Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 0067

 

                                                                  Ч.Э, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Л.Оюунтуяа Шүүгдэгч Ч.Э, Б.Г Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Э, Б.Г нарт холбогдох, 1825002140192 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г, Ч.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 07-нд Завхан аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд багийн 25-31а тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИЖ: 79080702 регистрийн дугаартай, Хатигин овгийн Ч.Э,

Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 24-нд Завхан аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-9-41 тоотод оршин суудаг, ИЮ:73102471 регистрийн дугаартай, Авьдаа овгийн Б.Г

Шүүгдэгч Ч.Э, Б.Г нар нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-78 2 тоотод хамт архи ууж байгаад явахдаа С.Пгийн мартаж үлдээсэн “Хаан” банк”-ны виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч 746.340 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Хатигин овогт Ч.Э, А овогт Б.Г нарыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1.д заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Б.Г, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 .д зааснаар шүүгдэгч Б.Г, Ч.Э нарт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тус тус тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Ч.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлэжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдолдоо: Миний бие Б.Г нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн улмаас учирсан хохирогч С.Пд холбогдох хохирлыг төлж барагдуулсан. Шүүхээс надад тухайн зүйл хэсгээр ял хариуцлага оногдуулахдаа 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, уг ажлыг өдөрт 4 цагаар хийхээр шийдсэн юм. Хуралд оролцсон прокурор надад 450 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг оногдуулах санал шүүхэд тавьсан. Би ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт амьдардаг. “Хангайн бүс” худалдааны төвд лангуу түрээслэж худалдаа эрхэлдэг тул надад нийтэд тустай ажил хийлгэх ялыг, торгох ялаар сольж өгнө үү?. Би торгуулийн ялыг эдлэх эдийн засгийн хувьд боломжтой ба мөн нийтэд тустай ажил хийх ялыг эдлэхэд худалдааны түрээс болон амжиргааны их үүсвэрээ олоход хүндрэл үүсч байна. Миний хувьд хохирогч С.Пгийн хохирлыг бүрэн барагдуулсан ба энэ 3 буруу үйл явдалдаа маш их гэмшиж байгаа билээ. Ингээд миний дээрх байдлыг харгалзан заавал Ч.Этай адилтган үзэхгүйгээр торгох ялаар хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Ч.Э давж заалдах гомдолдоо: Миний бие Ч.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн улмаас учирсан хохирогч С.Пд холбогдох хохирлыг төлж барагдуулсан. Шүүх надад тухайн зүйл хэсгээр ял хариуцлага оногдуулахдаа 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, уг ажлыг өдөрт 4 цагаар хийхээр шийдэгдсэн юм. Би ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй гэрээрээ хоол хийж дэлгүүрийн лангуугаар зарж амьдрал ахуйгаа болгодог. Хоёр ерөнхий боловсролын сургуулийн хүүхэдтэй, өрх гэр толгойлсон эмэгтэй юм. Иймд нийтэд тустай ажил хийх ялыг эдлэхэд эдийн хувьд ч мөн 2 хүүхдийг минь асран хамгаалах өөрийн гэсэн хамаатан садан гэж байхгүй, хүндрэл үүсч байна. Миний хувьд хохирогч С.П-н хохирлыг бүрэн барагдуулсан. Би энэ буруу үйл явдалдаа маш их гэмшиж байгаа. Иймд миний нөхцөл байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх.., шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г, Ч.Э нар нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-1-78 тоотод Н.Ө-н гэрт С.П, Н.Ө нартай архи ууж байгаад С.Пгийн үлдээгээд явсан “ХААН” банкны виза картыг нь авч 3 дугаар сарын 9-ныг хүртэл буудалд хонож архидан согтуурахдаа картнаас 746.340 төгрөг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Б.Г, Ч.Э нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх тэднийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь тэдний үйлдэл, гэм бурууд тохирчээ. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, Ч.Э нарын гаргасан ...торгуулийн ялыг эдлэх эдийн засгийн хувьд боломжтой, ар гэрийн ахуй амьдралын байдлыг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгож өөрчилж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2 .д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, Ч.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД Ц.ТУЯА

С.ЦЭЦЭГМАА