Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/03519

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/03519

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух, Бийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 тоотод байрлах, Э ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У

Хариуцагчийн өмгөөлөгч С.Я

Гэрч Н.Г А.Ц, Л.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Иргэн Д.Б би 2020 оны 10-р сард Э ХХК-тай харилцан тохиролцож 22 давхар баригдах барилгын суурь цутгах, хэв угсрах, задлах, ус тусгаарлагч түрхэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм. Ажил эхлэхээс өмнө Э ХХК-ийг төлөөлж захирал А.Цд нь захиалагчийн зүгээс байлцаж иргэн Л.Т нь гүйцэтгэгч талаас байлцаж хэлэлцэн тохиролцож Д.Б надаар дээр дурьдсан ажлуудыг хийлгэж ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг өгнө, энэ ажлын хөлсийг Э ХХК нь өгнө гэж тохиролцсон юм. Энэ захиалагч болон гүйцэтгэгч талын хүмүүс хоорондоо барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй байсан бөгөөд гүйцэтгэгч талын төлөөлөгч Л.Т нь эхэлж надад дээрх ажлуудыг хийж өгөөч гэж санал тавьсан бөгөөд захиалагч Э ХХК-ийн захирал А.Цд нь мөн надаар тус ажлуудыг хийлгэе гэсэн тул би бригадынхаа хүмүүсийн хамтаар тус ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн юм. Э ХХК нь 2021 оны 3-р сард Л.Т ын дансаар дамжуулан надад ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгө болох 7,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлдэг боловч өгөхгүй байгаа юм. Э ХХК-ийн захирал А.Цд нь 2021 оны 12-р сарын 30-ны өдөр Д.Б миний гар утас руу мессеж бичиж хэдэн төгрөг орж ирсэн чинь банк татаад явчихлаа гэж бичсэн бөгөөд үүний дараа ажлын хөлсийг чинь бүрэн төлж өгнө гэж 2022 оны 9-р сарын 24-ны өдөр бичиг хийж өгсөн юм. Гэтэл одоог хүртэл ажлын хөлсийг өгөхгүй байна. Э ХХК нь барилга захиалан бариулсан М компанид барилгын ажил гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд ажлынхаа хөлсийг тус компаниас авсан атлаа надаар хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгөхгүй байгаа юм. Д.Б би хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй хохирч байгаа тул Э ХХК-иас 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэн Д.Б би урд өмнө нь 2023 оны 9-р сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Э ХХК-с барилгын ажил гүйцэтгэсний ажлын хөлс 7,000,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан юм. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2023/15627 дугаартай захирамж 2023 оны 09-р сарын 15-ний өдөр гарч талууд гэрээндээ маргааныг Арбитраар шийдвэрлүүлэхээр заасан тул шүүх уг маргааныг шийдвэрлэхгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан юм. Иргэн Д.Б би шүүгчийн захирамжийн дагуу Монголын Олон Улсын Арбитрт хандаж 2023 оны 9-р сарын 29-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч Арбитрын 31 дугаартай шийдвэр 2024 оны 01-р сарын 11-ний өдөр гарч нэхэмжлэгч Д.Б нь маргааны харьяаллыг тогтоож буй Барилгын ажил гүйцэтгэх гэрээний нэг тал биш, энэ гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийн шаардлага нь ажлын хөлсний мөнгө гаргуулах шаардлага байна гэж үзэж нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн юм. Иймд Э ХХК нь барилгын ажил хийлгэсний ажлын хөлсний үлдэгдэл 7,000,000 төгрөгийг Д. Бөд 2022 оны 11-р сарын 20-ны өдөр өгнө гэж гарын үсгээ зурж, бичгэн гэрээ хийсэн атлаа одоо хүртэл ажлын хөлсийг өгөхгүй намайг хохироож байгаа тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд дахин хандаж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн миний эрүүл мэнд муудаж нурууны мэс заслын эмчилгээнд орох шаардлагатай байгаа боловч эмчилгээний мөнгө байхгүй болохоор эмчилгээ хийлгэж чадахгүй хохирч байгаа тул Э ХХК-с барилгын ажил гүйцэтгэсэний ажлын хөлс 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Э ХХК хариу тайлбартаа: Э ХХК нь Д.Бтэй 2020 оны 10 сард компанийн барьж байсан М А блокийн 22 давхар барилгын хэв хашмал угсрах, хэв хашмал задлах, суурь цутгах бетон авах, арчилгаа хийх ажлыг 10,000,000 төгрөгөөр хийхээр гэрээ байгуулсан. Д.Б нь барилгын хэв хашмал угсрах, задлах ажлыг хийсэн. Энэ ажлын хөлс 3,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх суурь цутгалтын бетон авах, арчилгаа хийх ажлыг хийгээгүй учир энэ ажлыг Н.Г гэж хүнээр хийлгэж, төлбөрийг төлсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс Монголын Олон Улсын Арбитрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дугаар шийдвэр /хх-ийн 4,5/, барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 6-8/, бичгэн гэрээ /хх-ийн 9/, Монголын Олон Улсын Арбитрт гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтууд /хх-ийн 10-17/, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 19/, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 70/, барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 71-73/, гэрээ дүгнэсэн акт /хх-ийн 74-76/, бартерийн машин өгсөн авсан хүлээлцэх гэрээ /хх-ийн 77/, тодорхойлолт /хх-ийн 78/ шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 51-54/, Г.Г, А.Цд, Л.Т нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э ХХК-д холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би 2020 оны 10 дугаар сард Эм ди костракшн ХХК-ийн захирал гэх А.Цдтай харилцан тохиролцож, тус компанийн барьж байсан Мишээл лайф сайл А блокийн 22 давхар барилгын суурь цутгах, хэв хашмал угсрах, задлах, ус тусгаарлагч түрхэх ажлуудыг 10,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Харилцан тохиролцсоны ажлыг өөрийн барилгын ажлын хүмүүсийн хамт хийж гүйцэтгэсэн. Э ХХК нь 2021 оны 03 дугаар сард Л.Т ын дансаар дамжуулан 3,000,000 төгрөг өгсөн. Үлдэх 7,000,000 төгрөгийг удахгүй өгөн гэсэн боловч одоог болтол өгөхгүй байна. гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ Э ХХК нь Д.Бтэй 2020 оны 10 сард компанийн барьж байсан М А блокийн 22 давхар барилгын хэв хашмал угсрах, хэв хашмал задлах, суурь цутгах бетон авах, арчилгаа хийх ажлыг 10,000,000 төгрөгөөр хийхээр гэрээ байгуулсан. Д.Б нь барилгын хэв хашмал угсрах, задлах ажлыг хийсэн. Энэ ажлын хөлс 3,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх суурь цутгалтын бетон авах, арчилгаа хийх ажлыг хийгээгүй учир энэ ажлыг Н.Г гэж хүнээр хийлгэж, төлбөрийг төлсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Э ХХК-ийг төлөөлж А.Цд, Л.Т нарын хооронд 2020 оны 10 дугаар сард байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, А.Цд, Л.Т , Д.Б нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр төлөх хугацаа тохиролцсон Бичгэн гэрээ баримт, шүүхэд гэрч Н.Г ...Очиж бетон цутгалт хийгээгүй. Намайг очиход цутгалт хийж эхэлж байсан. Би өнгөлгөө хийсэн. Өөр ажил хийгээгүй. ...Ажил дууссаны дараа гэрээгээ байгуулсан гэх мэдүүлэг, гэрч Л.Т ...10 сая төгрөгөөр Д.Б, Э ХХК-тай гэрээ хийсэн. ...Төлбөр төлөхгүй байсан учир уулзаж бичгээр гэрээ байгуулсан гэх мэдүүлэг, гэрч А.Цд ...Д.Б хэв хашмалын ажил угсрах, буулгах ажил хийсэн. Бетон цутгалт авах, арчилгаа хийх ажлаа хийгээгүй. ...Н.Г бетон цутгалт авах, арчилгааны ажил хийсэн гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Д.Бийн Э ХХК-ийг төлөөлж захирал А.Цд нь захиалагчийн зүгээс байлцаж, иргэн Л.Т гүйцэтгэгч талаас байлцаж хэлэлцэн тохиролцож Д.Б надаар тус компанийн барьж байсан М А блокийн 22 давхар барилгын суурь цутгах, хэв хашмал угсрах, задлах, ус тусгаарлагч түрхэх ажлуудыг 10,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоогийн ...Д.Бтэй 2020 оны 10 сард компанийн барьж байсан М А блокийн 22 давхар барилгын хэв хашмал угсрах, хэв хашмал задлах, суурь цутгах бетон авах, арчилгаа хийх ажлыг 10,000,000 төгрөгөөр хийхээр гэрээ байгуулсан. Д.Б нь барилгын хэв хашмал угсрах, задлах ажлыг хийсэн. Энэ ажлын хөлс 3,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн ажилаа хийгээгүй учир 7,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх тайлбараар нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сард Э ХХК-ийн барьж байсан М барилгын хэв хашмал угсрах, хэв хашмал задлах, суурь цутгах бетон авах зэрэг ажлыг 10,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

5.Зохигч талууд хэлцлийн дагуу нэхэмжлэгч Д.Б нь Э ХХК-ийн барьж байсан М А блокийн 22 давхар барилгын хэв хашмал угсрах, хэв хашмал задлах ажлыг хийж гүйцэтгэсэн, хэлцлээр тохиролцсон ажлын хөлс 10,000,000 төгрөг бөгөөд үүнээс 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн талаар маргаагүй.

 

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

7.Зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, хэлцлийн агуулгаас дүгнэвэл нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

 

8.Хариуцагч нь нэхэмжлэгчийг хэлцлээр тохиролцсон ажлаас бетон цутгалт авах, цутгалтын дараах арчилгаа хийх ажлаа хийгээгүй учир 7,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

 

9.Гэрч А.Цд нь Д.Б суурь цутгах бетон авах, бетон арчилгааны ажлыг хийгээгүй, ...Л.Т , Д.Б нар 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр айлган сүрдүүлж 7,000,000 төгрөг төлөх гэрээнд гарын үсэг зуруулсан гэж мэдүүлсэн. Гэвч 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн Бичгэн гэрээ-г айлган сүрдүүлж байгуулсан талаар нотлох баримтгүй байх бөгөөд шүүхээс А.Цд, Д.Б нарын хооронд гар утсаар харилцсан мессежинд хийсэн үзлэгээр А.Цд нь Д.Бөд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөх үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдлаа дансанд байсан мөнгийг нь банк татаж авснаас төлбөр төлөх боломжгүй байгаагаа мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

10.Мөн гэрч Н.Г ...Би бетон цутгалт хийгээгүй. Намайг очиход цутгалт хийж эхэлж байсан. Би өнгөлгөө хийсэн. Өөр ажил хийгээгүй. ...Ажил дууссаны дараа надтай гэрээгээ байгуулсан гэх мэдүүлэг, гэрч Л.Т ...10,000,000 төгрөгөөр Д.Бтэй гэрээ байгуулсан, ... Д.Бийн 6 хүн бетон цутгалт хийхэд ажилласан. ...Төлбөрөө төлөхгүй байсан учир А.Цдтай уулзаж бичгээр гэрээ байгуулсан гэх мэдүүлэг, А.Цд, Л.Т , Д.Б нар 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Д.Бөд 4,000,000 төгрөг, Л.Т т 1,500,000 төгрөгийг 2022.09.27-ны өдөр, Д.Бөд 3,000,000 төгрөг, Л.Т т 3,500,000 төгрөгийг 2022.11.20-ны өдөр төлөхөөр тохиролцож бичгээр үйлдсэн баримт зэргээр хариуцагч ажлын хөлс төлөх үүргээ хүлээн зөвшөөрч, улмаар төлбөр төлөх хугацааг тохиролцсон хэлцэл хожим хийсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

 

11.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч хэлцлээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгээгүй гэх хариуцагчийн татгалзал нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид ажил гүйцэтгэх ажлын хөлс 10,000,000 төгрөгөөс үлдэх 7,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу төлөх үүрэгтэй.

 

12.Иймд хариуцагч Э ХХК-аас 7,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

13.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 7,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бөд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 


 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР