Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                         Э.Энхбат 

 Хохирогч                                                 Т.Л

             Шүүгдэгч                                                  Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Бд холбогдох 1710001130085 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 11-нд Булган аймгийн Баян агч суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Баян-Агт сумын 5-р баг.Халтарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ХААИС-ийн мал эмнэлэгийн их сургуулийн 4 дүгээр курсын оюутан. Гөрөөчин овогт Болдсайханы Б, РД: ГА96051113

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Манарт гэх газарт хамт үйлдвэрлэлийн дадлага хийж байсан оюутан Т.Лийн хамар нь тус газар мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: ...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Т.Л бид хоёр ургамлын дадлага дээр ургамлаа түүж ирчихээд гэрт байж байгаад түлээнд явах асуудлаас болж маргалдсан. Тэгтэл охидууд боорцог хийнэ гээд түлээнд яв гэсэн, гэтэл гадаа түлээ байсан. Тэгээд би түүсэн ургамлаа наах гэж байсан болохоор жоохон уцаарласан. Тэгтэл Л тэгүүл би явчихъя, охидууд явчихъя гэхээр нь тэгвэл өөрсдөө явахгүй юу гээд хэлсэн. Төд удалгүй Бүжинлхам, Л хоёр модон яваад ардаас нь хөвгүүд явсан. Т бид хоёр үлдээд усанд явсан. Дадлагын хугацаанд Си, Си буюу гэр гэрээрээ тэмцээн зохион байгуулдаг байсан. Тэр өдөр манай ээлж байсан. Би ангийнхаа хүүхдүүдийг зохион байгуулж тэмцээндээ оролцох гэж байсан. хоол хийж байгаагаас бусад бүх хүүхдүүд оролцдог. Гэтэл Л үлдсэн байхаар нь чи наашаа ирээч ээ гээд микрофоноор дуудсан. Тэгтэл Л надруу дунд хуруугаа гаргахаар нь би шаргал үстэй гичий гээд хэлчихсэн. Тэгээд тэмцээн дууссаны дараа би гэрт орох гэтэл Л надруу чи олон хүүхдүүдийн дунд намайг хараасан гээд надруу дайрч давшлаад би арай хийж гэрт орчихоод байж байхад ардаас орж ирчихээд дайрч давшлаад чи муу гуйлгачин биздээ гээд намайг хараагаад байхаар нь би шууд гараад явсан. Тэгээд орой 11 цаг өнгөрч байхад багш нар орж ирчихээд гараад явсаны дараа бид нар гараад яваад гэрээс жоохон зайтай долуулаа нэг шил архи хувааж уусан.   Тэгээд буцаад гэртээ орж ирээд унтах гэж байхад Л Си-3-ын Номин гэдэг охинтой ардаас орж ирсэн. Тухайн үед би Лийг согтуу байсныг мэдээгүй. Эд нар Барсболд нөгөөх нь хэн ч билээ дөрвүүлээ нэг шил архи хувааж уусан байсан. Тэгээд Л дахиад хэрүүл хийгээд бид хоёр муудалцаж хэрэлдсэн. Тэгээд гэрт унтаж байсан хүүхдүүд сэрээд бид хоёрыг салгахгаад зууралдаж байхад би санамсаргүйгээр Лийг хамарлуу нь цохисон юм шиг байна лээ. Тэгээд гаднаас багш орж ирэхэд Л миний хамарлуу цохичихлоо гээд уйлаад суусан. Тэгээд М бид хоёр гараад явсан... гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Л мэдүүлэхдээ: ...2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ургамлын дадлагад явж байсан. Тухайн өдөр ургамлын дадлагааас 2, 3 хүүхэд буугаад ирсэн байсан. Хүүхдүүд ар араасаа цувраад ирж байсан. Тэр үед хоол хүнс дуусч байсан болохоор бид нар боорцог хийхээр болоод охидууд бүх юмаа бэлдчихээд хийх болсон чинь байсан түлээ нь ерөөсөө шатахгүй байхаар нь хөвгүүдийг модонд яваад ир гэсэн чинь Б ирээгүй байна шдээ ирэхээр нь болъё гэсэн. Би тэр үед Бтай сүрхий найзалдаг байсан. Тэгээд Быг ирэхээр нь чи хөвгүүдээ аваад түлээнд яв гэсэн гэтэл эхэндээ чадахгүй гээд байсан. Тэр үед бол ургамлаа наах биш, Б, М нар өөр Си-гийн хүүхдүүдтэй тоголж байгаад ирсэн гэж би бодож байгаа. Тэгээд мод түлээндээ өөрсдөө яв гээд Б тэгэж байсан болохоор бусад хүүхдүүд нь Бтай барьцаад явахгүй байхаар нь би Бүжинлхамтай түлээндээ яваад араас манай ангийн хэдэн хөвгүүд ирсэн. Тэгээд түүсэн түлээг минь аваад бид хэд буцаад гэртээ ирсэн. Тэр өдөр бол манай Си-гийн тэмцээн зохиох өдөр байсан. Хоолон дээр 1-2 хүүхэд үлддэг байсан. Тэр өдрийн тогооч нь Оюун-Эрдэнэ байсан, тэгээд би хамт сууж байсан. Хүүхдүүд нэг нэгээрээ гарч байсан. Тэгээд Б хүүхдүүдийг ерөнхийдөө дуудаад намайг тэмцээндээ гар гээд дуудахаар нь би өмнө нь ерөнхийдөө ууралчихсан байсан болохоор дунд хуруугаа гаргасан. Тэгтэл намайг 200 гаруй хүүхдийн дунд шарлаасан шар гичий минь гэж их аймар доромжилсон. Тэр үед олон хүүхэд байсан болохоор би нээх юм ярилгүйгээр тэмцээн дуусахыг хүлээж байгаад гэрийн хажууд ирэхээр нь чи намайг олон хүмүүсийн дунд доромжилдог хэн юм гээд түлхсэн. Тэрнээс би тэгэж самардаж дайраагүй. Дараа нь оройн 22, 23 цагийн үед гэртээ орж цүнхнээсээ нүүр цэвэрлэгчээ авах гэтэл Б ороод суучихсан. Миний өөдөөс сонин сонин дуу авиа гаргаад байсан. Тэгэхээр нь би чи одоо яагаад байгаа юм гэхэд Б би морь уядаг айлын хүүхэд тулдаа чамайг өдөр цохиогүй шүү гичий минь, би чамайг ална гээд надруу дайраад байсан. Тэгэхээр нь би хэрэлдсэн, тэрнээс ядуу гэж доромжлоогүй, харин миний гэр бүлийг доромжилсон. Тэгээд бид хоёрыг маргалдаж байхад хүүхдүүд босчихсон байсан. тэгтэл Б миний өөдөөс тулж ирсэнээ намайг мөргөсөн, би арагшаа савж унасан. Тэр үед миний ухаан балартаад би хэцүү байдалд орсон. Тэр үед багш гаднаас орж ирээд Б, М хоёрыг аваад гарсан. Тэгтэл Б буцаад орж ирэнгүүтээ хутга хаана байна гээд би чамайг ална, та нарыг бүгдийг чинь ална, би чамайг ална, би чамайг мөргөсөн нь багадуулсан байна уу гээд надруу дахиж дайрсан. Тэгээд манай ангийнхан хорьж болиулсан байгаа. Тэгээд багш нар орж ирээд Б, М нарыг дуудаж Б гэрт хоносон, М багш нарын гэрийн хойно хоносон байгаа. Ерөнхийдөө иймэрхүү үйлд явдал болсон. Хохиролын хувьд нийт 1658950 төгрөг болсон. Энэ зардал нь Бын миний биед учруулсан эмчилгээний зардал байгаа. Би үнэхээр их гомдолтой байна. Би зөвхөн эд эрхтэн биш, сэтгэлээрээ хохирчихоод байгаа. Б манай аавтай ярьсан гэж байна. Би аавынхаа хажууд байсан. Манай аав тэдэн сая төгрөг гаргаж өг гэж ерөөсөө хэлээгүй. Танай хүүхэд ингээд шүүхээр явахад хэн хэнд нь хэцүү юм биш үү, энүүхэн эндээ шийдвэрлэе гэхэд Бын ээж нь өмнөөс нь эсэргүүцээд та нар шүүх, цагдаагаараа яв гэсэн. Бын ар гэрээс ээж нь надруу бас залгасан. Чи манай хүүхдийг сургуулиас хөөлгөх юм бол би ч гэсэн чамайг сургуулиас хөөлгөж байж санаа амрах болно гэж их дарамталсан. Зуны хугацаанд Б надаас ерөөсөө уучлалт гуйгаагүй, биеийн байдал чинь ямар байна гэж асуугаагүй. Ерөнхийдөө би маш их гомдолтой байна гэв.

Мөрдөн байцаалтанд гэрч О.О мэдүүлэхдээ: ...эргээд харахад Б Лийн хамарлуу нэг удаа мөргөж Л хойшоо унасан. ...маргааш нь Л хамар сонин болоод байна хараад өг гэхээр нь харсан чинь мурийсан юм шиг харагдсан гэх мэдүүлэх /хх-ийн 21-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Х мэдүүлэхдээ: ...Б гэнэт Лийн хамар луу нэг удаа мөргөсөн. Л уйлаад хамраа бариад шарандаа уйлж хашхичаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч П. Пүрэвмаа мэдүүлэхдээ: ... Б салчихсан байж байснаа гэнэт Лийг мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Т. Гүнбаатар мэдүүлэхдээ:  ... Би босох гэж байтал Б Лийн өөдөөс хараад хэрэлдээд зогсож байснаа түүний нүүр рүү нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч С. Т мэдүүлэхдээ: Тэгээд сэрэхэд Л уйлчихсан байхаар нь яасан гэхэд Б сая мөргөчихлөө гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Р.М мэдүүлэхдээ: ...төд удалгүй Л чи миний хамрыг мөргөчихлөө гээд уйлаад гараад явсан. Би удалгүй хойноос нь гарахад Л гэрийн баруун урд доошоо хамраа угааж байсан. ...Б надад хэлэхдээ Лийг халтираад мөргөж хамрыг нь гэмтээсэн л гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхийн шинжилгээний хэсгийн №125 тоот шинжээчийн дүгнэлт: Т.Лийн биед хамрын ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Хамарлуу мөргөх, цохих үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 25-р хуудас/

Med Trauma эмнэлгийн Компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 26-р
хуудас/

Шинжээч М.Мөрөнгийн мэдүүлэг: “Л гэх хүнийг танихгүй. 2017 оны 06
дугаар сард Л гэх охин ирж үзүүлэхэд хамрын шинэ хугарал гэмтэлтэй байсан. Тэр даруй мэс ажилбар хийж хамрын ясыг гаргасан боловч хамрын нурууны суултыг засах боломжгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/

            Шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 30-31-р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 32-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар: 

                        Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Манарт гэх газарт үйлдвэрлэлийн дадлага хийж  байхдаа ус түлээнд  явах асуудлаас  болж өдөр маргалдсан,орой Б.Б зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролц гэх шаардлагыг Т.Л эсэргүүцэн  дунд хуруугаа гаргасны улмаас  Б.Б нь  микрофонаар хэл үгээр доромжилсон зэрэг хувийн таарамжгүй харьцаанаас хоорондоо маргалдан Б.Б нь хохирогч  Т.Лийн нүүр лүү толгойгоор  мөргөж хамрыг нь гэмтээсэн  гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

             Хохирогч Т.Лийн биед хамрын ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Хамар луу мөргөх, цохих үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардалд 1658950 төгрөгийг шүүгдэгч Б.Бт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тогтоолд тусгах нь зүйтэй байна.  

     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч Гөрөөчин овогт Болдсайханы Быг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гөрөөчин овогт Болдсайханы Быг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Б.Б   нь  нийтэд тустай  ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг  хоногоор тооцож хорих ялаар  солихыг мэдэгдсүгэй. 

        4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлйин 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмчилгээний зардалд 1658950 төгрөгийг Б.Баас гаргаж, хохирогч Т.Лт /ЙЛ 96101506/  олгосугай.

      5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

         6. Б.Бт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ