| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/02489/И |
| Дугаар | 102/ШШ2024/03621 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/03621
| 2024 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/03621 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоот хаягт оршин суух, Зын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, Бид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.З нь хариуцагч Я.Бид холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон: П.З миний бие 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Я.Бтой Nissan Note маркийн автомашиныг 5,500,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Бидний хооронд бичгээр гэрээ байгуулаагүй. Ингээд автомашины урьдчилгаа төлбөрт 1,500,000 төгрөгийг Я.Бийн Хаан банкны тоот дансанд шилжүүлэн төлсөн. Гэтэл худалдан авсан автомашин нь Бийнх биш харин өөр хүний нэр дээрх бүртгэлтэй машин байсан бөгөөд уг автомашины өмчлөгч нь ирээд надаас автомашинаа аваад явсан. Я.Бид энэ тухай хэлэхэд анхандаа мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлж байсан боловч бүр сүүлдээ утас нь холбогдохоо больж хаягандаа байдаггүй н буруу хаяг өгсөн болох нь мэдэгдсэн. Тиймээс Я.Бийг цагдаагийн байгууллагаар эрэн суг суугаа хаягыг нь тогтоолгосон. Иймд хариуцагчаас 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс П.Зын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 4,5/, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 30и-1/2047 тоот албан бичиг /хх-ийн 6/, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 7/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би машин худалдан авахаар Я.Бтой холбогдсон. Уулзаж ярилцаад Ниссан нөүт маркийн Н улсын дугаартай автомашиныг 7,500,000 төгрөгөөр авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 1,500,000 төгрөг дансаар нь шилжүүлж өгсөн. Мөнгөө Я.Бид шилжүүлсэн юм. Машиныг нь аваад байж байтал өөр хүн ирээд миний машин гэж хэлээд авсан. Тэгэхэд өөр хүний машин болохыг нь мэдсэн. Цагдаад өгсөн боловч хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчид хэлж мөнгөө авах гэтэл надад хамаагүй гэсэн. Иймд хариуцагчаас 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч П.З нь хариуцагч Я.Бид 1,500,000 төгрөгийг улсын дугаартай автомашины төлбөрт урьдчилгаа болгон шилжүүлэн үйл баримт тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч нь хариуцагчтай автомашин худалдах-худалдан авах хэлцэл хийж, 1,500,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн, худалдан авахаар тохиролцсон автомашин нь өөр өмчлөгчтэй байсан учир гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлд хариуцагч тайлбар гаргаагүй, шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд ирээгүй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
6.Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар П.З, Я.Б нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
7.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
8.Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөхийг шаардах эрхтэй.
9.Иймд хариуцагч Я.Боос 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Зт олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
10.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу хариуцагч Я.Боос 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Зт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Заас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Боос 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР