Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/03623

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/03623

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  тоот хаягт оршин суух, Б,

Нэхэмжлэгч: Төв аймаг,  тоотод оршин суух, Ш нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух,  Эд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 0357 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б,

Нэхэмжлэгч Ө.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т

Хариуцагч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Б, Ө.Ш нар нь хариуцагч Л.Эд холбогдуулан 2023 оны 0357 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл үндэслэл, шаардлагын тайлбартаа:  Ө.Ш, Ж.Б нар нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн .. дугаар хороо 4 дүгээр хороолол /16063/ Амарсанаагийн гудамж тоот 54 м.кв талбайг түрээслэхээр Л.Этай 0357 бүртгэлийн дугаартай түрээсийн гэрээ байгуулсан болно. Тус гэрээгээр дээрх талбайг гэрээний 3.1-т заасны дагуу 3 жилийн хугацаатай түрээслэхээр тохирч гэрээ байгуулсан бөгөөд 13 сарын түрээсийн төлбөр болох 18,200,000 төгрөг болон дэнчин болгож 2 сарын төлбөр болох 2,800,000 төгрөгийг тус тус бүрэн шилжүүлсэн болно. Уг түрээсийн талбай нь анх ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй хэвийн ашиглах боломжгүй буюу оффисын зориулалтаар ашиглахааргүй байсан учир удаан хугацаанд тогтвортой түрээсэлж ажиллах тул тус талбайд компанийн үйл ажиллагаанд тохируулж интерьер зураг гаргуулж иж бүрэн бүтэн засвар үйлчилгээг 43,000,000 төгрөгөөр хийлгэсэн болно. Түрээслэгч бидний зүгээс дээрх түрээсийг гэрээний дагуу түрээсийн төлбөрөө бүтэн жил гарны хугацаагаар төлбөрөө урьдчилаад дэнчингийн хамт төлсөн ба тухайн талбайд их хэмжээний мөнгөөр засвар үйлчилгээ хийж гэрээний үүргээ огт зөрчилгүй ажиллаж байна. Гэтэл түрээслүүлэгч Б.Э нь түрээсийн төлбөрөө дэнчингийн хамт авч, талбайдаа олон сая төгрөгийн засвар үйлчилгээ хийлгүүлчхээд нотариатаар гэрчлүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээгээ Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд энэхүү гэрээнд оролцогч талуудад гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн бөгөөд гэрээг эрх тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, гэрээний агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт, шахалт, бусад хүчин зүйлд авталгүйгээр, бидний хүсэл зоригт бүрэн нийцсэн тул нотариатчийн дэргэд гарын үсэг зурсан болно. Гэтэл түрээслүүлэгч гэрээний үүргээ биелүүлж Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт энэхүү гэрээгээ бүртгүүлэхгүй байгаа учир Иргэний хуулийн Иргэний эрх зүйн хамгаалалт буюу 9 дүгээр зүйлийн 9.4.3 Хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж заасны дагуу түрээслэгч миний эрхийг хамгаалж тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу түрээсийн гэрээг бүртгүүлэхийг даалгуулж, урьдчилж төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.Э нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэн Баттөмөрийн нэхэмжлэлтэй 112,000,000 төгрөг төлөх ёстой болсон тул өөрт байгаа үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулан өр барагдуулах шаардлагатай болсон. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж гэрээгээ цуцалж өгнө үү гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ /хх-ийн 5-8/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 9/, хариуцагчаас шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл /хх-ийн 7/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ж.Б, Ө.Ш нар нь хариуцагч Л.Этай 2023 оны 05 сарын 06-ны өдөр Баянгол дүүрэг, .. дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, Амарсанаагийн гудамж 47 дугаар байр, 601 тоот 54м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 3 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг талууд сайн дураар хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн. Иргэний хуулийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан. Гэвч хариуцагч гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээс татгалзсан. Улсын бүртгэлийн байгууллага түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээсийн гэрээг бүртгэхгүй байна. Иймд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би Ж.Б, Ө.Ш нартай 2023 оны 05 сарын 06-ны өдөр түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотой хөрөнгөө зарах шаардлага гарч байгаа бөгөөд худалдан авагч, зууч нарт худалдан борлуулахаар үзүүлэх гэхээр түрээслэгч нар саад учруулж байна. Иймээс би гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг зөвшөөрөхгүй байна. Харин гэрээ цуцлах, татгалзах хүсэл зориг байхгүй гэж тайлбарлажээ.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Ж.Б, Ө.Ш болон хариуцагч Л.Э нарын хооронд 2023 оны 05 сарын 06-ны өдөр 0357 дугаартай түрээсийн гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр талууд Баянгол дүүрэг, .. дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, Амарсанаагийн гудамж тоот 54м.кв үйлчилгээний зориулалттай талбайг 2023.06.06-ны өдрөөс 2026.06.06-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон байна.

 

4.2.Баянгол дүүрэг, .. дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, Амарсанаагийн гудамж  тоот 54м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд өмчлөгчөөр Б.Э бүртгэлтэй байна.

 

4.3.Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн байх бөгөөд нэхэмжлэгч нар гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу оффиссын зориулалтаар ашиглаж, гэрээгээр тохиролцсон төлбөрийг хугацаандаа төлсөн үйл баримтын талаар зохигч маргаангүй байна.

 

5.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж тус тус заасан.

 

6.Нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчил гаргасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, хариуцагч гэрээ цуцлах, татгалзах хүсэл зориггүй байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүсэл зоригийн илэрхийлэл болгон байгуулсан хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.

 

7.Хариуцагч гэрээнээс татгалзаагүй байх тул нэхэмжлэгч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

 

8.Иймд Ж.Б, Ө.Ш болон Л.Э нарын хооронд 2023 оны 05 сарын 06-ны өдөр байгуулагдсан 0357 дугаартай Түрээсийн гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-г улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч Б.Эд даалгахаар шийдвэрлэв.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Б, Ө.Ш болон Л.Э нарын хооронд 2023 оны 05 сарын 06-ны өдөр байгуулагдсан 0357 дугаартай Түрээсийн гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-г улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч Б.Эд даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б, Ө.Ш нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР