцэтгэх гэрээг халхавчлах зорилгоор хийсэн, хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг У.М-тай байгуулсан учир С.С-хамааралгүй, тэрээр гарын үсэг зураагүй, мөнгө хүлээж аваагүй тул энэ нэхэмжлэлийн хариуцагч биш юм. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т “дээвэр хүртэл ажил хийж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу ажлаа хийсэн. Барих явцдаа мөнгөний дутагдалд орж гэрээний 2.4-т зааснаар гүйцэтгэлээр мөнгөө авдаг байсан. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.М-гаас 32 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Б-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.Содгэрэлд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн И.Б-, У.М- нарын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч У.М-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 318 450 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас У.М-гаас 318 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн бараа материалаар сууринаас дээвэр хүртэлх ажлыг гүйцэтгэх, мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар мөн ажлын хөлс нь 72 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. У.М- нь энэ ажлыг хийж гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг төлсөн гэж үзсэн. У.М- нь гэрээний төлбөр мөнгийг авахдаа ажил гүйцэтгэх гэрээний ард гарын үсэг зурдаг байсан. 2016 оны 07 дугаар 18-ны өдөр, 2016 оны 07 дугаар 22-ны өдөр 7 000 000 төгрөг өгсөн гэж бичсэн байдаг. Энэ мөнгийг аваагүй. Мөнгө шилжүүлсэн болон гарын үсэг зурсан баримт байхгүй. Зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө 48 000 000 төгрөгийг авсан. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 18 000 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 22 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөгийг дансаар авсан. Ингээд 24 000 000 төгрөг үлдсэн. Байшинг барьж байх үедээ мөнгөгүй болсон. Үлдэгдэл мөнгөө авах гэтэл зээлийн гэрээ байгуулж байж өгнө гээд зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй. Зээлийн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээг халхавчлах зорлиготой байсан энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч И.Б- нь хариуцагч У.М-, С.С-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 32 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээг бодитойгоор байгуулаагүй, ажил гүйцэтгэх гэрээг халхавчлах зорилгоор хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч тал болох У.М- нь 9х7 хэмжээтэй, мансардтай дүнзэн байшинг сууринаас дээш дээвэр хүртэлх ажлыг 70 хоногт хийж гүйцэтгэх, захиалагч И.Б- нь нийт ажлын хөлс 72 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Уг гэрээний дагуу захиалагч талаас ажил гүйцэтгэгчид төлсөн төлбөрийн хэмжээ, ажлын гүйцэтгэл болон ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээ байгуулагдсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Зүүн салаанд баригдаж буй И.Б-ийн байшинг дуусгахад хийсэн тохиролцоо, Хаан банк ХХК-ийн зарлагын мэдүүлэг зэрэгт үндэслэгдсэн байна. /хх 61, 65-67/

 

            Харин И.Б-, У.М- нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар, сарын 7 хувийн хүүтэй, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор нэхэмжлэгчээс зээлсэн болох нь зээлийн гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 5, 93-95/ 

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд И.Б-, У.М- нар гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хариуцагч С.Содгэрэлийн хувьд уг зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээний харилцаа нь зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй тооцогдохгүй бие даасан гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Уг хэлцлийн 2.7 дахь хэсэгт “зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөх”-өөр тохиролцохдоо Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна. Иймд хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцагч У.М-гаас шаардах эрхтэй.

 

Иймд шүүх үндсэн зээл 20 000 000 төгрөг, түүнд ногдох 1 сарын хүү 1 400 000 төгрөг, нийт 21 400 000 төгрөгт дээрх гэрээнд заасны дагуу тооцох алдангийн дүнг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хязгаарлан 10 700 000 төгрөг, нийт 32 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээ нь өмнө байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно. Талуудын хоорондын ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зээлийн гэрээгээр халхавчлан хэлцэл хийсэн гэх байдал нотлогдохгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь маргаан бүхий зээлийн гэрээнд халхавчлагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн хариуцагч У.М-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.М-гаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

 

                        Д.ЦОГТСАЙХАН