Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 0068

 

                                                                               Ч.Гад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.Ж Шүүгдэгч Ч.Г Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаар захирамжтай Ч.Гад холбогдох, 1725000000194 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Д овгийн Ч.Г,

Шүүгдэгч Ч.Г нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн авто тээврийн байгууллагын жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 60-18 ОРХ улсын дугаартай “Хьюндай дамп эйч ди-270” маркийн машинаар тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас 75 тн нүүрсийг Ган бөмбөлөгийн цехэд буулгах явцдаа 15 тн нүүрсийг нь хулгайлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 675.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаар захирамжаар: Шүүгдэгч Ч.Гад холбогдох эрүүгийн 1725000000194 дугаар хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ч.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаар захирамжаар 1725000000194 дугаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж прокурорт буцаахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1.2, 2.т заасныг үндэслэл болгон гаргасан. Ч.Гад холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагч Ч.Г нь өөрийн гэм буруутай хулгайн хэрэг хийсэн гэж үздэггүй тул түүнд сонсгосон ял зүйл хэсгийг хүлээн зөвшөөрдөггүй гэм буруугийн талаар маргаантай байгаа тул түүнд холбогдох хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлээгүй. Иймд ердийн журмаар хэрэг шийдвэрлэгдсэн. Шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахдаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зүйл зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу. Эрүүгийн хуулийн 17.1.д хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт яллагдагч прокурорт гаргах тухай байгаа 17.3, 17.4.т заасан зохицуулалтыг хангасан нөхцөл байдал энэ хэрэгт байхгүй юм. Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх байтал дээрх хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан заалтыг барьж шүүгчийн захирамжаар прокурорт буцааж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нотцой зөрчиж байна. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар магадлалд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь тодорхой биш байна гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон билээ. Уг хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явагдаагүй ердийн журмаар хэргийг шийдвэрлэж байхад шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан явдлыг одоо мөрдөж буй шинэчлэн найруулсан 2015 оны шинэ хуулиар халсан. Мөн шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэж заасан оролцогчийн эрхийг хязгаарласан. Иймд 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаар захирамж нь илт хууль зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой тул захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний авто тээврийн байгууллагын жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 60-18 ОРХ улсын дугаартай “Хьюндай дамп эйч ди-270” маркийн машинаар тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас 75 тонн нүүрсийг Ган бөмбөлөгийн цехэд буулгах явцдаа 15 тонн нүүрсийг нь хулгайлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх Ч.Гад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзээд мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Ч.Г нь өөрийгөө гэм буруугүй.., хулгайн хэрэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй.., өөрөөр хэлбэл гэм буруугийн талаар маргаантай байхад шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахдаа хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг хэрэглэсэн., Мөн урьд нь давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ч.Гад холбогдох хэргийг хэлэлцээд ...шүүхийн хийсэн дүгнэлт ойлгомжгүй.., цагаатгасан үндэслэл болон прокурорын яллах дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй байна гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг яллах дүгнэлтийн хэмжээнд дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан байхад шүүх хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Энэ талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авч, захирамжийг хүчингүй болгож,хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД Ц.ТУЯА

С.ЦЭЦЭГМАА