Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2023/1013/З |
Дугаар | 128/ШШ2024/0158 |
Огноо | 2024-02-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0158
2024 02 22 128/ШШ2024/0158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Хуулар овогт Пүрэвийн Батсайхан, РД:РЖ82022134,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бат-Эрдэнэ,
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баялаг нарын хоорондын “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч М.Мөнгөнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэг хяналт шалгалт хийж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 0046355 дугаартай шийтгэлийн хуудсаар П.Батсайханд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгийн торгууль, 4,100,000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.
1.2. П.Батсайханаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэгт холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0046355 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдолдоо: “Пүрэвийн Батсайхан миний бие “Чингүн хурд транс” ХХК-д жолоочоор ажилладаг бөгөөд манай компани Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум хүрэх чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. П.Батсайхан би тус чиглэлд сэлгээний жолоочоор ажилладаг. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот хүрэх чиглэлийн 4343 УНА улсын дугаартай том оврын автобусанд сэлгээний жолоочоор явж байх үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баруунтурууны шалган бүртгэх товчоонд тээврийн цагдаагийн албаны цагдаа нар зогсоож хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтын үеэр зорчигчийн тээшнээс 5 ширхэг тарваганы туламласан мах гарсан. Ингээд тухайн зөрчилтэй холбоотойгоор тээврийн цагдаагийн албанаас Экологийн Цагдаагийн албанд зөрчлийн материалыг шилжүүлж, Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн байгаль орчны газарт шилжүүлсэн. Нийслэлийн байгаль орчны газраас тухайн зөрчилд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан ба хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэг нь “2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр П.Батсайхан 5 ширхэг тарвага тээвэрлэсэн” хэмээн, надад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр буюу 300,000 төгрөгөөр торгож, 4,100,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргаж гардуулсан. Миний бие энэхүү шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба цагдаагийн алба хаагч нар хяналт шалгалт хийх үед би жолоо барьж яваагүй, жолооч н.Рагчаа жолоо барьж явсан. Үүнээс гадна автобусанд сууж явсан 45 зорчигчийн ачаанд юу юу байгааг жолооч мэдэх буюу зорчигч бүрийн цүнх савыг нээж шалгах боломжгүйгээс гадна зорчигч анх тасалбар захиалах үед нь хориглосон ачаа тээшний жагсаалт болон үйлчилгээний нөхцөлийг танилцуулдаг. Иймээс би шаардлагатай үед жолоо барих үүрэгтэй сэлгээний жолоочоор явж байсан ба намайг жолоо бариагүй байхад тарвага тээвэрлэсэн гэж үзээд торгуулийн арга хэмжээ авч, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Нийслэлийн байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046/355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан. Гомдол гаргагчийг сэлгээний жолоочоор явж байсан 4343 УНА улсын дугаартай том оврын автобуснаас 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 5 ширхэг тарвага 3 тусдаа хэсгээс гарсан байгаа. Улмаар тарваганы мах гарсан учраас нэхэмжлэгчид Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож 4,100,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэр гаргасан. Энэ шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч байгаа гол үндэслэл нь нэгдүгээрт П.Батсайхан тухайн автобусыг жолоодож яваагүй, хоёрдугаарт зорчигчийн ачаа тээшийг шалгах эрх байхгүй учраас ачаа тээшинд ямар төрлийн бүтээгдэхүүн явсныг мэдээгүй буюу мэдэх боломж байгаагүй учраас тухайн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөрчлийн тухай хуульд заасан болон Байгаль орчны хамгаалах тухай хууль, Амьтны тухай хуульд зааснаар хохирол учруулсан этгээдээс нөхөн төлбөр гаргуулахаар заасан. Иймд хохирол учруулсан этгээд нь П.Батсайхан биш учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.
Шүүхэд гомдол гаргаснаас хойш шүүх тодорхой ажиллагаануудыг санаачилгаар болон хэргийн оролцогч нарын хүсэлтийн дагуу хийсэн. Утасны дугаар шалгах Авто тээврийн үндэсний төвөөс камерын бичлэг гаргуулах, гэрч Л.Сансар, Б.Рагчаа нарыг гэрчээр асуусан. Улмаар ингэж хугацаа алдахгүйгээр тухайн үед эрх бүхий албан тушаалтан энэ ажиллагаануудыг хийх боломжтой байсан. Ямар нэг байдлаар маргаангүйгээр П.Батсайхан зөрчил гаргасан бол П.Батсайханыг, харин Б.Рагчаа жолоодож яваад зөрчил гаргасан бол Б.Рагчааг ч юм уу торгох ийм боломж нь байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгосон тэр боломжуудыг ашиглаж энэ ажиллагаануудыг ерөөсөө хийгээгүй. Тэрнээс болоод өнөөдөр ийм тодорхойгүй нөхцөл байдал үүссэн.
Хариуцагчаас П.Батсайхан өөрөө хүлээн зөвшөөрсөн автобуснаас нь гарчихсан учраас тухайн хүн тээвэрлэсэн гэдгээ хэлчихсэн гэдэг. Мэдүүлгийн агуулга нь болохоор тээвэрлэсэн боловч тухайн ачаа байсныг мэдээгүй, зорчигчийн ачааг нэг бүрчлэн онгойлгож шалгах, задлах боломжгүй гэдэг агуулга юм. Хариу тайлбараар Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрмийн 9.7.6-г баримтлаад байгаа. Гэтэл дүрмийн 9 дүгээр хэсэг нь зорчигчийн гар тээш, шуудан илгээмжийг хүлээн авах, бүртгэх, хадгалах, тээвэрлэх, олгох хэсэг нь өөрөө авто буудал болон авто зам дагуух үйлчилгээний байгууламж нь зорчигчийн тээш, илгээмжийн ачаа хүлээн авах, хадгалах, олгох стандартын шаардлага хангасан тусгайлсан байртай байна. Уг байраар дамжуулан дараах ачааг хүлээн авах, бүртгэх, хадгалах, тээвэрлэх, хүлээн авагчид олгох үйлчилгээг зохицуулна гэсэн. Тэгэхээр Авто тээврийн үндэсний төвөөс ачаа тээшийг шалгах ийм боломжтой. Дүрмээрээ тээврийн хэрэгсэл хөдөлж байгаа газраас нь ачаа тээшийг нь шалгаад хөдлөх боломжтой байхад заавал тодорхой маршрут туулаад энд ирсэн хойно шалган бүртгэх товчоон дээр ирж хяналт шалгалтаа хийж байгаа нь дүрмээ өөрсдөө захиргааны байгууллага хэрэгжүүлэхгүй байна. Жолоодож яваагүй хүнийг чи жолоодсон, тээвэрлэсэн гээд буруутгаад байгаа нь хууль дүрмийг биелүүлэхгүй байна гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчинд болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө гэж заасан. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “...хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтанд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ” гэж заасан. Тэгэхээр тээвэрлэсэн нийтийн тээврийн жолооч, зорчигчийн хийсэн ачаанаас болоод хохирол нөхөн төлөх нь байж болохгүй. Яагаад гэхээр энэ хуулийн агуулга өөрөө агнасан, барьсан этгээдүүд амьтны аймагт болон байгаль орчинд хохирол учруулчхаж байгаа. Тэгэхээр учруулсан хохирлыг гэм буруутай этгээд нь төлнө гэдэг ийм нөхцөл байгаад байна. Иймд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэг. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжээр буюу 300,000 төгрөгөөр торгож, 4,100,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх талаар:
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12-5/2880 дугаартай албан бичгээр иргэн П.Батсайханд холбогдох 3-350 дугаартай (Сонгинохайрхан дүүргийн Баруунтурууны постоор иргэн П.Батсайхан нь Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээврийн 43-43 УНА Grand bird маркийн автобусаар 5 ширхэг тарваганы нойтон мах тээвэрлэсэн гэх) гомдол мэдээлэл харьяаллын дагуу шилжин ирсэн. Хэргийн материалыг хүлээн авч танилцахад иргэн Пүрэвийн Батсайхан нь 43-43 УНА улсын дугаартай Grand bird маркийн тээврийн хэрэгслээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаартай “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон ан болох тарвага /нойтон тулам/ 5 бодгалийг тээвэрлэж явсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 2302000277 дугаар бүхий зөрчлийн хэрэг нээж шалгасан.
Шалгалтын явцад иргэн П.Батсайхан нь мэдүүлэгтээ: “Би “Чингүүн хурд транс” ХХК-д Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчигч тээврийн 43-43 УНА Grand bird маркийн автобусны ээлжийн жолоочоор ажилладаг ба хот хооронд хүн тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Тухайн 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гарсан. Тухайн үед Б.Рагчаа гэх хүний ээлжийн жолоочоор явсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өглөө Баруун туруу авто тээвэр шалган нэвтрүүлэх товчоон дээр цагдаагийн албан хаагч зогсоож шалгасан. Гэтэл зорчигчийн ачаа тээшнээс 1 хайрцагтай тээш, 1 ууттай тээш дотроос 5 ширхэг тарваганы нойтон мах гарсан. Би зорчигчдын ачаа тээшийг шалгаж авсан. Гэхдээ зорчигч бүрийн ачаа, гар тээшийг нэг бүрчлэн задалж шалгах боломжгүй гэх
1. Иргэн П.Батсайхан нь хот хооронд зорчигч буюу ачаа тээш тээвэрлэхдээ Иргэний хуулийн 35 дугаар бүлгийн 381 дүгээр зүйлийн 381.1 дэх заалтад зааснаар “Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй” гэж, 382 дугаар зүйлийн 382.1 дэх заалтад “Зорчигч тээвэрлэлтийн гэрээг зорчих пайз, тасалбарыг зорчигчид гардуулснаар байгуулагдсан гэж үзнэ” гэж заасны дагуу тээвэрлэлтийн гэрээг байгуулсан байсан ба тээвэрлэгч нь ямар ч тохиолдолд ямар ачаа тээш тээвэрлэж яваагаа мэдэж, ачаа тээшний бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой байсан тул ачаа тээшийг задалж үзээд хориотой ачаа тээвэрлэх эсэхээ шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. (Тус 5 ширхэг тарваганы 2 нь цагаан шуудайд, 2 нь ногоон шуудайд, 1 нь цаасан хайрцагт тээвэрлэгдэн ирсэн байсан ба амьтны гаралтай түүхий эд байсныг мэдэх бүрэн боломжтой байсан). Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаартай “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралт “Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 9.7 дугаар зүйлийн 9.7.6 дахь хэсэгт “Зориулалтын бус, шаардлага хангаагүй сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй. Зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, мал, тэжээвэр амьтан, шувуу, амьтны гаралтай түүхий эд авч явахыг зөвшөөрөхгүй” гэж заасныг зөрчиж агнахыг хориглосон ангийн гаралтай түүхий эд тээвэрлэсэн байсан.
2. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д ““Агнах, барихыг түр хориглосон ан амьтан” гэж хуулиар агнах, барихыг хориглоогүй ч тархац, нөөц, хэвийн өсөж үржих, амьдрах орчин нөхцөл нь хомсодсон, муудсан, доройтсоны улмаас энэ хуулийн 5.2, 5.3-т заасан эрх бүхий байгууллагаас агнах, барихыг нь тодорхой хугацаагаар хориглосон амьтныг хэлнэ” гэж заасан байдаг ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13 дахь хэсэгт агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон байдаг.
3. Мөн хуулийн 25 дугаар зүйлд “Агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл”, 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтад “Иргэн, хуулийн этгээд амьтан ашиглах, агнуурын амьтан агнах, барихад төлбөр, хураамж төлөх”, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтад “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2 дахь заалтад “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”, 37.3 дахь заалтад “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж зүйлчилсэн байгаа нь тухайн этгээдийн үйлдэлд нөхөн төлбөр оногдуулахыг тус тус тодорхой зааж өгсөн байна.
4. Зөрчлийн тухай хууль анх 2017 онд батлагдахад 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тээвэрлэх үйлдэлд арга хэмжээ оногдуулах заалт байхгүй байсан. Үүний улмаас энэхүү хуулийн цоорхойг ашиглаж тухайн жилүүдэд буюу 2017-2019 оны хооронд энэ холбогдогчийн үйлдэлтэй нэгэн адил асуудал маш ихээр гарах болсон. Үүнтэй холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр тээвэрлэсэн этгээдэд арга хэмжээ оногдуулах заалтыг оруулсан байдаг.
5. Хяналт шалгалтын явцад иргэн П.Батсайхан нь 43-43 УНА улсын дугаартай Grand bird маркийн тээврийн хэрэгслээр Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон ан болох тарвага /нойтон тулам/ 5 бодгалийг тээвэрлэж явсан зөрчил нь холбогдогчийн мэдүүлэг, хяналт шалгалтын явц, фото зураг зэргээр тогтоогдсон бөгөөд тус зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу арга хэмжээ оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.
Иймд иргэн Пүрэв овогтой Батсайханд оногдуулсан торгууль 300 нэгж буюу 300,000 төгрөг, нөхөн төлбөрийн 4,100,000 төгрөгийн 0046355 дугаар бүхий “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр буюу хууль ёсны гэж үзэж байна” гэжээ.
3.2. Хариуцагч М.Мөнгөнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жолооч П.Батсайхан тухайн хугацаанд ээлжийн жолооч хийж байсан боловч анхан шатны шалгалт хийх тухайн хугацаанд минийх байгаа, би өөрөө бичиг баримтаа өгье мөн тайлбараа бичээд өгнө гэж өөрөө амаар хэлсэн. Мөн жолооч Б.Рагчаагийн тайлбар мөн гэрч Л.Сансарын анхан шатны үзлэг баримтаар тогтоож Экологийн цагдаагийн алба руу материалыг нь бүрдүүлж нотлох баримтын хамт бүрдүүлж ирүүлсэн байдаг. Энэ нь Экологийн цагдаагийн албаны цагдаагаар шалгагдаад Нийслэлийн прокурорын газарт хянагдаад манай байгууллагад арга хэмжээ авах тухай саналтайгаар Нийслэлийн байгаль орчны газарт орж ирсэн. П.Батсайхан нь тухайн хугацаанд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн Экологийн цагдаагийн албанд өгсөн мэдүүлгээр хүлээн зөвшөөрөөд зөрчлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нотлох баримтуудыг үндэслээд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад тээвэрлэсэн гэх заалтын дагуу шийтгэлийн хуудас бичиж арга хэмжээ авсан байгаа. Тухайн хугацаанд тарваган тахлын эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газрын албан хаагч нар хяналт шалгалт хийж байсан. Улмаар энэ нь эрсдэлтэй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж байсан албан хаагч нарын шалгалтаар энэ үйл явц илэрсэн байдаг. Жолооч нар хэдийгээр ачаа тээшийг шалгаж авах эрхгүй гэсэн боловч ачаа тээшийг тухайн орон нутгаас тээвэрлэж байгаа тохиолдолд жолооч ачаа тээшийг шалгаж хүлээж авсан байдаг. Энэ тухай П.Батсайханы 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгт та зорчигчийн ачаа тээшийг шалгаж авсан уу гэдэг асуултад шалгаж авсан, гэхдээ зорчигчийн ачаа тээшийг бүрэн задалж үзэх боломжгүй гэсэн ийм мэдүүлэг өгсөн байдаг. Тээвэрлэж байсан тарвага 2 шуудайд хийсэн мэдэгдэхүйц хөл толгой нь гарсан ийм байдалтай байхад би мэдээгүй гэдэг байдлаар шүүхэд нэхэмжлэл өгсөн нь үндэслэлгүй юм.
Манай байгууллагад ангийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил маш ихээр ирдэг. Үүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дах зүйл заалтыг баримталж арга хэмжээ авч шийдвэрлэдэг. Мөн Экологийн цагдаагийн албанаас шилжин ирсэн гомдол мэдээллийн зөрчлийг тогтоогоод Нийслэлийн прокурорын байгууллагаар хянагдаад энэ зөрчил мөн юм гээд харьяаллын дагуу арга хэмжээ авахаар манай байгууллагад шилжин ирдэг байгаа. Энэ арга хэмжээ авах талаар удирдах албан тушаалтны тогтоолын дагуу ирүүлсэн материалыг судлан шалгаад тухайн холбогдогчид арга хэмжээ авч ажилладаг. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-д тээвэрлэсэн гэж заасан. П.Батсайхан гэх иргэн тухайн хугацаанд минийх гэдгийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн мөн дээрээс тээвэрлэсэн гэдэгт нь арга хэмжээ авахаар хуулийн зохицуулалтаар тогтоочихсон байгаа. Хэрэв тээвэрлэсэн бол 300,000 төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийг гаргуулна гээд хуульд заасан байгаа учраас хуулийн дагуу арга хэмжээ авсан.
Тухайн ачаа тээш тээвэрлэх хугацаанд битүүмжлээд хайрцагт хийгээд лацдаад хийсэн бол мэдэх боломжгүй. Гэтэл шуудайд хийгээд хөл эд эрхтэн нь гарчихсан талаар гэрчийн өгсөн тайлбараар тайлбарласан. Улмаар хэн ч харсан тээвэрлэх боломжгүй буцаах зүйл байсан. Мөн тухайн зорчигчийн гэсэн ямар ч баримт байгаагүй. Авто тээврийн ачаа тээш тээвэрлэх дүрмийн 2.5-д аюултай ачаа овор ихтэй хүнд ачааг авто тээврийн хэрэгсэл нь түүний амь нас, эрүүл мэнд, орчинд аюул тохиолдох болзошгүй ачааг тээвэрлэх журмын дагуу тээвэрлэнэ гэж заасан байдаг. Тухайн хугацаанд тарваган тахлын эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд зарим орон нутгийн газар нутагт тарган тахал гарсны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хот руу тарвага болон амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн авч орохыг хориглоно гэж Засаг даргын захирамжаар ажлын хэсэг болоод холбогдох хяналтын байгууллагууд гаргаад ажиллаж байсан. Тухайн хугацаанд хэрвээ тахалтай орон нутгаас тээвэрлэлт хийсэн бол тухайн автобусанд явж байсан хүмүүс мөн хяналт шалгалт хийсэн хүмүүст тарваган тахал тархах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Ямар ч битүүмжлэлгүй шуудайд хийчихсэн, эд эрхтнүүд нь ил гарчихсан ийм ачаа тээш тээвэрлэсэн. Холбогдох хууль хяналтын байгууллагуудын шалгасан зөрчилд арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Батсайхан өөрөө шалгаж авсан гэх тайлбар өгсөн мөртлөө шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн нь хууль бус юм. Яагаад гэхээр өөрийнх нь мэдүүлгийн үндсэнд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад үүнийгээ өөрөө үгүйсгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Зорчигч тээврийн байгууллага шалгах ёстой гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн орон нутагт тийм зүйл байхгүй. Энэ эрхээ жолооч нарт гэрээ байгуулаад зарим эрх үүргээс зорчигчийн ачааг шалгаж авах гэдгийг гэрээнд тусгасан. Зорчигчийн ачаа тээвэр гэдгийг яаж нотолж байгаа юм энэ чинь өөрөө зорчигчийнх юм уу, өөрөө өөр хүнээс авсан ч юм уу улмаар зорчигчийн ачаа тээвэр гэдгийг өөр хүнийх гэдэг нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч анх мэдүүлэг өгөхдөө би шалгаж авсан гээд улмаар зөрчлийн хэрэг ажиллагаа явагдаад шийтгэлийн хуудас бичигдсэн байгаа. Албан тушаалтнууд тухайн үедээ шалгаад тогтоогоод түүний үндсэнд шийтгэвэр бичиж байгаа болохоос биш зүгээр хэлсний дагуу шууд шийтгэлийн хуудас бичээгүй юм.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. П.Батсайхан нь Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын газрын улсын байцаагч М.Мөнгөнцэцэгт холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ, “... тухайн тээврийн хэрэгслийн жолоодож яваагүй байхад тээвэрлэсэн гэж үзсэн, зорчигчийн ачаа тээшийг шалгах эрхгүй, мөн байгаль орчинд хохирол учруулаагүй байхад шийтгэл ногдуулж, хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлаж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд:
2. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаартай “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг түр хориглох тухай” тушаалд “Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаагаар хориглосугай” гэжээ(https://www.unuudur.mn/a/259397).
4. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу нэвтрэх Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтуруу Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад М.Бямбажаваас шалгалт хийж 4343 УНА улсын дугаар бүхий Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобусаар 5 ширхэг тарваганы нойтон мах тээвэрлэсэн зөрчлийг илрүүлж, үзлэгийн тэмдэглэл үйлдэж, фото зургаар баримтжуулан харьяаллын дагуу Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлжээ.
5. Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 тоот шийтгэлийн хуудсаар П.Батсайханыг 300,000 төгрөгөөр торгож, 4,100,000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
6. Хуулийн дээрх зохицуулалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дараах нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, эрх бүхий албан тушаалтнаас “хориглосон амьтныг тээвэрлэсэн бол зөрчил”-ийг П.Батсайхан үйлдсэн гэх нөхцөл байдлууд тогтоогдсон гэж дүгнэж, хохирол нөхөн төлбөрийг гаргуулж торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх боломжгүй байна.
7. Учир нь хориглосон амьтныг тээвэрлэсэн зөрчилд хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, торгохоор хуулиар зохицуулсан, маргааны тохиолдолд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Хөвсгөл Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн 4343УНА автобуснаас агнахыг хориглосон амьтан болох нойтон тарвага тээвэрлэсэн зөрчил үйлдэгдсэн болох нь дээр дурьдсан цагдаагийн албан байгууллагаас хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар нотлогдсон, холбогдогч нь тухайн зөрчлийг үйлдээгүй болохыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй, эх сурвалжийг заагаагүй байх тул эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг П.Батсайхан үйлдсэн гэж дүгнэснийг буруутгахааргүй байна. Тодруулбал,
7.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “холбогдогчийн олж тогтоох ажиллагаа хийгээгүй, тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигчийн ачаа тээшийг онгойлгож шалгах эрхгүй” гэх боловч П.Батсайханаас уг тарвагыг өөрийнх биш гэх үйл баримтыг нотлохтой холбоотой ажиллагаа хийлгэх талаарх хүсэлтээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, шийдвэрлүүлээгүй байна.
7.2. Хэрэвзээ П.Батсайхан нь уг тарвагыг зорчигчийн ачаа гэж тайлбарласан бол Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн автовокзал дахь хяналтын камерын бичлэгийг өөрөө гаргаж өгөх, эсхүл эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргах замаар гаргуулж хэн гэдэг зорчигчийн ачаа болохыг нотлох боломжтой байсан байхад уг ажиллагааг хийгээгүй, хүсэлт гаргаагүйгээс тухайн ачаа нь хэн гэдэг зорчигчийнх, эсхүл холбогдогчийнх болохыг бичлэгээр тогтоох боломжгүй болсон нь Хөвсгөл аймгийн автотээврийн төвөөс ирүүлсэн “тус автовокзалын камерын бичлэг нь 1 сарын хугацаатай хадгалагддаг тул бичлэгийг гаргах боломжгүй” гэснээр тогтоогдов.
7.3. Мөн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баруунтурууны постод ажилласан Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Л.Сансараас “тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Рагчаа нь, ... би яагаад хүний өмнөөс, ...П.Батсайханых шүүдээ гэсэн, П.Батсайхан гүйж ирээд бичиг баримтаа өгсөн” гэж, гэрч Б.Рагчаагаас “... Тарваганы мах тээшнээс илрэх үед хэний ачаа болохыг тодруулаагүй. 22-н товчоон дээр зогсоосон дэд ахлагч Л.Сансар автобуснаас тарваганы мах илэрсний дараа автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээ, П.Батсайханы жолоочийн үнэмлэх, мэргэшсэн үнэмлэхийг хурааж авсан...” гэж тус тус мэдүүлэв.
7.4. Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас зорчигчдыг автобусанд суулгах үед зорчигчдын ачаа тээшийг жолооч Б.Рагчаа, сэлгээний жолооч П.Батсайхан нар тус автобусанд ачсан болохыг жолооч нар тайлбарлав.
7.5. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан фото зургаас үзвэл, 4343УНА автобуснаас гарсан гялгар уут болон шуудайд хийсэн зүйл нь гадна байдлаасаа тарвага болох нь илэрхий байхын зэрэгцээ гэрч Д.Сансараас “хөлдөөсөн тарвага нь сарвуу нь ил гарсан, тарвага болох нь мэдэгдэхээр байсан” гэж мэдүүлэв.
8. Энэ тохиолдолд П.Батсайхан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5-д “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах” гэж, 2.8-д “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж заасан эрхээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлээгүй атлаа “... хэн гэдэг зорчигчийн ачаа тээш болохыг шалгах боломжгүй, би жолоодож яваагүй, ... тарвага байсныг мэдээгүй” зэрэг тайлбаруудыг хүлээн авах үндэслэлгүй байна.
9. Өөрөөр хэлбэл, П.Батсайхан нь 4343УНА улсын дугаартай зорчигч тээврийн автобусаар тээвэрлэсэн тарвага нь түүнд хамааралгүй болохыг тогтоохтой холбоотой нотлох баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй, нотлох баримтын эх сурвалжийг заагаагүй тул зорчигчийн тээш эсэхийг тогтоохтой холбоотой ажиллагаа хийгээгүйд хариуцагчийг буруутгах, энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг хангах боломжгүй юм.
10. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 9.1-д “Автобуудал болон авто замын дагуух үйлчилгээний байгууламж нь зорчигчийн тээш, илгээмжийн ачаа хүлээн авах, хадгалах, олгох стандартын шаардлага хангасан тусгайлсан байртай байна. Уг байраар дамжуулан дараах ачааг хүлээн авах, бүртгэх, хадгалах, тээвэрлэх, хүлээн авагчид олгох үйлчилгээг зохицуулна. Үүнд”, 9.1.2-т “зорчигчийн тээш”, 9.4-т “Зорчигчийн тээш, илгээмж хүлээн авах, хадгалах, олгохдоо зорчигч болон иргэний биеийн байцаалтыг үндэслэн сав, баглаа боодлын битүүмжийг шалгаж, холбогдох бичиг баримтыг үйлдэнэ. Зорчигчийн тээш, илгээмж хүлээн авсан тасалбар, төлбөрийн баримтын хамтаар зорчигч болон илгээгчид олгоно”, 9.7.6-д “...Зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, мал, тэжээвэр амьтан, шувуу, амьтны гаралтай түүхий эд авч явахыг зөвшөөрөхгүй” гэж зохицуулжээ.
11. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс журмын дээрх зохицуулалтыг үндэслэн “зорчигчийн ачаа тээшийг авто тээврийн төв хүлээн авахаар журамд заасан тул П.Батсайханыг буруутгах үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлан маргах боловч тухайн тохиолдолд автобусны жолооч нар зорчигчийн ачааг хүлээн авч ачсан болох нь Б.Рагчаагаас гэрчээр өгсөн “... П.Батсайхан бид хоёр зорчигчийн ачаа тээшийг хамт ачсан” гэх мэдүүлэг, П.Батсайханаас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр холбогдогчоор өгсөн “...зорчигчийн ачаа тээшийг шалгаж авсан, ...” гэх мэдүүлэг, “Чингүн хурд транс” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай албан бичигт “... Хот хоорондын зорчигчийн ачаа тээшийг хүлээн авах, бүртгэх, хүлээлгэн өгөхтэй холбоотой үйл ажиллагааны тодорхой журам байхгүй. Жолооч нар иргэдтэй шууд харилцаж ачаа тээшээ өгч, авдаг” гэснээр тус тус тогтоогдож байна.
12. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай дүрэм”-д зорчигчийн ачаа тээшийг авто тээврийн төв хүлээн авахаар зохицуулсан боловч хот хоорондын зорчигч тээврийн автобусаар зорчигчийн ачаа тээшийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хүлээн авч, хүлээлгэн өгдөг нь нийтэд илэрхий үйл баримт тул журмын зохицуулалт хэрэгжээгүй нь холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохооргүй байна.
13. Дээрх 6 дахь хэсэгт дурьдчсанчлан Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан амьтныг агнах хориглосон хугацаанд, ... агнасан, тээвэрлэсэн үйлдэл нь тус тус зөрчилд тооцогдохоор, агнахыг хориглосон амьтны махыг тээвэрлэсэн зөрчлийн улмаас учруулсан хохирлыг гаргуулахаар хуульчилсан байх тул гомдол гаргагчийн төлөөлөгчийн “... П.Батсайхан нь тарвагыг агнаагүй байхад хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй байна.
14. Дээр дурьдсан үндэслэлүүдээр П.Батсайханаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэгт холбогдуулан гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
15. Гомдол гаргагчаас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гомдлын шаардлагаа “4343УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон П.Батсайханы жолоодох эрхийн үнэмлэх гарган өгөхийг хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлсэн.
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус заасан.
17. Гомдол гаргагч П.Батсайханаас 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэлд “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах” гэж хуулийн дээрх зохицуулалтад заасан эрхийг олгосон байна.
18. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул тухайн шаардлагаасаа татгалзсан” гэж тайлбарлаж, гомдлын нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсанаас үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байх тул гомдол гаргагчийн Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэгт холбогдуулан гаргасан “4343УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон П.Батсайханы жолоодох эрхийн үнэмлэх гарган өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий гомдлын нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч П.Батсайханаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэгт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0046355 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнгөнчимэгт холбогдуулан гаргасан “4343УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон П.Батсайханы жолоодох эрхийн үнэмлэх гарган өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий гомдлын нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсаныг баталсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ