| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/03117/И |
| Дугаар | 102/ШШ2024/03449 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/03449
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2024/03449 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэни хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоот хаягтат байрлах, У ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Ж холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,499,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Б.Ж холбогдуулан 2,499,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Манай байгууллага нь 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 347 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Дүнжингарав худалдааны төв замын урд талд байрлах ХТП4612, 4961 гэсэн дугаартай цахилгаан байгууламжуудыг УБЦТС ТӨХК-н Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс албан ёсны протоколын дагуу хүлээн авсан. Тус тогтоолын дагуу дээрх ХТП 4612, 4961 дугаартай цахилгаан байгууламжид холбогдсон айл өрхийн хэрэглэгчид, аж ахуйн байгууллагуудыг 2018 оны 10 сарын 01-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй найдвартай цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа билээ. Гэтэл манай байгууллагын цахилгаан эрчим хүчээр хангадаг Баянзүрх дүүргийн тоотын хэрэглэгч болох үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б.Ж нь 2018 оны 10 дугаар сараас өнөөдрийг болтол огт цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөхгүй бидний шаардлагыг хүлээн авахгүй байна. Энэхүү асуудалтай холбоотойгоор манай байгууллага нь удаа дараа шүүхэд хандаж хариуцагчийн хаяг тодорхойгүй, орон сууцны хууль ёсны өмчлөгч үндэслэлүүдээр иргэний хэрэг удаа дараа хэрэгсэхгүй болсон. Сүүлийн байдлаар дээрх үйл баримтуудыг тодруулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ2021/15000 дугаар шүүгчийн захирамжаар Эрчим хүчний тухай хуулиар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч уг журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс гарсан захирамжын биелэлтийг хангах үүднээс манай байгууллага нь 2022 оны 12 сарын 13-ны өдрийн А-22/124 дугаар албан тоотоор Эрчим Хүчний Зохицуулах хороо-нд хариуцагч Б.Жтай холбогдсон маргааныг шийдвэрлүүлэхээр хүсэлт гарган хандсан. Тус хүсэлтийн дагуу Эрчим Хүчний Зохицуулах хороо-с 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 9/1316 тоот албан бичгийн хариугаар Иргэн Б.Жтай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан, 2018 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэлх цахилгаан эрчим хүчний төлбөр болох 1,169,575 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч ажил гэх агуулгаар албан бичгийн хариу ирсэн. Үүнтэй холбоотойгоор манай компани нь 2023 оны 01 сарын 11-ны өдрийн А-23/02 тоот албан бичгээр хариуцагч Ж Эрчим Хүчний Зохицуулах Хороо-с ирсэн албан бичгийг, цахилгааны төлбөрийн дэлгэрэнгүй задаргааны хамт хариуцагчийн хаягаар хүргүүлэн тус албан бичгээр 2023 оны 01 сарын 14-ны дотор манай байгууллагын Дүнжингарав дах хэрэглэгчдийн үйлчилгээний төв дээр ирэн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулж, цахилгааны төлбөрөө хэрхэн барагдуулахаар албан ёсны хариу өгөх талаар шаардлага хүргүүлсэн. Гэтэл хэрэглэгч Б.Ж нь компаний хүргүүлсэн албан бичигт заасан хугацаанд бидэнд хариу мэдэгдээгүй бөгөөд одоо болтол төлбөр тооцоо хийгээгүй тул бид шүүхээс гадуурх урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа амжилтгүй болсон гэж үзэн шүүхэд хандлаа. Иймд Баянзүрх дүүргийн тоотын цахилгаан эрчим хүчний төлбөр болох 1,761,147 төгрөг, цахилгааны төлбөрийн алданги 738,533 төгрөгийг орон сууцны хууль ёсны өмчлөгч Жаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Ж нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Цахилгааны төлбөрийн алданги 738,533 төгрөг: Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 31,3-д Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж заасан. Мөн Монгол улсын Иргэний хуулийн 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан байна. У ХХК нь надтай аливаа гэрээ байгуулаагүй тул хуулийн дагуу алданги нэмэмжлэх шаардлага хангагдахгүй байна. Цахилгааны төлбөрт 1,761,147 төгрөг: Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1- д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна 30 дугаар зүйлийн 30.1.2-д Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх 31 дүгээр зүйлийн 31.1 -д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно гэж тус тус заасан байна. У ХХК нь надтай аливаа гэрээ байгуулаагүй тул цахилгааны төлбөр нэмэмжлэх шаардлага хангагдахгүй байна. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ: У ХХК-н нэхэмжлэлд тусгагдсан БЗД, тоот орон сууцыг Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон иргэн Г.Б нарын хооронд 2016 оны 1 сард байгуулагдсан байдаг. Тухайн гэрээний хүчин төгөлдөр хэрэгжих хугацаа болон тус гэрээний 8 дугаар зүйлд Гэрээний нэмэлт, өөрчлөлт, дүгнэх, цуцлах тухай заалтад тусгагдсан зохицуулалтын дагуу өнөөдрийг хүртэл аль нэг тал цуцлах санал гаргаагүй. гэрээ байгуулагч талууд албан ёсоор гэрээ цуцалсан харилцан мэдэгдэл өгөөгүй тул гэрээ хүчин төгөлдөр үргэлжилсэн хэвээр байна. У ХХК-ийн нэхэмжлэлд Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээ-ны аль зүйл, заалтаар цахилгааны төлбөрт 1,761,147 төгрөг, цахилгааны төлбөрийн алданги 738,533 төгрөг тус тус гаргуулах тухай тодорхой тусгагдсан зүйл алга. Иймд нэхэмжлэлд тусгагдсан Цахилгааны төлбөрт 1,761,147 төгрөг, цахилгааны төлбөрийн алданги 738,533 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү хариу тайлбарт тусгагдсан үндэслэлээр "У ХХК-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлддгБТсэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5/, тусгай зөвшөөрөл /хх-ийн 6/, Эрчим хүчний зохицуулах хорооны гэрчилгээ /хх-ийн 7/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 347 дугаар тогтоол /хх-ийн 9,10/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 347 дугаар тогтоолын хавсралт /хх-ийн 11/, УБЦТС БЗХҮТ-тэй БЗД 26-р хороо Дүнжингаравын урд талын хэрэглэгчдийг хүлээлцсэн протокол /хх-ийн 12-23/, БЗД тоотын оршин суугч Б.Жын цахилгааны төлбөрийн нэхэмжлэхийн задаргаа /хх-ийн 24/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2020/18138 дугаар захирамж /хх-ийн 25,26/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2021/04842 дугаар захирамж /хх-ийн 27,28/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01388 дугаар шийдвэр /хх-ийн 29,30/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ2021/15000 дугаар шийдвэр /хх-ийн 31-33/, Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 25/458 тоот албан бичиг /хх-ийн 34/, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 35-37/, төлбөрийн нэхэмжлэх /хх-ийн 38,39/, У ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-22/124 тоот албан бичиг /хх-ийн 40,41/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/1316 тоот албан бичиг /хх-ийн 42/, У ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-23/02 тоот албан бичиг /хх-ийн 43,44/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...У ХХК нь 2017 оны 12 сарын 13-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны 347 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн гэсэн дугаартай цахилгаан байгууламжийг УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс албан ёсоор протоколын дагуу хүлээн авсан. 2018 оноос эхлэн харьяалах байгууллага, айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа. Гэтэл Баянзүрх дүүрэг, тоот хэрэглэгч болох Б.Ж нь 2018 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл цахилгааны төлбөр 1,169,575 төгрөгийг төлөхгүй байна. Төлбөрөө төлөхийг олон удаа мэдэгдэж, шүүхэд хандаж байсан. Шүүхээс гарсан захирамжийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороонд хандсан. Гэвч төлбөрөө төлөөгүй. Иймд төлбөр 1,761,147 төгрөг алданги 738,533 төгрөг нийт 2,499,680 төгрөг гаргуулна. гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийг ...Би УБЦТС ХХК-тай гэрээ байгуулан үйлчилгээ авч байсан. 2015-2018 онд цахилгааны төлбөрийн өр байхгүй. Харин нэхэмжлэгч У ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй. Нэхэмжлэгч цахилгааны төлбөр шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. ...Мөн анзын гэрээ байгуулаагүй учир алданги шаардах эрхгүй. Эрчим хүчний тухай хуулийн 28.1, 30.2, 31.1-т зааснаар гэрээний дагуу гэрээний үнийн дүнгээр төлбөр төлөхөөр заасан. Надтай гэрээ байгуулаагүй учир би төлбөр төлөх үүрэггүй гэх үндэслэлээр маргасан.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 347 дугаар тогтоол, тогтоолын хавсралт, Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, У ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, УБЦТС ТӨХК-аас Дүнжингарав худалдааны төв замын урд талд хэрэглэгчдийг хүлээлцсэн протокол, УБЦТС ТӨХК Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 25/458 тоот албан бичгээр нэхэмжлэгч У ХХК нь ЦДҮС ХХК-ийн 110/35/10 вВ-ын Туул дэд станцын 10 кВ-ын Яч 9, 36, гаргалгаанд холбогдож буй Баянзүрх дүүргийн тоотыг цахилгаанаар хангаж ажилласан болох нь тогтоогдож байна.
6.Хариуцагч Баянзүрх дүүргийн тоот хэрэглэгч бөгөөд нэхэмжлэгч У ХХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, 2018 оны 10 дугаар сараас хойш цахилгаан эрчим хүчээр хангагдаж байгаа боловч цахилгааны төлбөр төлөөгүй тухайд маргаагүй.
7.Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т зааснаар эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
8.Талуудын хооронд цахилгаан эрчим хүчээр хангах талаар гэрээ байгуулагдаагүй боловч хариуцагч Б.Ж нь нэхэмжлэгч У ХХК-ийн цахилгаан эрчим хүчийг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 03 дугаар сард нийт 1,761,147 төгрөгийн цахилгаан эрчим хүчээр хангагдсан байна.
9.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.
10.Нэхэмжлэгч нь хариуцагчид цахилгааны төлбөр төлөх, мөн гэрээ байгуулах мэдэгдэл өгсөн байсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулалгүйгээр 1,761,147 төгрөгийн эрчим хүчээр хангагдсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хуулийн дээрх зохицуулалтын дагуу шаардах эрхтэй.
11.Хариуцагч нь цахилгааны төлбөрийн хэмжээг үгүйсгэх, татгалзах нотлох баримт, тайлбар гаргаж маргаагүй. Харин эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан.
12.Талуудын хооронд анзын хэлцэл хуульд заасны дагуу хийгдээгүй тул нэхэмжлэгч алданги 738,533 төгрөг шаардах эрхгүй.
13.Иймд хариуцагч Б.Жаас 1,761,147 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 738,533 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
14.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 56,944 төгрөг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 13,255 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 45,608 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасны дагуу хариуцагч Б.Жаас 1,761,147 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 738,533 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 56,944 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13,255 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.Жаас 45,608 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР