| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/01771/И |
| Дугаар | 102/ШШ2024/03472 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/03472
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/03472 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, хаягт байрлах, К ХК,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, О ,
Нэхэмжлэлийн шаардлага: 19,553,341 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч П.О д холбогдуулан 19,553,341 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Хариуцагч П.О нь тус банктай 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3003-2021/228 тоот Зээлийн гэрээ байгуулан 20,970,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, тоног төхөөрөмж худалдан авах зээлийн зориулалтаар авсан. Хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3003-2021/228-1 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ -гээр улсын дугаартай Тоуоtа үйлдвэрийн Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болно. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн 3003017126 тоот дансанд 20,970,000.00 төгрөгийн зээлийг олгосноор зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөнд хугацаанд зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлд 3,099,590.31 төгрөг, зээлийн хүүнд 5,972,893.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 84,021.08 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Зээлийн эргэн гөлөлтийн болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан Зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав. Хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлийн гэрээ-ний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь төлбөрийн чадваргүй болсон тул шуүхээр щийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, түүнчлэн Зээлийн гэрээ-ний 7.1.5, 10.2.9 тус тус заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 3003-2021/228 тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3003-2021/228 тоот Зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэг болох зээлийн өрийн үлдэгдэлд 17,870,410.00 төгрөг, хуримтлуулсан үндсэн хүүнд 1,650,399.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32,533.00 төгрөг буюу нийт 19,553,341.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулах, хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд улсын дугаартай Тоуоtа үйлдвэрийн Prius 30 маркийн тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлаа .Миний бие П.О нь 2021 оны 10 сарын 03-ны өдөр К наас 20,970,000 төгрөгийн зээл авч Toyota Prius 30 маркийн улсын дугаартай машин худалдан авах зээл авсан. Үндсэн зээлд 3,099,590 төгрөг, зээлийн хүүд 5,972,893.61 төгрөг төлсөн. К наас нэхэмжилсэн 19,553,341 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний эрхэлж байсан памперсийн бизнес ковид-19 хорио цээрээс үүдэн борлуулалт зогсож, зээлээ төлж чадалгүй хугацаа хэтэрсэн. Одоо JP development компанид ажилд орж, тогтвортой орлоготой болж эхэлж байгаа тул гэрээг цаашид үргэлжлүүлэн сар бүр төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Шаардлагатай бол К анд хураагдсан улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашиныг өөрөө зарж өр төлбөрөөс хасах хүсэлтэй байна гэж тайлбарласан байна.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 7/, П.О гийн хүсэлт /хх-ийн 8/, зээл хүсэгчийн анкет /хх-ийн 9/, П.О гийн иргэний үнэмлэх /хх-ийн 10/, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 11-13/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 14/, зээлийн дансны хуулга /хх-ийн 15/, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-ийн 16,17/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 18/, К ХК-ийн мэдэгдэл /хх-ийн 19/, П.О гийн хүсэлт /хх-ийн 20/, К ХК-ийн шаардлага /хх-ийн 21/, зээл, зээлийн хүүний тооцоолол /хх-ийн 22/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч П.О тай 2021 оны 10 сарын 03-ны өдөр 3003-2021/228 тоот зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци гэрээ/ 3003-2021/228 тоот гэрээг тус тус байгуулж, 20,970,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Фидуцийн гэрээний дагуу 9643УАТ улсын дугаартай автомашиныг нэр дээр шилжүүлсэн. Хариуцагч зээлээ 2023 оны 12 дугаар сараас хойш төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Зээлээ төлөхийг мэдэгдсэн боловч төлөхгүй байгаа тул гэрээний гэрээний 7.1.5, 10.2.9-д зааснаар гэрээг цуцалж, зээл 17,870,410 төгрөг, хүү 1,650,399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,530 төрөг нийт 19,533,340 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Манайх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд фидуцийн гэрээний зүйлийг шилжүүлж аваагүй тул Фидуцийн гэрээний дагуу гаргуулан авахаар нэхэмжилж байна гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...2021 оны 10 сарын 03-ны өдөр К наас 20,970,000 төгрөгийн зээл авч, Тоёота Приус 30 маркийн улсын дугаартай машиныг худалдан авсан. ...зээл 19,553,341 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бизнес Ковид-19 өвчний хорио цээрийн улмаас борлуулалт зогсож, зээлээ төлж чадаагүй хугацаа хэтэрсэн. Одоо тогтвортой орлоготой болж эхэлж байгаа учир гэрээг цаашид үргэлжлүүлэн сар бүр төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.К ХК, П.О нарын хооронд 2021 оны 10 сарын 03-ны өдөр 3003-2021/228 тоот зээлийн гэрээ, 3003-2021/228 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци гэрээ/ гэрээг тус тус байгуулагдаж, зээлийн гэрээгээр 20,970,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, зээлэхээр, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци гэрээ/ гэрээгээр Тоёота Приус 30 маркийн улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, автомашныг К ХК-ийн нэр дээр бүртгүүлсэн байна.
4.2.Хариуцагч дээрх зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци гэрээ/ гэрээ талуудын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл болгон сайн дураар байгуулагдаж, зээл 20,970,000 төгрөгийн авсан боловч зээлийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэл нийт 19,553,341 төгрөгийг зөвшөөрч маргаагүй. Харин гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбараа гаргажээ.
4.3.Дээрхээс дүгнэвэл зээлийн гэрээг талууд харилцан тохиролцсоны дагуу, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байдлаар байгуулж, зээлийг зээлдэгчид шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн болон мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
6.Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон шалтгаанаа Ковид-19 цар тахалтай холбоотой гэж тайлбарласан боловч энэ талаар нолох баримтаар нотлоогүй бөгөөд үүнээс хойш хугацаанд мөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч 2023-2024 онд мэдэгдэж, мэдэгдэл өгсөн байх боловч үүргийн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй байна. /хх-ийн 19-21/
7.Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй гэрээний зөрчил гаргасан, зөрчил арилгах хугацаа олгосон боловч биелүүлээгүй учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээл 17,870,410 төгрөг, хүү 1,650,399 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,530 төрөг нийт 19,533,340 төгрөг шаардсан нь үндэслэлтэй.
8.Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч П.О д холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлага гаргасан. Гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн Тоёота Приус 30 маркийн, улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөх эрхийг нэхэмжлэгч өөрийн нэр дээр бүртгүүлсэн байна.
9.Хариуцагч нь дээрх тээврийн хэрэгслийг өөрөө эзэмшиж байгаа бөгөөд нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй гэж тайлбарласан.
10.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг юм. Уг аргыг хэрэгжүүлэх үндэслэл үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэл буюу зээлийн төлбөр шаардах, эсхүл үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх аргын аль нэгийг сонгон хэрэглэхийг шаардах эрх байдаг.
11.Тодруулбал Нэхэмжлэгч зээлийн төлбөрийг шаардсан учир фидуцийн зүйлийг давхар шаардах эрхгүй.
12.Иймд хариуцагч П.О гаас 19,533,341 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгож, нэхэмжлэлээс фидуцийн гэрээний дагуу Тоёота Приус 30 маркийн, улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,717 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх заалтыг баримтлан хариуцагч П.О гаас 19,553,341 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгож, нэхэмжлэлээс фидуцийн гэрээний дагуу Тоёота Приус 30 маркийн, улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч К ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О гаас 255,717 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР