| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/01805/И |
| Дугаар | 102/ШШ2024/03613 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/03613
| 2024 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2024/03613 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух, D,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, О ,
Нэхэмжлэлийн шаардлага: 42,677,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.
Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.D нь хариуцагч Б.О т холбогдуулан 42,677,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: Нэхэмжлэгч Т.D нь миний бие 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 50,315,000 төгрөгийг хариуцагч Б.О ийн өөрийнх нь хүсэлтээр шилжүүлж зээлдүүлсэн. Энэ хугацаанд Б.О нь миний итгэлийг олж, зээлдүүлсэн мөнгийг зарим хэсгийг нь бага багаар шилжүүлсэн. Үлдэх хэсгийг удахгүй төлнө, 2023 оны 12-р сарын 01-ний дотор төлж барагдуулна зэргээр удаа дараа хугацаа авч байсан ч өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч надаас авсан мөнгөө бүрэн төлж барагдуулаагүй байна. Б.О нь 2023 оны 09-р сарын 20-ны өдрөөс 2023 оны 12-р сарын 27- ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 28 удаагийн гүйлгээгээр 7,638,000 төгрөгийг Т.D миний Хаан банк дахь тоот дансанд буцаан шилжүүлсэн байна. Миний зүгээс Б.О ийн Төрийн банк дахь тоот дансанд 50,315,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс Б.О ийн буцаан төлсөн 7,638,000 төгрөгийг хасч өнөөдрийн байдлаар 42,677,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Б.О ээс 42,677,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.О нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож хамт хонож төлбөр авсан. Түүнээс хойш мөнгөөр уулздаг байсан. Би 9 сард байрны урьдчилгаанд өгөх гэж авсан 5,000,000 төгрөгөө буцааж төлсөн. Одоо надад Т.Dаас зээлсэн өр зээл байхгүй. Хамт хоносон, уулзсан, төлбөрөө авсан, зээлсэн юм байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэгсийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би Б.О т 2023 оны 08 сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 50,315,000 төгрөг зээлдүүлэхээр шилжүүлсэн. Хариуцагч буцааж 7,638,000 төгрөг төлсөн. Үлдэх 42,677,000 төгрөгийн зээлийг буцаан төлөөгүй учир шаардаж байна. гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...2023 оны 08 сарын 25-ны өдөр харилцан тохиролцож хамт хонож төлбөр авсан. Түүнээс хойш мөнгөөр уулздаг болсон. Би 9 сарын байрны урьдчилгаа өгөх гэж авсан 5,000,000 төгрөгөө буцааж төлсөн. Одоо надад өөр төлөх өр, зээл байхгүй гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хаан банкин дахь Т.Dын тоот дансны хуулгаар 2023 оны 08 сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр нийт 50,315,000 төгрөгийг тоот дансанд шилжүүлж, уг данснаас буцаан 28 удаагийн шилжүүлгээр 7,638,000 төгрөг буцаан авсан байна.
4.2.Нэхэмжлэгч нь ...хариуцагчтай найзын харилцаатай байсан гэж, хариуцагч ...2023 оны 08 сарын 25-ны өдөр харилцан тохиролцож хамт хонож төлбөр авсан. Түүнээс хойш мөнгөөр уулздаг болсон. Би 9 сарын байрны урьдчилгаа өгөх гэж авсан 5,000,000 төгрөгөө буцааж төлсөн гэх тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны дансны хуулгаар мөнгө шилжүүлсэн гүйлгээг нэхэмжлэгч Bayanaa, hairaas ni, B, bayan гэх утгаар, хариуцагч hairtaa, oyunbileg zeel butsaalt, oyu гэсэн утгаар буцаан шилжүүлэг хийсэн зэргээр нэхэмжлэгчийн hairaas ni, hairt гэсэн гүйлгээний утгаар 7 удаа шилжүүлсэн 4,250,000 төгрөгийг зээл өгсөн гэж үзэх үндэслэлгүй.
4.3.Харин бусад шилжүүлгийг талууд харилцан тохиролцсоны дагуу хамт хоноход төлсөн төлбөрт шилжүүлсэн талаар хэрэгт авагдсан нотлох баримтгүй, хариуцагч дансаар oyunbileg zeel butsaalt, oyu гэсэн утгаар буцаан шилжүүлэг хийсэн, нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөний утгыг тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн бусад гүйлгээг хариуцагчтай харилцан тохиролцсоны зээл өгсөн гэж үзэхээр байна.
4.4.Хариуцагч тоот данснаас 2023 оны 08 сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 50,315,000 төгрөгийг өөрийн тоот дансаар авч, буцаан 7,638,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн талаар маргаагүй.
5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
6.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн нийт 50,315,000 төгрөгөөс 4,250,000 төгрөгийг нэхэмжлэгч зээлсэн, хариуцагч үлдэх 46,065,000 төгрөг зээл биш гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс үлдэх 46,065,000 төгрөгт талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч зээлээс 7,638,000 төгрөгийг буцаан шилжүүлж төлсөн байх тул үлдэх 38,427,000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэв.
7.Иймд хариуцагч Б.О ээс 38,427,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Dт олгож, үлдэх 4,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 350,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О ээс 38,427,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Dт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Dаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О ээс 350,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР