| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/06574/И |
| Дугаар | 102/ШШ2024/02772 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/02772
| 2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/02772 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, Оийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, давхарт байрлах, Г ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг, давхрын худалдаа үйлчилгээний зориулалттай 34 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 13,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сангарагчаа,
Хариуцагчийн өмгөөлөгч У.Хандсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, хороо, Д хотхоны 1 давхрын худалдаа үйлчилгээний зориулалттай 34 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна. Талууд 2021 оны 03 сарын 05-ний өдрийн №ЗГ/009 Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу Баянзүрх дүүргийн тоот хаягтбайрлах 389 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрх бүхий газрыг Баянзүрх дүүргийн 5 хороонд баригдах Д хотхоны 1 давхарын худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 34 м.кв талбайгаар солихоор тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Тухайн тохиролцооны дагуу манай зүгээс өөрийн өмчлөлийн газрыг шилжүүлэн өгсөн байдаг хариуцагчийн зүгээс үйлчилгээний талбайг 2022 оны 4-р улиралд багтаан ашиглалтанд оруулж, акт үйлдэж түлхүүр гардуулан өгөх үүрэг хүлээсэн байдаг. Гэвч тухайн барилга гэрээнд заасан хугацаандаа ашиглалтанд ороогүй боловч 2023 оны 09 дүгээр сараас захиалагч нараа оруулж байгаа тухай манайд мэдэгдсэн. Миний хувьд өөрийн захиалсан талбайгаа хүлээн авч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахаар хандсан боловч хариуцагчийн зүгээс бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан гэрээний нэмэлт өөрчлөлтийн үнэ болох 13,600,000 төгрөгийг нэхэмжилж удаа дараа гэрээний нөхцөлийг сануулж тохиролцож гэрээг эцэслэх оролдлого хийсэн өдийг хүртэл хэлцэлд хүрсэнгүй, ...2023 он 11-р сарын 13-ны өдрийн дотор нэхэмжилсэн төлбөрийг эцэслэж гэрчилгээг гаргаж авахгүй бол таныг гэрээний үүргээ биелүүлээгүйд тооцож талуудын харилцааг дуусгавар болгоно гэх тайлбарыг бичгээр, худалдааны талбайн зөрүү 13,600,000 төгрөгийн төлбөрийг төлөх тухай нэхэмжлэх, мөн 13,600,000 төгрөгийн НӨАТ-ийн төлбөрийг төл гэх зэргээр илүү төлбөр шаардаж талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг болох гэрээний 3.1-т .. .захиалсан үйлчилгээний талбайг 2022 оны 4-р улиралд багтаан ашиглалтанд оруулна, 3.2-т . . орон сууц хүлээлцэх акт үйлдэн орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгнө, 4.1.5-д төлбөр төлж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгнө гэсэн үүргүүдээ шудрагаар, зохих ёсоор биелүүлэхгүй үндэслэлгүй илүү төлбөр шаардаж байна. Иргэний хуулийн 274.1 -т Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан байдаг бөгөөд миний хувьд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах 389 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрх бүхий газрыг шилжүүлэн өгч хариуд нь Д хотхоны 1 давхарын худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 34 м.кв талбай авах эрх үүссэн. Талууд гэрээгээр нэмэлт төлбөр төлөх тухай тохиролцоогүй. Иргэний хуулийн 275.1- т Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заасан байдаг ба талуудын хооронд байгуулсан гэрээний гол зүйл нь 389 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрх бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 34 м.кв талбайгаар солих тухай зохицуулсан. Гэтэл дээрх байдлаар тохиролцож харилцан үүрэг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхгүй нэхэмжлэгч миний эрхийг зөрчиж байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч Г ХХК нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргасан байна. Үүнд: Нэхэмжлэгчтэй 2021 оны 03 сарын 05-ны өдөр ЗГ/009 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш Ковид-19 цар тахал гарч барилгын материалын үнийн өсөлт явагдсан учир нэхэмжлэгчид 13,600,000 төгрөг нэмэгдэж байгааг мэдэгдсэн. Үүнийг төлөхөөс татгалзсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч С.Од холбогдуулан 13,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ: Иргэн С.О нь Г ХХК-д холбогдуулан тус хүүхэд 2021 оны 03 сарын 05-ны өдрийн №3Г/009 Орон сууц захиалгын гэрээ-ний үүргээ биелүүлж Баянзүрх дүүргийн 5-р хороо, Д хотхоны 1 давхрын худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Г ХХК үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Гранд Дрийм констрашкш ХХК нь 2021 оны 03 сарын 5-ны өдрийн иргэн С.О нарын хооронд 2021 оны 03 сарын 5-ны өдрийн ЗГ/009 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж Г ХХК иргэн С.Оийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 389 м.кв гэр бүлийн хэрэгцээний Баянзүрх дүүргийн 5-р хороо, Аптай өлгий 25 гудамж, 304а тоот газрыг авч г азрын оронд Д хотхонд худалдаа үйлчилгээний 34м.кв талбай өгөхөөр харилцан тохиролцсон. Г ХХК нь 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 12 сарын хооронд тухай төслийг хэрэгжүүлж Баянзүрх дүүргийн 5-р хороод байрлах өндөр төвөгшилтэй ангилалын зоорьтой 2 давхар үйлчилгээний барилга, зоорьтой 64 автомашины нэгдсэн дулаан зогсоолтой, 16 давхар 223 айлын үйлчилгээттэй орон сууцны зориулалттай 2 блок барилга байгууламж болох Д цогцолборыг барьж гүйцэтгэн захиалагч нартай байгуулсан гэрээний үүргийг биелүүлсэн. Төсөл хэрэгжих хугацаанд дэлхий нийтэд цар тахал болох Ковид 19 халдвар өвчин дэгдэж улс даяар хөл хорио тогтоож, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч улс хоорондын хил гаалийн үйл ажиллагааны хэвийн горим алдагдаснаас үүдэн импортын бараа тэр дундаа барилгын материалын үнэ хэд дахин өсөж тухайн төслийг хэрэгжүүлэхэд анх төсөвлөж байсан төсвөөс илүү гарсан төсвөөр гүйцэтгэгч тал төслийг хэрэгжүүлсэн. Г ХХК нь тухайн нөхцөл байдлын иргэн С.Од албан тоотоор мэдэгдсэн байдаг. Иймд 2021 оны 03-р сарын 05-ны өдрийн ЗГ/009 тоот гэрээний 2.2-т зааснаар газар эзэмшин төлбөрийг төлөх зорилгоор худалдаа үйлчилгээний талбайг дүйцүүлэн арилжихаар харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5.2-т үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна. Иймд С.Оээс орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт 13,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч С.О сөрөг нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргажээ: Хариуцагчтай 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №317009 "Орон сууц захиалгын гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах 389 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тэдний барьж буй Д хотхоны 1 давхарын худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий 34 м.кв талбайгаар солихоор тохиролцсон. Тухайн гэрээний үндсэн нөхцөлийг талууд дээрх байдлаар тохиролцсон бөгөөд миний хувьд өөрийн газрыг шилжүүлэн өгч түүн дээр хариуцагч өөрийн барилгаа барьж ашиглалтад оруулсан байдаг. Харин тэдний зүгээс манайд шилжүүлэн өгөх үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэн өгөөгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж Орон сууц захиалан бариулах гэрээний үнийн төлбөрт 13,600,000 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр талууд энэхүү гэрээнд үнийн тохируулга хийх талаар тохиролцоогүй байдаг. Түүнчлэн тухайн 2 эд хөрөнгийн үнэлгээг мөнгөөр тохиролцох талаар тохироо хийгээгүй ба Иргэний хуулийн 275.1-т Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заасан байх ба барааг бараагаар сольсоноор энэхүү хөрөнгийн үнэлгээ дүйцсэн гэж үзэхээр байна. Үүнээс үзвэл түүний нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Ковид 19 халдвар өвчин дэгдэж улс даяар хөл хорио тогтоож, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хоорондын хил гаалийн үйл ажиллагааны хэвийн горим алдагдсан, барилгын материалын үнэ хэд дахин өсөж анх төсөвлөж байсан төсвөөс илүү төсвөөр хэрэгжүүлсэн, газрын хувьд өндөр төвөгшилтэй газар байсан, НӨАТ-ын шимтгэл гэх байдлаар тодорхойлж буй нь үндэслэлгүй байна. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулиар тухайн ажил үйлчилгээнээс шимтгэл суутган төлөгч нь худалдагч байдаг беөөөд худалдсан үнэд тухайн шимтгэл орсон эсэх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй, эсвэл тухайн үнийг тодорхойлсон хэлбэрээ тодорхой болгоогүй байж худалдан авагчаас энэхүү шимтгэлийг төлүүлэх нь хууль болон гэрээнд харш байна гэжээ.
5.Хэрэгт нэхэмжлэгчээс С.Оийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, С.Оийн хариу шаардлага /хх-ийн 5/, нэхэмжлэх /хх-ийн 7/, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 8-10/, Өмгөөллийн Э ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 88/23 тоот албан бичиг /хх-ийн 11, 12/, Д хотхон зардал /хх-ийн 93-186/, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5-р хороо иргэн П.Нын үйлчилгээний орон сууцны барилга угсралтын ажлын төсөв /хх-ийн 187-235/, хавсралтаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5-р хороо иргэн П.Нын үйлчилгээний орон сууцны барилгын төсөвт өртөг, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 17/, зарлагын баримт /хх-ийн 48-50/, нэхэмжлэх /хх-ийн 51,52/, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа /хх-ийн 55-84/, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 0сарын 01-ний өдрийн 55/5790 тоот албан бичиг /хх-ийн 241/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч С.Оийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч С.О нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2021 оны 03 сарын 05-ны өдөр Г ХХК-тай ЗГ/009 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 389м.кв талбай бүхий газраа өгч, Баянзүрх дүүргийн хороо, Д хотхоны 1 давхарт 34м.кв талбайгаар авахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч талаас үүргээ биелүүлсэн боловч хариуцагч тал бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалан нэмэлт төлбөр 13,600,000 төгрөг нэмж авахаар шаардсан. Гэрээний дагуу үйлчилгээний зориулалттай 34м.кв талбайг 2022 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулж,өмчлөлд шилжүүлэн өгөх байсан ч энэ үүргээ биелүүлэхийг шаардаж байна гэж тайлбарласан.
3.Хариуцагч Г ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Нэхэмжлэгчтэй 2021 оны 03 сарын 05-ны өдөр ЗГ/009 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш Ковид-19 цар тахал гарч барилгын материалын үнийн өсөлт явагдсан учир нэхэмжлэгчид 13,600,000 төгрөг нэмэгдэж байгааг мэдэгдсэн. Үүнийг төлөхөөс татгалзсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4.Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч С.Од холбогдох сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2021 оны 03 сарын 05-ны өдөр ЗГ/009 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулснаас хойш Ковид-19 цар тахал гарч, барилгын материалын үнийн өсөлт явагдаж, 1.м.кв тутамд 1,000,000 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ талаар захиалагчид мэдэгдсэн бөгөөд 1м.кв талбайд 300,000 төгрөгөөр тооцож, зөрүү 13,600,000 төгрөг шаардаж байна гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч С.О сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... Гэрээний явцад цар тахал гарч эдийн засгийн өөрчлөлт гарсан ч гэрээгээр үнэ өөчлөгдөх талаар тохиролцоогүй. Гэрээнд талууд өөрчлөлт оруулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
6.Зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1.Нэхэмжлэгч С.О, хариуцагч Г ХХК-ийн хооронд 2021 оны 03 сарын 05-ны өдөр ЗГ/009 тоот Орон сууц захиалгын гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 389м.кв талбай бүхий газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч нь Баянзүрх дүүргийн хороонд баригдах Д хотхоны 1 давхарт 34м.кв үйлчилгээний зориулалттай талбайг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
6.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 0сарын 01-ний өдрийн 5/5790 тоот албан бичгээр Г ХХК нь Баянзүрх дүүрэг хороо, Д хотхон 16 давхар, 223 айлын үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 2 блок барилгийн 1 давхарт үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, харин Баянзүрх дүүрэг, хороо, дугаар байрны 1 давхрын зүүн жигүүр хаягт байрлах 354.26м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй болох нь нотлогдож байна.
7.Талууд Орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 389м.кв газрыг шилжүүлэн өгсөн, хариуцагч Баянзүрх дүүргийн хороонд баригдах Д хотхоны 1 давхарт 34м.кв үйлчилгээний зориулалттай талбайг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлээгүй тухай маргаагүй.
8.Нэхэмжлэгч, хариуцагч нар хүсэл зоригийн илэрхийлэл болгон Орон сууц захиалгын гэрээ-г бичгээр байгуулж, гэрээгээр тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэв.
9.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.2-т зааснаар гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно. Мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
10.Гэрээ байгуулсан этгээдийн хооронд харилцан тохиролцсон үүрэг үүснэ. Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү үүрэг өөрчлөгдөхгүй. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээ байгуулагдсанаас хойш цар тахал гарч барилгын бараа материалын үнийн өсөлт бий болсон нь хариуцагч худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нэмэх үндэслэл болохгүй.
11.Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагчид гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 389м.кв газрыг шилжүүлэн өгсөн учир хариуцагчаас 34м.кв талбай бүхий үйлчилгэний зориулалтттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй.
12.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч Г ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, хороо, дугаар байрны 1 давхрын зүүн жигүүр хаягт байрлах 354.26м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс худалдаа үйлчилгээний зориулалттай 34 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгахаар шаардаж байгаа гэж тайлбарласан. Хариуцагч гэрээний дагуу шилжүүлэх хөрөнгө байхгүй гэх татгалзал, тайлбар гаргаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн агуулга гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, өөрийн хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангах боломжгүй талаар маргаагүй тул дээрх хөрөнгөөс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой гэж үзэв.
13.Иймд Г ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, дугаар байрны 1 давхрын зүүн жигүүр хаягт байрлах 354.26м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгч С.Од худалдаа үйлчилгээний зориулалттай 34 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Г ХХК-д даалгаж, нэхэмжлэгч С.Од холбогдох 13,600,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
14.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс үлүү төлсөн 767,750 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасны дагуу Г ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, дугаар байрны 1 давхрын зүүн жигүүр хаягт байрлах 354.26м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгч С.Од худалдаа үйлчилгээний зориулалттай 34 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Г ХХК-д даалгаж, нэхэмжлэгч С.Од холбогдох 13,600,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг, хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 767,750 төгрөг, хариуцагчаас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР