| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/00984/И |
| Дугаар | 102/ШШ2024/03215 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/03215
| 2024 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/03215 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, баруун талд байрлах, зүүн бүсийн үйлдвэр Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,823,509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
Хариуцагч С.А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С.Ад холбогдуулан 3,826,509 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Т ХХК С.Ад холбогдуулан гэрээний дагуу түлшний тапбөр 3,823,509 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2019 оны 07 дугаар сарын 23-нд байгуулсан ТТТ/2019/1050-2 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нар тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-с тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр төлбөрөө авсанаас өр төлбөрийн асуудал үүссэн. Үүссэн өрийн асуудлаар 2020 оноос эхлэн Тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байсан Тээврийн хэлтсийн мэргэжилтнүүд хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажлын хэсэг байгуулан жолооч нартай гэрээнд тусгасан утсаар холбогдож, ирж тооцоогоо нийлж, илүү төлсөн төлбөрийг буцаан шилжүүлэхийг шаардаж эхэлсэн. Энэ асуудал тухайн жолооч нарын гэрээ дуусч тооцоо бодсоноор эхэлсэн бөгөөд ихэнх жолооч нар асуудлаа шийдвэрлээд явж байсан. Харин тооцооны асуудлаа эцэслэн шийдвэрлээгүй жолооч нар ирэхгүй, сүүлдээ утсаа авахгүй байсны улмаас 108 ойл ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж өр төлбөр нэхэмжилсэн. Т " ХХК нь А" ХХК-тай Шатахуун нийлүүлэх гэрзэ байгуулан хамтран ажиллаж, уртын тээврийн жолооч нарын шатахуун түлшний асуудлын хариуцаж байсан болно. З ХХК-н нэг салбар манай компаний дэргэд байгуулагдсан бөгөөд түгээгч ажилтан нар нь манайхтай хамтарч өр төлбөртэй жолооч нартай холбогдож, өр төлбөрөө өгөхийг шаардаж байсан. Тооцоогоо дуусгахгүй, ирэхгүй холбогдохгүй болсон жолооч нарын асуудлаас болж З ХХК шатахуун нийлүүлэх гэрээний дагуу "Т ХХК-г шүүхэд хандсан. З ХХК-с шүүхэд нэхэмжлэл гарсантай уялдуулж, хариуцагч компанийг төлөөлж шүүхийн шатанд ажиллаж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Даваасүрэн өр төлбөртэй жолооч нартай нэг бүрчлэн ярьж, дахин өр төлбөрийн тооцоогоо хийхийг шаардсан боловч ирсэн жолооч байхгүй, зарим нь утас нь холбогдох боломжгүй, мсж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн зэргээс болоод шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Ингэснээр Т ХХК-с жолооч нарын бичүүлж авсан шатахууны зардлыг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэгч тал нь хариуцагчаас Хамтран ажиллах гэрээний дагуу шатахууны өр төлбөрийг нэхэмжилж, шүүхэд хандсан. Гэрээний 3 дахь заалтаар шатахууны төлбөрийг өгсөн байтал 108 ойлоос зээлсэн шатахууны төлбөрөө төлөөгүй. Иймд хариуцагчаас 1841.11 л түлш авсаны төлбөр 3,823,509 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.А шүүхэд гаргасан тайлбартаа: Т ХХК-ийн Г.А надад холбогдуулан гаргасан 2019 оны 7 сарын 23-ны өдрийн ТТТ/2019/1050-2 дугаартай Хамтран ажиллах гэрээг үндэслэн 3,823,509 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Миний бие Т ХХК-тай 2019 оны 07 сарын 23-ны өдөр ТТТ/2019/1050- I 2 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулан тээвэрлэлт хийж байсан нь үнэн болно. улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийдэг байсан бөгөөд тухайн үед тус компанийн хуулийн мэргэжилтэн Д.Б надад зөвлөж тээвэрлэлтийн гэрээгээ бусдад шилжүүлэх санал тавьсан. Тухайн үед би жолооч олдохгүй, мөн тээврийн хэрэгсэл эвдэрсэн байсан тул тээвэрлэлтийг хийж цаашид хийх боломжгүй болсон тул хуулийн мэргэжилтэн Д.Бы гэрээ шилжүүлэх саналыг зөвшөөрч, түүнтэй уулзаж төлбөр тооцоогоо дуусгаж гэрээг шилжүүлж гар өргөдөл бичиж Д.Бд өгсөн. Харин гэрээгээ хэнд шилжүүлсэн талаар болон тодорхой хугацааг санахгүй байна. Хэрвээ өр төлбөртэй байсан бол гэрээг шилжүүлэх эрх үүсэхгүй. Иймд Т ХХК-ийн нэхэмжлэж буй 3,823,509 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хамтран ажиллах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3-5/, шатахуун тослох материалын зарлагын падааны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 5,6/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/00208 дугаар шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 9-11/ зэрэг баримтууд авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С.Ад холбогдох 3,823,509 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлээ ...Т ХХК нь С.Атай 2019 оны 07 сарын 23-ны өдөр ТТТ/2019/10502 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр тээвэрлэлт хийх үед З ХХК-аас шатахуун авсан бол тээврийн хөлснөөс хасаж тооцохоор тохиролцсон. Гэвч тээврийн хөлсөө бүрэн авсан боловч дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийхдээ Зуун найман Ойл ХХК-аас авсан шатахууны төлбөр 3,823,509 төгрөгийг төлөөгүй байна. З ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу дээрх төлбөрийг төлөх үүрэг үүссэн. Иймд 3,823,509 төлбөрийг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Миний бие Т ХХК-тай 2019 оны 07 сарын 23-ны өдөр ТТТ/2019/10502 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулан дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийж байсан нь үнэн болно. ...Тухайн үед тус компанийн хуулийн мэргэжилтэн Д.Б надад зөвлөж тээвэрлэлтийн гэрээгээ бусдад шилжүүлэх санал тавьсан. Тухайн үед би жолооч олдохгүй, мөн тээврийн хэрэгсэл эвдэрсэн байсан тул тээвэрлэлт хийх боломжгүй болсон тул гэрээг шилжүүлэх саналыг зөвшөөрч, төлбөр тооцоогоо дуусгасан. Гэрээг хэнд шилжүүлснээ санахгүй байна. Төлбөр тооцоо дуусаагүй байсан бол гэрээг шилжүүлэх эрх үүсэхгүй байсан. Нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэх тайлбар гаргасан.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Т ХХК, С.А нарын хооронд 2019 оны 07 сарын 23-ны өдөр ТТТ/2019/10502 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, гэрээгээр Улаанбаатар хот-Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэж, 1 рейсийн зардалд 2,750,000 төгрөг бөгөөд үүнийс 1,550,000 төгрөгийг түлшний зардал, 1,200,000 төгрөгийг тээвэрлэлттэй холбоотой бусад зардалд тооцож төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 3-5/
4.2.Хариуцагч С.А нь нэхэмжлэгч Т ХХК-тай дээрх гэрээг байгуулж, гэрээний дагуу улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрийн үйл ажиллагаа явуулж, тээврийн хэрэгсэлд З ХХК-ийн шатахуун түгээгүүрээс нэхэмжлэлд дурдсан нийт 3,823,509 төгрөгийн түлш авсан үйл баримтыг зөвшөөрч маргаагүй.
4.3.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т зааснаар тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
4.4.Дээрх гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлага зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан байх тул хүчин төгөлдөр байна.
4.5.Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ гэрээг талууд цуцлах үедээ бүх төлбөр, тооцоогоо дуусгасан гэж тайлбарласан хэдий боловч улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Зуун найман Ойл ХХК-наас 2019 оны 08 дугаар сарын 01, 04, 12-ны өдөр авсан 3,823,509 төгрөгийн шатахууны төлбөрийг төлөөгүй болох нь З ХХК-ийн Шатахуун тослох материалын зарлагын падаан, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
4.6.Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Т ХХК нь З ХХК-д 3,823,509 төгрөгийн шатахууны төлбөр төлөх үүрэг үүссэн байна.
4.7.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.
5.Хариуцагч нь З ХХК-наас авсан 3,823,509 төгрөгийн шатахууны төблөрийг төлөөгүй, нэхэмжлэгчид энэ хэмжээгээр хохирол учирсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 3,823,509 төлбөрийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
6.Иймд хариуцагч С.А 3,823,509 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь хуульд нийнцэ.
7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 143,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ас 3,823,509 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,222 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ас 76,222 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР