| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 101/2019/03151/и |
| Дугаар | 348 |
| Огноо | 2020-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 348
Г.Т-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03151 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Н Х С О” ХХК-д холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 11 784 150 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Н Х С О” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Амар Амгалан-3 хотхоны 1 дүгээр байрны 1 дүгээр орцны 11 давхрын 1104 тоотод байрлалтай 27.09 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг захиалж урьдчилгаа төлбөрт 11 784 150 төгрөгийг төлсөн. Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байрны түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээг байгуулсан боловч “Н Х С О” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй барилгын ажлыг эхлүүлээгүй болно. “Н Х С О” ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардахад мөнгийг чинь буцааж өгнө гэсэн. Урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө буцаан авах тухай өргөдөл, хүсэлтийг удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Иймд “Нарын хүү, сарны охин” ХХК-иас орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 11 784 150 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай “Н Х С О” ХХК нь нэхэмжлэгч Г.Тунгалгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хугацаа тохирч эвлэрэх боломжтой болно. Иймд бидэнд боломж олгож эвлэрэх саналыг хариуцагчийн зүгээс гаргасан тухай нэхэмжлэгчид уламжилж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Н Х С О” ХХК -иас 11 769 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 203 262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хариуцагч "Нарны хүү сарны охин" ХХК болон нэхэмжлэгч Г.Т-ийн нарын хооронд байгуулсан гэрээг үндэслэн шийдвэрээ гаргаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний урьдчилгаа төлбөр болох 11 784 150 төгрөгийг нэхзмжлэгчид буцаан олгохыг даалгасан боловч тухайн гэрээг цуцлах эсхүл хүчингүй болгох талаар нэхэмжлэлд дурьдаагүй зүйлийг хянан шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх ёстой ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох шаардлага гаргаагүй нэхэмжлэлийг анхнаасаа хүлээж авах ёсгүй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Т-ийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 11 784 150 төгрөгийг буцаан авахыг нэхэмжилсэн боловч гэрээг нэг талаас цуцлах шаардлага гаргаагүй байхад шүүх “...талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж цуцлах эрхтэй.” гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаарх нөхцөл байдлаа тодорхойлсон нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн атал тус баримтыг үнэлэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч Г.Т- нь хариуцагч “Н Х С О” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 11 784 150 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 92 дугаартай Орон сууц захиалгын нэртэй гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Амар Амгалан-3 орон сууцны хотхоны 1 байрны 1 орцны 11 давхар 1104 тоот орон сууцны зориулалттай 27.09 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч орон сууцны төлбөрт 39 280 500 төгрөг төлөхөөр тохиролцсон нь тэдгээрийн тайлбар болон гэрээгээр тогтоогдож байна. /хх 5-7/
Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзэх юм бол нэг тал нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, нөгөө тал үнийг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Худалдах, худалдан авах гэрээний зүйл ирээдүйд бий болох зүйл байхыг Иргэний хуулиар болон бусад хуулиар хориглоогүй.
Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, түүний үр дагаварт хамаарах нарийвчилсан зохицуулалт энэ харилцаанд хамаарахгүй байх нь гэрээний харилцааг хэрхэн тодорхойлсноос шалтгаалах тул худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэв.
Нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөрт 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр компанийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК дахь 426 010 888 тоот дансанд 11 769 650 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид байрыг хүлээлгэн өгөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, хугацаа тохирч эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тайлбараар тогтоогдоно.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид шилжүүлсэн 11 769 650 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн” гэжээ.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Ө.Одончимэг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд ирүүлсэн байна. Тус эмнэлэгийн магадлагаа нь хуулбарласан, эмнэлгийн тэмдэг дарагдсан эсэх нь тодорхойгүй, ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй нь Иргэн, даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох тухай журамд нийцүүлэн олгосон эсэх нь эргэлзээтэй байгаа талаар анхан шатны шүүх дүгнэн, нэхэмжлэгч талын шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03151 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Н Х С О” ХХК-аас 11 769 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ЦОГТСАЙХАН