Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/34

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог  

Улсын яллагч: Д.Алимаа

Шүүгдэгч: Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталсан, Ө.Э-т холбогдох эрүүгийн 201715010082 дугаартай, 146/2017/0034/Э индекстэй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт оршин суудаг, ял шийтгэлгүй, Ө.Э

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Ө.Э нь 2017 оны 02 дугаар сард Хужирт сумын 5-р багийн нутгаас иргэн Б.Т-ийн 150 метр цахилгаан утасыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ: Би 2017 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын өмнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт Б.Т-ийн гэрийг эзэнгүй байхад гэрлийн 50 метр утсыг нь хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Б.Т-ийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би 2017 оны 02 сарын дундуур байх Цагаан сараас өмнө Хужирт сумын төв дээр байдаг байшингийнхаа гэрлийн утасыг алдчихсан юм. Манай алдсан гэрлийн утас 150 метр урттай орос гэрлийн утас байсан. Маш сайн чанартай утас байсан. Манай байшин гэрлийн шонгоос хол байдаг тул 200 метр утас орсон юм. Тэр утасны 150 метр утасыг нь таслаад хулгайлаад аваад явчихсан байсан. Ө.Э гэдэг архи их уудаг, гэр оронгүй нөхөр байдаг юм. Тэр нөхөр хулгайлсан байна гэж цагдаа нар хэслэн. Би хохирол төлбөрөө барагдуулж авсан гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 12 дугаар хуудас/

Гэрч С.Ц 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 02 сард өдрийг нь сайн санахгүй байна. Хужирт сумын 5 дугаар багт байх гэрийнхээ цахилгааны утасыг хулгайд алдаж байсан. Б.Т-ийн алдсан цахилгааны утас ойролцоогоор 150 орчим метр утас байсан. Орос улсад үйлдвэрлэсэн шинэ, бүдүүн цахилгааны утас байсан. Зах зээлийн ханш нь 1 метр нь 2800 орчим төгрөгөөр зарагддаг үнэтэй утас юм. Би цахилгааны утсыг нь 2016 оны намар 10 сард залгаж өгч байсан юм...” гэжээ.  /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Шинжээч томилж үнэлгээ гаргуулах тогтоол /хх 14 хуудас/

150 метр цахилгаан утасны үнэлгээ /хх-ийн 15 дугаар хуудас/

Ө.Э-ын урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ө.Э нь 2017 оны 02 дугаар сард Хужирт сумын 5-р багийн нутгаас иргэн Б.Т-ийн 150 метр цахилгаан утасыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Б.Т-ийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч томилж, үнэлгээ гаргуулах тогтоол, 150 метр цахилгаан утасны үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Э-ыг бусдын эд хөрөнгийн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Т хохирол барагдуулсан, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч байна гэжээ. /хх-9 хуудас/

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч шүүгдэгчтэй дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг зохицуулжээ.

Шүүгдэгч анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-24 хуудас/ тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасны дагуу хохирогч Б.Т-г шүүгдэгч Ө.Э-тай сайн дураараа эвлэрсэн, хохирол төлөгдсөн, гэм хор арилсан гэж үзэж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай авсан баталгааг хүчингүй болгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.5, 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4, 299 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Э-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-т Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ө.Э-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.  

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар Ө.Э-т урд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА